Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 15

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч Б.Ганбат, хариуцагч Л.Батхуяг, гуравдагч этгээд Ц.Хуяг нарыг оролцуулан иргэн Б.Ганбатын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Шинэ жинст сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шинэ жинст сумын Засаг даргын Тамгын газар мал эмнэлэг үржлийн тасгийн даргын орон тооны сонгон шалгаруулалтыг 2015 оны 09дүгээр сард зарласан. Миний бие энэхүү сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс ажилд томилох тухай албан бичиг тус сумын Засаг даргын Тамгын газарт ирсэн байдаг.

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Тамгын газрын даргад хандан Төрийн албаны хуулийн дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүссэн өргөдөл өгсөн. Гэтэл “...өргөдлийг Төрийн албаны салбар зөвлөлд албан бичгийн хамт явууллаа, хүлээж байгаарай...” гэсэн. Төрийн албаны салбар зөвлөл “...бид шийдвэрээ явуулсан, таны шийдэх асуудал...” гэсэн хариуг өгсөн гэдэг. Намайг мөн тус зөвлөлд хандахад тийм хариу өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр утсаар ярьж “...одоо ажиллаж буй хүн нь ажлын байранд тэнцэхгүй гарахгүй гээд байгаа тул шүүхээр шийдүүлэх нь зөв...” гэсэн хариуг өгсөн.

Иймд хуулийн хүрээнд Шинэ жинст сумын мал эмнэлэг үржлийн тасгийн даргын албан тушаалд томилохыг Шинэ жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Л.Батхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн даргаар одоогоор Цэрэндуламын Хуяг нь ажиллаж байгаа нь үнэн болно. Ц.Хуягийг өмнөх Тамгын газрын дарга байхад нөөцөөс томилсон байдаг.

Нөөцөөс томилогдсон албан бичгээ Төрийн албаны салбар зөвлөлд явуулаагүйгээс Мал эмнэлэг үржлийн тасгийн даргын орон тоо зарлагдсан. Тухайн үед нь Төрийн Албаны Салбар зөвлөлд учир шалтгааныг хэлсэн боловч одоо боломжгүй  гэсэн хариу өгсөн. 9 дүгээр сард зарлагдсан уг ажлын байранд Буухүүгийн Ганбат тэнцсэн ба Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  181 тоот бичгээр тухайн зарлагдсан орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн албан бичиг ирсэн. Тухайн үед 2 иргэнээс өргөдөл ирсэн тул 2  иргэнийг хоёуланг нь дуудан нүүр тулан уулзаж энэ ажлын байран дээр 2  иргэний аль нь байх ёстойг үнэн зөвөөр шийдэхийн тулд Төрийн албаны салбар зөвлөлд 2 иргэний өргөдлийг албан тооттой хүргүүлсэн ба Төрийн албаны салбар зөвлөлөөс танай шийдэх асуудал гэсэн хариу өгсөн. Энэ хариуг 2 иргэн дамаар болон утсаар танилцуулсан ба ер нь шүүхээр шийдэх нь зөв гэсэн санал гаргасан. Одоо ажиллаж байгаа Ц.Хуяг нь “Би бол ажлаас гарах үндэслэл байхгүй”  гэсэн хариу өгдөг учир өдий болтол шийдвэргаргаагүй явж байна. Уг нь энэ ажлын байран дээр Малын их эмч мэргэжилтэй, дээд боловсролтой хүн байх ёстой ба Ц.Хуяг нь дундын зоо болон нягтлан бодогчийн дээд боловсролтой,   харин Б.Ганбат нь Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, дээд боловсролтой болно. Иймд энэ 2 хүний асуудлыг үнэн зөв шийдэхийн тулд өдий  хүргэсэн.” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Хуяг шүүхэд гаргасан тайрбартаа: “Миний бие тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга буюу Мал аж ахуйн үрдвэрлэлийн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргжилтнээр 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Энэхүү ажил, албан тушаалд томилогдон ажиллах эрх зүйн үндэслэл нь:

1. Малзүйч, нягтлан бодогчийн мэргэжилтэй, дээд боловсролтой,

2. Төрийн албаны мэргжлийн шалгалтанд 1999 онд орж тэнцэн тухайн үед Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн мэргэжилтнээр ажиллаж байсан ба түүнээс хойш багийн Засаг дарга, Нийгмийн хөгжлийн ажилтан зэрэг ажил албан тушаал эрхэлж, гэр бүлийн хүнээ эмчлүүлэх зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаар 2013 оны 08 дугаард ажлаасаа чөлөөлөгдсөн болно.

3. Тухайн үед ажлаас чөлөөлөгдөх тушаалын үндэслэлийг хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэл болгосоннь төрийн албан хаагчийн нөөцөөс хасагдсан байж болзошгүй гэсэн үүднээс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргаж, албан тушаалд ажиллуулахыг хүссэн юм. Үүний хариуд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Биндэръяагийн албан бичиг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 43 тоот албан бичгээр хариу ирсэн. Энэхүү албан бичгийг үндэслэн тухайн үед зарлагдсан байсан  мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар томилогдсон болно. Энэ албан тушаалд томилогдсоны дараагаар Засаг даргын Тамгын газрын дарга тэтгэвэрт гарсан тул Тамгын дарга нар нөөцөөс зарлагдсан ажлын байранд намайг томилсон албан бичгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлээгүй байснаас болж хавар зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтыг 09 дүгээр сард дахин зарласан. Тухайн үед энэ албан тушаалд нөөцөөс хүн авч ажиллуулж байгаа талаар Төрийн албаны салбар зөвлөлд мэдэгдсэн боловч зарыг татан авах боломжгүй гэснээр иргэн Б.Ганбат тус шалгалтанд тэнцсэн байдаг.

Миний бие энэ асуудлаар ажлаа хүлээлгэн өгөх эрх зүйн үндэслэл байхгүй. Шинэ жинст сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллах мэргэжил, хууль зүйн үндэслэл байгаа гэж миний бие үзэж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Ё.Буджав шүүхэд гаргасан тайлбартаа: “Намайг Б.Ганбатын хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэр гаргасан байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргагч Б.Ганбатын мэргэжил ба Төрийн албаны зөвлөлөөс ажлын байр зарлаж тэнцсэн орон тоо нь миний ажиллаж байгаа ажлын байр мэргэжлээс өөр юмаа. Миний бие нь 2013 оноос Шинэжинст сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн юм. Иймд миний эрх ашиг зөрчигдөхгүй учир би шүүх хуралд оролцохгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Ганбат тус шүүхэд анх “Шинэ жинст сумын мал эмнэлэг үржлийн тасгийн даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Шинэ жинст сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах” гэж тодруулсан бөгөөд энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Малын удмын сан, эрүүл мэндийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Сум, дүүрэгт мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж ажиллах бөгөөд нэгж нь дараахь чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж болно.”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 01-ний 223 дугаар “Мал эмнэлэг, үржлийн нэгж байгуулах тухай” тогтоолоор орон нутгийн боловсон хүчний нөөцөд тулгуурлан сумдын Засаг даргын тамгын газрын бүтцэд мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг зохицуулах, хянах мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий нэгжийг 2010 оны 9 дүгээр сард багтаан байгуулахаар шийдвэрлэсний дагуу сумдад мал эмнэлэг, үржлийн тасгийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл бүрджээ.

Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байсан Г.Оюунчимэг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарч[1], уг ажлын байранд сул орон тоо бий болсон байна. Улмаар мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар Ц.Хуягийг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаар тушаалаар томилон[2] ажиллуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэж заажээ.

Хариуцагч Шинэ жинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батхуяг нь нэхэмжлэгч Б.Ганбатыг мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний орон тоонд шууд томилох эрхгүй бөгөөд дээрх хуулийн заалтын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа болон төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулахаар байна.  Уг албан хаагчдаас нөхөх боломжгүй бол Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.” гэж заасны дагуу нөөцөд бүртгэгдсэн иргэдээс шалгаруулж авах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд гаргаж, зохих журмын дагуу шалгарсан иргэнийг томилж сул орон тоог нөхөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.Ганбатыг Шинэ жинст сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнээр томилоогүй нь хариуцагчийн хууль ёсны эс үйлдэхүй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл даалгах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллага, албан тушаалтны ажилд томилохгүй байгаа хууль бус эс үйлдэхүйтэй холбоотойгоор гаргах боломжтой.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Б.Ганбат 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан төрийн албаны мэргэшлийн шалгаруулалтад оролцож, /64,67 оноогоор тэнцсэн[3]/ Шинэ жинст сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний албан тушаалын нөөцөд Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 166 дугаар “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор[4] бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний сул орон тооны сонгон шалгаруулалтад орох үедээ Шинэ жинст суманд тухайн байгууллагад болон холбогдох төрийн байгууллагад ажиллаж байгаагүй болохоо мэдүүлсэн[5] атал Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181 дүгээр албан бичгээр[6] Б.Ганбатыг Шинэ жинст сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам батлах тухай” тогтоолын хасвралтын 6.2.2 дахь хэсгийг зөрчсөн, уг албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн нь нэхэмжлэгчид давуу байдал болохгүй, тухайн албан тушаалд шууд томилогдох үндэслэл биш болно.

Нэхэмжлэгч Б.Ганбат 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан төрийн албаны сонгон шалгаруулалтаар өөрийн тэнцсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэргэжилтний албан тушаалд Ц.Хуягийг томилсон тухай мэдүүлэх боловч түүнийг томилсон тушаалын хууль зүйн үндэслэлээр маргаагүй тул шүүх уг асуудал, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд дээрх сонгон шалгаруулалт зарлагдах, хуулийн дагуу явагдсан эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Мал эмнэлэг, үржлийн мэргэжлийн ажил, үйлчилгээг малын эмч, мал зүйч гүйцэтгэнэ. Малын эмч нь мэргэжлээрээ ажиллах итгэмжлэлтэй байна.”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2010 оны А/231 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн үйл ажиллагааны чиглэл”-ийн 2.3-т “Тасгийн дарга, мэргэжилтнийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргатай зөвшилцөн сумын Засаг даргын тамгын газрын дарга томилж, чөлөөлнө.” гэж тус тус заасныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 17.5, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ганбатын “Шинэ жинст сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН


[1] Хавтаст хэргийн 131 дэх тал, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалаар чөлөөлсөн.

[2] Хавтаст хэргийн 132 дахь тал

[3] Хавтаст хэргийн 87 дахь тал

[4]Хавтаст хэргийн 83-86 дахь тал

[5]2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл

[6]Хавтаст хэргийн 88 дахь тал