Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

 

 

 

 

 

2023              01             05                                       2023/ДШМ/39

 

 

Д.Бид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

хохирогч Г.Х,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/211 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Хын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Бид холбогдох 2207000000194 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

И овогт Дгийн Б, 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....мэргэжилтэн ажилтай, ам бүл ганцаараа, .... тоотод оршин суух, “.... медалиар тус тус шагнагдсан, ял шийтгэлгүй, /РД:УЛ91070558/.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хорооллын 6 дугаар байрны гадна урьд үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Хтай маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Х нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх болсон үйл явдлын талаар миний бие мэдүүлэг өгөхдөө намайг урьд өмнө зодсон, цохисон, гэмтэл учруулсан, мөн жирэмсэн байхад удаа дараа зодож байсан талаар үнэн зөв мэдүүлэг өгсөөр атал прокурорын зүгээс зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтаар зүйлчилж оруулж ирсэн нь надад туйлын гомдолтой санагдаж байна. Шүүх бодит нөхцөл байдлыг ч мөн адил дүгнээгүйд гомдолтой байна. Чухамдаа Д.Б бүтэн 5 жилийн хугацаанд надтай цуг хамт амьдарч байхдаа урьд өмнө нь ч гар хүрч байсан төдийгүй жирэмсэн болсноос хойш ч гар хүрч байсаар байхад шүүх зөвхөн нэг удаагийн үйлдэл дээр тайлбарлаад миний үгийг хүлээж авалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Б шүүх дээр намайг өөр хүнтэй явалдсан гэж тайлбарлахын зэрэгцээ, намайг сэтгэцийн өвчтэй мэт тайлбарласан. Чухамдаа 8 сартай жирэмсэн эмэгтэй хүн өөр хүнтэй явалдаад явах боломж байгаа юу, хүүхдээ эрүүл чийрэг төрүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл байхад архидаад, шоудаад явах боломжгүй байхгүй. Тэгтэл илтэд худлаа зүйл ярьж байхад шүүх Д.Бийг өмөөрөөд байгаа нь хэт нэг талыг барьсан, прокурор ч хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн нь тодорхой харагдаж байгаа атал зөвхөн хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргээр зүйлчлэн оруулж ирсэн нь мөн л хэт нэг талыг барьж оруулж ирсэн гэж үзэж байна. Миний гомдолд маш тодорхой бичигдсэн байсан. Мэдүүлгээ ч үнэн зөвөөр мэдүүлсээр байхад миний мэдүүлгийг огтоос үнэлээгүйд гомдолтой байна. Тухайлбал, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр болсон гэрээсээ зодоод хөөж явуулсан явдал, 2018 онд мөн л Шинэ-Налайхт байхдаа намайг зодсон үйлдэл, сүүлд 2022 оны 5 сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хорооллын 6 дугаар байрны гадна намайг хардаж зодсоноос үүсч миний хувьд гэмтэл авсан учраас эмнэлгийн байгууллагад хандсан. Зодуулсан үед гадаадад ажиллагаанд хамтдаа явах байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Үнэхээр эрүүл мэнд маань муудсан учраас эмнэлэгт хандахад гэмтэл авсан талаар хэлснээс үүдэн цагдаагийн байгууллагад хандсан. Гэвч өнөөдөр би удаа дараа зодуулаад бие, сэтгэл санаагаараа хохирчхоод байхад шүүх хамтран амьдрагчид маань 900.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулаад шийдвэрлэж байгаад туйлын гомдолтой байна. Шударгаар шийдвэрлэсэн гэхэд туйлын эргэлзэж байна. Хэт хөнгөдсөн шийдвэр гаргасан. Намайг урьд өмнө нь зодож байсан талаар хамт ажилладаг байгууллагын ажилчид, алба хаагчид бүгд л мэдэж байгаа. Тэдгээрээс мэдүүлэг аваагүй. Авсан бол Д.Бийн зан авир, муухай занг хэлээд өгөх л байсан. Шүүх миний сэтгэл санаанд хохирол ямар хэмжээтэй учирсан байх боломжтой талаар огтоос дүгнээгүй. Миний бие жирэмсэн, хэрвээ өөрөө зугтаагүй байсан бол урагт байгаа хүүхдээ ч алдахаар нөхцөл байдалд орсон байсан. Мөн шүүх дээр гаргаж өгсөн тэр сидинд дүгнэлт хийгээгүй, ямар шалтгааны улмаас хийгээд байгаа юм, намайг дарамталж сүрдүүлж байгаад хийсэн үү үгүй юу, ямар шалтгааны улмаас бичлэг хийх болсон юм. Өөрийнхөө буруу үйлдлийг хаацайлах гэж бичлэг хийсэн үү үгүй юу гэдгийг огтоос ойшоогоогүйд гомдолтой байна. Иймд Д.Бид холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн миний гомдолтой хэрэгт гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэмт хэргийг нэмж оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд “Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бийн хувьд гэр бүлийн хамаар бүхий Г.Хтай хамтран амьдарч байхдаа 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Д.Бийн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэдий ч тодорхой хугацааны дараа буюу 3 сар гаруй хугацааны дараа хохирогчийн гомдлын дагуу цагдаагийн байгууллагад шалгагдсан. Д.Б нь өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхнаасаа энэ хэрэгт шударгаар хандсан. Хохирогчийн гомдлоор урьд өмнө гар хүрч байсан, жирэмсэн үед цохиж, зодсон гэх асуудлаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны шатанд ч мөн адил хэлж байсан. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг улсын яллагчийн зүгээс дүгнэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх дээрх зүйл ангиар ял шийтгэл оногдуулсан байдаг. Бусад хохирогчийн яриад байгаагаар урьд өмнө буюу 2018 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэдэг боловч цагдаагийн байгууллагаар шалгагдаж, нотлогдож байсан зүйл байхгүй. Хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй. Хоёрдугаарт, шүүх хуралдаанаар хохирогч гэмтлийн улмаас хохирсон баримтыг гаргаж өгөн хохирол, төлбөр бүрэн төлөгдсөн гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан. Давж заалдах гомдолтойгоо хавсаргаж өгсөн хохирлын баримт нь жирэмсэн байгаатай холбогдуулан эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн, ЭХО-д харуулсан гэх баримтууд байгаа. Харин биед учруулсан гэмтлийн улмаас учруулсан хохирол гэж тооцох үндэслэлгүй. Нөгөө талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд учруулсан хохирлыг иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрх нээлттэй гэдгийг зааж өгсөн. Иймд анхан шатны шүүхээр оногдуулсан ял шийтгэлийн хувьд тохирсон, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Д.Бийн хувьд төрийн албан хаагч, цэргийн хошууч цолтой. Батлан хамгаалах яамны сургалтын хэлтэст ажиллаж байгаа. Энэ ял шийтгэлийн улмаас төрийн алба хаах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ байдлаар Д.Б нь ял шийтгэл хүлээж ажил албаасаа халагдаж байгаа бөгөөд нэлээн их хохирлыг амслаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэх асуудлын хувьд энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 450.000-1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр хуульд заасан байдаг. Прокурорын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүх хуралдааны үеэр 900 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялын санал гаргасан. Энэ саналын хүрээнд анхан шатны шүүх шийдсэн. Шүүгдэгчийн хийсэн үйлдэлд нь эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэгдсэн нь тогтоогдоогүй. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдсан. Анхан шатны шүүх хуралдаанаар гаргасан хохирлын баримтын дагуу хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Давж заалдах шатанд гаргасан гомдолтой хавсаргасан баримт нь эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бус жирэмслэлттэй холбоотой гарсан зардал байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хорооллын 6 дугаар байрны гадна урьд үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Хтай маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Хын “...2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хорооллын 6 дугаар байрны гадна Д.Б намайг хардаж над руу уурлаж хацар руу маань гараараа 1 удаа алгадаж, зүүн нүд рүү маань гараараа 2 удаа хүчтэй цохиж байсан. Тухайн үед би хэдий Д.Бид уурлаж, гомдолтой байсан хэдий ч Непал улс руу сургалтаар Д.Бтой хамт явах байсан учир энэ байдлаасаа болоод цагдаад Д.Бийг “намайг цохиж зодсон биш, согтуу агсам тавиад байна” гэж хэлээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулаагүй юм. ...2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Д.Бид зүүн нүд рүүгээ цохиулсны улмаас миний зүүн нүдний ухархайн яс хугарчихсан. Тухайн үед эмнэлгээр цаг алдалгүй үзүүлж чадаагүй гэртээ нууж өөрөө зүгээр болохыг нь хүлээж байгаад улам хүндрүүлээд тархи руугаа хавдчихсан байсан. Үүнийг сүүлд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нүдний эмнэлэгт үзүүлж байж мэдсэн. .../хх 5-6/,

гэрч Г.Гэрэлмаагийн “...2022 оны 5 дугаар сард Г.Х Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хороололд байрны гадаа Д.Бтой хэрүүл маргаан хийж байгаад түүнд зүүн нүд рүүгээ цохиулсан гэсэн. Тухайн үедээ Г.Х хэлээгүй сүүлд 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр түүнтэй уулзахад зүүн нүд хавдаж хөхөрчихсөн байхыг нь хараад юу болсон талаар мэдсэн юм./хх 17/,

гэрч Б.Цэнд-Аюушийн “...2022 оны 4 билүү 5 сард Г.Хын зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байдалтай байсан. Тухайн үед би түүнээс “чи наад нүдээ яачихсан юм” гэхэд надад эхэндээ нуугаад хэлэхгүй худлаа, үнэн юм яриад байхаар нь шалгаасаар байгаад яриулахад надад “байрныхаа гадаа Бтой хэрэлдэж, муудалцаж байхдаа түүнд зүүн нүдрүүгээ цохиулсан юм” гээд та битгий цаашаагаа хүн амьтанд хэлээрэй гэж байсан.” /хх 19/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 39-40/, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх 2-6/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Д.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн түүнийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Хохирогч Г.Х “...шүүгдэгч Д.Бид оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн. ...хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. ...хохирол төлбөр нэхэмжилж байна. ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж, 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилсан байх тул хохирогч Г.Хын гаргаж өгсөн хохиролтой холбоотой гэх баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үнэлэх боломжгүй, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөдсөн үндэслэлээр хүндрүүлэх хууль, эрх зүйн заалт байхгүй бөгөөд прокуророос яллах дүгнэлтэд тусгаагүй хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй юм.

Харин хохирогч Г.Х нь цаашид гарах эмчилгээний зардал болон хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг анхан шатны шүүх дурьдаж шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогч Г.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                             Т.ШИНЭБАЯР