Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2024/0039

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.*******

Хариуцагч: Завхан аймгийн Завханмандал сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын /комисс/ хороо түүний дарга Н................., хурдан морины дэд хорооны дарга Г.

Гуравдагч этгээд: Э. нарын хоорондын хурдан морины уралдаантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. түүний өмгөөлөгч Б., хариуцагч Н., Г., иргэдийн төлөөлөгч С.*******, гэрч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завханмандал сумын 100 жилийн ойн үндэсний их баяр наадмын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн азарган насны морины уралдаанд барианы зурхайгаар 2-р байранд орсон М.*******ийн хар азаргыг 2-р байранд орсноор цоллож баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, М.*******ийн хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2-р байранд орсон шийдвэр гаргахыг даалгах, тус хурдан азарганы уралдааны 2-р байрны бай шагнал мотоциклийн үнэ 3.000.000 төгрөг, бэлэн мөнгө 1.000.000 төгрөгийн шагнал нийт 4.000.000 төгрөгийг гаргуулах

2.  Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болсон байна. Нэхэмжлэгч өөрийн нэр дээр Завхан аймгийн Яруу сумын иргэн Б.*******ын хар азаргыг бүртгүүлж уралдуулжээ. Тус хар азарга нь 2-р байранд буюу аман хүзүүнд уралдаж орж ирсэн бөгөөд хурдан морины комисс азарганы сэрвээний өндрийг хэмжихэд журамд заасан 140 см хэмжээнээс хэтэрсэн  байсан гэж үзэн тус хар азаргыг барианд оруулаагүй хассан байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие Завхан аймгийн Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадамд хар зүсмийн азарган насны морио албан ёсоор бүртгүүлэн хэмжүүлж ямар нэгэн зөрчилгүй гэж үзэж бусад бүртгүүлсэн морьдын адил уралдуулсан. Азарган насны морины уралдаан ямар ч маргаангүй бүх хүний нүдэн дээр орон даяар шууд дамжуулж цацагдсан ба миний морь барианы зурхайд аман хүзүү буюу 2-р байранд орсныг орон даяар мэдсэн, мэдэгдсэн. Ингээд аман хүзүү буюу 2 дугаар байранд орсныг баталгаажуулж зохион байгуулах комиссоос морьдыг барьж, байр эзлүүлж тус хорооны шийдвэрээр 2 дугаар байранд орсныг баталж аман хүзүү гэсэн пайз олгосон. Гэтэл морь цоллох үеэр манай морийг ямар нэгэн шалтгаангүйгээр хассан эсэх нь тодорхойгүй тухайн комиссоос шууд миний морины дараагийн байранд орсон морьдыг цоллож бай шагналыг нь өгөөд явуулсанд гомдолтой байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Завханмандал сумын иргэн М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. М.*******ийн нэр дээр уралдсан хар азарга маань Завхан аймгийн Яруу сумын харьяат иргэн Б.*******ын өөрийн эзэмшлийн азарга юм. Маргаан нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болсон Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмын үеэр сэрвээний өндөр тэнцээгүй гэх үндэслэлээр аман хүзүүнд ирсэн хар азаргыг хассанаар үүссэн. Манай зүгээс хар азарганы байрыг тодорхой болгох, бай шагналыг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргасан. ... Өөрийн нэр дээр уралдуулаагүй шалтгаан нь М.*******, Б.******* 2 нь хоорондоо хуурай ах дүү хүмүүс. Хүргэн ах Б.******* маань аймгийн алдарт уяачийн болзлоо хангасан хүн. М.******* нь азаргаа миний нэр дээр уралдуулаад өгөөч гэж гуйсан. Ийм зүйл бол Монгол улс даяараа байдаг л зүйл. М.******* нь аймаг бүсийн 6 айрагтай, аймаг, сум нийлээд 20 шахуу айраг, түрүүтэй хүн. Аймгийн алдарт уяачийн болзлыг арай хангаагүй байсан. Дүү миний нэр дээр азаргаа уралдуулаад өгөөч гэж гуйхад нь нутгийн тэгш ойдоо нэр төрөө гаргах нь зүй ёсны хэрэг гээд М.*******ийн нэр дээр уралдуулсан байдаг. Морийг 2-3 удаа хэмжих ёстой. Морь өөрөө амьтан учраас эхний оролтоороо үргэж, сэрвээгээ өндөр болгох тохиолдол байдаг. Нэг удаа хэмжиж үзээд хассан байдаг. Хоёр дахь удаагаа хэмжүүлэхэд хэмжээндээ орж байсан тул хар азарга гарааны зурхай руу бусад азарганы араас очсон байдаг. ... Донойн хөндийд 2 удаа хэмжүүлсэн. Г. хар азаргыг хэмжихэд байлцсан. 3 мэргэжлийн хүн байсан. Лазер хэмжигчээр хэмжиж харуулсан. Хэмжээндээ байгаа азаргыг морины комисс нь хэл ам хийгээд хасаад хаядаг баймааргүй байна гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын тайлбарыг сонсож чадаагүй. Үүнийг ойлгож байна. Энэ асуудлын тухайд ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний зүгээс бол нэгэнт танайхаас аймгийн хороонд хандаагүй гэх асуудал яригдсан.  Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар  аймаг болон сумын наадмууд 07 дугаар сарын 11-ний өдөр багтааж баяраа тэмдэглэхээр зохицуулсан байх бөгөөд Завханмандал сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойн баяр наадам гэх байдлаар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан. Тухайн үед аймгийн комисс гэж байгуулагдсан салбар хороо байгуулагдаагүй байдаг.  Хуульд заасны дагуу аймгийн хурдан морины комисст хандах ёстой. Гэвч манай аймаг сумуудын 100 жилийн баяр наадамтай холбогдуулан байгуулсан комисс байхгүй. Давж заалдах шатны шүүгч нарт тайлбарласан. Завхан аймгийн хурдан морины салбар хорооны хүмүүстэй холбогдохоор Завханмандал сумтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэж тайлбарладаг. Сумын баяр наадамтай холбогдуулан салбар хороо байгуулаагүй гэж тайлбарладаг.  Шагнал урамшууллын тухайд гэвэл хурдан морины уралдаан тэмцээн нь хонжворт болзол тэмцээнтэй адилхан статусаар явж байгаа, иргэний хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж байгаа. Тиймээс бай шагналын өгөхгүй гэсэн ойлголтууд одоо огт яригдах боломжгүй юм. Морь зурхайгаар орсон тохиолдолд хасаж байгаа нь учир дутагдалтай байна. Хар азаргыг хассан шийдвэр одоо болтол бичгээр гараагүй байна. Уралдаад орж ирэхэд нь айрагдсан пайзыг нь өгчихсөн байдаг. Пайз өгнө гэдэг нь тухайн байр эзэлснийг  хүлээн зөвшөөрөөд олгож буй зүйл юм. Хүлээн зөвшөөрснөө илэрхийлж пайз олгож байгаа юм. Сумын зохион байгуулсан эрх бүхий албан тушаалтан одоо болохоор мэдээгүй байхад пайз олгосон гэж тайлбарлаж байна. Энэ тайлбарыг хүлээн авах боломж байхгүй. Хэрвээ ямар нэгэн пайз өгөөгүй, ингээд маргаантай байна гэсэн бол энэ чинь өөр асуудал үүснэ. Айргийн тавд орсон бүгдэд нь пайз өгчихсөн байгаа. Энэ хүмүүс юу хүлээж байгаа юм гэхээр пайзаа авчихсан, орой нь нөгөө морь цоллох арга хэмжээгээ хүлээгээд байж байсан. Пайз өгнө өө гэдэг чинь өөрөө шууд шийдвэр гаргачихсан гэж би ойлгож байгаа. Тэрийгээ хүчингүй болгосон шийдвэр бол огт байхгүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагч Завханмандал сумын 100 жилийн ой, үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын хорооны дарга Н. шүүхэд гаргасан тайлбартаа: ... . Баяр наадам зохион байгуулах баяр наадмын комисс ажлаа сайн хийж гүйцэтгэсэн гэж бодож байна. ******* 2 удаа хар азаргыг хэмжсэн байсан бөгөөд 2 удаа хэмжихэд хоёуланд нь хэмжээндээ ороогүй байдаг. ******* мэдүүлэгтээ өөр байдлаар мэдүүлсэн байдаг. Завханмандал сумын цагдаа Л.******* хэмжилт хийхэд хамт байсан. Харж байсан.  Гэрчээр оролцуулах гэж байсан Н.******* гэх хүн өмнө нь энэ хар азарга Завхан аймгийн 100, 101 жилийн ойн баяр наадмаар мөн хасагдсан байдаг. Энэ талаар баримт нотолгоог шүүхэд ирүүлсэн. Өмнө нь хэлсэнчлэн ******* гэх хүн морь нь хэмжээндээ орж байсан бол өөрийнхөө нэр дээр морио уралдуулахгүй яасан юм. Манай нагац ах аймгийн арслан М.******* гэх хүний нэр дээр уралдуулсан байдаг. 2 удаа хэмжүүлээд хасагдсан хар азаргыг азарга гарааны зурхай руу мордсон байхад хойноос авч ирж уралдуулсан бөгөөд тус азарга аман хүзүүнд ирсэн. Тухайн үед барианы зурхайд морь барьж байсан хүн хасагдсан азарга гэдгийг мэдэлгүйгээр пайз олгосон байдаг. Хэмжээндээ орж, хууль дүрмийн дагуу уралдсан азаргыг хасаагүй. Уралдаан эхлэхээс өмнө бүх морьдыг хэмжиж, хэмжээндээ орсон морьдыг уралдуулсан. Манайхаас зохион байгуулж буй зохион байгуулалтыг үл хайхарч өөрсдөө дур мэдэн хойноос нь тавьж уралдуулж, сум орон нутгийн нэр хүндэд халдаж байна гэж үзэж байна. Сумын баяр наадам болж дуусаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Нэхэмжлэгч тал баяр наадмын комиссын хэрэгжүүлж буй арга хэмжээг зөрчин, эсэргүүцэж сум орон нутгийн нэр төрд халдаж байна гэж үзэж байна гэв.

7. Хариуцагч хурдан морины дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тухайн үед комиссын даргаар ажиллаж байсан. 67 азарга бүртгүүлснээс 5 азарга хасагдсан. Завханмандал сумын 2 иргэний азарга, Яруу сумын Б.*******ын хар азарга, Сантмаргаз сумын 1 азарга, Говь-Алтай аймгаас ирсэн 1 азарга тус тус хасагдсан. Хасагдсан азаргуудыг хашаанд үлдээгээд гарааны зурхай руу бусад азаргыг авч явсан. Азарга 2 километр газар явж байхад хар азарга ганцаараа хойноос ирсэн. Тухайн үед чиглүүлэгчийн машинд би сууж явсан. Хар азаргыг барих гэсэн боловч барьж авч чадаагүй. Унаач хүүхэд нь хасагдсан азаргыг айрагдвал барихгүй гэдгийг сануулж хэлсэн. Хэмжилтийг ******* гэх хүн хийсэн. Эхний удаа хэмжээд 142 сантиметр байсан тул хар азаргыг авч үлдсэн. М.******* ирээд, тухайн азаргыг хэмжилтийн төхөөрөмж рүү аваачиж, хэмжсэн. Комиссын дарга миний бие хар азаргыг хөтөлж хасагдсан азарганы хашаа руу хийсэн. Комиссын тавьсан шийдвэрийг үл хүндэтгэн хойноос ирж, уралдсан. Барианы зурхайд морь бариачид пайзыг барьж бэлдсэн байсан. Хасагдсан азарга айрагдсаныг мэдэлгүйгээр морь бариачид барьсан. Комиссын даргын хувьд миний бие комиссын гишүүн *******тай хамт хасагдсан азарганы пайзыг авах гэтэл Б.******* ярилцлага өгөөд зогсож байсан. Нэр дээрээ уралдуулсан М.******* байхгүй байсан. Пайзаа авах гэсэн боловч пайзыг өгөөгүй. Завхан аймаг үүсэн байгуулагдсаны 100, 101 жилийн ойн баяр наадмын үеэр түрүүлж ирээд хасагдсан байдаг. Хасагдсан баримтыг шүүхэд ирүүлсэн. Идэр сумын 90 жилийн ойд энэ хар азарга мөн уралдаад хэмжээнд ороогүй хасагдаад, их насны морьдтой уралдаад 7-д ирсэн байдаг. Комиссын шийдвэрийг үл хүндэтгээд уралдсан тул Идэр сум хар азаргыг бариагүй байдаг. Идэр сумын комиссын даргын тодорхойлолт байдаг гэв.

8. Хариуцагч хурдан морины дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус сумын 100 жилийн ойн баярын морины комисст малын эмчээр ажилласан. Би баярын өмнөх орой бэлтгэл ажлаа хангаж, морины комиссынхны цутгасан морь хэмжих  талбайг тэгш бус тавьж шалгасан. Шалгахад уг зогсоол нь тал дундаасаа гуравны нэг баруун тийш чигчий хуруу орох хэмжээний хазгай байсан. Маргааш нь азарга уралдахаар хэмжилтийн хашаанд орж ирж хэмжилт хийгээд 4-н азарга 142-145 см сээрийн өндөртэй байсныг үлдээгээд бусад дуудагдан орсон азаргууд хэмжилтэд ороод гарсан. М.*******ийн 159 дугаартай азарга хэмжилтэд ороод уралдахаар гаргасан байсан. Гэтэл морины комиссын дарга нь хөтөлж үлдсэн азарганууд дээр нэмж оруулж ирснийг харсан. Чухам ямар учиртайг ойлгоогүй. Морийг хэмжихэд гадны хүчин зүйлүүд бас нөлөөлдөг. Талбай тэгш байх, морины зогсолт, тухайн азарга морины дэл гээд. Уг 159 дугаартай азаргыг хэмжихэд гар палкметр ашигласан. Талбайд зогсоход 140 см тааруулсан палкметрийг тэгш нь бага зэрэг хазайлттай байсныг хазаараас нь бариад хөдөлгөтөл зогсолтоо өөрчлөн палкметр доогуур ороод гарсан. Хэмжилтийг хийх үед мал эмнэлгийн тасгийн дарга, морины комиссын нарийн бичгийн дарга П.******* хамт хараад бас зөвшөөрөөд явуулсан. Харин уралдаж ирээд хасах шийдвэрт оролцоогүй. Тус сумын 100-н жилийн ойн баярын дараа аймгийн 100-н жилд уг азарга электрон хэмжилт хийлгээд уралдсан болохыг холбогдох хүмүүсээс сонссон болно. Би Улаанбаатар хотод амьдардаг уг шүүх хуралдаанд төлөөлөгчөөр оролцох боломжгүй байна гэжээ.

9. Гуравдагч этгээд Н. шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие Завханмандал сумын түүхт 100 жилийн ойн наадамд өөрийн биеэр морио уралдуулсан. Уг наадмын азарга барианд ирэхэд миний азарга 3-р байранд орж ирсэн. Мориныхоо хөлсийг хусаад байж байтал морины комиссын дарга Н. ирж “чиний азарга 2-р байранд орсон шүү, энэ 159 дугаартай хар азарга хэмжилт дээр хасагдаад уралдаад ирсэн, үүнийг барихгүй” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 07 сарын 21-ны өдөр морио цоллуулах гээд наадмын талбайд азаргаа аваад очтол 6-н азарга ороод ирсэн байсан. Хасагдсан гээд байсан хар азаргыг цоллуулах гээд авчирсан байсан. Би нарийн учрыг нь сайн мэдэхгүй. Тэгээд 2-р байрны шагнал гээд миний нэрийг бичсэн өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал 1 000 000 төгрөг, мотоцикл өгснийг би аваад явсан. М.*******ийн талд шүүхийн шийдвэр хэрэв гарвал энд үүссэн хохирлыг тухайн морины комисс болон Завханмандал сумын Засаг даргын Тамгын газар хариуцна гэж итгэж байна. Миний бие шүүхийн ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

10. Иргэдийн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэж байна.  Сум орон нутгийн удирдлагууд хэний нэр дээр ч байсан тэр хүнийг хохироож болохгүй байх. Ах дүү хүмүүс хоорондоо бие биеийнхээ нэр дээр морио уралдуулдаг. Монгол Улсад ийм зүйл байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь Завханмандал сумын 100 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд барианы зурхайгаар 2-р байранд орсон М.*******ийн хар азаргыг 2 дугаар байранд орсноор цоллож баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, М.*******ийн хар азаргыг аман хүзүү буюу 2-р байранд орсон шийдвэр гаргахыг даалгах, тус хурдан азарганы уралдааны 2-р байрны бай шагнал болох мотоциклийн үнэ 3.000.000 төгрөг, бэлэн мөнгө 1.000.000 төгрөгийн шагнал, нийт 4.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: Нэхэмжлэгч М.******* нь Завханмандал сумын 100 жилийн ой, үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд Яруу сумын Б.*******ын хар азаргыг өөрийн нэр дээр хурдан морины эзэн, уяачаар бүртгүүлэн уралдуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэхүү үйл баримтын талаар маргахгүй байна.

3.1 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морио уралдуулах уяач дараах эрх эдэлнэ”, 14.6.3-т “үндэсний хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад эрх”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.1-д “…, үндэсний хурдан морины уралдааны …, дүрмийг батлах” Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 10.1-д “Баяр наадамд түрүүлсэн, айрагдсан морьдыг эзэн, уяач, уралдаанч хүүхдийн нэрээр цоллон алдаршуулж, бай шагналыг наадамчдын өмнө олгоно” гэж заасны дагуу хар азарганы эзэн, уяачаар бүртгүүлсэн нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

4. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Нэхэмжлэгчийн нэр дээрээ бүртгүүлж уралдуулсан хар азарганы уяач Б.*******аас хурдан морины дэд хороонд бичгээр гомдол гаргасан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх ба хариуцагч хурдан морины дэд хорооны дарга Г.аас бичгээр ирүүлсэн гомдол байхгүй, уяач Б.*******аас хар азаргыг аман хүзүүдсэнд тооцуулахаар хэл ам хийсэн тул дэд хорооноос хар азаргыг аман хүзүүнд хурдалсанд тооцохоос татгалзаж шийдвэрлэснийг амаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байна.

4.1 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.1-д “…, үндэсний хурдан морины уралдааны …, дүрмийг батлах”, Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 12.1-д “Хурдан морины уралдаантай холбогдон гарсан маргааныг Салбар хороо шийдвэрлэнэ”, 12.2-т “Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд, Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус гомдол гаргаж болно” гэж нарийвчлан зохицуулсан ба нэхэмжлэгчийн нэр дээрээ бүртгүүлж уралдуулсан хар азарганд холбогдох маргааныг хурдан морины дэд хороо хуралдаж амаар шийдвэр гаргасан ба бичгээр шийдвэр гаргаагүй энэхүү тохиолдолд сумын хороонд хандаж дэд хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргах нь ач холбогдолгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

5. Хариуцагчийн тухайд: Нэхэмжлэгч нь хариуцагчаар хурдан морины дэд хороо, түүний дарга Г.ыг тодорхойлсон ба Завхан аймгийн Засаг даргын 2023 оны А/146 дугаар захирамжаар Завханмандал сумын 100 жилийн ой, баяр наадмыг 2023 оны 7 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх, Завханмандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр тогтоолоор сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх сумын хороог, Завханмандал сумын Засаг даргын 2023 оны А/36 дугаар захирамжаар хурдан морины дэд хороог байгуулж, сумын хороо болон хурдан морины дэд хороо татан буугдаагүй болох нь тус шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба сумын хороо нь чиг үүргийн хувьд нэхэмжлэгчийн бай шагнал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч байх тул хамтран хариуцагчаар тус шүүхээс тогтоосон болно.

6. Гуравдагч этгээдийн тухайд:  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэж заасан тул азарганы уралдаанд 2-р байранд орсон гэж тооцогдсон 050 дугаартай морины эзэн болох Э.................. энэ хэрэгт гуравдагч этгээдээр татсан бөгөөд нэхэмжлэгчийн хар азаргыг аман хүзүүнд орсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Э.М...........ийн эрх ашиг хөндөгдөх ба нэхэмжлэлийг хангах эсэхээс хамаарч айргийн гурав цаашлаад нэг байр ухрах үр дагаварт хүргэх ба уралдсан бүх азарганы эздийг гуравдагч этгээдээр татах нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргах үр дагаварт хүргэхээр байх тул гуравдагч этгээдээр татаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

7. Хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/36 дугаар захирамжаар сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг 2023 оны 07 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд тэмдэглэхээр, баяр наадмыг зохион байгуулах үүрэг бүхий дэд хороод болон бүрэлдэхүүнийг баталж, хурдан морины дэд хороог  тус сумын Засаг даргын орлогч Г. нарын 23 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

 7.1 Завханмандал сумын баяр наадмын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр  зохион байгуулагдсан азарганы уралдаанд нийт 69 азарга бүртгүүлснээс, сэрвээг хэмжихэд нийт 5 азарга  сэрвээний өндрөөр тэнцээгүй гэж хасагдсаны дотор нэхэмжлэгчийн нэр дээрээ уралдуулсан хар азарга орсон байна. Нэхэмжлэгчээс уг хар азаргыг уралдуулж, азарга нь 2-р байр буюу аман хүзүүнд орсныг хурдан морины дэд хороо сэрвээний өндрөөр тэнцээгүй гэж үзэн цоллохоос татгалзаж, 3-р байранд орсон азаргыг 2-р байранд орсноор, 4-р байранд орсон азаргыг 3-р байранд орсноор, 5-р байранд орсон азаргыг 4-р байранд орсноор, 6-р байранд орсныг 5-р байранд орсноор тус тус нэг байр урагшлуулж цоллосон байна.

7.2 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 15.1.1-д “..., үндэсний хурдан морины уралдааны ... дүрмийг батлах” гэж заажээ. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 5.3-д “Баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь нас тус бүрд дараах хэмжээтэй байна”, 5.3.1-д “Азарга, соёолон - 140 см”, 5.5-д “Сэрвээний өндрийг автомат төхөөрөмж (лазер хэмжигч)-өөр хэмжих бөгөөд төхөөрөмжийг Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан байна” гэжээ.

7.3 Хариуцагч хурдан морины дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Т.*******ы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадамд уралдах азарганы сэрвээг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 5.3.1-д заасан лазер хэмжигчээр хэмжилгүйгээр палкметр ашиглаж хэмжсэн болох нь дээрх дүрмийн 5.3.1-д заасанд нийцэхгүй байх бөгөөд үнэн зөв гэж үнэлэх боломжгүй. Түүнчлэн хар азарганы сэрвээний өндрийг 140 см-ээс илүү байсан гэх хариуцагчийн тайлбар бичгийн болон бусад баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтээ байна.

7.4 Шүүхээс хар азарганы сэрвээний өндрийг зориулалтын багаж, мэргэжлийн шинжээчээр хэмжүүлэх шаардлагатай гэж үзэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 156, 2023 оны 11  дүгээр сарын 17-ны өдрийн 198 дугаар захирамжаар Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны холбогдох мэргэжилтнүүдийг шинжээчээр томилж Завхан аймгийн Алдархаан сумын Донойн хөндийд байрлах аймгийн хурдан морь хэмжилтийн талбайд зориулалтын багажаар /лазер хэмжигч/ 2 удаа шинжилгээ хийлгэхэд шинжээч нарын эхний дүгнэлтээр буйлан тамгатай хар азарганы сэрвээний өндрийг 139.6 см, нэмэлт шинжилгээ хийлгэхэд хар азарганы сэрвээний өндрийг 138.9 см, 139.4 см, 139.2 см гэсэн дүгнэлт гаргасан ба нэмэлт шинжилгээний дүгнэлттэй хариуцагч маргаагүй, хар азарганы сэрвээний өндөр нь Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 5.3.1-д заасан 140 см байх хэмжээнээс илүү гараагүй байх тул Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд аман хүзүүнд орсноор цоллож баталгаажуулах үндэслэлтэй байна.

7.5 Гуравдагч этгээд Э................... тайлбараар аман хүзүүнд орсон азарганы бай шагналд мотоцикл, 1 сая төгрөг олгосон гэх ба нэхэмжлэгч нь азарганы уралдааны 2 дугаар байрны шагнал мотоциклийн үнэ 3.000.000 төгрөг, бэлэн мөнгөний шагнал 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж мотоциклийн үнийг 3 сая төгрөгөөр тооцож нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нараас энэхүү үнийн дүн дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

7.6 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үндэсний их баяр наадмыг уламжлалт ёс заншил, өв соёлд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хороо, аймаг, сумын хороо хариуцна” 16.5-д “Зохион байгуулах хороо нь улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.6-д “бөх, уяач, сурын болон шагайн харваачид бай, шагнал олгох”, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 10.1-д “Баяр наадамд түрүүлсэн, айрагдсан морьдыг эзэн, уяач уралдаанч хүүхдийн нэрээр цоллон алдаршуулж, бай шагналыг наадамчдын өмнө олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.*******ийн азарганы уралдааны 2 дугаар байрны шагнал мотоциклийн үнэ 3.000.000 төгрөг, бэлэн мөнгөний шагнал 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.5, 16.5.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Завхан аймгийн Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд М.*******ийн нэр дээрээ бүртгүүлж уралдуулсан хар азаргыг

2 дугаар байранд орсныг цоллож баталгаажуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2 дугаар байранд орсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, тус азарганы уралдааны 2 дугаар байрны бай шагнал мотоциклийн үнэ 3.000.000 төгрөг, бэлэн мөнгөний шагнал 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг Завханмандал сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын хорооноос гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                 Ч.ЦЭНД-ОЧИР

                                  А.ТҮВШИНТУЛГА