| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 102/2016/01798/И |
| Дугаар | 001/ХТ2016/00998 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2016/00998
Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1165 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.Энхзаяа, Э.Энхбаяр, Д.Эрдэнэбаатар нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 114 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Г.Энхзаяа, Э.Энхбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Сэдэд, Д.Цэцэгмаа бид 2014.6.25-ны өдөр Г.Энхзаяа, Д.Эрдэнэбаатар нарын хүсэлтээр 50 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 2015.3.25-ны өдөр хүртэл буюу 9 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж, зээлийн барьцаанд Ү-2205003900 дугаартай бүртгэлийн гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 10-р байрны 30 тоот 29 м.кв хоёр өрөө байрыг барьцаалан Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлж, зээлийн мөнгө болох 50 000 000 төгрөгийг зээлдэгч нарт өгч, мөнгө хүлээлцсэн акт үйлдсэн болно.Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгчид 9 сарын хугацаанд сар бүр хүү болон зээлийн үндсэн төлбөрөөс нийт 6 724 650 төгрөгийн төлөлт хийж, зээлийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн юм.Гэтэл зээлдэгч Г.Энхзаяа, Д.Эрдэнэбаатар нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн хүүнд 2014.7.25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014.8.29-нд 2 000 000 төгрөг төлсөнөөс хойш нэг ч төгрөг нэмж төлөөгүй болно.2014.6.25-ны өдрөөс 2015.3.25-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд төлөгдөөгүй үндсэн зээл 50 000 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 14 000 000 төгрөг, зээл болон хүүг сар бүр тэнцүү хэмжээгээр төлж байхаар тохиролцсон хугацааг зөрчсөн тул алданги 4 660 000 нийт 68 660 000 төгрөг төлөх ёстой байв.Бид 2015.3.25-нд зээлдэгч талын хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2014.6.25-ны өдрийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбаатарын гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагыг Э.Энхбаярт шилжүүлж, зээлийн гэрээний хугацааг 2015.3.25-ны өдрөөс 2015.9.25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай сунгаж, зээлийн үндсэн дүн 50 000 000 төгрөгт сарын 4 хувийн хүү тооцон, урдны төлөгдөөгүй зээлийн хүү, алданги болох 18 660 000 төгрөгийн 50-70 хувийг 2015.4.25-ны дотор төлөх ба үлдсэн хувийг дараагийн сард төлөх гэх мэтчилэн уян хатан нөхцөл оруулж, ямар ч тохиолдолд 2015.9.25-ны өдөр зээлийн тооцоог үл маргах журмаар төлж барагдуулах, үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон.Гэтэл зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн хууль ёсны үүргээ биелүүлээгүй, биднийг өдий хүртэл хохироож байна. 2015.3.25-наас 2015.9.25-ны өдөр хүртэл төлөгдөөгүй үндсэн зээл 50 000 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 12 000 000 төгрөг /50 000 000 *0,5 хувийн алданги = 250 000 төгрөг, 250 000 * 123 хоног/ 2015.09.25-наас 2016.01.25/ = 30 750 000 төгрөг болно. Нийт төлөгдөөгүй хүү 26 000 000 төгрөг, төлөгдөөгүй зээл 50 000 000 төгрөг, алданги 38 000 000 төгрөг, бүгд 114 000 000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийг барьцаа болох Г.Энхзаяагийн өмчлөлийн БГД 5-р хороо, 10-р хороолол, 10-р байрны 30 тоот хаягт байрлах барьцаа хөрөнгийг худалдаж, үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:...Миний бие энэ хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нараас нэхэмжилж буй мөнгийг би авч ашиглаагүй, зээлийн гэрээнд ч зээлдэгчээр оролцоогүй. Зээлийн гэрээгээр хэнд мөнгө шилжүүлсэн нь баримтаар нотлогдох болно. 2015 оны 3 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр Энхзаяа, Энхбаяр нар авч ашигласнаа хүлээн зөвшөөрч дахин гэрээ байгуулсан, би хариуцахгүй гэжээ.
Хариуцагч Э.Энхбаяр, Г.Энхзаяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэн Энхбаяр, Энхзаяа нар нь зээл болон барьцааны гэрээний хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Энхзаяагаас 114 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгож, Д.Эрдэнэбаатар, Э.Энхбаяр нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч тогтоох хэсгийн 1-д заасан төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд Ү-2205003900 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 10-р байрны 30 тоот, 29 м.кв хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхзаяагаас 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1165 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “282.3” гэснийг “282.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Энхзаяагийн төлсөн 727 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагч Г.Энхзаяа, Э.Энхбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхийн шийдвэрийг процессын алдаа гаргаж, хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу шүүх анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргадаг бөгөөд нотлох баримтыг нэг бүрчлэн бодитойгоор шинжлэн судалж, хооронд нь харьцуулан үзэж, хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэн дотоод итгэл үнэмшлээр чөлөөтэй үнэлэх ёстой....Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх нь 2016.4.01-ний өдөр шүүх хурал давхцаж өөрийн биеэр хойшлуулах хүсэлтээ өгөх болоход Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын шүүх хуралдааны хурлын товыг орхигдуулсан ба хурал 13 цагаас эхлэх тул товыг хүнээр өгч явуулсан боловч хоцорсон юм. Шүүгчийн туслах нь миний үйлчлүүлэгч Г.Энхзаяа, Э.Энхбаяр нарт тухайн үед утсаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хурал давхацсан талаар мэдэгдээгүй процессийн алдаа гаргасан ба шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч түүний тооцооллыг гаргах санхүүгийн болон хууль зүйн үндэслэлийг судлах, мэтгэлцэх хэргийн оролцогчийн эрхийг хангахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх боломж хаагдсан байна. Шүүх хэргийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д зааснаар үнэнд үл нийцэж шийдвэрлэсэн.Иймд процессийн алдаа, хууль буруу хэрэглэсэн учир бидний үнэн зөв хуулиар олгогдсон эрхээ эдэлж үүргээ хүлээх боломжоор хангаж өгнө үү гэжээ
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний засвар оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээс өмнө хэлэлцэж, баримтаар нотлогдоогүй хүсэлтийг хангах боломжгүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх хүсэлтдээ ямар хэргийг хянан хэлэлцэх ямар шүүхийн шүүх хуралдаан давхацсан талаар нотлох баримт хавсаргаж ирүүлээгүйгээс гадна хүсэлтдээ энэ талаар заагаагүй байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж зөв дүгнэлт хийжээ.
Шүүх маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг нотолсон нотлох баримтын бүрдэл зэрэг асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Нөгөө талаар, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, хүү, алданги тооцох үндэслэл, барьцааны эрх, хамтран үүрэг гүйцэтгэгчдийн үүрэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 282.4., 242 дугаар зүйлийн 242.3., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан шаардлагад нийцжээ.
Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрхийнхээ дагуу бүрэн оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангагдсан байна.
Иймд хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1165 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 727 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН