| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2208000001511 |
| Дугаар | 2023/ДШМ/43 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ДШМ/43
2023 01 10 2023/ДШМ/43
К.Гд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Оргилбат,
шүүгдэгч К.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч К.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208000001511 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
К.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 2 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар байрны гадна Д.Дг согтуурсан байх үед нь араас нь татаж унагаан шороон дээр хэвтүүлэн үсдэж чирээд биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: К.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: К.Гыг хохирогч Д.Дг биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Гыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч К.Гд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Гын цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дотоожийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, шүүгдэгч К.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч К.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус шийтгэх тогтоолд заасан үйл явдлыг хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлал хүсэж байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бол энэ хуульд заасны дагуу хорих ялыг тэнсэхээр хуульчилсан.
Би хохирогчтой холбогдож уучлалт гуйх, хохирол барагдуулах талаар удаа дараа оролдсон боловч надтай уулзаагүй, хохирлын баримт гаргаж өгөөгүй. Би өөрийн биеийг өмөөрөөгүй бөгөөд согтуугаар гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, энэ давж заалдах гомдлоор дамжуулан хохирогчоос уучлалт хүсэж байна. Миний гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү. Би цаашид гэмт хэрэг үйлдэхгүй, зөв хүн болж, засарч хүмүүжих болно.
Гэрч н.О “байрны зүүн урд буланд машин, байр хоёрын голд эрэгтэй хүн эмэгтэй хүний дээр гарчихсан хөдөлж байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл тухайн үйлдэл байрнаас 35 метрийн зайд шар өнгийн “Кантер” автомашин болон “Приус-20” маркийн автомашины хажууд болсон. Байрны буланд огт болоогүй. Гэрч, хохирогч нарын мэдүүлэгт дурдсанчлан би өөрийгөө өмөөрсөн болон хохирогчийг хөхрүүлж, гэмтээсэн зүйл байхгүй. Тухайн үед гэрч н.О нь “миний бэлэг эрхтнийг хөх” гэж хэлсэн ганцхан өгүүлбэр сонссон бөгөөд хохирогч, бид хоёрын хооронд ярьсан бусад яриаг сонсоогүй гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад байрнаас 35 метрийн зайд гэж тогтоосон боловч миний бодлоор тухайн үйлдэл байрнаас 35-40 метрийн зайд байсан гэж тооцоолж байна. Гэрч н.О тухайн үйл явдлыг харсан даруйдаа цагдаад мэдэгдээгүй. Хохирогч намайг “эрчүүд та нар согтуу эмэгтэй хүн харахаараа нохой шиг гинжлэгдээд араас нь дагаж гүйдэг” гэж хэл амаар доромжилсон тул миний уур хүрч тухайн үед биеэ барьж чадахгүй байдлаасаа болж уг үйлдлийг гаргасан нь үнэн. Мөн би хохирогчийг үнэн, зөв мэдүүлэг өгөхийг хүсэж байсан. Урьд нь үйлдсэн гэмт хэргүүдийнхээ хохирол, төлбөрийг төлж барагдуулж, ялаа бүрэн эдэлж гарч ирээд хүнтэй танилцаж, үерхэж болзож байсан. Би маш их харамсаж байна. Цаашдаа гэм буруугаа ухааран, амьдрах чин хүсэлтэй, зөв хүн болон төлөвших хүсэлтэй байгаа тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч К.Гын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч К.Г нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг тэнсэж өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг өмгөөлөгчийн зүгээс дэмжин оролцож байна. Хохирогчийн зүгээс ямар нэгэн хохирол нэхэмжилсэн зүйлгүй. Иймд шүүгдэгч К.Г нь бусдад төлөх төлбөргүй юм. Шүүгдэгч К.Г нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд хорих ял эдлээд гарч ирээд шинээр амьдрал зохиох гэж байсан. Шүүгдэгч К.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасны дагуу хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч К.Гд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч К.Г нь урьд нь олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Хэдийгээр, түүний урьд нь холбогдож байсан гэмт хэрэг уг хэрэгт хамааралгүй боловч өмнө хийж байсан үйлдлүүдэд гэмшиж байгаа нөхцөл байдал харагдахгүй байна. Учир нь, шүүгдэгч К.Г нь хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны шат болон анхан шатны шүүхийн шатанд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч К.Гыг гэм буруутайд тооцсоны дараа “би дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэж хэлсэн. Шүүгдэгч К.Г “байрнаас 35-40 метрийн зайтай байсан. Гэрчийн мэдүүлэгт миний бэлэг эрхтнийг хөх гэж хэлж байсан гэж байна. Би ийм зүйл хэлээгүй, гэрч худлаа мэдүүлсэн” гэж тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтуудаар шөнийн 01 цагийн үед гэрчийн гэрийнх нь цонх онгорхой байсан. Тухайн үйл явдал 35 метрийн цаанаас хангалттай харагдаж, сонсогдох боломжтой гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч К.Гд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
К.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 2 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар байрны гадна Д.Дг согтуурсан байх үед нь араас нь татаж унагаан шороон дээр хэвтүүлэн үсдэж чирээд биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11/, К.Гын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-20/ зэрэг нотлох баримтууд болон,
хохирогч Д.Дгийн “...Мустанг гэдэг баар руу орж 50 грамм архи, нэг цэвэр устай авч, ганцаараа сууж үйлчлүүлсэн. Тэр үед хоёр танихгүй залуу миний ширээ рүү шахаж суухаар нь би зөрөөд баарнаас гараад гэр рүүгээ алхаж явсан чинь манай 31 дүгээр байрны урд буюу 28 дугаар байрны арын авто зогсоол дээр нэг танихгүй эрэгтэй хүн ирээд араас татаж унагаагаад, намайг газар хоёр машины голд шороон дээр хэвтүүлээд, доод талын хувцаснууд болох өмд, дотуур хувцасыг тайлаад надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. Тэгээд бэлгийн харьцаанд орох явцдаа намайг үсдэж чирээд “дуугүй байхгүй бол ална. чи цагдаад хэлэх юм бол ална шүү. Танай гэр ойрхон байдгийг мэдсэн” гэж сүрдүүлж, заналхийлж, миний үснээс татаад “бэлэг эрхтэнээ хөх” гэж хэлээд миний аманд хийсэн. Би тэр хүнд хүчиндүүлж байхдаа тусламж хүсэж орилсон чинь удалгүй цагдаа ирсэн. Намайг хүчиндэж байсан хүн цагдаа ирэхийг хараад босоод зугтаад явсан. Цагдаа тэр залуугийн араас нь хөөж барьж авсан. ...Манай гэрийг мэдэж байгаа гэж хэлсэнд нь маш их айж байна. Би 8 дугаар ангийн насанд хүрээгүй охинтой тул охиныхоо болон өөрийнхөө эрүүл мэнд, амь насанд дахин эрсдэл учрахаас айж байна. ...Баруун гуянд хөхөрсөн, ар нуруунд зулгарсан, толгой их өвдөж байна. Өөр одоогоод мэдэгдэх шарх байхгүй байна. ...Намайг хүчиндсэн хүн дур тавьж үрийн шингэнээ гадагшлуулсан зүйл байхгүй. Тэр хүн миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтэнээ хийсэн ба бас миний ам руу бэлэг эрхтэнээ хийсэн. ...” /хх 25-31/,
гэрч Э.Оын “...шөнийн 02 цаг 50 минутын орчимд манай байрны гадна эмэгтэй хүн “чи болиоч ээ, чи шоронд орно шүү дээ” гэж орилоод байхаар нь цонхоор тонгойж харсан чинь манай байрны доор, зүүн урд буланд гадна авто зогсоол дээр машин, байшин хоёрын голд нэг эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүний дээр гарсан бэлгийн харьцаанд орж байгаа бололтой бөгс нь дээш, доош хөдөлж байсан ба удалгүй нөгөө эрэгтэй нь эмэгтэйнхээ үсийг татаж ирээд “бэлэг эрхтэнээ хөх” гэж хэлэхээр нь би болохоо больж байгаа юм байна гэж бодоод өөрийнхөө 94058840 гэсэн дугаараас цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 36-37/,
гэрч Г.Бын “...үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 02 цаг 50 минутын орчимд “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар байрны зүүн талын авто шороон зогсоол дээр эмэгтэй хүн бусдад хүчиндүүлж байна” гэх дуудлага ирсэний дагуу очиход гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй шаргал, хар алаг өнгийн куртик, хар өнгийн өмд, хар түрүүтэй гутал, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн машины араас гарч ирээд цагдаагийн алаг машин хараад цааш зугтахаар нь би машинаас бууж явганаар араас нь хөөж барьж авсан. Тухайн этгээдийг барьж аваад буцаад хэрэг болсон гэх газар ирэхэд хүчиндүүлсэн гэх эмэгтэй доогуураа нүцгэн зогсож байсан ба тухайн хүчиндсэн гэх этгээдийн мэдээллийг шалгахад Калины Г гэх 31 настай эрэгтэй байсан. ...” /хх 40-41/,
гэрч Б.Нын “...хэрэг болсон газраас эмэгтэй хүн хүчирхийлж байсан залуу цагдаагийн машин хараад зугтаасан ба манай эргүүлийн офицер тухайн зугтаасан сэжигтэй этгээдийг араас нь явганаар хөөж, би хохирогч гэх эмэгтэй дээр очсон. Тухайн эмэгтэй нь доогуураа ямар ч хувцасгүй, биеийн доод хэсэг нүцгэн, дээгүүрээ цамцтай байсан ба дотуур хувцасыг ойролцоо шидсэн, өмднийх нь нэг шуудуу нь хөл нь углаатай бусад нь тайлагдсан байсан. ...” /хх 44-45/,
яллагдагч К.Гын “...тогтоолыг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Би 2022 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хархорин захын арын замын хойно байх караокед ганцаараа орж үйлчлүүлсэн. Тэгээд караокед байж байсан чинь нэг улаан ягаан өмд, цамцтай 40-өөс 50 орчим насны урьд харж байгаагүй эмэгтэй орж ирээд ганцаараа нэг ширээнд сууж үйлчлүүлсэн. Удалгүй тэр эмэгтэйн араас нь танихгүй хоёр залуу орж ирээд тухайн эмэгтэйн сууж байгаа ширээн дээр сууж, тэр хүмүүс архи, пиво ууж байгаа харагдсан. Тэгээд удалгүй би 00-ын өрөө орсон чинь нөгөө эмэгтэй байсан ба надад хандаж “би энэ хоёр залуугаас салмаар байна. Намайг ганцаараа гарвал араас гарч ирээрэй” гэж хэлсэн ба би 00-ын өрөөнөөс гараад өөрийн ширээндээ сууж байтал тэр эмэгтэй гараад явахаар нь би араас нь гарсан. Тэгээд би тэр эмэгтэйтэй 28 дугаар байрны тэнд уулзаад гэр рүүгээ орлоо гэхээр нь “би дөхүүлээд өгье” гэж хэлээд байж байсан чинь нөгөө эмэгтэй намайг “янхан” зэрэг элдэв янзаар хэлээд байхаар нь би “эр, эм хоёр янхан бие биенийхээ мууг гайхаад яахав” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй уурлаад, тэрнээс болж бид хоёр хоорондоо маргалдаж, ноцолдоод би тэр хүүхнийг “би чамайг шаавал яаж бол яаж чадна” гэж хэлээд тэр эмэгтэйг газар унагаад дээр нь гарч өмдийг нь шувталсан ба тэр хүнтэй би бэлгийн харьцаанд ороогүй, зүгээр дургүй хүргээд байхаар нь айлгъя гэж бодсон. Тэгээд цагдаагийн машин ирэхээр нь би цааш зугтаасан чинь араас цагдаа ирээд би баригдаж, эрүүлжүүлэгдсэн. ...” /хх 149-152/ гэсэн мэдүүлгүүд,
“...Д.Дгийн биед нуруу, хоёр өгзөг, өвдөгт цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үтрээ, шулуун гэдэсний амсрын арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй. ...” гэх 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12657 дугаар /хх 47-49/,
“...К.Гын биед цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Шинэ гэмтэл байна. Хурьцал үйлдэх чадвартай байна. ...” гэх 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12685 дугаар /хх 64-66/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн К.Гыг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч К.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч К.Гд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.
Шүүгдэгч К.Гас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч К.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.
Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж Бог онцлогтой. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.
Эдгээр зүйл, заалтууд нь шүүхэд эрх олгосон заалтууд бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалтууд биш байна.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч К.Гын үйлдсэн гэмт хэрэгт хуульд заасан ялын хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1373 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “...гэрч оролцуулах, улсын яллагчаас татгалзах. ...” хүсэлтүүдийг гаргасан байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд эдгээр хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар дурдсан атал энэ талаар эрхийн акт гараагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч К.Гын 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1373 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Гын 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 1 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 67 хоног /жаран долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ