Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0582/з |
Дугаар | 471 |
Огноо | 2018-11-21 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 471
“Т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Л.Атарцэцэг
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Т к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Т к” ХХК-ийн NE-026455 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах, “Т к” ХХК нь Төв аймгийн Баян сумын Гурван зохио нэртэй газар 3260.38 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0464 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0512 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.З-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0464 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг тус тус баримтлан “Т к” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Т к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Т к” ХХК-ийн NE-026455 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах, “Т к” ХХК нь Төв аймгийн Баян сумын Гурван зохио нэртэй газар 3260.38 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0512 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 464 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 512 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-д “30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан байдаг.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага. Өөрөөр хэлбэл хугацаандаа ирсэн үү үгүй юу гэдгийг хянаж, улмаар хугацаандаа ирээгүй гэж үзэж шийдэх, зөвшөөрсөн гэж үзэх этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар.
6. Гэтэл АМГ-аас Төв аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл явуулсан байдаг бөгөөд Төв аймгийн Засаг даргын саналыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан байдаг. Эндээс харахад Төв аймгийн Засаг даргын санал 5 хоногоор хоцорч ирсэн байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-д зааснаар “зөвшөөрсөн гэж үзэх” бүрэн үндэслэл юм. Гэтэл Кадастрын хэлтэс хугацаа хожимдож ирсэн саналыг хугацаандаа гэж тооцож хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй юм.
7. Хамгийн энгийн жишээ бол шүүхэд гомдол гаргах хугацааг хэрвээ 5 хоног хэтрүүлсэн бол шүүх хүлээн авах уу. Тэгэхээр хуулиар тодорхой хугацаа өнгөрмөгц хүлээн зөвшөөрсөн гэж үзээд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гээд заачихсан байхад түүнийг зөрчиж хугацаандаа гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
8. Түүнээс гадна магадлалд Төв аймгийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 37 тоот шийдвэрийн зарим хэсгийг ишлэсэн байдаг. Гэтэл Төв аймгийн шүүхэд Кадастрын хэлтсийн гаргасан 360 дугаар акттай холбоотой маргаан явагдаагүй.
9. Зөвшөөрсөн гэж үзэх эсэхийг шийдэх эрх бүхий этгээд нь төрийн захиргааны байгууллага. Төрийн захиргааны байгууллагын гаргасан акттай холбоотой хэсэг зөвхөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хугацаатай холбоотой маргаан зөвхөн энэ шүүх дээр яригдаж байгаа. Гэтэл огт хамааралгүй дүгнэлтийг ишлэж байгаа нь үндэслэлгүй.
10. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 464 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 512 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
12. Нэхэмжлэгч “Т к” ХХК-иас “Манай компани нь Төв аймгийн Баян сумын нутаг Гурван зохио нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026455 дугаарт бүртгэн, ...дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн ...талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан... Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” гэж, хариуцагчаас “...Төв аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1472 тоотоор NE-026455 өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн...” гэж тус тус маргажээ.
13. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 360 дугаар шийдвэрийн холбогдох хэсгээр Засаг даргын “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн нэхэмжлэгч “Т к” ХХК-д Төв аймгийн Баян сумын нутаг Гурван зохио нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэсэн байна.
14. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д зааснаар нэгэнт тухайн орон нутгийн Засаг дарга татгалзсан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж буруутгах боломжгүй юм.
15. Мөн “Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд хариуцагч тухайн санал хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэхийг шалгах үүргийг хуулиар хүлээгээгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.
16. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “Т к” ХХК-иас Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот тогтоолын “Т к” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, уг шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0037 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
17. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцож, “өргөдөл”-өөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт өөрчлөгдөн хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор тусгагдаж, уг хууль хүчин төгөлдөр болсон байх тул Төв аймгийн Баян сумын Гурван зохио нэртэй 1103.02 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоох нь хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” зарчим, агуулга, зохицуулалтад нийцэхгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.
18. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Засаг даргын санал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах арга журмыг хуулиар тусгайлан зохицуулаагүй, нөгөөтэйгүүр уг “санал”-ыг бие даасан эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт гэж үзэн үүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
19. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Заантогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0464 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0512 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН