Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2024/00863

 

 

 

 

 

 

  2024       11        07                                           151/ШШ2024/00863

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах “М констракшн” ХХК,

Хариуцагч: байрлах “М” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 68.588.346 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М констракшн” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 68.588.346 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “М констракшн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Манай “М констракшн” ХХК нь хэрэгжүүлж буй “М” төслийн хүрээнд гүйцэтгэгч байгууллагаар “М” ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр МС-22/224 дугаартай “Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж ажилласан. Гүйцэтгэгч байгууллага нь ажил эхлүүлэх урьдчилгаа төлбөр болгон 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 9.000.000 төгрөгийг шаардсаны дагуу манай байгууллагаас урьдчилгааг олгосон. Харин гүйцэтгэгч байгууллага болох “М” ХХК нь гэрээгээр тохирсон ажил үүргийг гэрээний дагуу гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөлгүй ажлыг орхин явж гэрээний үүргээ зөрчиж, ажлаа дуусгавар болгоогүй.

2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Авлага нэхэмжлэх тухай” №23/78 тоот албан бичиг хүргүүлсэн ч төлбөрийг төлж барагдуулаагүйгээс гадна хариу ирүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр МС-22/224 дугаартай гэрээний 9.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч байгууллагын гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги тооцож нийт үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй дүнгээр тооцож шаардаж байна. Учир нь гүйцэтгэгч тал 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ямар нэгэн ажил гүйцэтгээгүй ч одоог хүртэл буюу 2024 оны 09 дүгээр сар хүртэл 2 жил гаран хугацаанд манай төлбөрийг буцаан төлж, хохиролыг барагдуулаагүй.

Тиймээс гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 9.000.000 төгрөг дээр гэрээний дагуу алданги 59.588.346 төгрөгийг нэмж тооцон нийт 68.588.346 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч “М констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нь шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа:

“М констракшн” ХХК нь “М” ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр МС-22/224 дугаартай 119.176.693 төгрөгийн дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу гүйцэтгэгч компани нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 9.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр авсан. Гэсэн хэдий ч “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж захиалагчид ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлыг орхин явж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул захиалагч компани 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу 8 сарын дараа 23/78 дугаартай авлага нэхэмжлэх тухай албан бичгийг “М” ХХК-руу хүргүүлсэн. Гэсэн хэдий ч “М” ХХК нь ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд төлбөрийг барагдуулаагүй эс үйлдэхүй гаргасан. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн МС-22/224 дугаартай гэрээний 9.1-д “...гүйцэтгэгч байгууллагын гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги тооцно. Алданги нь нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна...” гэж зааснаар манайх 59.588.346 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн 9.000.000 төгрөг дээрээ нэмж нэхэмжилж байгаа. Иймд “М” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага 68.588.346 төгрөгийг гаргуулж, “М констракшн” ХХК-д олгож өгнө үү” гэв.

3. Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа:

“2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үйлчилгээний 2 давхрыг засахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 11.000.000 төгрөгийг манай компанийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед би “М констракшн” ХХК-ийн “М” гэх төсөл дээр нь давхар ажиллаж байсан. Тухайн үед санхүү болон материал дутмаг байсан тул ажил удааширсан. Би хүний компанийн нэрээр өөр дээрээ итгэмжлэл авчихсан ажиллаж байсан. Энэ итгэмжлэл нь би жилийн хугацаанд “Даваа мөнх өргөө” ХХК-ийг ашиглах, захирах эрхтэй байхаар тохирсон байсан. “М” төсөл тухайн үедээ маш царцанги байдалтай байсан ба маш олон залуу компаниуд хүнд байдалтай болж гарч байсан. Миний хувьд хүн ихтэй, ажил бүтэмжтэй байсан тул 4-10 давхрын бүх гипсэн ханыг зөөж, янзалж өгч байсан. Захиалагчаас үйлчилгээний давхрыг яаралтай янзлах хэрэгтэй байна гэхээр нь би “...Тэгвэл би өөрийнхөө нэр дээрх үндсэн компанийн нэр дээр авна...” гэж хэлээд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа манай компанид 10 хувийн урьдчилгаа өгсөн. Ажил эхлээгүй 21 хоносон. Үүнийг “М констракшн” ХХК-ийн төслийн менежер Н.Гантулга, заслын инженер Н.Норовсүрэн гэх хүмүүс гэрчилнэ. Ажил эхлээгүй шалтгаан нь сангийн шугам, сүлжээ, цахилгаан зэргээс хамаарсан байх, тухайн үед 8-10 хүнийг 7 хоногийн турш ямар ч ажилгүй хүлээлгэсэн. Таазны фанер хуулах, хог шороо цэвэрлэх зэрэг ойр зуурын ажил л хийсэн. Тухайн үед 2 хүн 50.000 төгрөгөөр, 2 хүн 80.000 төгрөгөөр ажиллуулсан. Ингээд ажил эхлэхгүй байсан бөгөөд захиалагч талаас “...наад хүмүүсээ  дээд давхар руу оруулаад, дээд давхраа хурдан гаргаад өгөөч” гээд дээд давхрын ажлыг дуусгасан. Наадмын өмнө 80 хэдэн сая төгрөгийн гүйцэтгэл бичиж өгсөн. Гэтэл санхүүжилт хэцүү байгаа тул бага дүнгээр гүйцэтгэл бичиж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би 40 хэдэн сая төгрөгийн гүйцэтгэл бичиж өгсөн ба манай данс руу 15.000.000 төгрөг л орсон. Наадмын дараа ажил эхлэх ёстой байсан ба манай эхэлдгээрээ ажлаа эхэлсэн. Манай данс руу 8.000.000 төгрөг л хийсэн. Үлдэгдэл мөнгөө яах вэ? Манай компани маш их алдагдалтай ажиллаж байна ажиллахаа больё гэсэн. Манай компанийн дансаар 11 сая сайн санахгүй байна. Ямар ч байсан гэрээний нийт дүнгийн 10 хувиар урьдчилгаа орсон. Тэрийг төлнө. Манай компанийг хариу тайлбар өгөөгүй гэж тайлбарлаж байна. Манай байгууллага руу “М констракшн” ХХК-аас майл ирүүлсэн ба тухайн өдрөө тус  компанийн санхүүгийн албанаас над руу холбогдсон. Тэгэхээр нь би “...маш алдагдалтай ажилласан тул танайхтай ажиллахгүй. Танай буруутай үйлдлээс болоод би маш их өр зээлд орсон. Энэ өрөө барагдуулчхаад танай урьдчилгаанд өгсөн мөнгийг өгнө...” гэсэн” гэв.

4. Нэхэмжлэгчээс “М констракшн” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-4), “М констракшн” ХХК-ийн дүрэм (хх-5-10), 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №МС-22/224 дүгээр “Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар (хх-11-14), Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны нөхцөлийг ханган ажиллахад талуудын хоорондын хүлээх үүрэг хариуцлагын гэрээний хуулбар (хх-15-18), Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, “М” 101 дүгээр блокийн үйлчилгээний төвийн дотор заслын ажлын үнийн саналын хуулбар (хх-18-19), Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, “М” төслийн 101 дүгээр блокийн үйлчилгээний төвийн дотор заслын ажлын санхүүжилтийн хуваарийн хуулбар (хх-19-20), “М констракшн” ХХК-ийн ажил хариуцах зураглалын хуулбар (хх-20-21), “М” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар (хх-21), “М констракшн” ХХК-аас “М” ХХК-д 9.000.000  төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар (хх-22), “М констракшн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23/78 дугаар “Авлага нэхэмжлэх тухай” албан бичиг (хх-23), “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-24), 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0794 дүгээр итгэмжлэл (хх-25), “М констракшн” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24/1594 дүгээр итгэмжлэл (хх-26-27), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5. Хариуцагчаас “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-30), Г.Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-31), “М” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-35), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

   1. Шүүх “М констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 68.588.346 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “М констракшн” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Манай “М констракшн” ХХК нь хэрэгжүүлж буй “М” төслийн хүрээнд гүйцэтгэгч байгууллагаар “М” ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр МС-22/224 дугаартай “Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж ажилласан. Гүйцэтгэгч байгууллага нь ажил эхлүүлэх урьдчилгаа төлбөр болгон 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 9.000.000 төгрөгийг шаардсаны дагуу манай байгууллагаас урьдчилгааг олгосон. Харин гүйцэтгэгч байгууллага болох “М” ХХК нь гэрээгээр тохирсон ажил үүргийг гэрээний дагуу гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөлгүй ажлыг орхин явж гэрээний үүргээ зөрчиж, ажлаа дуусгавар болгоогүй.

“...Талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр МС-22/224 дугаартай гэрээний 9.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч байгууллагын гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги тооцож нийт үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй дүнгээр тооцож 59.588.346 төгрөгийг шаардаж байна...” “... гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 9.000.000 төгрөг дээр гэрээний дагуу алданги 59.588.346 төгрөгийг нэмж тооцон нийт 68.588.346 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв. 

  3. Хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

  “М” ХХК нь “М констракшн” ХХК-тай Хан-Уул дүүргийн яармаг дахь “М” төсөл дээр үйлчилгээний хоёр давхрын дотор заслын ажил гүйцэтгэхээр гэрээний урьдчилгаа 9.000.000 төгрөг авсан. Тухайн үед дотор заслын болон шугам сүлжээ цахилгааны зураг бэлэн болоогүй гэх шалтгаанаар ажил эхлээгүй 3 долоо хоног буюу 21 хоног болсон. Тэр хугацаанд барилгын талбайд багаж хэрэгсэл хүн хүч бэлэн байсан. Тухай үед барилгын 10-14 давхрын заслын ажил хийж байсан. Дээд давхрын ажлын материал болон санхүүжилт хүлээлттэй байсан учир талбайн менежер болон менежерүүдтэй ярилцаж 10 болон 11 давхрын ажлыг бүх хүн хүчээ нэгтгэж дуусгасан. “...Урьдчилгаа болох 9.000.000 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрч байна. Харин нэхэмжилсэн алданги болох 59.588.346 төгрөгийг төлөх үндэслэлгүй...” гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

“М констракшн” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-4), “М констракшн” ХХК-ийн дүрэм (хх-5-10), 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №МС-22/224 дүгээр “Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар (хх-11-14), Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны нөхцөлийг ханган ажиллахад талуудын хоорондын хүлээх үүрэг хариуцлагын гэрээний хуулбар (хх-15-18), Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, “М” 101 дүгээр блокийн үйлчилгээний төвийн дотор заслын ажлын үнийн саналын хуулбар (хх-18-19), Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, “М” төслийн 101 дүгээр блокын үйлчилгээний төвийн дотор заслын ажлын санхүүжилтийн хуваарийн хуулбар (хх-19-20), “М констракшн” ХХК-ийн ажил хариуцах зураглалын хуулбар (хх-20-21), “М” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар (хх-21), “М констракшн” ХХК-аас “М” ХХК-д 9.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар (хх-22), “М констракшн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23/78 дугаар “Авлага нэхэмжлэх тухай” албан бичиг (хх-23), “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-24), 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0794 дүгээр итгэмжлэл (хх-25), “М констракшн” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24/1594 дүгээр итгэмжлэл (хх-26-27), “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-30), Г.Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-31), “М” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-35), зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

  6.1..Нэхэмжлэгч “М констракшн” ХХК-ийн захирлаар Г.Батбаярыг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ байх ба хуулийн этгээдийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Г.Батбаяр байна.

   “М констракшн” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24/1594 дүгээр албан бичгээр захирал Г.Батбаяраас тус компанийн ахлах хуульч Б.Энхжин, А.М нарт итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгосон байна.

  6.2..Хариуцагч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Мг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ байх ба хуулийн этгээдийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Г.М болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   7. Нэхэмжлэгч “М констракшн” ХХК болон хариуцагч “М” ХХК нар нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр №МС-22/224 дүгээр “Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна.

7.1. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар гэрээг чөлөөтэй сайн дурын үндсэн дээр байгуулсан энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй байна.

7.2..Энэхүү гэрээнд “М” ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” төслийн 101 дүгээр блокийн үйлчилгээний төвийн дотор заслын ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, гэрээний хавсралтуудад заасан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх, тухай ажлын хөлсөнд 119.176.693 төгрөгийг “М констракшн” ХХК төлөх үүргийг тус тус хүлээж, талууд харилцан тохиролцжээ.

7.3. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №МС-22/224 дүгээр “Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн хуулийн зохицуулалт, шаардлагад нийцсэн байна.

8. Дээрх гэрээний дагуу нь захиалагч “М констракшн” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “М” ХХК-ийн 3665119473 дугаартай дансанд урьдчилгаа 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-ийн 22 дугаар хуудас/,

Энэхүү мөнгө шилжүүлсэн үйл баримт болон нийт 9.000.000 төгрөг хүлээн авсан үйл явдалд хариуцагч болон нэхэмжлэгч нар маргаагүй бөгөөд хариуцагч тал энэхүү урьдчилгаанд авсан гэх 9.000.000 төгрөгийг төлнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн болно. Зохигчийн хооронд алданги төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна. /хх-ийн 22 дугаар хуудас/,

9. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №МС-22/224 дүгээр “Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар “М констракшн” ХХК нь ажил гүйцэтгэгч “М” ХХК-д 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 23/78 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон бөгөөд энэхүү гэрээний хугацааг сунгасан зүйл байхгүй тухайн хугацаагаараа дуусгавар болсон байна. /хх-ийн 14, 23 дугаар хуудас/,

10. “М” ХХК нь шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа захиалагчийн буруугаас шалтгаалж ажил гүйцэтгэж чадаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

11. Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч нь ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэгтэйгээс гадна гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг ажил гүйцэтгэгч захиалагчид хүлээлгэн өгснөөр түүний хөлс авах эрх нээгдэнэ.

12. Гэвч талуудын хооронд байгуулсан тусгайлсан гэрээний 2.2-т тусгай нөхцөлийг зааж өгсөн байх бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй талаар талууд маргаагүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биежсэн буюу материалжсан хэлбэртэй үр дүн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ нь аливаа эд зүйлийг шинээр үйлдвэрлэн нийлүүлэх, эсхүл эд зүйлийг өөрчлөн, өөр шинж чанар бүхий эд зүйл бий болгоход чиглэгдсэн байдаг онцлогтой. Ажлын үр дүн гэдэг нь тодорхой ажил, үйлчилгээ явуулсны эцэст бий болох үр дүн гэж ойлгоно.

13. Хэдийгээр хариуцагч “М” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.М нь захиалагч тал бараа материалаа өөрсдөө ханган нийлүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тухайн ажил хийгдээгүй өөр ажил хийгдэж байгаад бид энэ ажлыг хийх боломжгүй гээд 2022 оны 08 дугаар сарын сүүлээр ажлаа хийлгүйгээр хэлээд гарсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

14. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээ цуцлах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлсэн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна. 

15. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар талууд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №МС-22/224 дүгээр “Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр хийж, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т алданги тооцохоор харилцан тохиролцсон нь хуулийн дээрх заалтад нийцжээ. 

16. Өөрөөр хэлбэл захиалагч тал урьдчилгаанд өгсөн 9.000.000 төгрөг нь гэрээний нийт төлбөр болох 119.176.693 төгрөгт багтаж түүнээс урьдчилгаа болгон шилжүүлсэн тул “М” ХХК-аас гүйцэтгээгүй үнийн дүн 9.000.000 төгрөгөөс алдангид өдөрт 0,5 хувиар 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс тооцвол өдөрт 45.000 төгрөг байна. /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Иймд Иргэний хуулийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар урьдчилгаа 9.000.000 төгрөгийн 50 хувь болох алданги 4.500.000 төгрөг, нийт 13.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55.088.346 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502.092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 225.450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч “М констракшн” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч “М” ХХК-аас 13.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М констракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55.088.346 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502.092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 225.450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч “М констракшн” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ТҮВШИНЖАРГАЛ