| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00467/И |
| Дугаар | 133/ШШ2024/00468 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 133/ШШ2024/00468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багийн 0 тоотод оршин суух, *** овгийн ***-ийн **-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багийн 0 тоотод оршин суух, ***ын овгийн ***-ийн ***-ид холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *** оролцож, иргэдийн төлөөлөгч *** дүгнэлт гаргаж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэжээ.
Шүүх хуралдааны тов мэдсэн хариуцагч *** нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч *** нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Зам тээврийн улмаас *** улсын дугаартай, Toyoyta Prius 20 маркийн автомашинд учирсан хохирол 2,800,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: *** миний бие 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9 дүгээр гудамжнаас доошоо чиглэлд явж байтал *** ийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр *** нь “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, *** надад 6,384,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.
*** нь хохирлоо нөхөн төлөөгүй. Үнэлгээгээр тогтоогдсон 6,800,000 төгрөгийг бүхэл дүнгээр нь нэхэмжлэхгүй. Даатгалаас нөхөн төлбөр авсан учраас 2,800,000 төгрөгийг нэхэмжилж байна.
3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн нотлох баримт: “Зөрчлийн 2216000199 дугаартай хэргийн материал”
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
5. Татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
6. Татгалзлын үндэслэл: *** миний бие 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 10 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн *** тоот хашаа орчимд автомашинтай шулуун замаар зорчиж явсан.
Тэр үед уулзвараас маш хурдтайгаар зүүн эргэх чиглэлтэй урсгал сөрсөн байдалтай цэнхэр өнгийн Prius 20 маркийн автомашин гарч ирсэн. Би зам чөлөөлж, бага зэрэг зүүн дарсан боловч урдаас ирж мөргөсөн. Тухайн үед би түр хугацаагаар ухаан балартан тархи, зөөлөн эдийн гэмтэл оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.
*** нь зүүн эргэж, урсгал сөрсөн байдалтай маш хурдтайгаар гарч ирж, *** миний урдаас мөргөсөн. Баталгаа нь миний автомашины урд гупер дээр тухайн автомашины улсын дугаар нь цохигдон хээ, ором нь гарсан. Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10, 12.5 хэсгийг зөрчсөн байтал шинжээчийн дүгнэлтээр намайг буруутай гэж үзсэн.
*** миний бие жолоочийн хариуцлагын даатгалтай байсан тул 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр даатгалын компаниас 5,000,000 төгрөгийг *** т төлсөн.
Тухайн үед мөрдөгч нь “бүх хохирол даатгалаас төлөгдөнө, та даатгалын материалаа бүрдүүлээд өгчих гэж миний 100 хувь буруу гэсэн гарын үсэг зуруулсан.
7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэг гарган өгсөн нотлох баримт: Гэрэл зураг, “Номин даатгал” ХХК-иас төлбөр шилжүүлсэн мэдэгдэл, дансын хуулга
8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
9. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: *** ийн нэхэмжилсэн 2,800,000 төгрөгийг хариуцагч *** нь төлөх нь зүйтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэл, хариу тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** ид холбогдуулан “Зам тээврийн осол гаргаж, эд хөрөнгөд хохирол учруулсан” гэх үндэслэлээр автомашины эвдрэлийн үнэ 6,384,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч *** нь “Замын хөдөлгөөний дүрмийг нэхэмжлэгч зөрчиж, зам тээврийн осол гаргасан, албан журмын даатгалаар хохирол нөхөн төлөгдсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *** нь хариуцагч *** ид холбогдох зам тээврийн улмаас *** улсын дугаартай, Toyoyta Prius 20 маркийн автомашинд учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүнг 2,800,000 төгрөг болгон багасгасан болно.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх дурдсан тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эд хөрөнгөд халдсан гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/, учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоогоор тодорхойлогдох юм.
3. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Гэндэнсүрэн/цаашид эрх бүхий албан тушаалтан гэх/-гийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тогтоол/хавтаст хэргийн 16 хуудас/-оор “2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн хороолол дундах шороон замд *** улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл нь *** улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн” үйл баримтад *** дугаартай зөрчлийн хэрэг нээжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр *** улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч *** нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 10.10 дахь хэсэгт “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас жолооч *** ийн жолоодон явсан *** улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогджээ./Хавтаст хэргийн 88 хуудас/
Холбогдогч *** ид эрх бүхий албан тушаалтны 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 0026031 дүгээр шийтгэлийн хуудас/хавтаст хэргийн 133 хуудас/-аар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй” гэсэн үндэслэлээр 100 нэгжээр торгох шийтгэл ногдуулжээ.
Улмаар эрх бүхий албан тушаалтан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор холбогдогч *** ид холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгавар болгож, хэргийн материалыг Говь-Алтай аймгийн прокурорын газарт хүргүүлжээ/Хавтаст хэргийн 137-138 хуудас/.
Зөрчилд шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрт холбогдогч гомдол гаргаагүй, прокуророос дүгнэлт бичээгүй тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иймд хариуцагч *** нь нэхэмжлэгч *** ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Уг гэм хорын хохирлыг нэхэмжлэгч *** нь хариуцагч *** оос шаардах эрхтэй.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.
Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг аргаар арилгана. Эд хөрөнгөд учирсан хохирлын мөнгөн дүн нь гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн мөнгөн дүнгээр тодорхойлогдоно.
Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч *** ийн өмчлөлийн *** улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнийн дүнг “Ашид билгүүн” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 890 дүгээр “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”/хавтаст хэргийн 73-74 хуудас/-гаар 6,384,000 төгрөг/шууд зардал 6,004,000 төгрөг, шууд бус зардал 380,000 төгрөг/-өөр тогтоожээ.
5. Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээ буюу даатгалын тохиолдол бүрд 1 удаа олгох нөхөн төлбөр нь дараах хэмжээтэй байна”, уг хэсгийн 9.1.1 дэх заалтад “энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл”,
Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасан даатгуулагч нь дараах даатгалын суурь хураамжийг төлнө”, уг хэсгийн 10.1.2 дахь заалтад "B" ангиллын тээврийн хэрэгсэлд 33,000 төгрөг гэжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд "B" ангиллын тээврийн хэрэгслийн тухайд жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээ буюу олгох нөхөн төлбөр нь 5,000,000 төгрөг хүртэл дүнтэй байна.
“Номин даатгал” ХХК-иас хариуцагч *** ийн жолоочийн даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч *** т бэлэн бусаар төлсөн нь зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар маргаагүй.
6. “Ашид билгүүн” ХХК-ийн *** улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнийн дүн 6,384,000 төгрөгөөс “Номин даатгал” ХХК-ийн даатгалын нөхөн төлбөрт олгосон 5,000,000 төгрөгийг хасна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *** оос зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,384,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,416,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагч *** нь даатгалын нөхөн төлбөрт олгогдсон мөнгөн дүнгээс илүү гарсан хэсгээр тооцон нэхэмжлэгч *** т учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Энэхүү үндэслэлээр “*** ийн нэхэмжилсэн 2,800,000 төгрөгийг хариуцагч *** нь төлөх нь зүйтэй” гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болохыг тэмдэглэв.
7. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт дурдсан гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул “Зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч буруутай” гэх агуулга хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.
Учир нь эрх бүхий албан тушаалтнаас явуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны дүнгээр нэхэмжлэгч *** нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гарсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэжээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *** ээс хариуцагч *** ид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37,094 төгрөгийг хариуцагч *** оос гаргуулан нэхэмжлэгч *** т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *** оос зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,384,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,416,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** ээс хариуцагч *** ид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** оос улсын тэмдэгтийн хураамжид 37,094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ