Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 118/ШШ2024/0047

 

                                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.******* нь бүртгэлийн Онц-01 дугаартай "Д.******* нь галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн" гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч Д.*******д 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгж буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Зөрчлийн хэргийн материалд ...зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтууд авагджээ. Материалд цугларсан дээрх нотлох баримтуудаар Д.*******ы үйлдсэн зөрчил бүрэн тогтоогдсон байна. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт холбогдогчид "учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан атал эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь" хэсэгт Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, хэсэгт зааснаар ямар шийтгэл оногдуулж байгаа талаар тусгаж өгөөгүй байх тул холбогдогчийн Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд нь шийтгэл оногдуулж буй хуулийн зүйл, хэсэг, шийтгэлийн төрөл, хэмжээг нь нэмж тусгуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад Н.*******ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь" хэсгийн 1 дэх заалтад заасан "Холбогдогч Д.*******ы үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн заасны дагуу торгох шийтгэл оногдуулсугай” гэснийг "Холбогдогч Д.*******ы үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Прокурорын дүгнэлттэй танилцаж гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.******* нь нь Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж иргэн Д.*******ыг 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, хэсэгт зааснаар ямар шийтгэл оногдуулж байгаа талаар тусгаж өгөөгүй гэх үндэслэлээр дээрх ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийг тус шүүхэд бичиж ирүүлсэн байна.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд нь шийтгэл оногдуулж буй хуулийн зүйл, хэсэг, шийтгэлийн төрөл, хэмжээг нь нэмж тусгуулах” гэж тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчилд холбогдогч Д.******* нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн..." гэх зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж, уг шийтгэлийн хуудсанд хуулийн хугацаанд гомдол гаргаагүй байх тул прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.*******ийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                              ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД-ОЧИР