Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 119/ШШ2024/0036

 

                                                             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                                                                    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

     Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би Г.Б-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга **д холбогдох “2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 43/2023 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтийг  бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Г.Б-ийн гаргасан “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Г.Б Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга **д холбогдуулан “2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 43/2023 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан.  

            2. Г.Б нь “Т” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг ..... хороололд барьж буй ....... хотхоны .......-р блокын ....... тоотод орон сууцыг худалдан авахаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Т” ХХК-ийн борлуулалтын менежер Б.У-тэй 3/601 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 3/601 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

        3. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1 хоногийн хугацаанд “Т” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг ..... хороололд барьж буй ....... хотхоны .......-р блокын барилга, байгууламж, холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 43/2023 дугаартай дүгнэлтийг гаргаж, комиссын даргаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга ** томилогдон ажиллажээ.

            4. Нэхэмжлэгч Г.Б-ийн “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан “Т” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ..... хорооллын .......хотхоны .... дугаар байрны зүүн хойд хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гал түймэр гарч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Сонинзаяа гал гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг шалгаад 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “.... ил задгай асгасан барилгын шатамхай хог хаягдал, материал дээр тухайн объект дээр ажиллаж байгаа иргэн гал түймэр үүсвэрлэн гарсан хэсэгт татаж байгаа тамхиа ил хаяснаас 40 орчим минутын дараа тухайн хэсэгт гал түймэр үүсвэрлэн гарсан байна” гэсэн 06/05 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

            5. Г.Б барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай 43/2023 тоот дүгнэлт гаргасан комисс ажиллахдаа Барилгын тухай хуулийн 14.1.1, 14.2-т заасан барилга байгууламжид тавигдах шаардлага хангаагүй, дотор засал дутуу барилгыг ашиглалтанд оруулах дүгнэлт гаргаснаар орон сууц захиалгын 3/601 тоот гэрээний (хавсралт-1) 4.4-д заасан алдангийг уг гэрээний нэмэлтийн (хавсралт-2) 3.2-т заасан хугацаанаас тооцох боломжгүй болгосон, Барилгын тухай хуулийн 11.1.2. Галын аюулгүй байдлыг хангах, 11.1.4. Хүний аюулгүй байдлыг хангах 11.1.5. Галд тэсвэртэй байх шаардлагыг биелүүлээгүй, дотоод засал хийгдээгүй барилгыг ашиглалтанд авах дүгнэлт гаргасан гэж маргаж 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

           6.1. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс 43/2023 тоот дүгнэлт гаргахдаа 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 212-р тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм”-ийн 5.1.1-р заалтын дагуу Барилгын тухай хуулийн 11-р зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг үндэслэл болгох ёстой.

Гэтэл барилгын үйл ажиллагааны гол зарчмууд болох Барилгын тухай хуулийн 11.1.2. Галын аюулгүй байдлыг хангах, 11.1.4. Хүний аюулгүй байдлыг хангах 11.1.5. Галд тэсвэртэй байх шаардлагыг биелүүлээгүй, дотоод засал хийгдээгүй барилгыг ашиглалтанд авах дүгнэлт гаргасан нь иргэн Г.Б миний Монгол улсын Үндсэн хуулийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

       6.2. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай 43/2023 тоот дүгнэлт гаргасан комисс ажиллахдаа Барилгын тухай хуулийн 14.1.1, 14.2-т заасан барилга байгууламжид тавигдах шаардлага хангаагүй, дотор засал дутуу барилгыг ашиглалтанд оруулах дүгнэлт гаргаснаар иргэн миний орон сууц захиалгын 3/601 тоот гэрээний (хавсралт-1) 4.4-д заасан алдангийг уг гэрээний нэмэлтийн (хавсралт-2) 3.2-т заасан хугацаанаас тооцох боломжгүй болгосон.” гэж тодорхойлов.

            7. Нэхэмжлэгч Г.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн .... тоотод оршин суугч иргэн Д овогт Г-ын Б миний бие танай шүүхэд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга **д холбогдуулан гаргасан ....... хотхоны .......-р байрыг ашиглалтанд хүлээн авсан комиссын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа энэхүү хүсэлтээр илэрхийлж байна.

            Иймд миний хүсэлтийг хүлээн авч **д холбогдох миний нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгон уг хэргийг хааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Б нь “2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 43/2023 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            Нэхэмжлэгч Г.Б нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга **д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц буюу шүүх хуралдаанаас өмнө шүүхэд хүсэлтээ ирүүлжээ. 

            Ийнхүү нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга **д холбогдуулан гаргасан “2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 43/2023 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

           5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА