Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 168

 

                                         

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

                     Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Нямжав,  

                     Орчуулагч: Н.Ерлан,

                     Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

                      Хохирогчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

           Шүүгдэгч: Б.Байширав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Телек овогт Б Б-т холбогдох 1735000450073 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7-р багт оршин суудаг, Монгол Улсын харьяат, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар:БЗ89100907, Телек овогт Б.Б.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдснаар/

          Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2017 оны 8 дугаар сарын 05-ны орой Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоцикль жолоодож явааад Монгол улсын замын хөдөлгөөний 2.1.а, 2.3.в, 8-2д заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.Х-ны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүгдэгч Б.Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

           Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт цэнхэр өнгийн мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад хохирогч С.Х-ны цагаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан болох нь хохирогч С.Х-ны мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр авга ах Д-ийн гэрт очихоор өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Даюун загварын мотоцикльтой гэрээс гарсан ба …Д-гийн гэрт ороод цай унд уучихаад буцаж гэрлүүгээ явахдаа ганцаараа өөрөө мотоциклио жолоодож явсан. ...Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг Шавартын адаг гэх газар явж байтал миний өмнөөс 1 мотоцикльтой хүн ирж байгаа харагдсан. Би тэр хүнийг таниагүй бөгөөд тухайн мотоцикль хурдтай явж байсан. Би автомашины шороон замын баруун талын эгнээгээр явж байсан ба тэр мотоцикльтой хүн мөн баруун талын эгнээгээр над уруу чиглээд ирэхээр нь би зайлж холдох гээд мотоциклио баруун гар тийш нь эргүүлээд замын баруун тал уруу гарсан. Гэтэл миний өмнөөс ирж явсан мотоциклийн жолооч зүүн гар тийш нь дараад миний мотоциклийг ирж мөргөсөн. Би мотоцикльд мөргүүлээд ухаан алдсан бөгөөд нэг ухаан ороход Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Би согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Уг үйлдлийн улмаас надад маш их зардал гарсан би баримтуудаа хэргийн материалд хавсаргасан байгаа. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 тал/,

       Гэрч О.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний нөхөр Х явахдаа өөрийн эзэмшлийн цагаан өнгөтэй Даюн загварын мотоцикльтэйгээ ганцаараа явсан. ...Би тэр дороо Хотгорын уурхайн эмнэлэг дээр очиход миний нөхөр Х нь ухаангүй байдалтай хэвтэж байсан. Х-ны нүүрний хэсэг нь нэлэнхийдээ хавдсан зүүн гарын сарвууны ар хэсэг нь шархтай, духны хэсэгт нь оёдол тавьсан байдалтай байсан. ...2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр миний нөхөр Х нь гэрээс гарч явахдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,

           Гэрч Ч.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би осол болсон гэх газарт очиход Хотгорын уурхайгаас зүүн өмнө зүгт 3 км зайд замын ертөнцийн зүгээр зүүн талд замаас 5-6 км зайд 2 мотоцикль мөргөлдөж давхарлаж газарт унасан. 2 мотоцикль тус газар 2 хэсэгт цус мэт зүйл их хэмжээгээр гоожсон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

       Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 05-ны үд орчимд буюу өдрийн 12 цагт Б намайг Хотгорын уурхайн төвд байдаг өвөлжөөний гэрт мотоциклоор хүргэж өгсөн юм. Тэгчихээд ээж З авч ирэхээр явсан. Би гэртээ байж байтал миний дүү Т орж ирээд танай хүү аваарт ороод ухаангүй хэвтэж байна гэж хэлсэн тул би хамт осол болсон газарт очиход хүү маань мотоцикльтойгоо явж байгаад өөр мотоцикльтой мөргөлдсөн байдалтай замын хажуу талд хэвтэж байсан. Тэр хоёр мотоцикль давхарласан байдалтай хүү маань болон өөр нэг хүн мотоцикль дээрээ ухаангүй хэвтэж байсан. Б-ын толгой тэр чигтээ цус болсон ойр орчмын газар бас нилээд цус болсон байсан. Б.Б бол миний 4 дэх хүүхэд бөгөөд багаасаа Хотгорын уурхайд өссөн, уурхайн бага сургуульд суралцаж байгаад Баян-Өлгий аймгийн ахлах 6-р сургуульд орж 11 дүгээр анги төгссөн юм. Казакстан улс явж ажил хийж байгаад 7 жилийн дараа буюу 2016 оны 11 сарын 15-ны өдөр ирсэн юм. Дахиж явах гэхэд нь явуулаагүй байсан. Өрх тусгаарлаж тусдаа гараагүй бидэнтэй хамт амьдардаг. Б зан араншингийн хувьд үг дуу цөөтэй, даруу төлөв зантай, хүний үгэнд сайн ордог, бусад хүмүүстэй эелдэг, соёлтой харьцдаг, энгийн даруухан хүүхэд” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

            Гэрч М.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр орой 17:00 цагийн орчимд хөдөө дуудлагаар явж байгаад Хотгорын эрүүл мэндийн төвд ирэхэд осолд орсон хоёр өвчтөнийг зөөвөрлөж авч ирсэн байсан бөгөөд тэдний биед үзлэг хийхэд С.Х гэх хүн ухаантай, асуусан асуултанд хариулна, үе үе би малаа хариулна гэж хэлж босох гээд байсан бөгөөд болсон явдлыг санахгүй, нүүрний хэсэг хавагнасан, хоёр нүд хөрөлттэй, зүүн гарын долоовор болон дунд хуруу зулгаралттай, духны орчимд шархтай цус гарсан байдалтай байсан. Б.Б-ын биеийн байдал маш хүнд ухаантай боловч асуусан асуултанд хариу өгөхгүй, цочромтгой, баруун нүд орчим хавантай, хавдаж хөхөрсөн, хамрын баруун сүвнээс цус ихээр гоожин, улаан хүрэн өнгийн зүйлээр үе үе бөөлжсөн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 162 тал/,

            Гэрч И.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн:  “...Хотгорын уурхайн тосгон орохоор мотоцильтой явж байтал Хотгорын урухайгаас 1км гаруй зайд буюу Шавартын аманд машин мотоцикль болсон олон хүн зогсож байсан. Би зөрж өнгөрөх гэтэл Д, Г гэх хүмүүс намайг дуудаж зогсоогоод осол болсон байна. Нэг хүнийг нь танихгүй тул хараад өг гэж хэлсэн. Би харахад нэг нь Х нөгөөх нь миний ах Б-ын хүү Б байсан юм. Тиймээс би яаралтай явж Б-ыг Хотгорын уурхайн төвд байхад нь очиж хэл чимээ дуулгаад түүнийг сундалж буцаж ирэхэд Эмнэлгийн машин явчихсан байсан нөгөө хоёр хүн замын хажууд хэвтсэн хэвэндээ байсан. Б нь миний ах Б-ын хүүхэд бөгөөд тусдаа гараагүй, эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Казакстан улсад ажиллаж байгаад ирээд удаагүй байгаа. Үг дуу цөөтэй, төлөв даруу, архи дарс уудаггүй, үгэнд сайн ордог, ажилсаг залуу байгаа юм. Ар гэрийн хувьд цөөн тооны малтай гэр нь Хотгорын уурхайд суурин байдаг. Мал маллаж амьдардаг. Аав нь групптэй, ээж нь тэтгэвэрт гарсан, нэг дүү нь бас сэтгэцээр группд байдаг юм” гэх мэдүүлэг / хх-ийн 163 тал/,

      Гэрч С.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ...мотоцикльтой Хотгор орох гээд явж байтал замд уурхайн түргэний машин байсан. Тэгтэл замын хойд талд хоёр мотоцикль давхралдаад уначихсан хоёр хүн хажууд нь ухаангүй хэвтэж байсан. Тэр хоёрын нүүр толгой хэсэг нь нэлэнхүйдээ цус болсон танихад хэцүү байсан. Бид мотоциклийг хөдөлгөөгүй. Д ирээд утсаар цагдаад дуудлага өгсөн. Харин би Бөхмөрөн сумын эмч рүү ярьж болсон явдлыг мэдэгдсэн. Х Хотгорын уурхай руу явж байсан бололтой чиглэлтэй байсан бөгөөд замын баруун тал руу гараад нөгөө залуугийн мотоцикльтой мөргөлдсөн бололтой Хотгорын уурхайгаас холгүй 1км орчим зайтай газарт үндсэндээ Хотгорын уурхайн суурингаас зүүн урагш чиглэж явсан замын ертөнцийн зүгээр зүүн талд замын хажууд осолдсон байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 164 тал/,

        Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Г гэх залуу хүрч ирээд Хуваан осолд орчихсон ухаангүй байна гэж хэлсэн тул түүний мотоцикльд сундалж осол гарсан газар очиход эмнэлгийн машин зогсож байсан бөгөөд эмч, жолооч хоёр нь байсан. Замын хажууд Хуваан өөр нэг залуугийн хамт мотоцикльтой хоорондоо мөргөлдөж унасан бололтой ухаангүй хэвтэж байсан юм. Тухайн үед тэд уурхайгаас зүүн урагш чиглэлтэй шороон замын ертөнцийн зүгээр зүүн талд замын хажууд мөргөлдсөн бололтой хоёр хүний нүүр толгой нэлэнхүйдээ цус болсон байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 165 тал/,

            Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...Уурхайн төвд гэрээсээ мустанг-5 загварын улсын дугааргүй хөх өнгийн мотоциклийг жолоодож ганцаараа хөдөлж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг би одоо ч санахгүй байна. Уг ослын улмаас миний биед мөн хүнд гэмтэл учирсан. Толгойны баруун хэсгийн гавал яс бяцарсан тул мэс заслаар төмөр тавьж нөхсөн. Баруун нүд огт харахгүй байгаа. Баруун гар сул болсон бөгөөд хүнд зүйл өргөж чадахгүй болсон. Надад В ангилалын жолоодох эрхийн үнэмлэх байгаа. А ангилал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 тал/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг /хх-ийн 13-14 тал/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18 тал/, эд мөрийн баримтаар мотоцикль хураан авсан тэмдэглэл, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-28 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

           Хэргийн үйл баримтаар 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2-р багийн нутаг Шавартын адаг гэх газар автомашины шороон замд шүүгдэгч Б.Б нь цэнхэр өнгийн улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоцикль жолоодож Хотгорын уурхайгаас зуслан уруу, хохирогч С.Х нь цагаан өнгийн Даюун загварын мотоцикль жолоодож Зуслангаас Хотгорын уурхай руу явж байсан чиглэлтэй хоорондоо мөргөлдөж, улмаар шүүгдэгч, хохирогч нар хоёул зам тээврийн осолд өртжээ.

         Шүүгдэгч, хохирогч нар хоёул осол болсон тухайн цаг хугацаанд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, тухайлбал хохирогч С.Х нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх”, мөн дүрмийн 2.3.в-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, шүүгдэгч Б.Б нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх”, мөн дүрмийн  2.3.в-д заасан ”Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх боловч тухайн зам тээврийн осол шүүгдэгч Б.Б-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчснөөс шууд шалтгаалан гарсан болох нь Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Е.Ж-ын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 21 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59 тал/-ээр тогтоогдсон.

           Хэрэг, осол болсон гэх зам нь зүүнээс баруун тийш, баруунаас зүүн тийш чиглэсэн 2,10 м шороон машин зам болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын тээврийн ослын бүдүүвч зураг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх ба тухайн замд 2 мотоцикльтой жолооч зөрж өнгөрөх бүрэн боломжтой, замын зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсан гэж үзэхээр байх тул шинжээчийн 21 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна.  

        Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 454 дүгээртэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55 тал/, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, бусад баримтууд /хх-ийн 90-94, 99-103, 132-142 тал/-аар уг зам тээврийн ослын улмаас хохирогч С.Х-ны эрүүл мэндэд “Дух, зүүн талын ухархайн дотор хана, баруун хацар, баруун ухархайн гадна хана, хамар ясны цөмөрсөн болон цуурсан хугарал, духны зүүн хэсгийн тархины эдэд цус хуралт, тархины няцрал, хамрын муруйлт, дух, зүүн сарвууны 2,3-р хуруунд язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд, зүүн өвдөгний үе болон шагайн үе хэсгээр цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл” үүссэн, энэ нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь нотлогдсон байх тул прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

          Мөн Цагдаагийн ерөнхий газрын лавлагаараар шүүгдэгч Б.Б нь В ангилалын жолоочийн үнэмлэхтэй, А ангилалын буюу мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.

            Иймд шүүгдэгч Б.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.                           

2. Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

             Шүүгдэгч Б.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

             Шүүгдэгч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 багийн нутаг Хотгор гэх газарт ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь түүний хувийн байдлыг тогтоосон гэрч И.Т, Д.Б нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, бусад баримтуудаар /хх-ийн 49-50, 84-86, 154,163 тал/ тогтоосон байна.

          Мөн шүүгдэгч нь өөрөө ослын улмаас эрүүл мэндэд хүнд зэргийн буюу тархи доргилт, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, суурь яс, дух, баруун нүдний ухархайн гайморовын хөндийн хавсарсан нийлмэл хугарал, зүүн дух, чамархайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун нүдний хараагүйдэл бүхий гэмтэл учирсан нь Монгол улс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээч эмчийн 11330 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65 тал/, шүүгдэгч Б.Б-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, бусад нотлох баримтууд /хх-ийн  95-98, 105-131 тал/-аар тогтоогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Байшарив нь хохирогч С.Х учирсан хохирол болох хэргийн 144-150 дугаар хуудаст буй баримтаар тогтоогдсон эмчилгээ, унааны зардалд 1.748.000 төгрөгийг хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнд хүлээлгэн өгсөн тул шүүгдэгч Б.Б-аас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

           Харин хохирогч С.Х-ы эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, одоо хүртэл бүрэн эдгэрээгүй, хор уршиг арилгаагүй гэж өмгөөлөгч дүгнэлт гаргаж байх тул хохирогч нь цаашид өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүхээс шүүгдэгч Б.Б-т ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “ учирсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

          Шүүгдэгч Б.Б нь А ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй боловч өөрийн эзэмшил, өмчлөлдөө цэнхэр өнгийн Мустанг-5 загварын мотоцикльтой, уг мотоциклио унадаг гэж мэдүүлж байх тул түүнд А ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх нь үр нөлөөтэй гэж шүүх шийдвэрлэсэн болно. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

          Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Телек овогт Б.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Телек овогт Б.Б-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Б-т А ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

        4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч Б.Б хяналт тавихыг түүний оршин сууж байгаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

         5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 1.748.000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА