Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/29

 

      2023         01           05                                         2023/ДШМ/29

И.Мд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч И.Мын өмгөөлөгч Н.Ариунболд, Ж.Гантуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1002 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2109 00357 1416 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б... овгийн И...ын М..., 19.. оны .. дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, э....., дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, ..... ажилтай гэх, ам бүл ..., ...  хамт ..... дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

И.М нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төв өргөөнд болсон “А намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурал”-ын үеэр “Еrgelt.mn” оюунлаг ирээдүйн төлөө хамтдаа” цахим хуудас буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө “...энэ үйл ажиллагааг больсон мэтээр энд тэндээс МА нын зүгээс бусниулахаар зар өгч байна. Мөн дээр нь А намын дотоод хэрэгт хөндлөнгийн МА н илт оролцож байгааг хэлэх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл нэр дэвшигчийнхээ зардлыг хуримтлуулж байгаа зардлын дансыг маань янз бүрийн аргаар хаах, болиулахаар Монгол банк, Сангийн яамнаас харилцагч банкууд руу маань залгаж дарамталж байна...” гэж хуулийн этгээд буюу МА нын ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: И.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б... овгийн И....ын М....ыг хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм бурутайд тооцож, Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ёсчлон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар И.Мд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч И.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь гэм хорын хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох И.Маас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй талаар: Тогтоолын 2 дугаар талд “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон...” гэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нөхцөл байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд шалган тогтоогүй.

Тодруулбал, яллах дүгнэлтийн хавсралтад “хохирол, хор уршгийн талаархи баримт сэлт буюу нэхэмжлэл байхгүй” талаар дурдсан хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч И.Мын үйлдлээс МА нд асар их хохирол учирсан талаар мэдүүлж зөрүүтэй байдлыг үүсгэсэн. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт “хуулийн этгээдэд асар их хохирол учирсан тухай улсын яллагчийн дүгнэлт” болон мөрдөгчийн хохирогчоор тогтоох тухай тогтоолд “хуулийн этгээдийн нэр хүндэд халдсаны улмаас хохирол учирсан” гэж дүгнэж, тогтоосон нөхцөл байдлыг шүүх анхаарч үззэгүй, тодруулаагүй. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 4-д “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасны дагуу хуулийн этгээдийн “ажил хэргийн нэр хүнд”, түүнд “халдсан илт худал мэдээлэл” тараасан, түүний улмаас учирсан “асар их хэмжээний хохирол” гэх ойлголтыг шүүх заавал тайлбарлах ёстой байсан.

Улс төрийн нам буюу “хуулийн этгээд” нь үүсмэл шинжтэй буюу үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх зүйн харилцааны оролцогч болдог. Хууль зүйн эл агуулгаараа намын ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан үйлдлээс шууд шалтгаалан тухайн намд учирсан хохирол тоон утгаар илэрхийлэгдэж, үнэлэгдэх бодитой хохирол байх ёстой. Учир нь, хуулийн этгээдийн “ажил хэргийн нэр хүнд” гэдэг нь үйл ажиллагааныхаа явцад ажил хэргийн чанар, алдар хүндийнхээ талаар нийгэм, олон нийтийн зүгээс олж авсан үнэлгээ, олон нийтэд тархсан санаа бодол юм. Үүнтэй холбоотой улс төрийн намын хувьд нийгэм, олон нийтэд нэр хүндээ алдсанаар улс төрийн үйл ажиллагаа хийгээд ажил хэрэг нь хэрхэн яаж доголдсон, доголдсоны улмаас хэр хэмжээний хохирол учирснаа нотлох баримтаар нотлох ёстой байсан ч ийм баримт хэрэгт авагдаагүй. Энэ нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдоогүй. Мөн Эрүүгийн хуульд “асар их хэмжээ” гэх хохирлын хэмжээ байхгүй болно.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг шүүх харгалзах байсан.

Түүнчлэн И.М нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр А намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр МА нын нэр хүндэд халдсан мэдээллийг тараахаар зэхэж, үүнийгээ хууль бус болохыг ухамсарлаж, уг мэдээллээ “Еrgelt.mn” сайтаар дамжуулан олон нийтэд хүргэхээр төлөвлөж, уг үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд “Еrgelt.mn” сайттай урьдчилан холбогдсон эсэх, үүний улмаас МА нд хохирол учруулна гэж тооцоолж урьдчилан төлөвлөсөн санаа, сэдэл байсан эсэхийг түүнээс шүүхийн хэлэлцүүлгийн үеэр тодруулахад тэрээр энэ бүхнийг хангалттай үгүйсгэсэн болно.

Учир нь, гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоох нотолгооны хэмжээ хязгаарын хүрээнд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг зайлшгүй нотолбол зохих байдал буюу нотолгооны зүйл гэж үздэг. Мөн худал мэдээллийг тараах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Тэгэхээр нэгэнт гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй учраас 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн И.Мын мэдээллийн агуулга нь А намын гүйцэтгэх байгууллага болох Улс төрийн зөвлөлөөс бэлтгэж өгсөн мэдэгдлийн хүрээнд хийгдсэн бөгөөд тухайн цаг үеийн түүний сэтгэл хөдлөлийн эмоци илэрхийлэл болох нь харагддаг тул гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Амьдрал баян нийгэмд нэгэнт тогтсон хүмүүсийн ярианы өдөр тутмын хэллэг, хэвшмэл яриаг дамжуулж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.” гэх зарчимд нийцэхгүй байна.

Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, түүний салшгүй хэсэг болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн ерөнхий тайлбар №34-ийн 42, 47 дахь хэсэгт “...Засгийн газар эсхүл Засгийн газрын дэмжлэгтэй улс төр, нийгэм, хуулийн тогтолцоо, нийтийн албан тушаалтнуудтай холбоотой тайлбар, сэтгэгдлийн хувьд хорон санаа агуулахгүйгээр, шүүмжилсний төлөө шийтгэл ногдуулахыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зайлшгүй хязгаарлалт гэж хэрхэвч үзэж болохгүй, үүнтэй холбоотой материалыг үнэн бус, хууль бус гэж үзэхээс зайлсхийвэл зохино.” гэж тус тус заасан.

МА н бол Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллаж байгаа гүйцэтгэх засаглалыг бүрдүүлж, төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаанд улс төрийн хяналт тавих, өөрийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа парламент дахь намын бүлэгтээ санал тавьж, хууль тогтооход оролцож буй улс төрийн сөрөг хүчин. Энэ утгаараа олон нийтийн шүүмжлэлд хүлээцтэй хандах байдлаараа жирийн иргэнээс ялгаатай байдгаараа онцлогтой.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Монгол Улсын Олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж, Олон улсын гэрээний тухай хуульд заасан “Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ.” гэж заасныг тус тус үндэслэн олон улсын хэм хэмжээг баримтлах ёстой байна. Мөн шүүх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй юм.

И.Мд холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахдаа хэргийн оролцогчийг буруу тодорхойлсон талаар: Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино: итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэж, Монгол Улсын Дээд шүүхийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх зарим асуудлын тухай” 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зөвлөмжид “төлөөлөгчийн бүрэн эрх төлөөлүүлэгчээс бичгээр олгогдсон итгэмжлэлээр тодорхойлогдохыг анхаарах нь зүйтэй. ...Энэ тохиолдолд хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн байгууллагын эрх баригчийн гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх.” гэж тус тус заасны дагуу улс төрийн намын хувьд “Эрх баригч” гэх субьектыг тодруулах ёстой.

Улс төрийн намын хувьд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу эрх баригч нь Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй тухайн намын дарга байдаг бөгөөд МА нын хувьд энэ субъект нь Л.Оюун-Эрдэнэ гэх хүн байдаг талаар тус намын хууль ёсны төлөөлөгч /Л.Оюун-Эрдэнээс өгсөн итгэмжлэл бүхий/ шүүх хуралд мэдүүлсэн. Үүнтэй уялдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтооно”, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд Л.Оюун-Эрдэнээс итгэмжлэл авсан хүнийг МА нын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгч, прокурорын шийдвэр гарах ёстой.

Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарыг хүртэлх хэрэг хянан шийдвэрлэх бүхий ажиллагаанд МА ныг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас итгэмжлэл авсан Ү.Амарбат гэх хүн төлөөлж ирсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад, тодруулбал уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурыг хангаагүй болно.

Энэ тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой ярьж, мэтгэлцэж мэдүүлсэн боловч тэдний дүгнэлт, мэдүүлгийг энд тэндээс нь тасалж, агуулгыг нь алдагдуулж, шүүгдэгчийг зөвхөн гэм буруутайд тооцоход ашиглаж, шүүхийн шийдвэр болон хуралдааны тэмдэглэлд дутуу тусгажээ. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тогтоосон этгээдтэй холбоотой маргавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг асуудлыг шүүх шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд мөрдөн байцаалтын явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Амарбатын өгсөн мэдүүлгийг иш татаж шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Үндэслэх хэсгийн 6 дугаар талд “шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.” гэсэн нь үндэслэлгүй байна.

Гэрч Б.Бадралмаагаас гэрчийн мэдүүлэг авахдаа хохирогч /яллагдагч/-тай ямар харилцаатай болохыг тодруулаагүй нь тэмдэглэлээс тодорхой харагдана. Гэрчийн мэдүүлгийг үнэлэх хамгийн гол зүйл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчидтой буюу сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тодруулна. Энэ нь өөрийнхөө болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэрчийн эрхийг хангах зорилгод оршдог. Гэтэл энэ тохиолдолд гэрч Бадралмаа нь хохирогч /холбогдогч/ нартай ямар харилцаатай болох нь харагдахгүй байна. Магадгүй аль нэгтэй төрөл садангийн, гэр бүлийн харилцаатай байсан бол яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Мөн гэрч тухайн хэрэгт ямар ашиг сонирхолтой байгаа нь түүний мэдүүлгийг үнэлэх гол шалгуур болдог ба үүнд бас нөлөөлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд болон эрүүгийн эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлдэг үндсэн, суурь ухагдахуунд тулгуурлах ёстой. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байдаг. Тиймээс давж заалдах шатны шүүх нь гомдлыг шийдвэрлэхдээ энэ гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч И.Мын өмгөөлөгч Н.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг тул дараах хоёр асуудлаар товч, тодорхой тайлбар хэлье. Нэгдүгээрт, И.М нь анхан шатны шүүх хуралдаанд “Энийг чинь би хэлээд байгаа юм биш, А намын байгууллага мэдэгдэл бичиж өгсөн. Би уг мэдэгдлийн дагуу ярьсан. Иймд уг гэмт хэргийн хохироосон, гүтгэсэн, худал мэдээлсэн жинхэнэ этгээд нь А нам гэх хуулийн этгээд тул хуулийн этгээдэд хариуцлага тооцох, эсхүл иргэний журмаар шийдвэрлэвэл яасан юм бэ” гэж саналаа хэлсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар талд авагдсан мэдэгдэлд МА нын талаар нилээн хэдэн удаа давтагдсан байгаа. Энэ талаар анхан шатны шүүх үнэлээгүй. Хоёрдугаарт, “МА наас банкууд руу ярьж дарамталж байна” гэж яриагүй. Харин “Сангийн яам Монгол банкнаас банкууд руу ярьж дарамталж байна” гэж ярьсан. Иймд хохирогч нь МА н бус Монгол банк, Сангийн яам байх ёстой атал МА нын нэр хүндэд халдлаа гэж байгаа нь үндэслэлгүй. Яриагүй зүйл дээр нь буруутгасан. Иймд шүүх бүрэлдэхүүнийг энэ талаар анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч И.Мын өмгөөлөгч Ж.Гантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-д “Худал мэдээлэл тараах” гэсэн зүйл, заалт нэмэгдсэнээс хойш хуулийн этгээдтэй холбоотой 2 тохиолдол гарч байна. Урьд нь давж заалдах шатны шүүхээс “хуулийн этгээд болон бодит хохирлын хэмжээг тодорхойлох шаардлагатай” гэж анхан шатны шүүхэд хэргийг буцааж байсан. Энэ талаар харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлыг арилгах гэж байгаа бол ямар бодитой хохирол учирсан эсэхийг анхаарч үзэх ёстой. Учир нь, яг адилхан тохиолдолд ял оногдуулахдаа адил кейсүүдийг авч үзэх нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим хангагдахад хүрнэ. Мөн шүүх гэм буруугүйд тооцох, хор хохирол яригдахгүй байгаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх зарчмыг хэрэглэж шийдвэрээ гаргана уу гэж хүсэж байна.” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 3 дугаар сард шүүгдэгч И.М нь А намын дотоод сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа “Эргэлт.мн” сайтын сэтгүүлч Б.Бадралмаад мэдээлэл өгөхдөө тухайн үйл явдлыг болсон мэтээр ярьж МА нын ажил хэргийн нэр хүндэд халдсан. Уг мэдээллийг үнэн, бодитой эсэх талаар шалгахад илт худал мэдээлэл болох нь тогтоогдсон. Иймд гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлтийг 2021 онд үйлдэж, шүүхэд хэргийг хүргүүлсэн боловч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан тул прокуророос эсэргүүцэл бичсэн. Уг эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхээс хүлээн авч анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 2022 оны 10 дугаар сард талуудыг бүгдийг нь байлцуулан шүүх хуралдааныг нээлттэй хэлэлцэхдээ хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүгдэгч И.Мын ярьсан зүйл нь илт худал мэдээлэл болох нь тогтоогдсон. Иймд шүүхээс И.Мыг хуулийн этгээд болох МА нын ажил хэрэг, нэр хүндэд халдсан гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт, хэрэгт авагдсан үйл баримтыг дүгнэсэн нөхцөл байдал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Тухайн үед төлөөлж байсан н.Амарбаясгалан гэх хүн н.Амарбатад итгэмжлэл олгосноор мөрдөн шалгах ажиллагаанд н.Амарбат оролцсон. Шүүхийн шатанд н.Амарбаясгалан өөр албан тушаалд томилогдсонтой холбогдуулан н.Оюун-Эрдэнээс итгэмжлэл хийлгэж ирсний дагуу н.Эрхэмбаатар итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлсэн. Шүүгдэгч И.Мын гаргасан гомдолд “прокурорыг асар их хэмжээний хохирол гэж ярьсан” гэж дурдсан байна. Би гэм буруугийн шүүх хуралдаанд бусдын нэр хүндэд халдсан этгээд тухайн зүйлээ нотолж чадахгүй байгаа учраас гэм буруутайд тооцож байгаа тохиолдолд мэдээ мэдээлэл худал байсан талаар ямар нэгэн байдлаар уучлах, эсхүл тухайн мэдээллийг залруулах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд ямар нэгэн байдлаар эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг шаарддаггүй. МА наас өөрийн намын бусдад олон нийтэд өгч байгаа үнэлэмж буурч байна гэж гомдол гаргасны дагуу шалган шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан баримтаар гэмт хэрэг гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч И.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд, шүүгдэгч И.М нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төв өргөөнд болсон “А намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурал”-ын үеэр “Еrgelt.mn” оюунлаг ирээдүйн төлөө хамтдаа” цахим хуудас буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө “...энэ үйл ажиллагааг больсон мэтээр энд тэндээс МА нын зүгээс бусниулахаар зар өгч байна. Мөн дээр нь А намын дотоод хэрэгт хөндлөнгийн МА н илт оролцож байгааг хэлэх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл нэр дэвшигчийнхээ зардлыг хуримтлуулж байгаа зардлын дансыг маань янз бүрийн аргаар хаах, болиулахаар Монгол банк, Сангийн яамнаас харилцагч банкууд руу маань залгаж дарамталж байна...” гэж хуулийн этгээд буюу МА нын ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг тараасан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Амарбатын “...2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Еrgelt.mn” Оюунлаг ирээдүйн төлөө гэсэн фэйсбүүк хуудаснаас А намын дотоод сонгуулийн хорооны дарга И.М гэх хүн “энэ үйл ажиллагааг больсон мэтээр энэ тэндээс МА нын зүгээс зар өгч байна, А намын дотоод хэрэгт хөндлөнгийн МА н илт оролцож байгааг хэлэх хэрэгтэй болж байна, яагаад гэвэл нэр дэвшигчийн зардлыг хуримтлуулж байгаа зардлын дансыг маань янз бүрийн аргаар хаах, болиулахаар Монгол банк, Сангийн яамнаас харилцагч банк руу маань залгаж дарамталж байна” гэх илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан. МА наас тус хурал болох гэж байгааг мэдээгүй, оролцоогүй, аливаа хэлбэрээр тус намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаагүй. Уг этгээд МА нын ажил хэргийн нэр хүндэд халдсан, илтэд гүтгэсэн, худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. ...Манай МА нын зүгээс ямар нэгэн хэлбэрээр зар өгсөн зүйл байхгүй. А намын үйл ажиллагаа нь тусдаа учир МА нд хамааралгүй тул оролцох шаардлагагүй. ...Нэр дэвшигчийн зардлыг хуримтлуулж байгаа зардлын дансыг маань янз бүрийн аргаар хаах, болиулахаар Монгол банк, Сангийн яамнаас харилцагч банк руу маань залгаж дарамталсан гэх үйл явдал огт болоогүй. ...” /1хх 76-77/,

гэрч Б.Бадралмаагийн “...Тухайн үед буюу 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Соёлын төв өргөөнд А намын даргын сунгаанд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагааг газар дээрээс нь шууд дамжуулалтаар буюу “Еrgelt.mn” сайтын пэйж хуудсаар Live хийж шууд дамжуулсан. Тухайн Live-д А намын дотоод сонгуулийн хорооны дарга И.М болон А намын ерөнхий нарийн бичгийн дарга Нүрзэд нараас мэдээлэл авсан. И.М нь надад өгсөн мэдээлэлдээ А намын даргын сунгаанд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Өнөөдөр Соёлын төв өргөөнд болох А намын даргын дотоод сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын ажиллагааг МА наас болохгүй мэтээр цахим орчинд худал мэдээлэл тарааж байна. Мөн нэр дэвшигчдийн зардлын дансыг Сангийн яам, Монгол банкнаас хаалгах гэж харилцагч банк руу залгаж, бичиг хүргүүлж дарамталж байна. Бас иргэн С.Эрдэнэ гэдэг хүн ийм маягаар харилцагч банк руу бичиг хүргүүлж байна. Энэ үйл ажиллагаанд битгий автаарай, А намын дотоод сонгуулийн хороо намын их хурлаар байгуулагддаг хараад бус байгууллага юм” гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Уг мэдээллийн үнэн бодит эсэхийг би мэдэхгүй өөрийн мэдээлэх эрх, үүргийнхээ хүрээнд мэдээллийг шууд дамжуулсан. ...” /1хх 29-30/,

гэрч З.Нарантуяагийн “...Би 2021 оны 3 дугаар сард А намын Үндэсний бодлогын хорооны хуралд Соёлын төв өргөөнд болох үед очсон. Хурлын үеэр А намын дотоод сонгуулийн хорооны дарга И.М нь 2-3 хүнтэй ирж, надтай уулзаж, “...А намын даргын сунгаанд нэр дэвшигчдийн дэнчинг байршуулсан Хас банкны данснаас гүйлгээ хийж өгөхгүй байна. Ямар учир шалтгаанаар гэдгийг банкнаас тодруулахын тулд та мэргэжлийн хүн байна, хамт банк руу яваад өгөөч гэж гуйсан учир бид Хас банкны “Ай Си Си” салбарт очсон. Тэнд очоод бид гүйлгээ хийдэг теллер, банкны ажилтнуудаас яагаад данснаасаа гүйлгээ хийж болохгүй байгааг асуухад банкны ажилтнууд А намын данснаас гүйлгээ хийх эрхтэй хүн нь хэн гэдэг нь маргаантай байна. Манай хуулийн хэлтсийнхэн шалгаж байна, С.Эрдэнэ даргын талаас гомдол гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хас банкны “Ай Си Си” салбарт байрладаг дэд захирал Уламбаяр руу утсаар яриад болсон маргаантай асуудлын талаар тодруулахаар ирлээ гэхэд Уламбаяр бууж ирээд бидэнтэй уулзсан. Уулзаад Уламбаяр нь зарлагын гүйлгээ гарахгүй байгаа шалтгааныг тайлбарлахдаа “...Нээлттэй мэдээллийн эх сурвалжуудаас харахад А намын дарга С.Эрдэнэ гуай байна. Тэгэхээр С.Эрдэнэ гуайн гаргасан хүсэлтээр А намын данснаас зарлага хийх ёстой гэдэг гомдол нь үндэслэлтэй байж магадгүй юм биш үү гээд манай банкны хуулийнхан шалгаж байгаа юм аа, тийм учраас зарлага хийхгүй байгаа юм” гэж хэлсэн. ...Тэд хоорондоо ойлголцоод хоцорсон, би хурал руугаа явсан. Хас банкин дахь дотоод сонгуулийн хорооны дансыг МА н, Сангийн яам, Монгол банкнаас хаалгах талаар ярьсан талаар мэдэхгүй ээ. ...Би Монгол банкны хяналт шалгалтын газрын нэг хэлтсийн дарга Ариунбаттай утсаар холбогдож “Хас банкин дахь А намын данстай холбоотой танай дээр гомдол ирж, шалгаж байгаа зүйл байгаа юм уу” гэж асуухад “за сайн мэдэхгүй байна, Хас банкны удирдлагуудаас тодруулсан нь дээр байх” гэж зөвлөсөн. ...” /1хх 95-98/,

гэрч Э.Уламбаярын “...З.Нарантуяа нь ирж уулзсан нь үнэн. Яг ямар хүсэлт тавьсныг нь сайн санахгүй байна. Манай салбарын захирал цуг уулзаж байсан. Миний шууд хариуцсан асуудал биш учраас холбогдох нэгжүүдэд уламжлан хариуг өгүүлэхэд тусалж өгье гэж хэлсэн. ...Хас банкны “Ай Си Си” тооцооны төвд нээлгэсэн А намын дотоод сонгуулийн хорооны дансыг хаалгах эрх Сангийн яам, Монгол Банк, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт байгууллагад байхгүй. Тиймээс ийм зүйл болоогүй. ...” /1хх 101-103/ гэсэн мэдүүлгүүд,

Хас банкны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 88/135 дугаартай “...А намын дотоод сонгуулийн хорооноос 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүсэлт гарган манай тооцооны төвд 5004153497 тоот дансыг А намын нэр дээр нээлгэсэн билээ. Гэвч 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр А намын дарга С.Эрдэнийн гарын үсэг бүхий албан бичгээр тус дансны бэлэн ба бэлэн бус гүйлгээний эрхийг цуцалж өгнө үү гэж хүссэн билээ. ...” /1хх 118-119/ гэх албан бичиг,

цахим орчинд үзлэг хийсэн тухай “...Цахим орчинд хайлт хийж үзэхэд А намын дотоод сонгууль хойшлох талаар ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй байсныг тэмдэглэлд тусгав. ...” /2хх 19-20/ гэх тэмдэглэл,

дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай “...Бичлэг эхлэхэд сэтгүүлч: За үзэгчдээ Эргэлт.мн мэдээллийн сайт мэдээллийг яг одоо Соёлын төв өргөөн дээрээс шууд дамжуулж үзүүлж байна. Өнөөдөр А нам Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаа зарлаж намын даргын сунгаанд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах болсон байгаа. Энэ асуудлыг бид А намын дотоод сонгуулийн хорооны дарга Мөнхжаргал болон А намын хэрэг эрхлэх газрын дарга Нүрзэдээс тодруулж байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Мөнхжаргал: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, өнөөдөр А намын даргад нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээ болохоор бэлтгэл ажил хангагдаж байна. За ингээд сайны хажуугаар саар гэгчээр бас энэ үйл ажиллагааг маань больсон мэтээр энэ тэндээс МА нын зүгээс бусниулахаар зар өгч байна. Иймээс ийм зар мэдээнд битгий автаа, А нам нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардуулах үйл ажиллагаа 12 цагаас хэвийн явагдана. Мөн дээр нь А намын дотоод хэрэгт МА н илт оролцож байгааг хэлэх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл нэр дэвшигчийнхээ зардлыг хуримтлуулж байгаа зардлын дансыг маань янз бүрийн аргаар хаах болиулахаар Монгол банк, Сангийн яамнаас харилцагч банкууд руу маань залгаж дарамталж байна. ...” /2хх 22-24/ гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр заажээ.

Шүүгдэгч И.М нь “Еrgelt.mn” оюунлаг ирээдүйн төлөө хамтдаа” цахим хуудас буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “...энэ үйл ажиллагааг больсон мэтээр энд тэндээс МА нын зүгээс бусниулахаар зар өгч байна. Мөн дээр нь А намын дотоод хэрэгт хөндлөнгийн МА н илт оролцож байгааг хэлэх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл нэр дэвшигчийнхээ зардлыг хуримтлуулж байгаа зардлын дансыг маань янз бүрийн аргаар хаах, болиулахаар Монгол банк, Сангийн яамнаас харилцагч банкууд руу маань залгаж дарамталж байна...” гэж ярилцлага өгчээ. Олон нийтэд хүрсэн мэдээллийн агуулга нь хуулийн этгээд буюу МА нын ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээлэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул уг үйлдэл худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Хэрэгт авагдсан Хас банкны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 88/135 дугаартай албан бичгээр “А намын дотоод сонгуулийн нэр дэвшигчийнхээ зардлыг хуримтлуулж байсан зардлын 5004153497 тоот дансыг МА нын зүгээс янз бүрийн аргаар хаах, болиулахаар Монгол банк, Сангийн яамнаас харилцагч банкууд руу залгаж дарамталсан” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, шүүгдэгч И.Мын хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, И.Мд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч И.М “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...энэ үйл ажиллагааг маань больсон мэтээр энэ тэндээс МА нын зүгээс бусниулахаар зар өгч байна. Иймээс “ийм зар мэдээнд битгий автаа, А нам нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардуулах үйл ажиллагаа 12 цагаас хэвийн явагдана. Мөн дээр нь А намын дотоод хэрэгт МА н илт оролцож байгааг хэлэх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл нэр дэвшигчийнхээ зардлыг хуримтлуулж байгаа зардлын дансыг маань янз бүрийн аргаар хаах, болиулахаар Монгол банк, Сангийн яамнаас харилцагч банкиуд руу маань залгаж дарамталж байна. ...Зүгээр зардалд хуримтлуулсан дансан дээр харин түрүүний хэлдгээр Монгол банк, Сангийн яам оролцож энийг болиулахаар оролцож байна.” гэж И.Мын хэлсэн үгийг бичмэлээр тэмдэглэл үйлджээ.

Гэрч Б.Бадралмаагийн “газар дээрээс нь шууд дамжуулалтаар буюу Ergelt.mn сайтын пэйж хуудсаар Live хийж шууд дамжуулсан. Тухайн live-д А намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.М болон А намын ерөнхий нарийн бичгийн дарга Нүрзэд нараас мэдээлэл авсан. И.М нь надад өгсөн мэдээлэлдээ “Өнөөдөр соёлын төв өргөөнд болох А намын даргын сунгаанд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын ажиллагааг МАН-аас болохгүй мэтээр цахим орчинд худал мэдээлэл тарааж байна. Мөн нэр дэвшигчдийн зардлын дансыг Сангийн яам, Монгол банкнаас хаалгах гэж харилцагч банк руу залгаж, бичиг хүргүүлж дарамталж байна. ...Уг мэдээллийн үнэн бодит эсэхийг би мэдэхгүй өөрийн мэдээллэх эрх, үүргийнхээ хүрээнд мэдээллийг шууд дамжуулсан.” гэсэн мэдүүлэг,

Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооны албан бичгээр “Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд цахим хуудас болон фэйсбүүк нийгмийн сүлжээг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах эсэх тухай тодорхойлсон заалт байхгүй. Харин Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 40 дүгээр тогтоолд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэдэгт Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасныг ойлгоно” гэжээ.” гэсэн бичиг зэргээр тус тус И.М нь илт худал мэдээлэл тараасан нь батлагдаж байна.

Хуурамч мэдээлэл (Disinformation) гэдэг нь А институт, засаглалд итгэх итгэлийг сулруулж, олон нийтийн санаа бодлыг санаатайгаар төөрөгдүүлсэн, буруу мэдээллийг хэлнэ. Хуурамч мэдээллийг зориуд төөрөгдүүлэх замаар дэлгэж эсхүл төөрөгдүүлэх сэдлээр хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэл гэдэг нь хор уршиг учруулахын тулд мэдсээр байж хуваалцдаг эсхүл болзошгүй хохирлыг үл тоомсорлон хийсэн худал эсхүл мэхлэн өдөөх мэдээлэл юм.

Хууль тогтоогч 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан бөгөөд энэ гэмт хэрэг нь “нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж объектив талын  шинжээр нь тодорхойлогдсон, “илт худал мэдээлэл” гэсэн ойлголтод зарим тохиолдолд тодорхой үйл баримт, болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгсөн, шүүмжилсэн, тодорхой үндэслэл бүхий боловч ингэх явцдаа нэр хүндийг гутаасан, түүнд халдсан, бодит баримтыг бүрэн гүйцэд бус, алдаатай мэдээлэл тараасныг хамруулан ойлгоно.

Монгол хэлний их тайлбар бичигт “мэдээлэл” гэдэг үгийг “ямар нэгэн үйл хэргийн тухай амаар болон бичгээр дэлгэрэнгүй мэдээллэх явц, мэдээ дамжуулах, “худал” гэдгийг /бодит байдлыг гуйвуулсан үг, бодит байдлыг зориуд гуйвуулах, үнэн бус яриа/, “илт” гэдгийг /ил бүхий, юмны тодорхой, нууц биш, илэрхий мэдэх, мэдэж буй нь тодорхой байх/ гэснээр тус тус тайлбарлажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлийн зарим заалтыг тайлбарласан бөгөөд уг тогтоолд “...худал гүжирдлэг…” гэдэгт илт худал мэдээлэл, баримт сэлтийг ойлгоно гэжээ. Монгол Улсын эрүүгийн эрх зүйд “илт худал гүжирдлэг” гэдэг ойлголт нь “илт худал мэдээлэл” гэсэн агуулгыг давхар агуулж байна.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн “илт худал мэдээлэл” гэх ойлголтыг Улсын Дээд шүүхийн 2007 оны 40 тоот тогтоолыг үндэс болгож “илт худал мэдээлэл” гэдэгт “илт худал гүжирдлэг”, “гүтгэх”, “гүжирдэх” гэсэн хууль зүйн ойлголт онолын хувьд багтаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан “гутаасан мэдээ” нь “худал мэдээлэл” болон “үнэн мэдээлэл”-ийг давхар агуулдаг. Иргэний хуулийн 21.3-т бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс нэр төрийг гутаасан бол няцаах үүрэг хүлээхээр зохицуулсан.

Иймд бүх хууль тогтоомж, ялангуяа нэр төр гутаахтай холбоотой Эрүүгийн хууль нь үнэнийг хамгаалах хамгаалалтыг багтаасан байх бөгөөд мөн чанарын болон нотолгооны субъектын хувьд илэрхийллийн хэлбэрүүдтэй холбоотойгоор хэрэглэгдэх ёсгүй юм.

Монгол Улс Үндсэн хуулиараа Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх бөгөөд нэгдэн орсон гэрээ, конвенц нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэхээр заасан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн заалт нь энэ эрхийг хамгаалж буй зохицуулалт мөн. Үзэл бодол, хардлага, шүүмжлэл, алдаатай мэдээлэл тараасан шалтгаанаар баривчлах, саатуулах, шүүж шоронд хорих, торгох, дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх нь Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 19 дүгээр зүйлийг зөрчсөнд тооцогдоно.

Гэсэн хэдий боловч хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч энэ эрхийг эдлэхэд онцгой үүрэг, хариуцлагатай болохыг анхаарах учиртай. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, ёс суртахууныг хамгаалах буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх чөлөөг хуульчилсан бөгөөд энэхүү үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхдээ ямар хүрээнд хэрхэн эдлэх нь  бусдын эрхээр хязгаарлагддаг.

Шүүгдэгч И.М нь “...Энэ мэдэгдлийг би хэлээгүй. А намын байгууллага мэдэгдэл бичиж өгсөн. Би уг мэдэгдлийн дагуу ярьсан. Иймд уг гэмт хэргийн хохироосон, гүтгэсэн, худал мэдээллэсэн жинхэнэ этгээд нь А нам гэх хуулийн этгээд тул хуулийн этгээдэд хариуцлага тооцох, эсхүл иргэний журмаар шийдвэрлэх ёстой” гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд авагдсан А намын мэдэгдэлд “МАН ичгүүргүйгээр, ёс зүйгүйгээр А намын сонгуулийг бусниулахаар оролдохоос гадна ...хурлыг тасалдуулахаар санаархаж ч болзошгүй байгаа бөгөөд өмнөх практикаар энэ нь нотлогдож байгаа билээ.” гэсэн агуулга бичигдсэнээс өөрөөр Ergelt.mn сайтын пэйж хуудсаар Live хийж шууд дамжуулсан И.Мын өгсөн мэдээлэл өөр байгааг дурдах нь зүйтэй.

Бодит мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг илт худал мэдээлэл гэж үзэхгүй бөгөөд дээрх И.Мын хэлсэн үг нь илт худал мэдээлэл болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож, үнэн зөв мэдээллийн хүртээмжтэй байдлыг зөв илэрхийлээгүйгээс уг гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүн төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Иймд давж заалдсан гомдлын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох, дахин шалгах үндэслэл тогтоогдоогүй, анхан шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Мын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1002 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ        

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ