Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/45

 

 

 

 

 

 

   2023             01           10                                        2023/ДШМ/45

 

 

   М.М-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1468 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.М-д холбогдох эрүүгийн 2208019271459 дугаар хэргийг 2023 оны 01 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-гийн М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ......................... төрсөн, .. настай, э..эгтэй, ........... боловсролтой, .............. мэргэжилтэй, “................” ХХК-д .............. ажилтай, ам бүл .., ....................... хамт ....................... дүүргийн .. дугаар хороо, ................... дугаар гудамж ....... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................ дүүргийн .. дугаар хороо, .......................... тоотод  түр оршин суух, ял шийтгэлгүй /РД: ...................../.

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын задгай 13 дугаар гудамжны 20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Э.Б-ийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гараараа зүүн гарын бугуй хэсэгт нь цохиж зодсон, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “архины мөнгө өгсөнгүй” гэж маргалдан, үснээс зулгаах, хөл, гар руу цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь “зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хардах болон мөнгөний асуудлаас маргалдаж, толгойг нь доош дарах, хоолойг боох зэргээр хүч хэрэглэн байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 1 жил 1 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М давж заалдах гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1468 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Харин нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, М.М миний бие Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4 дүгээр гудамж 300 тоотод амьдардаггүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Орбитын 32-560б тоотод амьдардаг. Энэ бол миний иргэний үнэмлэхийн хаяг юм. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон Илч” ХХК-д ажил эрхэлдэг тул зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийг Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Э.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.М Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдрахгүй байгаа, цаашид Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4-300 тоотод байр түрээсэлж амьдарна. “Мон-Илч” ХХК-д ажил хөдөлмөр эрхэлдэг маань хэвээрээ, энэ компани Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг талаар мэдүүлсэн. Яллах дүгнэлтэд шүүгдэгч М.М-г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх гэрийнх нь хаягаар бичсэн байсан. Анхан шатны шүүхийн бэлтгэл үе шатанд өөрөөс нь энэ талаар тодруулахад, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 9 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа талаар хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хаяг нь иргэний үнэмлэхийн лавлагаан дээрх хаяг юм. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид Чингэлтэй дүүрэг болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр буюу шүүгдэгчийн гэр болон ажлынхаа хооронд зорчих боломжтойгоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай оролцсон. Анхан шатны шүүх прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын задгай 13 дугаар гудамжны 20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Э.Б-ийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гараараа зүүн гарын бугуй хэсэгт нь цохиж зодсон, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “архины мөнгө өгсөнгүй” гэж маргалдан, үснээс зулгаах, хөл, гар руу цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь “зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хардах болон мөнгөний асуудлаас маргалдаж, толгойг нь доош дарах, хоолойг боох зэргээр хүч хэрэглэн байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас /хх 4/, аюулын зэргийн үнэлгээ /хх 10-12, 88/,

хохирогч Э.Б-ийн “...2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед гэртээ хамтран амьдрагч М намайг хардаад хэрүүл хийж эхэлсэн. Гэнэт миний толгой хэсгээр барьж аваад хоолой боогоод "ална шүү чамайг” гээд дайраад байсан. Тэгсэн чинь манай хүүхдүүд айгаад бүгд уйлалдаад эхэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. Урьд өмнө М нь цохиж зодсон асуудал байсан. Тухайн үед би айгаад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу ээж, аавынхаа гэр рүү зугтаагаад очиж байсан. 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 8 цагийн орчимд би гэртээ ирэхэд, надтай хэрүүл маргаан үүсгэж байгаад ахиад намайг зодож цохисон. М 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэртээ согтуу орж ирээд намайг үснээс татаж унагаад хоолой боогоод толгой руу нэг удаа цохисон. Би гараад зугтаатал намайг үснээс чирээд гэр рүү буцаад оруулсан. Орсны дараа хоёр шилбэ рүү өшиглөсөн, нуруу, гэдэс, хэвлий хэсэгт нэг, нэг удаа цохиж зодсон. Тэр үед цагдаагийн байгууллагад хандахгүйгээр Сэлэнгэ аймаг руу явсан.

хохирогч Э.Б-ийн дахин өгсөн “...Хамтран амьдрагч М.М 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтуудаа “мөнгө байвал өгчих” гэхээр нь “надад мөнгө байхгүй” гээд Мий ээж П-тэй утсаар “хүүхэд чинь архи уусан, агсам тавиад байна” гэж хэлсэн чинь “цагдаа дуудаад өгчих” гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 21-22, 87/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8629 дүгээр “...Э.Б-ийн биед зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” дүгнэлт /хх 31-32/,

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 73-74/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 75-79/, АСАП сангийн лавлагаа /хх 80-83/, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэлийн хуудас /хх 89/, шүүгдэгч М.М-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч М.М-гээс “...Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийг Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч М.М-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх бүсчлэлийг Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр гэж тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийлгүй, шүүгдэгчийн “Чингэлтэй дүүрэгт байр түрээслэн амьдрах гэж байгаа” гэх тайлбарт тулгуурлаж шийдвэрлэсэн нь буруу болсон байх тул давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу шүүгдэгч М.М-гийн байнга оршин суух хаяг болох Сонгинохайрхан, ажлын хаяг болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тухайн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тогтоон шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч М.М-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлүүдээс сонгож, тухайн төрлийн ялын хугацааг заах байдлаар оногдуулсны дараагаар түүнийг хэрхэн яаж эдлэх талаарх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг заах байтал тэдгээрийг нэг дор хамтад нь дүгнэж бичсэн нь ойлгомжгүй болсон байгааг цаашид анхаарах хэрэгтэй бөгөөд энэ талаарх өөрчлөлтийг тогтоолд оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1468 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг:

“2. Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.”,

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.”,

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 1 жил 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх ялыг Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй” гэж,

4, 5, 6, 7, 8 дахь заалтуудыг “5, 6, 7, 8, 9” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

         ШҮҮГЧ                                              Б.АРИУНХИШИГ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ