Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
Хэргийн индекс | 114/2024/0012/З |
Дугаар | 114/ШШ2024/0019 |
Огноо | 2024-07-08 |
Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 114/ШШ2024/0019
Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг
хүлээн авахаас татгалзах тухай
Хэргийн индекс: 114/2024/0012/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Би Эс Майнинг” ХХК,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар хуралдааны тогтоолын Дархан-Уул аймгийн Хонгор сум болон Шарын гол сумын заагт орших Шаазгайт нэртэй 427 га газрыг “Аймаг дундын отрын бэлчээр”-ийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: “Би Эс Майнинг” ХХК-ийн захирал Г.Мөнхболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... манай "Би Эс Майнинг” ХХК нь Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр "Моручи” ХХК-аас дээрх 235.65 га ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрын эзэмших эрх, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан. Дээрх нөхцөл байдлаас авч үзвэл Засгийн газраас тухайн 500.55 га газраас 56.95 га газрыг үлдээн үлдэх газрыг ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг болгон тогтоосон ч тухайн тогтоолоо хүчингүй болгосон. Эндээс үзэхэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Шаазгайт нэртэй 427 га газрыг “Аймаг дундын отрын бэлчээр”-ийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргахдаа Засгийн газрын тогтоолоор манай эзэмшилд байсан газрын хэмжээг багасгасны үндсэн дээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх нээгдсэн гэж үзэхээр. Ийнхүү Засгийн газраас нэгэнт өөрийн гаргасан тогтоолыг хүчингүй болгон хилийн заагийн хэмжээг буцаан өөрчлөн тогтоож байгаа тул Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн адил Засгийн газрын шийдвэрийг харгалзан үзэж тогтоолдоо өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох нь зүй ёсны хэрэг юм.
Түүнчлэн Засгийн газраас 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Отрын бэлчээрийн ашиглалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай" 187 дугаар тогтоолыг Гагалсан бөгөөд тогтоолын 2 дугаар хавсралтаар "Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-ыг баталсан. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмын 8-т “Захиргаа нь мал бүхий айл өрхийг харьяалах сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн отрын бэлчээрт мал өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулна”, 9-д “Захиргаа нь отрын бүс нутгийг хашаалж хамгаалах, хашаа саравч, тэжээлийн агуулах барих, сэргээн засварлах зэрэг ажлыг зохион байгуулах, тэдгээрийг бүртгэлд авч оторчдод актаар хүлээлгэн өгч ашиглуулах, бүрэн бүтэн байдлыг нь хадгалан буцаан авах зэрэг үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлнэ ” гэж тус тус заасан байдаг.
Гэвч дээрх Шаазгайт гэх газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаас хойш ямар ч мал бүхий айл өрхийг өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулаагүй мөн тухайн газрыг хамгаалж хашаалаагүй байгаа нь Засгийн газраас баталсан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмыг зөрчиж байгаа юм. Мөн тухайн газар нь отор хийх боломжгүй уулын орой газар байх бөгөөд ийнхүү тухайн газарт отрын зориулалтаар ашиглах үйл ажиллагааг хангаж ажиллахгүй байгаа нь анхнаасаа аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шаардлагагүй байсан бөгөөд тухайн захиргааны акт нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүйг илтгэж байна.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2,-т “Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.17, 16.1.7, 16.1.11, 16.1.16-0 заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно” гэж заасан. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална гээд 12.1.4.-т нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх” мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-Т “Нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 20.1-д заасан чиг үүргээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болно" гэж тус тус хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн харьяаны нутаг дэвсгэрт буюу тухайн сумын хэмжээний асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна. Гэтэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас Хонгор сум болон Шарын гол сумын нутаг дэвсгэрийн зааг газрыг орон нутгийн хэрэгцээнд авах шийдвэр гаргасан нь өөрийн эрх хэмжээнээс хэтрүүлсэн хууль бус шийдвэр болох юм. Үүнээс гадна, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн буюу Хонгор сум болон Шарын гол сумын нутаг дэвсгэрийн зааг газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар орон нутгийн хэрэгцээнд авсан байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн харьяалах сумын эрх хэмжээ, нутаг дэвсгэрт хамаарах асуудлыг шийдвэрлэх эрхтэй өөр нэгэн сумын газар нутгийг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурлын шийдвэр нь илт хууль бус шийдвэр болно. Иймд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар орын 18-ны өдрийн 22/68 дугаар хуралдааны тогтоолын Дархан-Уул аймгийн Хонгор сум болон Шарын гол сумын заагт орших Шаазгайт нэртэй 427 га газрыг "Аймаг дундын отрын 6элчээр"-ийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 болон 47.1.7-д заасны дагуу илт хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан баримтуудаас харахад маргаан бүхий газар нь Шарын гол болон Хонгор сумын зааг дээр байгаа юм. Тэгэхээр энэ 2 сумын зааг дээр байгаа газрыг тусгай хэрэгцээнд авахад Хонгор сум дангаараа шийдвэрийг гаргах бүрэн эрх байхгүй. Учир нь газар нутгийн онцлогоос харахад нэгэнт 2 сумын залгаа газар байгаа учраас аймгийн Засаг дарга бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой байсан. Сумын Засаг дарга шууд энэхүү бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломж байхгүй. Нэгдүгээрт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга болон сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө тухайн нутаг дэвсгэрийнхээ хүрээнд шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл маргаан бүхий газар нь “Моручи” ХХК-аас “Би Эс майнинг” ХХК-д шилжсэн буюу газар нутгийн хувьд 2 сумын зааг дээр байгаа газарт Хонгор сум энэхүү бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Аймгийн Засаг дарга хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Засгийн газрын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаар “Отрын бэлчээрийн ашиглалт, ашиглалтыг сайжруулах зарим арга хэмжээ” гэх тогтоол байна. Энэ тогтоолоос харахад захиргаа ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар нарийн заасан. Үүнд Засаг даргын саналыг авах ба тухайн саналыг гаргахдаа тусгай хэрэгцээнд авах хэрэгцээ шаардлага байгаа эсэх, отрын зориулалтаар бэлчээрлэх боломжтой газар нь мөн эсэхийг Засаг дарга өөрөө холбогдох баримтын хүрээнд тогтоосны үндсэн дээр Засаг дарга саналаа явуулах ёстой. Гэтэл уг маргаанд Засаг даргын саналыг авсан гэх боловч, уг санал нь Засгийн газрын дээрх тогтоолын шаардлагад нийцээгүй. Өмнө нь шүүхээр маргаан бүхий акттай холбоотой хэрэг хянан шалгагдсан. Уг хэрэгт хийгдсэн ажиллагаануудыг харахад тухайн газар одоогийн байдлаар хашаалсан, мал оторлуулах зорилготойгоор хийсэн саравч зэрэг юу ч хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжтой буюу зорилгодоо нийцсэн байх суурь зарчимтай. Гэтэл тусгай хэрэгцээнд авсныхаа дараагаар ямар ч оторлосон шинжүүд байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй, бодит байдалд нийцэхгүй, зорилгодоо хүрэх боломжгүй шийдвэр гаргасан. Маргаан бүхий актыг илт хууль бус тогтоосноор тухайн газар дээр буцаад ашигт малтмалын хайгуултай холбоотой үйл ажиллагаа явуулах нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой юм. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар тогтоолоор “Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолыг баталсан байна. “Би Эс Майнинг” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг илт хууль бус акт гэж үзсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2 /2016 оны хуулиар/, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 16 дугаар зүйлийн 16.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасны дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 22/68 дугаар тогтоолоор “Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай" өөрийн чиг үүргийн дагуу шийдвэрийг гаргасан тул илт хууль бус акт биш юм. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул дээрх 2 үндэслэлээр “Би Эс Майнинг" ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Би Эс Майнинг” ХХК-иас “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар хуралдааны тогтоолын Дархан-Уул аймгийн Хонгор сум болон Шарын гол сумын заагт орших Шаазгайт нэртэй 427 га газрыг “Аймаг дундын отрын бэлчээр”-ийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байх бөгөөд шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 114/ШЗ2024/0070 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “ Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч,...хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.6-т “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасан. Нэхэмжлэгч “Би Эс Майнинг” ХХК нь анх хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар “Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолын “Би Эс Майнинг” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмал ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн газартай хэсэгчлэн давхцаж буй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр “Би Эс Майнинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 528 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “16.2“ гэсний дараах “31.3” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 528 дугаар магадлалыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна.
“Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар “Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолд холбогдох тус компани нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон буюу 22/68 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн үйл баримтыг шүүх дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч,...хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.6-т “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасны дагуу “Би Эс Майнинг” ХХК-аас Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны актыг “хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байхад дахин тухайн актыг “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор шаардлага гаргасныг шинээр гаргасан нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3-д заасан нэхэмжлэлийн болон шүүхээс гарах шийдвэрийн төрлийг заасан заалтууд нь “захиргааны актыг хүчингүй болгуулах”, “тухайн актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор шүүхээс гарах шийдвэрийн төрөл тус бүрээр дахин дахин нэхэмжлэл гаргах эрх олгосон зохицуулалт биш болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1,111.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6-д заасныг баримтлан “Би Эс Майнинг” ХХК-иас Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар хуралдааны тогтоолын Дархан-Уул аймгийн Хонгор сум болон Шарын гол сумын заагт орших Шаазгайт нэртэй 427 га газрыг “Аймаг дундын отрын бэлчээр”-ийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан, нэхэмжлэл гаргагчид буцаан олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Нинжбадгарт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүгчийн энэхүү захирамжид бичгээр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ