Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2024/0038/З |
Дугаар | 159/ШШ2024/0048 |
Огноо | 2024-07-18 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 159/ШШ2024/0048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2024/0038/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн прокурорын газрьн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор *******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******
Дүгнэлтийн шаардлага: “******* холбогдох 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0661053 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч ахлах прокурор *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* иргэн ******* эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтад зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2. Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрьн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* нь Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0661053 дугаар шийтгэлийн хуудсыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
3. Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрьн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “... Сэлэнгэ аймгийн прокурорын газрьн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* би, Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах” шалгалтын хүрээнд тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* нь “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, иргэн ******* 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн 0661053 дугаартай шийтгэлийн хуудсыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянав.
Хэрэгт цугларсан үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч *******ийн “... 2019 оноос өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Сая зээл авах гээд л гаргаж ирээд мэдсэн” гэх мэдүүлэг, иргэний газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт зэрэг нотлох баримтаар иргэн Ч.Заяа нь Аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/352 тоот шийдвэрээр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Партизан Цэнгүүн-07 гудамж, ******* тоот хаягт 348 мкв газрыг 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” гэж заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад заасан “хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байна.
Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрыг аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”. 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж зааснаас үзэхэд иргэн *******ийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан буюу газар эзэмших эрх дуусгавар болсон байхад газар эзэмшсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасныг зөрчиж “хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “зөрчлийн шинжгүй” зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул аймгийн Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0661053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж заасан байна. Мөн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзолын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг иргэн *******ийн газар эзэмших эрхийн хугацаа дууссаныг мэдээгүйн улмаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад заасан хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байна гэсэн тухайд:
Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* би 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар сумын 7-р баг Ганзам 3-р хэсэг гудамж ******* точик 7 тоотод оршин суугч Чулуунбатын Заяа нь эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжээр торгож, хохирол нөхөн төлбөрийг тооцоогүй болно. Газрын тухай хуулийн 39.1.1 бол газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор заасан. Иргэн Ч.Заяа нь Газрын тухай хуулийн 37.1-д заасны дагуу эрхийн хугацаа дуусахаас өмнө 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргах ёстой бөгөөд гаргаагүй тул газар эзэмших эрх дуусгавар болсонд тооцох бөгөөд газрыг үргэлжлүүлэн эзэмшиж буй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан” гэж үзэж торгон, шийтгэл ногдуулсан. Иргэн газар эзэмших эрхээ сунгах хүсэлт гаргахгүй бол Газрын тухай хуулийн 41.1-д заасны дагуу газраа чөлөөлж төрд шилжүүлэхээр заасан байдаг.
Мөн хуулийн 41.2-т “Энэ хуулийн 39.1-39.1.4-т заасан үндэслэлийн дагуу газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна” гэж заасан байдаг. Мөн хуулийн 4.1.7 газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх зарчим туссан байдаг. Хэрэв газар эзэмших эрх дуусгавар болвол Газрын тухай хуулийн 47.1-д заасны дагуу дуусгавар болохоор заасан байдаг. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийн газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгоно гэж зааснаас үзэхэд иргэн *******ийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан буюу газар эзэмших эрх дуусгавар болсон байхад газар эзэмшсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан байна гэсэн тухайд:
Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж байдаг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн гэж байдаггүй. Иргэн аж ахуй нэгж, байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар дээр байшин, барилга байгууламж барих, газар хагалж тариа ногоо тарих, өвөлжөө хашаа барих, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй болон өөр чиглэлээр зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгахын тулд энэ заалтыг хэрэглэдэг. Цаашид энэ заалтыг үндэслэл болгох эсэх талаар Газар зохион байгуулалт, гердези зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлайд 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 01/218 дугаартай албан бичгийг хүргүүлсэн болно. Иймд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 3 дугаар хэсэг, *******-точик гудамж, 7 тоотод оршин суух ******* эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар таван зуун нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* дүгнэлтдээ:
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” гэж заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтад заасан ... зөрчил үйлдсэн гэж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байна. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэлэхийг, 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашилах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж зааснаас үзэхэд иргэн *******ийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан буюу газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад газар эзэмшсэн үйлдэлд ... хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “зөрчлийн шинжгүй” зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн ... 0661053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Үйл баримтын талаар
1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн иргэн ******* Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/352 дугаартай захирамжаар гэр, орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон газрын эзэмших эрхийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эзэмших эрх нь дуусгавар болжээ. Иргэн Ч.Заяа нь газар эзэмших эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ холбогдох газарт гаргаагүй бөгөөд банкнаас зээл авах үедээ газар эзэмших эрхийн хугацааг сунгуулаагүй талаараа мэдсэн байна.
2. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* *******ийн дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дах хэсгийн 10.1-д заасан “хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.
3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар Газрын тухай хуульд газар ашиглах, ашиглуулахтай холбоотой харилцааг зөвхөн дээрх хуулийн заалтаар зохицуулахаар байна.
Өөрөөр хэлбэл газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхгүй этгээд газрыг ашиглахын тулд газар эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр эсхүл эрх бүхий байгууллагын /УИХ, Засгийн газар/ зөвшөөрөлтэйгээр ашиглахаар хуульд зохицуулсан байна.
4. Иргэн *******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний 2 жилийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусахад газар эзэмшигч Ч.Заяа нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар сунгуулах хүсэлтээ гаргаагүй тул мөн хуулийн 39.1.1-т заасан үндэслэлээр түүний газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзнэ.
5. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ”, 41.2-т “Энэ хуулийн 39.1.1-39.1.4-т заасан үндэслэлийн дагуу газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна”, 41.4-т “Энэ хуулийн 41.1-т заасан хугацаанд газраа чөлөөлөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна” гэж тус тус зааснаас үзэхэд иргэн *******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
6. Тухайлбал хэлбэл иргэн Ч.Заяа нь 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй бөгөөд сунгуулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших эрх дуусгавар болсон үндэслэлээр Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна.
7. Өөрөөр хэлбэл иргэн Ч.Заяа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргах, эс гаргах нь газар эзэмшиж байгаа этгээдийн хуульд заасан бүрэн эрх бөгөөд газар эзэмшигч этгээдийн газар эзэмших эрх дээрх үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан байна.
8. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”-г гэж заасан нөхцөл байдлыг тогтоолгүй шийтгэл оногдуулсан байх боломжтой байна. Өөрөөр хэлбэл Ч.Заяа нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг зөрчиж газар эзэмшигч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “Газар эзэмшигч, ашиглагч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж зааснаар зөрчлийн хариуцлага тооцох эсэхийг /хөөн хэлэлцэх хугацааг тооцсоны үндсэн дээр/ шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
9. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан бөгөөд иргэн ******* 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу газар эзэмших эрхийн хугацаа дууссан өдөр зөрчил үйлдсэн гэж үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дууссан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй нөхцөл үүссэн болохыг дурдах нь зүйтэй байна.
10. Иймд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 3 дугаар хэсэг, *******-точик гудамж, 7 тоотод оршин суух ******* эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар таван зуун нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0661053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, 44 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гийн 08 дугаартай прокурорын дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0661053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Дүгнэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР