| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/05983/И |
| Дугаар | 101/ШШ2024/04067 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2024/04067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, Х******* ХХК /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******, Баянзүрх дүүрэг,*******,, тоот хаягт оршин суух, А овогт Д Н /Регистрийн дугаар:ИК/-т холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,318,658.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүхж хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Д.Н нь манай компанитай 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 0011 дугаартай Зээлийн гэрээ байгуулж Aiwa загварын зурагтыг 2,800,000.00 төгрөгөөр, 18 сарын хугацаатай бидийн 42 хувийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож дээрх зурагтыг гэртээ хүргүүлэн авсан. Гэвч Aiwa загварын зурагтыг зээлээр худалдан авснаас хойш Д.Н нь 319,784.00 төгрөг төлснөөс өөрөөр төлбөр төлөөгүй, утсаа ч авахгүй алга болсон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,368,798.29 төгрөг, 16 сарын хүү 765,461.50 төгрөг, алданги хоног тутам 0,5 хувиар тооцож 2022.09.25-ны өдрөөс 2023.08.15-ний өдөр хүртэлх 290 хоногийн 3,434,757.10 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн үндсэн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 1,184,399.14 төгрөг нийт 4,318,658.93 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
3. хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хувь/ /хх-ийн 5/, захиалгын хуудас //хх-8/,зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 10,11/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба бичиг /хх-12/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2024/00156 тоот шийдвэрийг /хх13-15/ тус тус нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3.2. Хариуцагчаас тус шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ХХК-иас хариуцагч Д.Нд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,318,658.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ.Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,496,699.58 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.1 Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 0011 дугаартай Зээлийн гэрээгээр загварын зурагтын үнэ 2,368,798.29 төгрөг, 16 сарын хүү 765,461.50 төгрөг, алданги 1,184,399.14 төгрөг, нийт 4,318,658.93 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ./хх-10, 11/
1.2 Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариуцагчид эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаар танилцуулж, хэргийн материалтай танилцсан байна.Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1 Х******* ХХК нь хариуцагч Д.Нтай 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 20220011 тоот гэрээгээр Aiwa загварын зурагтыг 2,800,000.00 төгрөгөөр, 18 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Гэвч дээр дурдсан талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 20220011 тоот Бараа зээлээр, худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т зээлийн хүүг сарын 0,5 хувиар тогтоож, 365 хоногоор тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгч жилийн 6 хувийн хүүгээр тооцож нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэлээ./хх-10, 11/
2.2 Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Зээлийн гэрээ нэртэй боловч зээлийн мөнгөн хөрөнгийг Х******* ХХК-иас Aiwa загварын зурагт худалдан авахад зориулагдсан зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнийг хожим, хэсэгчилж төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээний шинж нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлж, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээдэг зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна гэж үзлээ.
Мөн хариуцагч Д.Н нь 2 сарын хуваарьт төлөлт болох нийт 391,784.00 төгрөг төлсөн болох нь, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зурагтны үнэ 2,213,101.00 төгрөг, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар 16 сарын хүүнд 172,048.08 төгрөг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 1,106,550.00 төгрөг, нийт 3,496,699.58 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Талууд гэрээнд алдангийг, гүйцэтгээгүй үүргээс хоногт төлөх хэмжээг 0,5 хувиар тооцож тогтоосон ба зээлээр авсан барааны үлдэгдэл 2,213,101.00 төгрөгөөс тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй гэж заасантай нийцэж байна гэж үзэх ба гэрээний төлбөр төлөх хугацаа хэтэрч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 4 сар 23 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд шүүх алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ гэж дүгнэв.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлөх 3,496,699.58 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргаж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, 263.2.3-т зааснаар хариуцагч Д.Нгаас зээлээр авсан барааны үнэ 2,213,101.00 төгрөг, 16 сарын хүүнд 172,048.08 төгрөг, алданги 1,106,550.00 төгрөг, нийт 3,496,699.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ХХК-д олгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,049.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,897.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА