Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01698

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/01698

 

 

Г.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01905 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Гын хариуцагч Т.О, “Б.Ө” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 13 963 800 төгрөг, ажлын доголдлыг засуулахад гарсан зардал 11 115 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагчийн өмгөөлөгч О.Майцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2015 оны 8 сард Т.Отэй харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Тэнгэр Вилла” хотхоны 115 дугаар байрны 3 тоот орон сууцандаа засвар хийлгэхээр болж, ажлын хөлсөнд 170 сая төгрөгийг төлсөн бөгөөд хийх ёстой ажлаас хийгдээгүй ажил үлдсэн, мөн зарим ажлын чанар хангалтгүй байсан учраас үлдэгдэл мөнгийг тухайн ажлуудыг хийж дууссаны дараа төлөхөөр тохиролцсон. Гэтэл Т.О нь үлдэгдэл мөнгийг төлөхгүй байна хэмээн 2016 оны 01 сарын 28-ны өдөр хүмүүс дагуулж ирэн орон сууцны гаднах шат, хана, хашаа, усны хоолой зэрэг эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн. Энэхүү хууль бус үйлдэлтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд Т.От холбогдуулан 201626030265 дугаар хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгасан. Улмаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 234 дүгээр тогтоол гарч Т.О нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 13 963 800 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон боловч гэмт хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Т.Оээс бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний хохиролд 13 963 800 төгрөг, хариуцагч “Б.Ө” ХХК-аас ажлын доголдлыг засуулахад гарсан зардал 11 115 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч“Б.Ө” ХХК, Т.О нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г, Т.Сайнхүү нарын хүсэлтийн дагуу би үнэ төлбөргүйгээр засварын ажлын төсөв гаргаж, уг төсөв нь 217 297 742 төгрөг болсон. Засварын явцад тэд өдөр бүр ирж ажлаа шалгаж, санаагаа байн байн өөрчилж нэг ажлыг олон дахин сольж, яг өөрсдийн хүссэнээрээ хийлгэсэн. Нэмэгдэл маш их өөрчлөлт, зардал гарч байсан ба ажил дуусахаар нэг мөсөн тооцъё гэхээр нь итгэж явсаар ийм байдалд хүрсэн. Ажил дуусаж гүйцэтгэл гаргахад 238 881 606 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, тохиролцсоноос 38 881 606 төгрөгийн илүү ажил хийсэн байсан. Гэвч Т.Сайнхүү, Г.Г нар нь 170 000 000 төгрөг л төлсөн. Ажил дуусахад тэд нар манай ажилчдыг хоол цайгаар дайлж сэтгэлд нь хүрсэн, их сайхан боллоо, баярлалаа гэж хэлсэн бөгөөд манай ажил чанартай болсон, таалагдсан гэж бодож байна. Тооцоо хийж ажлаа хүлээлгэх гэсэн боловч тэд нар утсаа авахгүй болж, мессеж бичихэд хариу өгөхгүй, гэрт нь очихоор хаалгаа онгойлгохгүй, жижүүртээ битгий оруул гээд хэлсэн гээд оруулахгүй, санаатайгаар зугтааж эхэлсэн. Тэгээд бид материалаа буулгаж авахаар буюу 01 сарын 28-ны өдөр очиж өөрийн мөнгөөр хийж гүйцэтгэсэн зүйлсээ эргүүлэн зарж борлуулах юмуу, дахин ашиглаж мөнгө болгох зорилгоор буулгаж эхэлсэн. Биднийг буулгаад 10-15 минут болж байхад Т.Сайнхүү гарч ирж цагдаа дуудсан гэснээр ажлаа зогсоож, цагдаа ирсэн. Бидний буулгасан дээврийн ус зайлуулах хоолой бүрэн бүтнээрээ манай компанийн складад хадгалагдаж байгаа ба буулгасан шатны нэг хайс нь эргүүлээд гагнахад л болохоор бүрэн бүтнээрээ, хананы буулгасан чулууны 75 хувь нь эргүүлэн ашиглахад боломжтой хэвээрээ Г.Гынд байгаа болно. Довжооны чулууг буулгахад хөлдүү учраас хагараад байсан. Бидний хийсэн ажлаа буулгасан нь нэг ч гэсэн материалаа буцааж авч, мөнгө болгох зорилготой байсан болохоос биш ийм их мөнгөний авлагатай байж эвдэж, сүйтгэж өөрсдөдөө илүү их хохирол учруулах зорилго огт байгаагүй гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд дээр дурдсан шалтгаан, үндэслэлүүдийг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Оээс гэм хорын хохиролд 10 249 800 /арван сая хоёр зуун дөчин есөн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 714 000 /гурван сая долоон зуун арван дөрвөн мянган/ төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч “Б.Ө” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 11 115 000 /арван нэгэн сая нэг зуун арван таван мянган/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 769 төгрөг, 192 790 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 389 210 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Г.Гад буцаан олгож, хариуцагч Т.Оээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 79 753 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт буюу Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 243 дугаартай тогтоолыг буруу тайлбарлаж, дүгнэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг үндэслэн хариуцагч Т.О нь хууль бусаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг гагцхүү шүүх тогтооно гэсэн гэм буруугийн үндсэн зарчимтай зөрчилдсөн байна. Өөрөөр хэлбэл, прокурорын тогтоолд “... Т.О нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, 13,963,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна...” гэсэн байгааг шууд нотлогдсон баримт гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Акпар аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, хууль ёсны шаардлага хангасан эсэхийг анхаарч үзээгүй. Уг шинжээчийн дүгнэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт биш нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримт. Тиймээс уг нотлох баримтыг шинжээчийн дүгнэлт хэмээн үзэх боломжгүй. Мөн “Акпар аудит” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-ний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан тус компанийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь 2017 оны 1 дүгээр сард гарсан. Дээрхээс дүгнэхэд шинжилгээ хийх эрхгүй этгээд хөрөнгийн үнэлгээ хийсэн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад томилогдон дүгнэлт гаргасан 2 шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг бөгөөд уг дүгнэлтүүдэд хохирлын хэмжээг 2 сая орчим төгрөг гэж заасан байдаг. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Т.О, “Б.Ө” ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 13 963 800 төгрөг, ажлын доголдлыг арилгуулахад гарсан зардал 11 115 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх32, 145-147, 2хх 121,122/

            Г.Г нь хариуцагч Т.Оийн “Б.Ө” ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Тэнгэр Вилла” хотхоны 115 дугаар байрны 3 тоот орон сууцанд засвар хийлгэн ажлын хөлсөнд 170 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт төлбөр төлсөн баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /1хх-79/

 Нэхэмжлэлд дурдагдаж буй засварын ажил хийлгэсэн орон сууц нь Г.Гын хүү Г.Ханхүүгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамт эзэмшин амьдардаг, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч нь ажлын үлдэгдэл хөлс төлөөгүй гэх маргааны улмаас уг орон сууцны гаднах шат, хана, хашаа, усны хоолой зэргийг эвдэж устгаж 13 936 800 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хан уул дүүргийн Прокурорын газрын тогтоол, мэдэгдэх хуудас, эрүүгийн хэрэг шалгах явцад тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байна. /1хх-2,3,4,6-9/

Хариуцагч орон сууцны зарим хэсгийг устгаж, эвдсэний улмаас нэхэмжлэгч нь Г.Төмөрхуягтай барилгын засврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, сэргээн засуулсан ба гэм хор учрууулсны зардалд 13 936 800 төгрөгийг нэхэмжилснээс төлбөр төлсөн баримтыг үндэслэн 10 249 800 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно. /1хх-14-15, 2хх-106,107/

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 234 дугаар тогтоолоор хариуцагч Т.От холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан буруутайг тогтоож, хохирлыг арилгах үүргээс чөлөөлөхгүй юм. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн энэ талаарх тайлбар, гомдол үндэслэлгүй.

            Мөн хариуцагч нь “Акпар аудит” ХХК-ийн шинжээч Х.Баянбайгийн дүгнэлтийг “... иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт биш, тусгай зөвшөөрөлгүй байхад дүгнэлт гаргасан ...” гэж маргасан. Эрүүгийн хэргийг шалгах явцад гэм хорын хохирлыг тогтоосон шинжээч нь мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээтэй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй болох нь 2 дугаар хавтас хэргийн 95-103 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна. Хариуцагч нь энэхүү шинжээчийн дүгнэлтийн хувьд буюу гэм хорын хохирлын хэмжээний талаар хэргийг эрүүгийн журмаар мөрдөн шалгаж байх үед ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж байгаа талаар гомдол, хүсэлт гаргасан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг бичмэл нотлох баримтын хувьд үнэлэн шийдвэрээ гаргасныг буруутгах боломжгүй юм. Зохигчид иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын чанар доголдолтой холбоотой шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргаж шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд эдгээр хүсэлтийг шийдвэрлэсэн байна./1хх-120-121,151-152,2хх-22-24,31/

            “Б.Ө” ХХК-иас ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан нэхэмжлэгч доголдол арилгахад гарсан зардал гэж 11 115 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагаа баримтаар нотлоогүй байх тул шүүх нэхэмжлэлийн 11 115 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна. Шүүх ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой энэхүү шаардлагыг шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь буруу боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй учир шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн маргааныг шийдвэрлэсэн байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01905 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 974 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                     ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

                                                                                         Б.НАРМАНДАХ