| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00477/И |
| Дугаар | 151/ШШ2024/00915 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2024/00915
2024 11 15 151/ШШ2024/00915
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж, шүүгч Д.Алтантуул, шүүгч Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Мгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б,
Хариуцагч: Б нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 50.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б,
Хариуцагч: Ө.Б,
Хариуцагч: Ж.Б,
Хариуцагч нарын өмгөөлөгч: М.Б,
Иргэдийн төлөөлөгч: Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Дагвын М миний бие нь 1954 онд төрсөн, 67 настай бөгөөд өөрийн төрсөн хүү Т.*******ын хамт хоёулаа Т аймгийн З сум Х 3 дугаар багт Өгөөмөрийн 5-4 тоот хаягт амьдардаг байсан. Өөрөөр хэлбэл миний бие нь хүү Т.*******ын асрамжид түүгээр тэжээн тэтгүүлэн амьдардаг байсан. Гэвч 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний хүү амиа алдсан бөгөөд иргэн Ж.Б, Ө.Б нар нь тухайн үед өөрсдийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгөөд байгаа юм байна. Нас нэлээд өндөр болсон миний хувьд бие эрүүл, ухаан саруул байсан хүүгээ алдсандаа туйлын харамсалтай байгаа бөгөөд цаашид түшиж тулах, тэжээн тэтгүүлэх хүнгүйгээр, улам дордож буй эрүүл мэндтэйгээр амьдрахад бэрх болоод байна. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон үйл явдлаас шалтгаалан миний эрүүл мэнд эрс дордоод байгаа болно. Иймд цаашид ганцаараа амьдрах нөхцөлийг бүрдүүлж эрүүл мэнддээ анхаарахад нэмэр болох 50.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж байсан. Гэвч хариуцагч Ө.Б, Ж.Б нар нь өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарынхаа дагуу хэлсэн ярьсандаа хүрвэл саналыг нь хүлээн зөвшөөрч байна. Эвлэрэх боломжтой” гэжээ.
2. Хариуцагч Ө.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Талийгаачид миний бие гар хүрээгүй, тэр байшинд үлдсэн ч гэж мэдээгүй. Цаад өрөөнд байж байгаад Ж.Быг явъя гэхээр нь хамт гараад явсан. Дараа нь тухайн байрны хаалгыг янзлах гээд очтол амь хохирогч хамаг хувцсаа тайлчихсан хэвтэж байсан тул би шокт орж, айгаад түүнээс хойш юу болсныг мэдэхгүй удаагүй цагдаа ороод ирсэн. Д.М гуайгаас уучлал хүсэж байна. Санамсаргүй үйлдэлдээ одоо хүртэл харамсаж явдаг. Энэ хэрэг бол санаатай хүн амины хэрэг байгаагүй, осголт байсан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд найз Бэрээ дамжуулан өмнө нь Д.Мд 500.000 төгрөг өгсөн. Эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа оршуулгын зардалд 4.200.000 төгрөг өгч байсан. Би нэхэмжлэгчид сардаа 200.000 төгрөгийг өгөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл 2 жилийн турш сар бүр 200.000 төгрөг өгнө. Нэхэмжлэлийн шаардлагаас 4.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
3. Хариуцагч Ж.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний хувьд барилгын ажил эрхэлж амьдардаг. Ял эдэлж байх хугацаандаа банканд зээлтэй байсан бөгөөд гарч ирэх үед зээлийн хүү өссөн. Тийм учраас надад их хэмжээний мөнгө өгөх боломж байхгүй. Миний хувьд Д.М гуайд боломжоороо тусална. Сард 300.000 төгрөг өгөх боломжтой, өөрөөр хэлбэл 2 жилийн турш сар бүр 300.000 төгрөг, нийт 7.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө” гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ:
“Иргэний зүгээс харахад ер нь их харамсмаар хэрэг болсон байна. Д.Мгийн өмнөөс харамсаж байна. Хамгийн гол алдаа бол ял эдэлж гарч ирээд Д.Мтай уулзаагүйд байна. Гэхдээ гэм буруутай нь тогтоогдоод ялаа эдэлчихсэн юм байна. Тухайн цаг үед гарсан оршуулгын зардлыг төлчихсөн юм байна. Хэрэгтээ танилцаж үзэхэд 50.000.000 төгрөгийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд бид төлнө, чадна гэж тайлбарласан байдаг юм байна лээ. Ирээдүйд олох байсан орлого гэж нэхэмжлэгч тал нэхэмжилсэн тул эрүүгийн шүүх бүрэлдэхүүн тухайн цаг мөчид хэлэлцэх боломжгүй гээд орхигдуулсан юм байна. Тэгэхээр хувь хүн тэр тусмаа эрэгтэй хүн нэхэмжлэгчтэй уулзаад уучлалт гуйсан бол дээр байсан. Ядаж л сүү бариад очсон бол Д.М баярлах байсан болов уу? Одоо энэхүү шүүх хуралдаанд талууд асуудлаа эвийн журмаар шийдвэрлэж байгаа нь хамгийн зөв. Ялангуяа энэ 2 хариуцагч бол хувийн байдал болон санхүүгийн чадамж тааруу юм байна. Тэгэхээр хариуцагч нар цаашдаа ажил хайж хэлсэн мөнгөө цаг тухайд нь төлөх байх гэж бодож байна. Шүүхийн шийдвэрээс гадна Д.Мгаас сэтгэлээсээ уучлалт гуйгаасай гэж хүсэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ж.Б, Ө.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж тус тус заажээ.
3. Зохигчид шүүх хуралдааны явцад дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэж шүүхэд гаргасан байна. Үүнд:
“1.1.-Иргэн Д.М нь Ж.Б, Ө.Б нарт холбогдуулан 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
1.2.-Хариуцагч Ж.Б, Ө.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 12.000.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно.
1.3.*Иргэн Д.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 38.000.000 төгрөгөөс татгалзсан болно.
2.1. Иргэн Ж.Б нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 24 /хорин дөрвөн/ сарын хугацаанд сар бүр 300.000 төгрөгийг /нийт 7.200.000 төгрөг/,
2.2. Иргэн Ө.Б нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 24 /хорин дөрвөн/ сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийг /нийт 4.800.000 төгрөг/, нэхэмжлэгч Д.Мгийн Хаан банк дахь 5752014896 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.
4. Иргэдийн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ:
“Иргэний зүгээс харахад ер нь их харамсмаар хэрэг болсон байна. Д.Мгийн өмнөөс харамсаж байна. Хамгийн гол алдаа бол ял эдэлж гарч ирээд Д.Мтай уулзаагүйд байна. Гэхдээ гэм буруутай нь тогтоогдоод ялаа эдэлчихсэн юм байна. Тухайн цаг үед гарсан оршуулгын зардлыг төлчихсөн юм байна. Хэрэгтээ танилцаж үзэхэд 50.000.000 төгрөгийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд бид төлнө, чадна гэж тайлбарласан байдаг юм байна лээ. Ирээдүйд олох байсан орлого гэж нэхэмжлэгч тал нэхэмжилсэн тул эрүүгийн шүүх бүрэлдэхүүн тухайн цаг мөчид хэлэлцэх боломжгүй гээд орхигдуулсан юм байна. Тэгэхээр хувь хүн тэр тусмаа эрэгтэй хүн нэхэмжлэгчтэй уулзаад уучлалт гуйсан бол дээр байсан. Ядаж л сүү бариад очсон бол Д.М баярлах байсан болов уу? Одоо энэхүү шүүх хуралдаанд талууд асуудлаа эвийн журмаар шийдвэрлэж байгаа нь хамгийн зөв. Ялангуяа энэ 2 хариуцагч бол хувийн байдал болон санхүүгийн чадамж тааруу юм байна. Тэгэхээр хариуцагч нар цаашдаа ажил хайж хэлсэн мөнгөө цаг тухайд нь төлөх байх гэж бодож байна. Шүүхийн шийдвэрээс гадна Д.Мгаас сэтгэлээсээ уучлалт гуйгаасай гэж хүсэж байна” гэжээ.
5.-Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон талуудын тайлбарыг харьцуулсны үндсэн дээр хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой мөнгийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан нь дээрх дүгнэлттэй утга нэг байх байна.
6.-Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Энэ шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ж.Баас 130.150 төгрөг, хариуцагч Ө.Бас 91.750 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Д.М, хариуцагч Ж.Б, Ө.Б нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага 50.000.000 төгрөгийн 38.000.000 төгрөгөөс нэхэмжлэгч Д.М татгалзаж, үлдэх 12.000.000 төгрөгийн 7.200.000 төгрөгийг хариуцагч Ж.Б нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хорин дөрвөн сарын хугацаанд сар бүр 300.000 төгрөгөөр, 4.800.000 төгрөгийг хариуцагч Ө.Б нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хорин дөрвөн сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Д.Мгийн Хаан банк дахь 5752014896 тоот дансанд төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ж.Баас 130.150 төгрөг, хариуцагч Ө.Бас 91.750 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нэгэн адил зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ: Б.ТҮВШИНЖАРГАЛ
ШҮҮГЧИД: Д.АЛТАНТУУЛ
Д.ОТГОНЧУЛУУН