Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/шш2024/0487

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.З*******,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар,

Маргааны төрөл: Цэргийн бүрэн тэтгэврийг Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу өөрчилж, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр болгосон шийдвэр хуульд нийцсэн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Т.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Т.З*******аас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “...Миний цэргийн бүрэн тэтгэврийг, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу өөрчилж, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр болгосон шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох”  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нийслэлийн захиргааны хэргийн  шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг иргэний байгууллагад ажилласан жилийг цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд шилжүүлэн тооцож цэргийн албан хаагчийн тэтгэврийг өөрчлөн тогтоохыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, М******* Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ.

3.Улмаар нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр өргөдөл гаргаснаар түүнд өндөр насны тэтгэвэр, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

   4.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Би 2006 онд өндөр насны тэтгэвэрт гарч, цагдаагийн байгууллагад 21 жил 9 сар ажилласан цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг авдаг байсан. Миний энгийн байгууллагад ажилласан 7 жилийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,4 дэх хэсэгт заасныг баримтлан цэргийн бүрэн тэтгэвэр болгон байгууллагад 25 жил ажилласнаар тооцон, шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг гаргасан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 сарын 31 өдрийн 457 дугаар  шийдвэр,   Захиргааны  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 сарын 23 өдрийн 160 дугаар магадлал, М******* Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 141 дугаар тогтоолууд одоо хүчин төгөлдөр байна.

Мөн тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу албан журмын даатгалд хамрагдан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтаар өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэврийг 2015 оноос авах болсон. Тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу цэргийн болон, энгийн өндөр насны 2 төрлийн тэтгэврийг 10 гаруй жил авч байна. Ийм маягаар олон хүн 2 төрлийн тэтгэврийг аваад л явж байгаа юм.

2/М******* Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан зөвлөмжийн дагуу гэж Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын байцаагч нь ахмад настнуудын өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоох ажлын хүрээнд миний тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулахдаа М******* улсын хуулийг зөрчиж, надад олгох ёстой тэтгэврийн хэмжээг 2023 оны 7 дугаар сараас дутуу тооцон олгох шийдвэр гаргасан.

2023 онд Засгийн газрын 238 дугаар тогтоол гарч, ахмадуудын тэтгэврийг итгэлцүүрийн дагуу шинэчлэн бодож нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргасан байна. Харин хуульд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Хэрвээ хуульд өөрчлөлт гарч тэтгэврийн тухай ямар нэгэн өөрчлөлт орох бол урд үйлчилж байсан хуулийн заалтыг муутгахгүйгээр үргэлжлүүлэн хэрэглэдэг.

3/Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар нь Засгийн газрын тогтоолыг үндэслэн, ямар нэгэн хуулийн заалтгүйгээр, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй гэж тооцон, 2023 оны 7 сараас гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, миний цэргийн бүрэн тэтгэврийг, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр болгож, миний эрх зүйн байдлыг дордуулан, тэтгэврийн хэмжээг бууруулсан байна. Би өөрөө олон удаа нийгмийн даатгалын байгууллагад биеэрээ очиж болон бичгээр хандсан боловч, ямар нэгэн арга хэмжээ авахгүй, харин бүүр доромжлох байдалтай хандаж байна. Гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа болон миний эрх зүйн байдлыг хуульгүйгээр дордуулж байна. Ингэж, хууль ёсны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг Засгийн газрын тогтоолын заалтаар хүчингүй гэж тооцож хууль зөрчсөн нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 10 сарын 30 өдрийн 04/153 тоот, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 12 сарын 22 өдрийн 07/498 тоот, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын  2024 оны 03 сарын 26-ны өдрийн 809 тоот албан бичгүүдээр батлагдаж байна. Эдгээр албан бичгүүдэд, Засгийн газрын тогтоолуудын дагуу Т.З*******ын цэргийн албан хаасны тэтгэврийг өөрчлөн тооцоход 21 жил 3 сар алба хааснаар ...хувь тэнцүүлсэн тэтгэвэр болгож...” гэж бичсэн нь 3 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй гэж үзэж байгаа нь тогтоогдож байна.

Энэ хууль бус үйлдлээс болж, ахмад настан надад, сэтгэл санааны хүнд дарамт, санхүүгийн хувьд ихээхэн хохирол болж, сард 200 орчим мянган төгрөг дутуу олгогдож, намайг хохироож байна. М******* улсад, хууль үйлчилж, хуулийн дор амьдардаг байхад, хэн нэгний гаргасан шийдвэрийг барьж хууль зөрчиж болохгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 807 дугаар албан тоотыг эрх зүйн акт гэж ойлгож бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн албан тоотыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар мэтгэлцэж байна. Яагаад гэхээр Улсын байцаагчийн акт гарсан гэж тайлбарладаг боловч шүүхээс тухайн актыг   гаргуулахаар  албан  ёсоор   хандсан  боловч гаргаж  өгөөгүй  худал  бичсэн байдаг. 2  дугаарт  Т.З*******   гуайн   эрх  зүйн   байдлыг   дордуулж,  авч  байсан тэтгэврийн хэмжээг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр 200,000 гаруй төгрөгөөр бууруулсан байна. Энэ нь эрх зүйн байдлыг дордуулсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр заавал биелүүлбэл хүн, хуулийн этгээд хэнбугай ч байсан заавал биелүүлнэ гэж заасан байдаг. Хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарчихсан байхад эрх зүйн акт гаргахдаа шүүхийн шийдвэрийг харахгүйгээр хэн нэгэн этгээд зөрчих эрхгүй. Гэтэл энэ шийдвэрийг зөрчөөд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэсэн байна. Засгийн газрын тогтоол, хууль гарсан өдрөөс эхэлж үйлчилнэ. Тиймээс хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийн ерөнхий зарчим байдаг. Тэгэхээр урьд нь тогтоосон тэтгэвэр тэтгэмжийн асуудлууд шүүхийн шийдвэрийн хүрээнд хэвээр үргэлжлээд, хууль, Засгийн газрын тогтоол баталсан өдрөөсөө эхэлж үйлчилж, хэрэгжүүлж явах ёстой. Засгийн газар, хуулийг буцаан хэрэглэж эрх зүйн акт гаргасан нь Т.З******* гуай болон олон иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал харагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сөрөг нөлөөлсөн гэж гэж заасны дагуу Т.З******* гуайн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Улсын байцаагчийн үйлдэл зөрчсөн. Энэ зөрчсөн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ үйлдэл нь ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй албан тоотоор илэрхийлэгдэж байна. Тэгэхээр энэ албан тоотыг нь хүчингүй болгуулъя. Хойшлуулалгүй нөхцөл эсвэл онцгой нөхцөл байдалд амаар шийдвэр гаргаж болох бөгөөд Т.З******* гуайг дуудаад амаар шийдвэр гаргаж, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тийм учраас захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн гаргасан энэ шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Энэ шийдвэрээс үүссэн хохирлыг Т.З******* гуай нэхэмжлээгүй байна. Бүх хуралдааны явцаас харахад хариуцагчид итгэл алдарсан учраас хувийн хэргийг нь бүхэлд нь татсан байна. Гэтэл хувийн хэрэг дотор Улсын байцаагчийн акт ирээгүй байхад хариуцагч талаас ирсэн мэтээр худал хэлж байна. Шүүхэд худал мэдүүлэг өгсөн асуудлаар эрүүгийн шүүхэд бид гомдол гаргана. Энэ зөрчлийн асуудлыг шүүхийн шийдвэр гарсны дараа бид шийдвэрлүүлнэ. Өөр нэмэлт тайлбар байхгүй” гэв.

5.Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /хуучин нэрээр/-ийн дагуу иргэн Т. З*******ын тэтгэврийг 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 21 жил 3 сар цагдаагийн байгууллагад алба хааснаар 1986-1990 оны хооронд авч байсан дараалсан 5 жилийн цалин хөлсийг М******* Улсын Засгийн газрын 2007 оны 109 дүгээр тогтоолын дагуу итгэлцүүрээр өсгөн тооцож дундаж цалин 220 787 төгрөгөөс 112 601 төгрөгийн тэтгэврийг тэтгэврийг тогтоож олгож эхэлсэн.

2/Т.З******* дээрх асуудлаар нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 457 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 160 дугаар магадлал болон М******* Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 141 тоот тогтоол гарсан бөгөөд эдгээр шийдвэрийг үндэслэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг Т.З*******д хэрэглэн түүний энгийнээр ажилласан жилийг цэргийн алба хаасан жилд шилжүүлэн цэргийн алба хаасан хугацааг 25 жил 14 өдрөөр тооцон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийг 716 453 төгрөгийн дундаж цалингаас 595 162 төгрөгөөр 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийг тогтоож, тэтгэврийн зөрүүнд 386916 төгрөг олгосон.

3/Т.З******* 2014 оны 12 дугаар сарын 30-ны  өдөр  хүсэлт  тус  газарт  хүсэлт   гаргаж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг "Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно" гэж заасны дагуу энгийн байгууллагад 10 жил 21 өдөр шимтгэл төлсөн хугацаагаар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 жил 21 өдрөөр өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн, цэргийн алба хаасны тэтгэврийг 21 жил 3 сараар өөрчлөн тогтоосон. Өөрөөр хэлбэл өөрийнх нь хүсэлтийн дагуу дээр дурдсан шүүхийн шийдвэрээр цэргийн жил рүү шилжүүлсэн энгийн жилийг буцаагаад энгийн жил рүү шилжүүлснээр цэргийн жил нь 21 жил 3 сар болж бүрэн тэтгэвэр нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр болсон.

4/Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөн оруулах тухай” 238 дугаар тогтоолоор баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсийг өсгөн тооцсон 1 123 200 төгрөгийн дүнгээс 21 жил 3 сард ногдох хувиар тооцоход 954720 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсоныг Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 239 дүгээр тогтоолын дагуу 10 хувиар нэмэгдүүлж сард 1 050 192 төгрөгөөр, өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсийг өсгөн тооцсон 1324642 төгрөгийн дүнгээс 10 жил 21 өдөрт ногдох хувиар тооцоход 298 044 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсоныг хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 000 төгрөгөөр тус тус тооцон 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож байгаа нь Т.З*******ын эрх зүйн байдлыг дордуулж, бууруулаагүй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.З******* гуайн хэлээд байгаа 2008 онд 21 жил 3 сартай цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар аваад явж байсан. Сүүлд 10 жил энгийн байгууллагад ажилласан. Тэр үед 10 жил нь гүйцээгүй байсан учраас энгийн байгууллагад ажилласан жилээ цэргийн жил рүү шилжүүлээд явж байсан. 2010 онд Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт ороод энгийн байгууллагад ажилласан жилийг цэрэг рүү шилжүүлнэ, цэргийн байгууллагад ажилласан жилийг энгийн рүү шилжүүлнэ гээд 2 өөр төрлийн хуулийн зохицуулалт гараад хэрэгжээд явж байтал цэрэг нь ерөөсөө хэрэгжихгүй. Тухайн үед Батлан хамгаалах яам, бусад газруудаас шаардагдах материалууд нь ирэхгүй байсан учраас нэлээн хугацаа хойшилсон. Тухайн үед Т.З******* гуай шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс 25 жил болгож шийдвэрлэсэн. Цэргийн нэмэгдлээ авсан. 2014 оны 12 дугаар сарын 30-нд өөрөө өргөдлөө өгөөд би буцаагаад цэрэг, энгийн байгууллагад ажилласан жилээ салгая гээд 21 жил 3 сараар цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврээ авсан. Энгийн байгууллагад 10 жил ажилласан жил нь тэр үед гүйцчихсэн байсан учраас 10 жилээ салгуулаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 10 жилд оногдох хувь тэнцүүлсэн тэтгэврээ авдаг байсан. 2 тэтгэврээ салгаж аваад явж байтал 2023 оны 07 дугаар сард Засгийн газрын 120 дугаар тогтоолоор цалингийн итгэлцүүр өөрчлөгдөөд цалингийн өөрчлөлт ороод тэтгэврийг нь бүрнээр буюу 25 жилээр нь бодоод явсан. Дараа нь ажилласан жилийг салгаж байсныг нь би сайн мэдэхгүй байна хороо хариуцсан байцаагч нь биш байсан учраас. 2 салсан тэтгэврийн сэргэн тэтгэврийг нь 25 жил болгосон чинь 07 дугаар сараас хойш цалингийн итгэлцүүр өөрчлөгдөөд цэргийн тэтгэвэр нь бүрэн тэтгэврээр нь бодогдоод өөрчлөлт ороод явчихсан. Тэгээд Т.З******* гуай өргөдөл гаргасан байна гээд хувийн хэргийг нь татаад үзсэн чинь 21 жил 3 сард оногдох тэтгэврээр биш 25 жилээр бодогдоод зөрүү гарсан учраас манайх 700,000 төгрөгөөс 2% суутгаж авсан. Улсын байцаагчийн акт нь хувийн хэрэг дотор хавсралттай байгаа. Одоо Т.З******* гуай 25 жилээр тэтгэврээ бодуулна гэхээр бид бас гайхаад байна. 2 хуулийн зохицуулалтаар 2 тэтгэвэр авч байж 25 жил цэргийн байгууллагад ажиллаагүй байж 25 жилийн тэтгэвэр авна гээд байдаг. Цэргийн хуулийнхаа дагуу 21 жил 3 сард нь оногдох ёстой тэтгэврийг аргачлалаар нь бодоод өгчихсөн, 10 жилд нь оногдох тэтгэврийг аргачлалаар бодоод олгочихсон байхад миний эрх зүйн байдлыг дордуулсан гээд байгааг ойлгохгүй байна. Энийг өөрөө сайн мэдэж байгаа тухайн үед тайлбарлаж байсан. Дээрээс нь шүүх хуралд намайг орж байсан хэл амаар доромжилсон гэдгийг бол би мэдэхгүй байна. Т.З******* гуайг мэдэхгүй, уулзаж байгаагүй, энэ асуудлын талаар хааяа нэг ирдэг энэ дээр бол санал нийлэхгүй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Т.З******* гуай 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний цэргийн бүрэн тэтгэврийг хувь тэнцүүлсэн тэтгэвэр болгож шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн байна. Улсын байцаагчийн акт бол шүүгчийн хэлсэн шиг тусдаа ойлголт гэж үзэж байна. Хэрвээ бид 3 шатны шүүхийн шийдвэр, Т.З******* гуайн хүсэлтийн дагуу цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг бүрэн тэтгэвэр болгох хүсэлтийг шийдвэрлэх юм бол өндөр насны тэтгэвэр бол өгөх боломжгүй. Тийм учраас нийт ажилласан жилийг үндэслэж 35 жил ажиллаагүй, 31 жил 3 сар ажилласан хүнд хуульд тусгагдаагүй зүйлийг бид нарыг шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байгаа нь боломжгүй зүйл юм гэсэн тайлбарыг өгмөөр байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Тус шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг иргэний байгууллагад ажилласан жилийг цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд шилжүүлэн тооцож цэргийн албан хаагчийн тэтгэврийг өөрчлөн тогтоохыг Сүхбаатар дүүргийн ниймгийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, М******* Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ.

2.Улмаар нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр өргөдөл гаргаснаар түүнд өндөр насны тэтгэвэр, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

3.Ингэхдээ түүний шүүхийн шийдвэрийн дагуу цэргийн жил рүү шилжүүлсэн жилийг буцаан цэргийн тэтгэврийг 21 жил 3 сар болгож, энгийн байгууллагад ажилласан жилийг 10 жил 21 хоногоор тус тус тогтоосон нь хуульд нийцжээ.

Учир нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно”, Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “"тэтгэврийн төрлийг сонгох эрх" гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлын дагуу хоёр буюу түүнээс дээш төрлийн тэтгэврийн эрх нэгэн зэрэг үүсч байгаа даатгуулагч тэтгэврийн төрлийг сонгож, тэтгэвэр тогтоолгон авах эрхийг” гэж тус тус заасан бөгөөд уг заалтын дагуу нэхэмжлэгч  нь  цэргийн  хувь  тэнцүүлсэн  /21  жил  3 сар, өндөр насны хувь тэнцүүлсэн /10 жил 21 хоног/ тэтгэврийг тус тус тогтоолгожээ.

4.Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй цэргийн бүрэн тэтгэвэр, өмнө байсанчлан/ 25 жилээр/ өндөр насны хувь тэнцүүлсэн  тэтгэвэр  /10  жил  21  хоног/ зэргийг авах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч нь Цэргийн болоод энгийн байгууллагад нийт 31 жил 3 сар ажилласан бөгөөд өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоолгосон цэргийн бүрэн тэтгэвэр /25 жилээр/ тооцуулсан тохиолдолд өндөр насны тэтгэвэр /7 жил гаран/ тогтоолгох эрхээ алдах үндэслэл бүрдэнэ.

5.Нөгөөтэйгүүр Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тэтгэвэрийн төрлийг өөрчлөөгүй бөгөөд уг тогтоолд нийцүүлж түүнд 2023 оны 7-10 саруудад илүү олгогдсон 741,312 төгрөгийг хариуцагчаас зөвтгөсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг,  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Т.З*******ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэргийн Цэргийн бүрэн тэтгэврийг Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу өөрчилж, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр болгосон шийдвэр хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ