Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01706

 

Ч.О-ы нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01849 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Ч.О-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.А-д холбогдох

Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлмаа, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О- нь Ж.А-гийн нөхөр Ч.Мөнх-Өлзийгийн төрсөн эгч. Ч.О- нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-07 тоотод 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг авсан. Төрсөн дүү Ч.Мөнх-Өлзий нь Ж.А- гэх эмэгтэйтэй танилцаж, улмаар 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба тэдний дундаас хүү М.Чингүүн, хүү М.Билгүүн нар төрсөн байдаг. Тэд хамтран амьдрах хугацаандаа түрээсийн байраар амьдарч ирсэн. Ч.О- нь Орхон аймагт оршин суудаг, Улаанбаатар хотод амьдрах шаардлагагүй байсан тул өөрийн төрсөн дүү Ч.Мөнх-Өлзийг байр түрээсэлж, цалингаа түрээсийн байранд өгч байхаар өөрийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-07 тоотод 18 м.кв талбайтай орон сууцанд эхнэр хүүхдүүдийн хамт амьдруулсан. Гэтэл нэг өдөр дүү Ч.Мөнх-Өлзий нь “хүүхдүүд маань цэцэрлэг, сургуульд хамрагдах гэхээр өөрийн гэсэн байнгын оршин суух хаяг шаардлагатай байдаг юм байна, мөн өөрийн гэсэн байнга оршин суух хаяг, байхгүй тул хүүхдүүд маань цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, хүүхдүүдийг харж хандах хүн байхгүй хэцүү юм” гэж амьдралынхаа зовлонг тоочиж, “та байрныхаа хамтран өмчлөгчөөр эхнэр Ж.А-г нэмж бүртгүүлээд өгөөч, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд хамруулмаар байна” гэхээр нь би элдэв юм бодолгүй хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг зөвшөөрч хамтран өмчлөгчөөр бэр Ж.А-г нэмж бүртгүүлсэн. Гэтэл 2019 онд дүү Ч.Мөнх-Өлзийгийн бие өвдөж тархинд цус харваж, эмнэлэгт хэвтэж, тархины 2 удаагийн хагалгаанд орж эмчлүүлэхэд эхнэр Ж.А- нь нөхрөө асраагүй. Удалгүй 2020 онд дүү Ч.Мөнх-Өлзий надад утсаар “эхнэр надаас салахаар шүүхэд хандсан, мөн таны байрнаас оногдох хэсгийг авна гэж маргаж байгаа” гэж хэлсэн. Ж.А-г эцэст нь ийм санаа бодол гаргана гэж бодоогүй ба дүү Ч.Мөнх-Өлзий болон түүний хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулах зорилгоор бэр Ж.А-г өөрийн өмчлөлийн орон сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байхад дундын өмч гэж маргаж байгааг ойлгохгүй байна. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-07 тоотод 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Ч.О- өөрийн хөрөнгөөр худалдан авсан ба худалдан авахад бэр Ж.А-, дүү Ч.Мөнх-Өлзий нарын нэг ч төгрөг ороогүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Мөнх-Өлзийтэй 2012 оноос хамтран амьдарч, 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, бидний дундаас М.Чингүүн, М.Билгүүн нар төрсөн. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-07 тоотод 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Ч.Мөнх-Өлзийгийн эгч Ч.О-тай ярилцаж байраа эгчийнхээ нэр дээр авсан. Ч.Мөнх-Өлзий алтны ажил хийгээд энэ байрыг худалдаж авсан. Эцэг нь хүүхдүүдээ гудамжинд гаргах гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Ж.А-тай 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Ч.О-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.О- нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-07 тоотод 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өөрийн хөрөнгө болох 18.000.000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Бэр Ж.А- нь “ хүүхдүүдээ цэцэрлэгт оруулмаар байна гэтэл өөрийн байргүй болохоор цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна” гэх зэрэг шалтаг тоочиж нөхөр Ч.Мөнх-Өлзийг ятгаж Ч.О-ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэн эцэс сүүлдээ уг үл хөдлөх эд хөрөнгөөс зохих хувийг авах санаатай шүүхэд хандсан байна. Ч.О-г анх үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж авахад дүү Ч.Мөнх-Өлзий, бэр Ж.А- нар нь ямар ч хөрөнгө оруулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй шүүх хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан баримтыг үнэлж, дүгнэлт хийж чадаагүй өөрийн хөрөнгөөр авсан эд хөрөнгөө бусдад алдахад хүрэх нөхцөл үүсч байгааг анхаарч үзээгүй нэхэмжлэгчийг хохироож шийдвэр гаргасан. Иймд шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.О- нь хариуцагч Ж.А-д холбогдуулж 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох  нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тодорхойлж “...дүү Ч.Мөнх-Өлзий болон түүний хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулах зорилгоор Ж.А-г орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн...” гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.О-, хариуцагч ЖАззаяа нарыг эрхийн улсын Ү-2205004965 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэж, уг бүртгэлийн дагуу 000571561 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тэдэнд олгогдсон ба Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосон өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байна. /хх-ийн 13-15/

 

Зохигчдын хооронд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хамтран өмчлөгч нэмэх хэлцэл хийгдэж,  уг хэлцлээр хариуцагч Ж.А-г Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай нэг өрөө орон сууцыг захиран зарцуулахад гэр бүлийн гишүүдийн адил эрх эдэлж үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон, талууд харилцан гарын үсэг зурж, хэлцлийн хэлбэрийн шаардлага хангасан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “...Ч.Мөнх-Өлзийгийн хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд бүртгүүлэх...” гэсэн үндэслэл нь хэргийн бусад баримтаар хэлцлийн агуулгыг үгүйсгээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолж чадаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Мөнх-Өлзий нь нэхэмжлэгчийн төрсөн дүү,  хариуцагчийн нөхөр байх бөгөөд гэр бүлийн маргаатай байгаа тохиолдолд түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Дээрхи үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч Ж.А-тай 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Ч.О-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Харин шүүх хариуцагч талын хүсэлтээр үзлэг хийж тэмдэглэл үйлдэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй боловч энэ ажиллагаанд зохигчид гомдол гаргаагүй, шүүх уг үзлэгийн тэмдэглэлийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй, нэхэмжлэгч дээрх байдлаар шаардлага, үндэслэлээ нотлоогүй тохиолдолд уг алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01849 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                        ШҮҮГЧИД                                        Д.НЯМБАЗАР

                                                                                                Н.БАТЗОРИГ