| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/05979/И |
| Дугаар | 101/ШШ2024/04213 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/04213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Зозаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух Б******* овогт Ц******* Б******* /Регистрийн дугаар: УШ*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,,, тоотод оршин суух Б овогт Ж М /Регистрийн дугаар: ТЕ/-д холбогдох,
8,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагч Ж.М,хариуцагчийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Б******* миний бие Ж.Мтай 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 46,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа болгон өгөөд 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байрны түлхүүр, гэрээг шилжүүлэн үлдэгдэл мөнгөө өгнө гэж тохирсон боловч худал хэлээд өгөөгүй.
Гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр 46,000,000 төгрөг 42 хоногийн 0.5 хувийн алданги 9,660,000 төгрөг, нийт 55,660,000 төгрөг, үүнээс 47,480,000 төгрөг төлсөн үлдэгдэл төлбөр болох 8,180,000 төгрөгийг Ж.Маас гаргуулах үндэслэлтэй.
Яагаад миний нэхэмжилж байгаа мөнгийг өгөхгүй гэж байгааг би ойлгохгүй байна. Миний мөнгийг 3,4 сар авч худлаа ярьж явсан. Надад байрны түлхүүр өгнө гэж хэлж байсан. Гэвч миний итгэлийг алдаж, намайг болон өөр хүмүүсийг луйвардсан. Гэтэл ганцхан байрны ордерыг хүмүүст үзүүлж итгэлийг нь далимдуулан мөнгө авсан гэв.
2.Хариуцагч талаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд Б*******гийн гаргасан нэхэмжлэлийг Ж.М би хүлээн авч танилцан хүлээн зөвшөөрөх боломжгүй, би 2023 оны 12 сарын 22-ний өдөр Ц.Б*******гаас 20,000,000 төгрөг, 2024 оны 01 сарын 16-ны өдөр 26,000,000 төгрөг, нийт 46,000,000 төгрөг зээлсэн. 2024 оны 03 сарын 01-ний өдөр гэрээ хийсэн бөгөөд 2024 оны 04 сарын 05-ны өдрөөс 2024 оны 04 сарын 12-ны өдөр хүртэлх алданги 1,480,000 төгрөг Ц.Б*******д төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.1 Хариуцагчийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зохигчдын хооронд, тодорхой хэмжээний мөнгөний асуудал байсан боловч, хариуцагч буцаан мөнгийг нэхэмжлэгчид өгсөн. Хариуцагч, нэхэмжлэгч хоёрын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй тул, алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй, Мөн талуудыг гэрээ байгуулах хүсэл зорилго өөр, зээлийн гэрээний харилцаа үүсэх анхнаасаа хүсэл зориг байгаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт:
3.1.Нэхэжмлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 01 дүгээр саын 16-ны өдрийн тот зээлийн гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, иргэний оршин суугаа газрын хаягын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, тус тус нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3.2. хариу тайлбар, иргэний үнэмлэхний хуулбарыг тус тус харуцагч шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б******* нь, хариуцагч Ж.Мд холбогдуулан 2024 оны 01 дүгээр саын 16-ны өдрийн тот зээлийн гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт хариуцагчаас 8,180,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч нь, 2024 оны 01 дүгээр саын 16-ны өдрийн тот зээлийн гэрээгээр хариуцагч Ж.Мд байр авах зорилгоор 46,000,000.00 төгрөг шилжүүлсэн, байраа хүлээж аваагүй тул 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулж 2024 оны 04 сард 47,480,000.00 төгрөгийг буцаан авсан ба 42 хоногын алдангийн үлдэгдэлд 8,180,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч үгүйсгэсэн.Үүнд:
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000.00 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 26,000.000.00 төгрөг нийт 46,000,000.00 төгрөг авсан, байрыг хугацаанд нь бүтээж өгье гэсэн боловч амжаагүй тул 2024 оны 04 сарын 12-ны өдөр хүртэл 47,480,000.00 төгрөгийг 3 хуваан төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж татгалзал, тайлбараа тодорхойлдог.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
2.2 Зохигчид 2024 оны 01 дүгээр саын 16-ны өдрийн тот зээлийн гэрээгээр 46,000,000.00 төгрөгийг, 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд хүүгүй зээлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5% алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээний зүйлийн хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байна./хх-24/
Уг гэрээний үүргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гүйцэтгүүлэхээр, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулж, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хоног тутамд, гүйцэтгээгүй үүргийн 0.5% алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тот зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тул 42 хоногын алдангийн үлдэгдэл 8,180,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч нийт 47,480,000.00 төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж талууд маргаж байна.
3. Хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 05-наас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 47,480,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба уг үйл баримттай зохигчдын хэн аль нь маргаагүй./хх-38-42/
3.1Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Талуудын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга, гэрээ байгуулах зорилгоос дүгнэн үзэхэд талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ нь, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөрлдөр бус хэлцэл байна.
Иймд нэхэмжлэгч нь хүчин төгөлөдөр бус 2024 оны 01 дүгээр саын 16-ны өдрийн тот зээлийн гэрээний анзыг шаардах эрхгүй боловч, уг хүчин төгөлдөр бус хэлцлээр хариуцагчид шилжүүлсэн 46,000,000.00 төгрөгийг, үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоож, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнд заасан анзыг шаардаж эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээнд заасан 0,5% алдангийг шаардах эрхтэй боловч хариуцагч алдангид /4*230,000=920,000 төгрөг/ төлөхөөс 1,480,000.00 төгрөг төлснийг уг гэрээний үндсэн болон нэмэгдэл үүргийг бүхэлд нь гүйцэтгэсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр саын 16-ны өдрийн тот зээлийн гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт хариуцагчаас 8,180,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,830.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Б*******гийн гаргасан хариуцагч Ж.Мд холбогдох 8,180,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,830.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА