Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 166

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,

            Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зөөд овгийн Б.А-т холбогдох эрүүгийн 1735000000087 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй ам бүл 9, аав, ээж 6 дүүгийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суудаг, регистрийн дугаар ОЙ92070111, Зөөд овгийн Б.А.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн нутаг Мунжив зүүн тал гэх газарт байсан хохирогч Х.Б-ны өвөлжөөний модыг 19-18 УВХ улсын дугаартай портер загварын авто машин ашиглан хулгайлж 153.900 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

          Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн нутагт байрлах Мунжив зүүн тал гэх газарт байрлах хохирогч Х.Б-ны өвөлжөөнөөс шон мод, банз мод хулгайлж, түүнд 153900 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Х.Б-ны мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 сарын 11-ний өдөр Өмнөговь сумын 2 дугаар багийн нутагт байрлах өвөлжөөндөө ганцаараа очиж үзэхэд ямар нэгэн зүйл алга болоогүй, устаж гэмтсэн зүйл байхгүй байсан. 2017 оны 11 сарын 01-ний өглөө өвөлжөөндөө буухаар очиход өвөлжөөний шон мод, банз мод хулгайлагдсан байсан. Тухайн модыг тоолж үзэхэд 12 ширхэг шон мод, 21 ширхэг банз мод алга байсан. 2017 оны 11 сарын 02-ны өдөр би өвөлжөөндөө гэртээ манай эхнэр А бид хоёр байхад Б.А гэгч нь төрсөн ээж П, эгч Ц нарын хамтаар өөрийн 09-18 УВХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр банз мод, шон модыг авчирч өгч, уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/, гэрч А.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн төрсөн хүү А, У, Ц нарын хамт Б.А-ын 09-18 УВХ улсын дугаартай, цэнхэр өнгийн портер автомашинаар Ховд гол хөвөөнөөс аргал түүж автомашины чиргүүлийг дүүргэж ачсан. Аргалыг ачиж дуусаад бид гэр үрүүгээ явсан. Б.А өөрийн 09-18 УВХ улсын дугаартай автомашин асаагаад Өмнөговь сумын төв ачсан аргалаа зарахаар ганцаараа 19 цагийн орчимд яваад бид нарыг унтаж байхад ирсэн. ...би амбаараас сав авах гээд ороход амбаарт шон мод, банз мод байхаар гайхад нөхөр Б-ээс ямар учиртай болохыг асуухад би яаж мэддэг юм гэж хэлсэн. А-ыг чи ямар мод хаанаас аваад ирсэн юм гэхэд та хоёроос айгаад хэлж чадаагүй юм Яаяа гэгчийн өвөлжөөнөөс аваад ирсэн. Хашаа барих гэж авсан гэж хэлсэн. Манай нөхөр Б, бид хоёр уурлаж чи яагаад хулгай хийсэн юм хүний нэр боддоггүй. Нэр хугарахаар яс хугар гэдэг, ичмээр юм бэ яг одоо хүргэж өг гэсэн. 2017 оны 11 сарын 02-ны өдөр би төрсөн хүү Б.А-ын хамтаар тухайн модыг Х.Б-н гэгчид хүргэж өгч, уучлалт гуйсан. Манай хүү Б.А сумын төв орж хэсгийн төлөөлөгчтэй уулзана гэж хэлээд явсан. Хүү А нь зан аашийн хувьд хүлээцтэй, даруухан, энэрэнгүй, өрөвч, тусархуу, эелдэг зөөлөн бөгөөд урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. Ажил хөдөлмөрт сайн, гагнуур хийдэг, мал хариуцлагатай малладаг болохоор өвөлд малчид малаа маллуулахаар санал их тавьдаг. Айлын ууган хүүхэд, доороо 6 дүүтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/, Гэрэгэ Валюэшн ХХ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн УВ/01/166 дугаар шон мод, банз мод үнэлсэн үнийн тодорхойлолт /хх-ийн 55-56 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 12-19 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-16 тал/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 тал/, эд зүйл мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 34-36 тал/, шүүгдэгч Б.Анхбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Улиастай багийн нутагт байрлах гэр үрүүгээ явж байхдаа айлын өвөлжөөн дээр өтгө харах гэж очиод шон мод 12, банз мод 21 ширхэгийг авсан. Хашааны гадна, дотно талаас шон модыг хөдөлгөж суллаад сугалж авсан. Машины боолт тайлах зориулалт бүхий түлхүүрээр хөшиж аваад гэртээ очиод тухайн шон мод, банз модыг гэрийн хойд хэсэгт байрлах амбаарт хураачихаад өөрийн гэртээ орж унтсан. Би тухайн өвөлжөөнөөс шон мод, банз модыг хашаа барих гэж авахад аав, ээж нар мэдээд хүргэж өг гэсэн тул өөрийн эзэмшлийн 09-18 УВХ улсын дугаартай Хюндай портер маркийн автомашинаар Мунжив гэх газарт байрлах Х.Б-н гэгчийн өвөлжөөн дээр хүргэж өгч, уучлалт гуйсан. Буруу зүйл хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

           Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс/ хэнд ч /-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.А-ын хохирогч Х.Б-ы өвөлжөөнд байсан шон мод, банз модыг эзэнд нь мэдэгдэхгүйгээр авч явсан үйлдэл шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

        Мөн хулгайн гэмт үйлдэлдээ өөрийн үйлдлээ түргэсгэх, зөөвөрлөх, учрах саадыг арилгах зорилгоор 09-18 УВХ улсын дугаартай портер загварын ачааны автомашиныг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

          Иймд прокуророос ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй,  зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.А-ыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

           Шүүгдэгч Б.А нь машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Шүүгдэгч Б.А-ын хувийн байдал тогтоосон гэрч А.П, Б.Б нарын мэдүүлэг, Улаангом сумын 2 багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41, 44, 78-79, 80 тал/ зэрэг нотлох баримтуудаар Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт амьдардаг, доороо 6 дүүтэй, аав, ээж, дүү нарын хамт байдаг, эелдэг зөөлөн зантай, архи, тамхи хэрэглэдэггүй, бусдад тусархаг, нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй болох нь тогтоогдож байх ба анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна.

      Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу хулгайлж авсан эд зүйлээ буцаан өгч, хохирогчийг гомдолгүй болгосон байх тул шүүгдэгч Б.А-аас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

           Шүүгдэгч Б.А-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5-д заасан “учруулсан хохирлыг төлсөн, өөрийгөө илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

            Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй, гомдолгүй гэсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

           Хэргийн 84 дүгээр талд авагдсан Увс аймгийн автотээврийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаар тодорхойлолтоор шүүгдэгч Б.А-ын нэр дээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 09-18 УВХ улсын дугаартай Хюндэй загварын автомашин бүртгэлтэй, түүний өмчлөлийнх болох нь тогтоогдсон байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

       Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.А-ын эзэмшлийн 09-18 УВХ улсын дугаартай Хюндэй загварын портер автомашиныг улсын орлогод шилжүүлэхээр, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн эд зүйл болох хуурайг устгахаар тус тус шийдвэрлэсэн болно.

            Хэрэгт битүүмжилсэн эд зүйл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй,  шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Зөөд овгийн Б.А-ыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Зөөд овгийн Б.Ат 1 /нэг/ жил 1 /нэг/ хоног хорих ял шийтгэсүгэй.  

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

             4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч нь шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Б.А-ын эзэмшлийн 09-18 УВХ улсын дугаартай Хюндэй Портер /Hyundai/ загварын хөх өнгийн автомашиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, хуурайг устгасугай.  

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА