Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 125/ШШ2024/0030

 

 

 

 

 

 

 2024        07          02                                               125/ШШ2024/0030

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар "*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, *******г Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, ******* (цахимаар), хариуцагчийн өмгөөлөгч *******, гэрч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.сүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02/1574 дугаар тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/1777 дугаар захирамжаар *******г Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томилсон байна.

1.2. Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар “... Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг үед 3 өдрийн ажил тасалж, ажлын өдөр архидан согтуурсан нь тогтоогдсон ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******г Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл оногдуулсан.

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарын үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 онд төрсөн. Төрийн албанд 2003 оноос хойш 20 гаруй жил ажиллаж байгаа. Төрийн албанд ажиллаж байх хугацаандаа хууль дээдлэх, шударга ёсыг тогтоох зарчмыг баримталж ажиллаж ирсэн. Миний хувьд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд мэргэжилтэн хийж байгаад 2016 оноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Уг албан тушаалд томилогдон ажиллахдаа би төрийн албаны шалгалт өгч шатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн. 2023 оны 07 сард Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг сонгон шалгаруулалтад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн зөвлөл дээр болох үед би Улаанбаатар хотод очиж уг шалгалтад орж нийт 100 оноо авахаас 65.80 оноо авч тэнцэж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажилласан. 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг батлуулсан. Миний хувьд төрийн албанд ажиллаж байх хугацаандаа шударга ёсыг эрхэмлэн ажиллаж байсан бөгөөд 2016 оноос хойш ээлжийн амралтаа хүртэл бүрэн эдэлж чадалгүй ажилласан байдаг.

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Эмнэлгийн магадлагаатай байхад Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар" *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийн захирамжлах хэсэгт "...3 өдрийн ажил тасалж, ажлын өдөр архидан согтуурсан нь тогтоогдсон тул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Батжаргалын Сандагсүрэнг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан..." захирамжаар намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ажлын 3 өдөр ажил таслаагүй.

Аймгийн засаг даргын хувьд Улаанбаатар хотод 10 гаруй хоног ажилтай явж байгаад 02 дугаар сарын 25-ны өдөр ирсэн бөгөөд миний хувьд Засаг даргатай 02 дугаар сарын 26-ны өглөө уулзаж ажил төрлөө ярьсан байгаа. Энэ үед дараах хэд хэдэн зүйлийг ярьсан. Тухайлбал: Засаг даргаас холбогдох үүрэг чиглэлийг авсан. Солонгос улсад Монгол Улсын хэмжээнд бүх аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга нарыг оролцуулах сургалт болно. Уг сургалтад явуулах хүний нэрийг яаралтай явуул гэдэг албан бичиг ирсэн байсан бөгөөд тухайн өдөр би Засаг даргатай ярилцаад ******* даргыг явуулах санал гаргасан. Гэтэл Засаг дарга *******ыг явуулмааргүй байна. Та ажил авснаас хойш гадаад дотоод яваагүй юм байна. Та Солонгос улс руу яваад уг сургалтад яваад ирэх нь зөв байх гэдэг саналыг тавьсан. Би уг саналыг хүлээн авсан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би ажилласан.

Хоёрдугаарт. 2 дугаар сарын 27-ны өглөө Гомбосүрэн нь над руу залгаад ******* даргатай ярилцаад учраа олох гэсэн юм та хүрээд ирээч гэхээр нь би гэдэг буудалд очсон. Намайг очих үед *******, ******* нар байсан тухайн үед тэр хоёр маргасан. Би тэр хоёрын боль гэж хэлсэн. ******* дарга юу гэж хэлдэг вэ гэхээр би та нарыг ажилд авсан буцаагаад халж чадна, хэн ч биш болгож чадна шүү гэж дарамталдаг байсан. Тухайн үед би задалсан архинаас огт уугаагүй.  *******, ******* нар нь маргаад ******* дарга өөр өрөөнд орлоо гэж хэлээд гарч яваад удалгүй байж байтал буудлын өрөөнд цагдаа нар орж ирсэн. Тухайн үед би ямар шалтгааны улмаас явж байгаа талаар асуух үед цагдаа “"Ховд аймгийн Засаг дарга нь Цагдаагийн газрын дарга руу ярьсан байна лээ. Цагдаагийн дарга нь энэ хаягийг өгөөд очиж үлээлгээд сайн баримтжуулаад хүрээд ир гэж үүрэг өгсөн” гэж хэлсэн. Тухайн үед би архи уугаагүй байсан учир уг багаж руу үлээсэн. Би тухайн өдөр бусдын амгалан тайван байдал алдагдуулаагүй, ямар нэгэн зөрчил гаргаагүй. Тухайн буудлын өрөөнд байж байх үед цагдаа үлээлгэх хууль зүйн үндэслэл байхгүй. Би тухайн үед уг үйл ажиллагааг зохион байгуулалттай явж байгаа юм байна гэдгийг мэдсэн учир цагдаагийн багаж руу үлээсэн. Үлээх үед тухайн цагдаа та эрүүл байна. Машин бариад явах ч боломжтой байна гэж хэлээд цагдаа гарч явсан.  Тухайн үед миний эрүүл мэндийн байдал хүнд байсан учир би ажил дээрээ очоогүй гэв.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Ховд аймгийн Засаг дарга цагдаагийн дарга хоёрын хуйвалдаанаас шалтгаалж би өнөөдөр хохирлоо. Мөн хэвлэл мэдээллээр Ховд аймгийн Засаг дарга нь илэрхий худал мэдээлэл тарааж хүчин төгөлдөр болоогүй захирамжаа Ховд.мн болон TV9-д өгч олон нийтэд түгээсэн. Миний хувьд дээрх асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргана. Учир нь энэ мэтчилэн зохион байгуулалттай дуудаж зориудаар цагдаагийн дарга руу залгадаг цагдаагийн дарга нь албан хаагчдаа явуулж шалгуулдаг зэргээр өөр хэн нэгэн дараа нь хохирох магадлал өндөртэй байна. Би буудалд нийгмийн хэв журам нийтийн эрх ашиг хохироогүй байтал араас гэнэт цагдаа нар ирж шалгасан үйлдлийг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ойлгохгүй байна.

Гуравдугаарт: Миний хувьд төрийн албыг цэгцлэх зорилготой Тамгын газрын дарга болсон. Манай тамгын газрын ажилчид хууль ёсыг дээдэлдэггүй, дураараа авирладаг, ажил тасалдаг, дарга руугаа шөнө мессеж биччихээд маргааш нь ажил таслаад явчихдаг нөхцөл байдал их байсан учир үүнийг эмхэлж цэгцлэхээр нэлээн шахаж ажилласан. Миний тавьсан шаардлага зарим хүмүүсийн хувьд нэлээн хүнд байдлаар туссан юм болов уу гэж бодож байна. Энэ утгаараа Засаг дарга бид хоёрын хооронд үл ойлголцол нэлээдгүй гарсан гэж үзэж байгаа.

2024 оны 2 дугаар сарын 28-ны өглөө миний бие үнэхээр болохгүй байхаар нь би эмнэлэгт үзүүлэх хүний нөөцдөө хэлчихээд эмнэлэг явсан. Тухайн үед миний ханиад хүндэрсэн байна гэдгийг эмч хэлсэн бөгөөд та акт авах уу эмнэлэгт хэвтэх үү гэхээр нь би эмнэлэгт хэвтэхгүй акт авъя гэж хэлээд акт авч хүргүүлсэн байгаа. Гэтэл Засаг дарга намайг дуудаад байна гэхээр нь би ажил дээрээ очсон. Намайг очих үед аймгийн Онцгой комиссын хуралдаан болж байсан бөгөөд би хүлээж байгаад Засаг даргатай уулзсан. Даргатай уулзах үед Засаг дарга таныг ажлаас чөлөөллөө гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь би хууль зөрчсөн зүйл байхгүй мөн ажлаас чөлөөлөгдөх хэмжээний асуудал гаргаагүй гэж хэлээд гарч явсан. Тэр өдөр маргаан бүхий захирамж албажин гарсан байдаг. Уг захирамжийг гаргахдаа надад ямар нэгэн сонсох ажиллагаа хийлгүйгээр ямар нэгэн үндэслэлгүйгээр, улс төрийн зорилготойгоор мөн хүмүүсийн хоорондын хов живийн үүднээс намайг акттай байх хугацаанд ажлаас халсан гэж үзэж байна. Ер нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ийм байдлаар ажлаас  халагдаж өөрийн хүндээрээ их хохирсон. Уг захирамжийн үнэн нь тогтоогдоогүй байх үед шууд хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж Тамгын газрын дарга архидан согтуурсан учраас ажлаас халагдлаа гэх байдлаар олон нийтэд мэдээлсэн байдаг. Энэ байдал нь миний өөрийн болон  гэр бүл, үр хүүхэд, аав ээж олон хүмүүсийн хувьд үнэхээр хүндээр туссан. Миний хувьд эр хүн учир даваад гарсан. Уг ажлаас чөлөөлөгдсөн асуудал нь Ховд.мн болон телевизээр цацагдсан байсан нь миний нэр хүндэд халдсан. Намайг хууль бус зүйл хий гэж шахаж шаардсан, өмнө нь ч ийм зүйл байсан юм байна лээ. Энэ дээр би эвлэрэхгүй гэдэг олон зүйлийг ярьдаг байсан. Та нар ажлаа хийвэл хийсэн шиг хий, төрийн хуулийг дээдэлж ажиллана. Тендер, авлигатай холбоотой зүйлүүд байж болохгүй. Хэрэв намайг байх хугацаанд ийм асуудал гарах юм бол та нар ажлаа өгөөд яваарай гэдэг асуудлыг би доод албан тушаалтнууддаа хэлдэг байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2. Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. Мөн хуулийн 27.4.1. сонсгол зохион байгуулах, 27.4.2. саналыг бичгээр авах, 27.4.3. биечлэн уулзах, 27.4.4. утсаар санал авах, 27.4.5.цахим хэлбэрээр санал авах, 27.4.6. төлөөлөгчөөр дамжуулан санал авах, 27.4.7.бусад. 27.5. Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж хуульчилсан байна. Надад сонсох ажиллагаа хийгдээгүй ямар үндэслэлээр чөлөөлөгдөж байгаагаа надад албан ёсоор мэдэгдээгүй шууд захирамж гарсан.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 62 дугаартай "Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" тогтоолд заасан чиг үүргийг хангалттай биелүүлж байсан. Ховд аймгийн Онцгой комиссын хуралд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс тасралтгүй оролцож байсан нь удаа дараагийн хурлын тэмдэглэлүүд болон гаргаж байсан шийдвэрүүдээс тодорхой харагдана. Дээрх нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэх хуулийн дагуу нотлох баримт цуглуулсан гэдэгт итгэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх, Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Миний хувьд 2003 оноос эхэлж өнөөдрийг хүртэл Төрд тасралтгүй ажиллаж ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байсан бөгөөд ээлжийн амралтаа авч чадалгүй ажиллаж байгаад ажлаас хууль бусаар чөлөөлж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү.

 

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч *******гээс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг үед 3 өдрийн ажил тасалж, ажлын өдөр архидан согтуурсан үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийг үндэслэн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Маргаан бүхий актын хувьд Төрийн албаны тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан байгаа. Үндэслэлийн хувьд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Уг тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байдаг. Уг Засгийн газрын тогтоол гараад Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилдэг. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн хувьд 3 өдрийн ажил тасалсан гэдэг үйл баримтууд яригддаг.  Уг 3 өдрийн хувьд 2024 оны 02 дугаар сарын 26, 27, 28-ний өдрүүд буюу Даваа, Мягмар, гараг гэсэн 3 өдрийг хамруулж үзэж байгаа юм. Ажил тасалсан гэдэг асуудлын хувьд цаг бүртгэл дээр Тамгын даргын цагийг бүртгэдэггүй. Харин хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь 26, 27, 28-ны өдрүүдэд ажил тасалсан гэдэг нь тогтоогдож байгаа юм. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өглөөний 10 цагаас эхлэн Засаг дарга нэхэмжлэгч *******г дуудуулсан байдаг. Үүнийг гэрч ******* болон бусад холбогдох хүмүүс мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Мөн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Онцгой комиссын хуралдаан болсон уг хуралдаанд нэхэмжлэгч суугаагүй байдаг.

Нэхэмжлэгч нь ажлын өдөр архидан согтуурсан гэдэг зүйл хэлдэг. Уг асуудлын хувьд шууд цагдаагийн байгууллага очоод шалгалт хийгээгүй. Үүнийг Ховд аймгийн Засаг дарга болон орлогч даргаас гаргасан мэдээллийн дагуу “манай Тамгын дарга болон 2 хэлтсийн дарга ажилдаа ирэхгүй байна олж тогтоогооч” гэх агуулгаар Цагдаагийн газрын даргад орлогч дарга болон Засаг дарга нар мэдээлэл өгсөн байдаг. Үүнийг дагуу нэхэмжлэгчийг байсан гэх буудалд цагдаа нар очиж үлээлгэсэн байдаг. Тухайн үед нэхэмжлэгчийн согтолтын хэмжээ нь 0,13 промилль буюу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэдэг нь харагдаж байгаа юм. Цагдаагийн мэдүүлэг дээр согтолтын хэмжээ 0,20 дээш бол согтолтын зэргийг авч үздэг юм байна лээ. Энэ нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудал дээр харгалздаг 0,20 дээш согтолтыг харин 0,13 гэдэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоод байгаа юм. Тухайн өдөр ажлын өдөр мөн дээрээс нь ажлын цаг байсан. Хэдийгээр нэхэмжлэгч нь ажлын өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ч гэсэн ажлын цагаар гадуур ууж байгаа үйлдлийг ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэгтэй адилтгаж үздэг асуудлууд байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 37.1.13, 37.1.16 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн хуулийн 48.1 дүгээр зүйлд “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасныг журамлан ажлаас халах шийтгэл ногдуулсан. Мөн төрийн албан хаагчтай холбоотой маш олон үүрэг, хориглолтууд хуулиуд дээр байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 05 дугаар сараас эхлэн мөрдөж байгаа. Уг хуулийн 7 дугаар зүйл дээр төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ гэх зохицуулалт байдаг. Уг хуулийн 7.1.8, 8.2.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Архи согтууруулах ундаатай холбоотой гарсан бусад эрх зүйн актуудын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол дээр Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоолын 1.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар зөвлөмжид төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах тухай зөвлөмжийн 2.4 дэх заалтыг зөрчсөн байна.Ховд аймгийн Засаг даргын 2022 оны А/579 дүгээр захирамжаар архи, согтууруулах ундааг хэрэглэхтэй холбоотой хориглолтууд байдаг. Иймд нэхэмжлэгч нь дээрх хууль эрхийн актуудыг зөрчсөн байна гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга гэж явдаг учраас Ховд аймагт сахилгын хариуцлагатай холбоотой асуудал дээр үлгэр жишээ болж явах ёстой албан хаагч гэж үзэж байгаа.

Ховд аймгийн Засаг дарга 02 дугаар сарын 28-ны орой нэхэмжлэгчийг өрөөндөө дуудаж хоёулаа уулзсан байдаг. Засаг даргын зүгээс ийм акт гарах гэж байгаа талаараа нэхэмжлэгчид танилцуулсан байдаг. Гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Аймгийн Засаг дарга *******г 2024 оны 02 дугаар сарын 29-ны өглөө дуудаж 2 удаа уулзсан байдаг. Энэ талаараа маргаан бүхий актын визны хуудас дээр Засаг даргын нарийн бичиг тэмдэглэгээ хийчихсэн байдаг. Уг баримт нь хэрэгт авагдсан байдаг юм. Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаа хийгдээгүй гэж хэлдэг гэтэл *******г Засаг дарга 2 удаа дуудаж уулзсан нь сонсох ажиллагааг хийсэн гэж харж байгаа. Яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуульд биечлэн уулзаж сонсох ажиллагааг танилцуулах талаар зохицуулалтыг зааж өгсөн байгаа. Тухайн үед ******* дарга нь тайлбар саналаа гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь албан ёсны тайлбар саналаа гаргаж өгөөгүй. Маргаан бүхий актын хувьд 2024 оны 02 дугаар сарын 28-ны орой албажсан. Тэгээд 29-ний өглөө Засаг даргын нарийн бичиг тухайн захирамжийг гардуулан өгсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны хувьд аймгийн Засаг дарга өөрийн биеэр захирамжийн төслөө нэхэмжлэгчид танилцуулж, зөрчил гаргасан талаар мэдэгдэн ажлаас халагдах, эсхүл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх саналыг тавьж, энэ шаардлага хангагдсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн өвчтэй буюу акттай байсан гэх асуудлыг хэлж байна. Гэтэл ******* нь тухайн өдөр өвчтэй юм уу, акттай байсан талаар Засаг дарга болон түүний нарийн бичиг мэдэхгүй байгаа юм. Ямар учиртай акт ирсэн талаар мэдээгүй миний хувьд сүүлд хэргийн материалаас нэхэмжлэгчийн өвчний актыг харсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс албан ёсоор Засаг дарга болон орлогч дарга нарт танилцуулах ёстой байсан. Гэтэл уг акттай танилцсан талаар асуудал огт байдаггүй юм.  Мөн гэрчээр мэдүүлэг өгсөн нарийн бичгийн мэдүүлэг дээр уг актын талаар мэдэхгүй, акт ирээгүй гэж хэлдэг. Иймд нэхэмжлэгч нь тухайн үед өвчтэй байсан гэх актаа танилцуулаагүй учир нэхэмжлэгчийн өвчтэй байсан гэдгийг мэдэх боломжгүй болчихож байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын хувьд *******г 2 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нэгдүгээрт:  Ажлын 3 өдөр ажил тасалсан, Хоёрдугаарт: ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр ажлаас нь чөлөөлсөн. Дээрх үндэслэлүүдэд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдохгүй байна гэж харж байна.

Нэгдүгээрт: Ажлын 3 өдөр ажил тасалсан үндэслэлийн тухайд *******г ажил тасалсан, таслаагүйг хэн тодорхойлох вэ гэдэг асуудал үүсэж байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын ажлын цагийг үүдний харуул тасалсан, таслаагүй, ажлын чөлөөтэй байсан, өвчтэй байсан гэдгийг тодорхойлж байна. Тухайн Засаг даргын Тамгын газрын нягтлан ажилчдын тасалсан, таслаагүй цагаар нь тооцож ажлын хөлсийг олгож байгаа асуудлууд байгаа. Мөн тухайн ажилтны чөлөө авсан аваагүй, ажилдаа ирсэн, ирээгүйг хүний нөөцийн ажилтан *******г ажилдаа ирж байсныг тодорхойлсон байдаг. Эдгээр зүйлээс харахад хавтаст хэрэгт авагдсан харуулын гэрчийн мэдүүлэг, мөн нягтлангийн мэдүүлэг, *******гийн 2024 оны 2 сарын цалинг бүтнээр олгосон цалингийн тооцооллын маягт, ажилласан цагийн буюу нийт 120 цаг ажиллах ёстойгоос ******* 120 цаг ажилласан, тасалсан, өвчтэй, чөлөөтэй байсан зүйл байхгүй гэх ирцийн бүртгэл зэргээс харахад ******* нь 3 хоног ажил таслаагүй, ажлаа бүтэн хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн Онцгой байдлын комисс хуралдсан хуралдаанд ирсэн, ирээгүй талаар маргадаггүй. Уг хуралдаанд ******* нэхэмжлэгчийн хувьд оролцоогүй гэдгээ хэлсэн. Ганц онцгой байдлын хуралд ирээгүй гэх үндэслэлээр 3 хоног ажил тасалсан гэх үндэслэл болохгүй. Мөн гэрч *******гийн хувьд ******* даргыг ажил тасалсан, таслаагүй гэдгийг тодорхойлох субъект биш байна гэж үзэж байна.  Ийм учраас энэ 3 өдөр ажил тасалсан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт,  гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Монгол Улсад тухайн хүнийг буюу иргэнийг согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглээгүйг Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалын дагуу тогтоож байгаа. Уг тушаалын 2.5-д шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,2 проммиль эсхүл спиртийн агууламж 0,5 промил илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж зааж өгсөн. Нэхэмжлэгч *******гийн тухайд тухайн цагдаагийн албан хаагчид очоод амьсгал дахь промиллийг шалгасан, түүнээс цусан дахь спиртийн агууламжийг шалгаагүй. Амьсгал дахь спиртын агууламжийн хувьд 0,13 проммиль гарсан. Үүнийг Цагдаагийн албан хаагч болох Цэрэнтогтох, Нямдэлгэр нарын мэдүүлгээр согтолтын зэрэг байхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэхгүй гэдгийг гэрчийн мэдүүлгээр өгчихсөн байдаг. Иймд дээрх 2 үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлох ёстой байсан боловч хариуцагчийн зүгээс нотолсонгүй гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг *******гийн тухайд явуулаагүй гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа. Яагаад гэвэл 27.3.1-д заасан сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаар мэдээлэл өгөөгүй. Мөн захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний акт, зүйл заалтын талаар мэдээлэл өгөөгүй. Захиргааны шийдвэр гаргах тухай асуудлын талаарх мэдээлэл үндэслэлийг хэлж өгөөгүй. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан ажиллагааг явуулаагүй гэж харж байна. *******гийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлд хамаарахгүй байгаа.

Иймд дээр дурдсан үндэслэлүүд мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслээд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах үеэс эхэлж оролцсон гэдгийг хэлье. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.

Нэгдүгээрт: Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 02 сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай Б.Сандагсүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах. Яагаад гэвэл уг захирамж дээрээ хуулийг буруу хэрэглэсэн байна.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60.1.2-т Засаг дарга томилох, чөлөөлөх эрх нь байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.6 дахь заалт мөн Засгийн газрын 2024 оны өвөлжилт, хаваржилт илэрсэнтэй холбогдуулаад авах зарим арга хэмжээний тухай 62 дугаар тогтоол зэрэг байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг тогтоолыг яаж зөрчсөн юм бэ? уг хуралд суугаагүйгээс болж уг хуралдаан хойшилсон юм уу? хариуцагч талаас уг тогтоолыг зөрчсөн байна гэдэг нотлох баримт өнөөдрийн байдлаар хэрэгт орж ирээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг дээрх 3 үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан нь үндэслэлгүй юм гэж үзэж байна. Ажилтанг ажлаас нь халах шийтгэлийн тухай хуульд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна. гэж заасан. Мөн хуулийн 48.1.4-д “төрийн албанаас халах” гэсэн зохицуулалт байгаа. Гэтэл уг захирамж дээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.6-д хуульд заасан бусад гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийг уг үндэслэлээр ажлаас нь халах үндэслэл байхгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт: 2024 оны өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэн гэдэгтэй холбогдуулан хариуцагч талын зүгээс маш их цар хүрээг тэлсэн гэж хэлдэг. Гэтэл гэрч болон бусад хүмүүсийн мэдүүлэг дээр байгаа ******* нь 28-ны өдөр ажилдаа очно хурлыг Засаг даргын өрөөнд бэлдээрэй гэдгийг ажилтандаа хэлээд явсан байдаг.  Гэтэл уг хуралдаанд *******г суугаагүй гэж хэлдэг. Уг хуралдаанд ******* нь суугаагүйгээс болж хойшилсон, сунжирсан мөн уг хуралдаан болж ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдэг үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар огт тогтоогдохгүй байгаа. Гэтэл нэхэмжлэгчийг өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулаад зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнд төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг үед 3 өдөр ажил тасалсан, ажлын цагаар архидан согтуурсан гэж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс 3 өдөр ажил тасалсан юм уу гэхээр мөн л хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа. Хариуцагчийн зүгээс хэлэхдээ жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоож журам зөвхөн жолоочид хамаарах гэж ойлгодоггүй. Энэ хуулийн зорилго чинь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгаад тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулдаг байгаа. Үүний дагуу цагдаагийн албан хаагч нар хэлсэн байдаг.  *******гийн согтолтын спиртийн агууламж 0,20 проммиль спирт эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 проммиль спирт илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гээд заачихсан. Энэ хуулиараа 0,20 дээш бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тодорхой хэмжээний хүндрүүлэх нөхцөл үүснэ. Хэрэв согтолт байсан байна гэж үзэх юм бол тухайн жолоочийг эрүүлжүүлдэг зөрчлийн арга хэмжээ авдаг 0,20 доош байна гэж үзвэл Зөрчлийн хуулийн дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгадаггүй зэрэг ойлголтууд байгаа.

Нэхэмжлэгчийг буудалд байх үед цагдаа нар ирж шалгахад 0,13 гарсан гэдэг нь эргэлзээтэй байгаа. Гэнэт байж байтал цагдаагийн албан хаагч ирээд шалгаж байгаа нь ямар шалтгааны улмаас ирж шалгасан мөн тухайн үед 3 албан хаагч ажилдаа ирэхгүй байна гэдэг зүйл хэлдэг боловч нөгөө талаараа энэ хэрэг нь зохион байгуулалттай дуудсан гэж үзэж байгаа. Тухайн үед ******* дарга, нар дуудсан гэж байгаа. Цагдаа ирэх үед арын өрөөнд нь нуугдсан гэдэг. *******гийн хувьд 27-ны өглөө ажил дээрээ байж байгаад *******ыг дуудахаар нь явж очсон ийм үйл баримт болсон байдаг. Цагдаагийн албан хаагч нарын мэдүүлэг дээр юу гэж байна вэ гэхээр ******* даргын хувьд хоол идээд сууж байсан. Гомбосүрэн даргын хувьд нэлээн согтолттой харагдаж байсан. ******* даргын хувьд согтолтгүй харагдаж байсан гэх мэдүүлгийг хүртэл өгсөн байдаг. Тухайн үед цагдаагийн албан хаагч нар *******г үлээлгэх үед 0,13 проммиль гарсан. Үнэхээр ******* нь тухайн өдөр уг буудалд очоод архи уусан бол 0,20 дээш гарах байсан шүү дээ. Гэтэл ******* даргын хувьд тухайн үед согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байдаг. Энэ нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа юм. Тухайн үед цагдаагийн албан хаагчаас ямар хүн дуудлага өгснийг асуухад орлогч дарга болох гэх мэдээлэл өгсөн гэдэг. Гэтэл оос мэдүүлэг авахад би ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, надад хамааралгүй асуудал гэх мэдүүлгийг өгсөн байдаг юм.

Гуравдугаарт: Актын тухайд нэхэмжлэгчийг акттай байсан юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэхгүй байсан гэж хэлж байна. Гэтэл өнөөдөр *******гийн акттай байсан эсэх асуудал нь өнөөдөр хууль зүйн хэлтсийн ******* гэдэг хүн дээр очихгүй шүү дээ. Гэрч *******гийн хувьд акттай байсан. Гэхдээ тухайн актыг надад өгөөгүй гэдэг зүйлийг хэллээ. Тэгэхээр ******* нь 28-ны өдөр акттай байсан гэдэг нь тогтоогдож байгаа юм. *******гийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлгээр үнэлэх боломжгүй нөхцөл байдал гарч байна. Гэрчид хэдий хууль сануулсан ч гэсэн тухайн өдрийн он, сар, өдөр андууран хэлж байна. Гэрч нь хууль заасны дагуу үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байгаа. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхээр аймгийн Онцгой комиссын хурал нь ганцхан 28-ны 16 цагт хуралдсан байдаг. Бусад өдрүүдэд хуралдсан гэх баримт хэрэгт байдаггүй. 28-ны өглөө 10 цагийн үед ******* нь эмнэлэгт үзүүлээд явж байсан үйл баримт байдаг шүү дээ. Мэдээж хүн юм чинь өвдөж болно шүү дээ. Гэтэл хэн нэгэн албан тушаалтан хүний эрүүл мэндийн эрхэд халдах эрх байхгүй гэж үзэж байна. Тухайн үед гэрч хэлэхдээ ******* даргыг хайгаад олоогүй ингэж хэлдэг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс эмнэлгээр яваад үзүүлж эмчийн бичиж өгсөн актыг жолоочоороо дамжуулан хүний нөөцийн ажилтандаа хүргүүлсэн үйл баримт байдаг.

Мөн гэрч Ч.Багдал даргын мэдүүлгээр 2024 оны 02 дугаар сарын 26-ны 08 цаг 30 минутад Б.Сандагсүрэн даргатай утсаар яриад биеийг асуугаад өрөөндөө дуудах үед нь өрөөнд нь орж уулзсан гэдэг. Ажил хэргийн яриа хийж өрөөнөөс нь гарсан. Намайг гарах үед  цэргийн штабын дарга , Зэвсэгт хүчний дарга нар орж байсан бөгөөд өдрийн цайны цагаар хамт хоол идэж, биллиард тоглоё гэж хэлж байсан гэдэг. Нэхэмжлэгчийн хувьд 2024 оны 02  дугаар сарын 27-ны өдөр Сангийн яамнаас өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, санхүүжилтийн зохицуулалтын талаар цахимаар уулзалт зохион байгуулахаар болсон. Тус хуралд Тамгын дарга оролцох ёстой байсан. Би тухайн үед эмнэлэг дээр явж байгаа байдлаа хэлээд Засаг даргын арын өрөөнд хурлын бэлтгэл ажлаа хангуулаад эхлүүлж байгаарай гэж хэлсэн гэдэг.

Дөрөвдүгээрт: Нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийсэн гэж үздэг. Гэтэл хариуцагчийн зүгээс ажлын цаг дууссаны дараа өрөөндөө уулзаж захирамж гарах талаараа хэлснийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй. Ажлын цаг дууссан байсан. Сонсох ажиллагаа явагдаж байгаа талаараа нэхэмжлэгчид хэлээгүй үйл баримт байдаг. Гэрч *******гийн мэдүүлгээр 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр визны төслийг танилцуулсан гэж байна. Хариуцагчийн зүгээс тухайн визны төсөл дээр хэлтсийн дарга зурахгүй гэсэн гэж хэлээд ахлах мэргэжилтэн нь өөрөө гарын үсэг зурсан нөхцөл байдал байна. Манай зүгээс гэх хүнийг гэрчээр асуулгахад тухайн өдөр би ажиллаж байсан. ******* ын өрөөнд байх үед визний төсөл гэх зүйл барьж ирээд гарын үсэг зуруулах гэж оролдсон гэж хэлдэг. Гэтэл албан ёсоор 28-ны өдөр тухайн визны төсөл бүрэн гараагүй байсан гэж үзэж байна. Хариуцагч ******* өөрөө тухайн төслийг боловсруулчихаад яагаад өөрөө тус төсөл дээрээ гарын үсэг зурсан юм бэ? энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм. Акттай байгаа хүнийг ажлаас нь чөлөөлж байгаа асуудал гарч байна. Өнөөдөр ээлжийн амралттай, өвчний акттай байгаа тохиолдолд буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тохиолдолд хүнийг ажлаас чөлөөлөх асуудал яригддаг юм уу? хуульд ийм зохицуулалт байхгүй шүү дээ. Шүүхээс эмнэлгийн магадлагаа өгсөн эсэх дээр үзлэг хийсэн мөн гэрч гэх гэрчийн мэдүүлэг зэргээр ******* нь эмнэлэгт үзүүлж 3 хоногийг акт авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн өдөр өвчтэй байсан. Актаа хууль журмынх нь дагуу аваачиж өгсөн. Тухайн үед акттай байсан талаараа Засаг даргад хэлж байсан боловч Засаг дарга захирамжаа гаргачихсан чамайг ажлаас халж байна гэдэг зүйлийг хэлсэн байгаа. Хариуцагчийн төлөөлөгч *******ын зүгээс дараах тайлбаруудыг хэлсэн. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар 37.1.2, 37.1.7, 37.1.10, 37.1.16-д заасан үндэслэлүүдийг зөрчсөн учраас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 заасны дагуу төрийн албанаас халах гэдэг үндэслэлээр шийдсэн. Гэхдээ хуулийн зохицуулалтаа зөв хараагүй байна гэдэг тайлбарыг хэлсэн. хариуцагчийн зүгээс нэгэн маргаан бүхий захирамж дээрээ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 гэж бичсэнийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.6 гэж зөвтгөх үндэслэл харагдахгүй байна гэж үзэж байна. хариуцагчийн зүгээс хуулийн заалтыг андуурсан байна гэж хэлдэг боловч үүнийг андуулах гэж хэлэхгүй юм. Нэгэнт энэ зүйл заалтаар халаагүй шүү дээ. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх гэж заасан. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг улирал бүрээр дүгнэчихсэн асуудал байгаа. Хэрэв ******* нь ажлаа хийгээгүй бол тухайн ажлыг нь үнэлээд тодорхой хэмжээгээр үнэлгээ өгч байвал энэ нь өөрөө үндэслэлтэй байсан байх. Гэтэл өнөөдөр гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнээгүй асуудал дээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг ярьж ажлын байрны тодорхойлолт заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл байхгүй. Гэтэл хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар дүгнээгүй байж ажлын байрны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь тогтоогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасан 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэж захиргааны акт гаргана гэсэн заалт байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулан ажиллах эрхтэй. Мөн хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь эмчилгээ хийлгэх эмнэлэгт хандах, тодорхой хэмжээгээр акт, магадалгаа авах, эмчлүүлэх эрхийг нь тодорхой заагаад өгсөн байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь эмчилгээтэй акттай нөхцөл байдал байхад ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм гэдгийг хэлье.

Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй хамааралтай талаас нь шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт  Н., Б., Г.Гомбосүрэн нарын гэрчээр өгсөн мэдүүлэг байгаа. Мөн цагдаагийн албан хаагч нарын мэдүүлэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж мөн Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглээгүй заалтууд байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд бол эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2.5. Хариуцагч өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Маргаан бүхий захирамжтай холбогдуулаад гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Маргаан бүхий акт дотор өвөлжилт болон зудын эрсдэл бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал Засгийн газрын 62 дугаартай тогтоолоор зарласан байсан. Засаг даргын захирамжийн хувьд сүүлд гарсан болохоос биш Засгийн газрын тогтоол гарсан өдрөөсөө эхлээд өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байсан байна шүү дээ. Засаг даргын хяналттай, хяналтгүй Тамгын даргын хувьд Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг хүндэтгэж сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа шүү дээ. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан байхад очоод буудалд очиж улс төр яриад, маргааш нь биллиард тоглож мөн бусад ажилласан байсан хүмүүсийг биллиард тоглоё гэж дуудсан байгаа юм. Тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан өвс тэжээл яаралтай заръя гээд 26, 28-ны өдрүүдэд хуралдсан байдаг. 26-ны өдөр хуралдахдаа цахимаар хуралдаж, 28-ны өдөр биечлэн уг хуралдааныг хийсэн байдаг. Засаг даргын Тамгын газрын хамгийн гол үүрэг хүлээж байгаа зүйл нь ажлын байрны тодорхойлолтод нь маш тодорхой заасан байгаа шүү дээ. Засаг даргыг ажлыг бүртгэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангана гэж байгаа. Тухайн удирдаж байгаа 19 суманд нь хаваржилт хүндэрсэн зудын байдал бий болчихсон. Мөн тухайн онцгой нөхцөл байдлыг дан ганц аймаг зарлаагүй, улсаас онцгой байдал зарлачихсан байхад биллиард тоглоод ажлын цагаар буудалд очоод тэгээд хурал зарлаад байхад ирэхгүй байгаа нөхцөл байдал нь хариуцлага тооцохгүй юм бол Төрийн албаны тухай хуулийг өөр яаж тайлбарлаж хэрэглэдэг юм бэ? Миний хувьд уг захирамж нь үндэслэл бүхий байна гэж харж байна.

Нэгдүгээрт: Албан тушаалын субъектийн хувьд авч үзвэл ******* нь удирдах албан тушаал буюу бусад хүндээ үлгэрлэн дуурайлгах үүрэгтэй хүн байгаа шүү дээ. Төрийн албаны нэр хүндийг эрхлэн дээдлэх буюу 37.1.7-д заасан ийм үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь ажлын цагаар архи согтууруулах унааны зүйл хэрэглэсэн. Тэгээд уг нөхцөл байдлыг шалгаад цагдаа үлээлгэхээр би согтуу биш байсан гэж яриад байх юм.

Нэхэмжлэгчийн зүгээс согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нь  37.1.7-д заасан нэр хүндийг эрхлэн дээрдүүлээгүй. Мөн албан тушаалын тодорхойлолтод 37.1.13-д заасан зорилго зорилт, чиг үүргийнхээ хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна. Засаг даргын ажлыг хийж гүйцэтгэхэд бүх ажлыг нь зохион байгуулж ажиллах үүрэгтэй хүн нь нэхэмжлэгч өөрөө юм. 37.1.16 Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана. Мөн хууль тогтоомжид заасан бусад эрх буюу үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг гүйцэтгэх хүлээхгүй байх гэж байна шүү дээ. Нэхэмжлэгчийн хувьд 27-ны өдөр ажилласан байсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотолж чадахгүй байна.

Ажил тасалсан гэдгийн хувьд *******гийн эхнэрийн хэлсэн үгээр тогтоогдож байна гэж бодож байна. Нөхөр нь эмнэлэгт үзүүлээд явж байхад эхнэр нь мэдэхгүй ажил дээрээ байгаа байх гэж хэлдэг. Нэхэмжлэгч нь акттай байсан гэдэг баримтаа туслахдаа өгчхөөд удирдлагадаа өөрийг нь томилдог, өөрт нь хяналт тавьдаг хүндээ мэдэгдэхгүйгээр би чөлөөтэй, өвчтэй байсан юм аа гэж ярьж байгаа нь үндэслэлгүй шүү дээ. Төрийн албаны тухай хуульд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн байгаад нөгөөдөх нь өвчтэйг нь мэдсээр байж ажлаас гарсан арай өөр үндэслэл яригдсан байхгүй юу. Нэхэмжлэгч нь тухайн үед Засаг даргатай уулзах үедээ актаа өгөөгүй нь болох нь нотлох баримт шинжлэн судлах шатад нэхэмжлэгч өөрөө тухайн актыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байна. Гэтэл тухайн захиргааны байгууллагад байгаа актыг шүүх татаж ирээд хэрэгт хавсаргаагүй шүү дээ. Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч нь актыг эрх бүхий албан тушаалтанд өгөөгүй, мэдэгдээгүй байсан юм байна гэдэг нь нотлогдож байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс намайг 28-ны өдөр өвчтэй байхад ажлаас чөлөөлчихлөө гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт: Сонсох ажиллагааны тухайд: Нэхэмжлэгч нь 26-ны өглөө ажил дээрээ ирчихээд явсан гэж байна. Ажилдаа өглөө ирчихээд явсныг ажил хийсэн гэж хэлэхгүй шүү дээ. Хэрэв ажил дээрээ ирээд Солонгос улс руу явах талаар ярьсан юм бол яагаад тухайн өдрөө захирамжийн төслөө бариад ороогүй юм бэ? хамгийн гол нь ажлын үр дүн шүү дээ. 27-ны өдрийн хувьд бүтэн буудалд байсан байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд 12 цагийн үед буудлаас гарсан гэдэг боловч бичгийн нотлох баримтаас үзэхэд 16 цаг хүртэл тухайн буудалд байсан байна шүү дээ. Иймд дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч нь ажлын өдөр буюу ажлын цагаар ажлаа тасалсан нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн гэрч , ******* болон нэхэмжлэгчийн өөрийнх нь мэдүүлгээр нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийгдсэн гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгч өөрөө ажлаас гарах талаараа мэдэж байсан юм байна.

 Гуравдугаарт: Захирамжийн төслийн талаар ярьж байна. Тухайн визийг хэн өгсөн хэн өгөөгүйгээс болж тухайн захирамж хүчингүй болохгүй шүү дээ. Эрх бүхий албан тушаалтан зөвшөөрөөд маргаан бүхий захирамжийг гаргасан байна шүү дээ. Тухайн төслийг хэн боловсруулж байгаа нь гадагшаа чиглэсэн акт биш. Тухайн төсөлд гарын үсэг зурсан, зураагүй гэдэг асуудал нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй. Харин тухайн маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа. Иймд тухайн төсөл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндчихсөн юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй юм.

Дөрөвдүгээрт: Архидан согтуурсан асуудлын хувьд Засгийн газраас ажлын цагаар архидан согтуурсны талаар удаа дараагийн тогтоол шийдвэрүүд гарсан байдаг. Энэ тогтоолыг төрийн албан хаагч дагаж мөрдөх үүрэгтэй шүү. Жишээлбэл: Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 01 дугаартай сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгавар гэж гарсан байдаг. Үүнд бүх шатын Засаг дарга, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад. Төрийн албыг хувийн ашиг сонирхол хэрэгсэл болгоод, мөн хүнд суртал, шударга бус байдалтай шат шатдаа тууштай тэмцэнэ гэж байна. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд бэлэн байдлын зэрэг зарлачихсан байж байхад ажлаа таслаад бааран дотор суугаад ажилдаа ирэхгүй байгаатай Засаг дарга яаж эвлэрэх байсан юм. Эвлэрэх боломж байхгүй шүү дээ. Мөн тогтоолын 2.1-т “сахилга хариуцлагыг өндөржүүлж, аливаа ажил асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнд тавих хяналтыг сайжруулж, хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллуулна”. гэж заасан. Гэтэл Тамгын газрын дарга нь ажлын өдрөөр бааранд суучихаад биллиард тоглоё гээд бусдыгаа дууддаг асуудал гарсан. Аймгийн хэмжээнд бэлэн байдал зарлачихсан хурал дуудаад байхад хуралд ирэхгүй байх нь өөрөө стандартад яаж мөрдөгдөх юм бэ. Мөн 2.4-д хууль тогтоомж зөрчсөн, зөрчил дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүрд нь хариуцлага тооцно гэдэг албан даалгаврыг бүх шатын Засаг даргад үүрэг болгосон. Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т хэрэглэх ёстой байсан. Гэтэл 48.1.6 гэж бичсэн байна гэж байна. Гэтэл уг хоёр үндэслэлийн аль алинаар нь  ч тайлбарласан нотлогдож байгаа шүү дээ. Шүүх нэг зүйлийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тухайн үед Засгийн газрын 62 дугаартай тогтоолоор улс орон нутагт буюу тэр дундаа Ховд аймагт бэлэн байдлын зэрэг тогтоочихсон байсан. Энэ үед албан тушаалтан буюу Тамгын газрын дарга уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаа хийхгүй ажлын цагаар ажил дээрээ байхгүй байсныг Засаг дарга араас нь хөөж олж авсан шүү дээ. Гэтэл хамгийн гол ажил үүргийн хувьд Засаг даргатай уялдаа холбоотой ажиллаж байх ёстой хүмүүс нь байхгүй байхад Засаг дарга яаж ажлаа хийх юм бэ? нэхэмжлэгчийн зүгээс 0,20 гараагүй учир би эрүүл байсан гэж хэлж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл гэж харж байна. Заавал 0,20 хувтай байж төрийн албанаас хална гэсэн заалт байхгүй. Согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хориглосон байна шүү дээ. 

Тавдугаарт: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбарт та нар хуйвалдаад гаргачихлаа шүү дээ гэж ярьж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс харин ч нэхэмжлэгчийг дэмжиж гадаад улс руу явуулах талаар ярьж байсан шүү дээ. Хэрэв үнэхээр ажлаас халах гэж байсан бол 26-ны өдөр хэлнэ шүү дээ. Харин ч нэхэмжлэгчийг дэмжиж байхад ийм зүйл ярьж байгаа нь ойлгомжгүй байна.Захиргааны актын хувьд мэдэгдсэн өдрөөс хойш хүчин төгөлдөр болно гэж хуулинд заасан байдаг. Уг маргаан бүхий захиргааны актын хувьд 28-ны өдөр гараад 29-нд нэхэмжлэгч *******д танилцуулагдаж тухайн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж байгаа шүү дээ. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тухайд нэхэмжлэгч үнэхээр акттай байсан бол тухайн хурал дууссан үед хүлээж байгаад Засаг даргад нөхцөл байдлаа хэлэх боломж байсан шүү дээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг боломжийг ашиглаж хэлээгүй байж өнөөдөр хариуцагчийг буруутгаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Актыг өөрийн биеэр хүргэх боломжгүй нөхцөл байдал байсан юм бол хариуцагч руу утсаар ярихгүй яасан юм бэ? нэхэмжлэгчийн зүгээс Засаг даргад акттай байсан талаараа мэдэгдээгүй учир 26, 27, 28-ны өдрүүдэд ажил тасалсан гэдэг нь тогтоож байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байсан байна. Энэ нь сахилгын шийтгэлээс чөлөөлөгдөх, хүндэтгэн үзэх бусад өөр шалтгаан байхгүй байна. Тийм учраас маргаан бүхий актыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь  ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дүгээр захирамжид гомдол  гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэхгүйгээр 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тус шүүхэд хандсан нь Төрийн албаны  тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно.” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд шүүхэд хандах хугацааг хэтрүүлээгүй.

2. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “... Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын албан тушаалд эргүүлэн томилуулах” гэснийг шүүх хуралдаанд “.. .ажилд эгүүлэн тогтоолгох” гэж тодруулсан болно.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судалж, талуудын тайлбарт хууль зүйн дүгнэлт хийснээр дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгч ******* нь 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, тусгай шалгалтын дүнгээр маргаан бүхий албан тушаал болох аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллажээ.

5. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг ажлын байр нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 12.1.7. аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал; гэж зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх тул мөн хуулийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан зохицуулалтад хамаарна.

 6. Аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дүгээр захирамжид зааснаас үзвэл өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан хаваржилтыг хохирол багатай даван туулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байх үед 3 өдөр ажил тасалж, ажлын цагаар архидан согтуурсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

7. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4.төрийн албанаас халах; гэж заажээ.

8. Харин маргаан бүхий актын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.6 /хуульд заасан бусад/ дахь заалтыг үндэслэсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... 48.1.4 гэснийг 48.1.6 гэж бичлэгийн техникийн алдаа гаргасан ” гэж тайлбарласан.

  9. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлд төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл, ногдуулах хариуцлагын төрлийг хуульчилсан байна .   

10. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т ”Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно.” гэж зааснаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн36/32 хамтарсан тушаалаар баталсан “”Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-аар сахилгын шийтгэл ногдуулах ажиллагааг журамласан. Журмаас үзвэл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг хянан шалгах нэгж эсхүл ажлын хэсэг, дээд албан тушаалтныг томилон ажиллуулж шалган тогтоох, зөрчил гарсан тогтоогдсон тохиолдолд тохирсон шийтгэлийг ногдуулахаар заасан.

11. Харин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлд тухай төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд ёс зүйн хороогоор хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулсны дараа хариуцлага тооцох эсэх талаар эрх бүхий этгээд шийдвэр гаргах зохицуулалттай байна.

12. Иймд сахилгын зөрчил, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тодорхойлж, шалган тогтоосноор ямар хуулиар хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн “... нэхэмжлэгчийг Төрийн албаны болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн заалтыг зөрчсөн сахилгын болоод ёс зүйн зөрчил гаргасан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд маргаан бүхий актад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн заалтыг баримтлаагүй,Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг баримталсан байх тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.      

13. Маргаан бүхий актад дурдсан нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн талаар:

13.1. Ажил тасалсан гэх зөрчлийн тухайд:

13.1.1. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар “Өвөлжилт хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1-д “Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.” гэж, уг тогтоолыг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/99 дүгээр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамж маргаан бүхий актыг гарсны дараах үйл баримтад хамаарна. 

13.1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Долоо хоногийн ердийн ажлын цаг  40-өөс илүүгүй байна. 84.2-т “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна.” гэж, 91 дүгээр зүйлийн 91.1-д “Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл, ээлжийн ажлын цаг, долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл болон ажлын цагийг нэгтгэн бодох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцно. 91.2. Дараах тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулж болно: 91.2.2.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах; гэж тус тус заасан байх ба Гамшгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.10-т зааснаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын ажлын цагийн хуваарийг тогтоосон хугацаагаар өөрчлөх боломжтой байна. 

13.1.3. Гэтэл Засгийн газрын тогтоол болон Аймгийн Засаг даргын захирамжид ажлын цагийн хуваарийг өөрчилсөн талаар заагаагүй энэ талаар нарийвчлан зохицуулсан өөр шийдвэр байхгүй байх тул нэхэмжлэгчийн ажил тасалсан гэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ердийн ажлын үргэлжлэх хугацаагаар тооцож үзэх үндэслэлтэй.

13.1.4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг 2 дугаар сарын 26,27,28-ны өдрүүдийн ажил тасалсан гэж тайлбарласан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Тамгын даргын даргын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/131 дүгээр тушаал баталсан хөдөлмөрийн дотоод журмын зургаад ажлын цагийн талаар зохицуулсан байх ч ажлын цагийг хэдэн удаа, хэрхэн бүртгэх талаар нарийвчлан заагаагүй байна.

13.1.5. Нэхэмжлэгчийг тухайн өдрүүдэд ажилдаа ирсэн эсэхийг ажлын цагийн бүртгэл, ажлын байранд суурилуулсан камерын дүрс бичлэгээс харах боломжтой ч  Тамгын газрын даргын ажлын цагийг бүртгэдэггүй болох нь Тамгын газрын ажилтнуудын цагийн бүртгэлийн дэвтэр, гэрч Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга *******[1], хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.[2], харуул Х.сүрэн[3], [4], [5] нарын мэдүүлгээр тогтоогдсон, камерын дүрсийн бичлэг удаан хугацаагаар хадгалагддаггүй талаар Тамгын газрын мэдээлэл, технологийн мэргэжилтэн ын “...8-10 хоногийн бичлэг хадгалдаг. 15 дахь хоногоос эхлэн бичлэгээ өөрөө устгадаг. 2 сарын бичлэгийг сэргээж үзэх боломжгүй..” гэж мэдүүлжээ. 

13.1.6. Нэхэмжлэгч өөрөө 2 дугаар сарын 26-ны өдөр ажилласан, 27-ны өдөр ажиллаагүй, 28-ны өдөр ажилдаа ирсэн, Засаг даргатай уулзсан гэж тайлбарласан тул 26, 28-ны өдрүүдэд ажил тасалсан эсэх талаар холбогдох нотлох баримтыг үнэлж дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

13.1.7. 2 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан гэх зөрчлийн тухайд гэрч Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х. мэдүүлэхдээ[6] “...Би ******* даргын ажлын өрөөний үүдэнд сууж ажилладаг. 2 дугаар сарын 26-ны өдөр дарга өглөө ажилдаа ирээд өдрийн цайны цагаар Цэргийн штабын даргатай гарч явсан...” гэж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга мэдүүлэхдээ [7] “...2 дугаар сарын 26-ны өдөр 08.30 цагийн үед ******* дарга утсаар ярьж өрөөндөө дуудсан. Намайг уулзаад гарахад надтай зөрөөд Цэргийн штабын дарга, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч орж байсан...” гэж, Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан мэдүүлэхдээ[8] “... 2 дугаар сарын 26-ны өдрийн өглөө Засаг даргын өрөөний гадаа уулзаад өнгөрсөн...” гэж тус тус мэдүүлсэн байх тул тус өдөр ажилдаа ирээгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

13.1.8. 2 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан гэх зөрчлийн тухайд гэрч Х.гийн [9] “...2 дугаар сарын 28-ны өдөр утсаар ярихад бие өвдөөд эмнэлэг дээр явж байна гэж хэлсэн. Үдээс хойш эмчийн магадлагааг жолооч нь авч ирж өгсөн. Ажил тарах үеэр орой ажил дээр ирээд надаас эмчийн магадлагаа авч засаг даргатай уулзсан. Өрөөндөө сууж байгаад 22.00 өнгөрч байхад ажлаас гарсан...”  гэх мэдүүлэг гэрч эмч П.агийн[10] “....2 дугаар сарын 28-ны өдөр ханиалгах, халуурах зовуурьтай ирж үзүүлсэн. Томуугийн вирусийн халдвартай байсан тул 3 өдрийн акт олгосон...” гэх мэдүүлэг болон eHealth программд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь 2 дугаар сарын 28-ны өдөр 09.58 цагт эмчид үзүүлж, эмчийн магадлагаа авсан болох нь тогтоогдож байна.

13.1.9. Ажлын өдөр тасалсан гэх хугацаа нь ажлын 8 цагаар тооцогдох ба 8 цагаас тодорхой хугацаанд ажиллаагүй талууд маргаагүй харин ажлын 3 өдөр тасалсан гэж маргасан   бөгөөд нэхэмжлэгч нь 2 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа ирж ажиллаж байсан, 28-ны өдөр эмчийн магадлагаатай байсан атлаа  Засаг даргатай орж  уулзсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул 3 өдөр ажлаа тасалсанд тооцох үндэслэлгүй.

13.1.10. Хэрэв 2 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийг эмчийн магадлагаатай байсныг мэдэхгүйгээр нэхэмжлэгчийг ажил тасалсанд тооцсон гэж үзвэл тухайн өдрийг өнгөрсний дараах өдрөөр сахилгын шийтгэл ногдуулах байтал мөн өдөр захирамж гаргасан нь “ажлын 3 өдөр  тасалсан” гэх нөхцөл хангагдахгүй болохыг дурдах нь зүйтэй.

13.2. Архидан согтуурсан гэх зөрчлийн тухайд:

13.2.1. Нэхэмжлэгчийг ажлын өдөр буюу 2 дугаар сарын 27-ны өдөр архидан согтуурсан байсан болохыг цагдаагийн байгууллага тогтоосон гэжээ.

13.2.2. Нэхэмжлэгч нь 2 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан *******, тухайн үед Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* нартай зочид буудлын өрөөнд хамт байсан, согтууруулах ундаа хэрэглээгүй талаар тайлбарласан, гэрч ******* мэдүүлэхдээ[11]“... ******* дарга 2 дугаар сарын 27-ны өглөө зочид буудалд дуудсан. Тэнд ******* даргатай тендерийн гэрээ хийх асуудлаар уулзсан. Нямдэлгэр цагдаа өрөөнд орж ирээд ******* даргыг үлээлгээд согтолтын зэрэг байхгүй гэж хэлсэн. ******* дарга архи уугаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга А.Нямдэлгэрийн энгэрийн камерын бичлэг болон мэдүүлэгт[12]”... Согтуурлыг шалгахдаа энгэрийн камерыг ажиллуулж, бичлэг хийж эхэлснийг мэдэгдсэн. ******* дарга согтуурлаа шалгуулахыг зөвшөөрсөн. Согтуурлыг шалгахад 0.13 проммиль гарсныг баталгаажуулж тэмдэглэл үйлдэн *******гээр гарын үсэг зуруулсан..” гэх мэдүүлэг болон 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 20 минутад согтолтыг тодорхойлсон тэмдэглэлд[13] “...Шалгагч багажаар шалгахад иргэн *******гийн согтолт 0.13. хувьтай ...... зэрэгт хамаарах болохыг тодорхойлов.” гэж, 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Ховд аймгийн Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын танилцуулгын Арван долоо. Бусад ажлын талаарх мэдээллийн 10-д “... 2 хоног ажилдаа ирэхгүй, сураггүй байна гэх мэдээллийн дагуу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга цагдаагийн хошууч А.Нямдэлгэр иргэн *******г олж хариу мэдэгдсэн...”гэж тэмдэглэгдсэн зэргээс тус тус үзвэл нэхэмжлэгчийг архидан согтуурсан гэж тогтоосон зүйл байхгүй байна.

13.2.3. Согтуурлын зэрэгт хамаарах хувийг тогтоохдоо Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дүгээр тушаалаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам"-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 проммиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 проммиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэснийг баримтлах ба нэхэмжлэгчийн согтолтыг драгер багаж үлээлгэж шалгасан тэмдэглэлд тусгаснаар согтуурлын зэрэг гараагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй буюу согтуурсан байдал тогтоогдоогүй байна.   

13.2.4. Иймд нэхэмжлэгчийг “ажлын өдөр архидан согтуурсан нь тогтоогдсон“ гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь бодит байдалд нийцээгүй үндэслэл бүхий болж чадаагүй байна.   

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.13, 37.1.16-д заасан үүргээ биелүүлээгүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.2.8-д заасан үүрэг, хэм хэмжээ, хориглолтыг зөрчсөн...” гэж дурдсан ч  холбогдох баримтыг гаргаж мэтгэлцээгүй зөвхөн  маргаан бүхий актад дурдсан ажил тасалсан, архилан согтуурсан гэх 2 зөрчилд хамаатуулж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

15. Шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээний явцад хариуцагч талаас нэхэмжлэгчийг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын хуралд оролцоогүй, ажилдаа ирээгүйтэй холбоотойгоор зарим шийдвэрүүд хүлээгдсэн зэргээр албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж буруутгасан. Гэвч тухайн өдөр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан, маргаан бүхий актад энэ талаар тусгагдаагүй тул маргаан бүхий актад хамааралгүй гэж үзэж дүгнэлт хийхээс татгалзав.

16. Захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2-т” Энэ хуулийн 24.1-т заасан  заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж  заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй. 

17. Хариуцагч нь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна.” гэж заасныг хэрэгжүүлээгүй, мөн журмын 3.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал, 6.1-д заасан  ажлаас халах шийтгэлийг ногдуулах үндэслэл болох “сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинэ байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэл” байгаа эсэхийг тогтоогоогүй байх тул маргаан бүхий акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

18. Сонсох ажиллагааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж зааснаар сонсох ажиллагаа явуулах нь шийдвэр гаргахдаа боломжит хувилбаруудаас сонгох боломжоо хэрэглэх ач холбогдолтой юм .         

 19. Гэтэл хариуцагчаас 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр буюу маргаан бүхий акт гаргасан өдрөө сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл гаргаж, нэхэмжлэгчийг дуудаж уулзаж сахилгын шийтгэл ногдуулах болсноо мэдэгдсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн гэж дүгнэлээ. 

20. Дүгнэвэл Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар “*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”4.2.5- д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул  хүчингүй болгож, *******г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож  шийдвэрлэв.

21. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэнтэй холбогдуулан  Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т ”Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчид маргаан бүхий акт гарахаас өмнө 2 дугаар сарын цалин хөлсийг бүрэн олгосон байх тул ажилгүй байсан  хугацааг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцож цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.2, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар “*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, *******г Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын тамгын газар/-т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар/-аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 170-171 дахь тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 206 дахь тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 214-215 дахь тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 182-183 дахь тал

[8] 2 дахь хавтаст хэргийн 37-38 дахь тал

[9] 1 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал

[10] 1 дэх хавтаст хэргийн 137-138 дахь тал

[11] 1 дэх хавтаст хэргийн 236-237 дахь тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 196-197 дахь тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал