Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/30

 

      2023         01           05                                         2023/ДШМ/30

Б.Үад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

яллагдагч Б.Үын өмгөөлөгч М.Билгүтэй,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/1823 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцлээр Б.Үад холбогдох 2210 00000 0999 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б... овгийн Б...ийн Ү..., 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, э...., .... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ....., ...... хамт .... дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Б.Ү нь 2022 оны 8 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энглиш Инн” пабад хохирогч Н.Атай маргалдаж, улмаар түүн рүү аяга авч шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тухайн хэргийн нөхцөлд яллагдагч Б.Ү, хохирогч Н.А нар нь хоорондоо харилцан зодолдсон үйл баримттай байх ба хэн аль нь биедээ гэмтэл авсан байдаг. Яллагдагч Б.Үын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10913 дугаартай дүгнэлтэд ““СТ Сеnter” компьютер томографи дүрс оношилгооны төвийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 35М дугаартай гавал тархины дүрс оношилгооны хариуг үндэслэн Б.Үын биед баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэжээ.

Дээрх дүрс оношилгооны хариунд “...зүүн нүдний ухархайн дотор хананд 1.4 см хэмжээтэй хугарал үүссэн, хамрын таславч муруйлт зүүн тал руу бага хэмжээгээр үүссэн...” гэх бөгөөд дүгнэлт хэсэгт “no evidence hematoma and ischemic infarction in brain, left orbital medial wall dracture, bilateral nasal turbinate thickening, midly left deviating nasal septum, C type” гэжээ.

Дүгнэлт хэсгийг монгол хэл дээр орчуулаагүйгээс ойлгомжгүй нөхцөл байдал үүссэнээс гадна яллагдагч Б.Үын биед үүссэн зүүн нүдний ухархайн дотор хананд 1.4 см хэмжээтэй хугарал нь хуучин, эсхүл шинэ гэмтэл эсэх талаар дүгнэлт гаргасан шинжээч эмчийг асуугаагүй, дүгнэлтийн үндэслэл болсон “СТ Сеnter” компьютер томографи дүрс оношилгооны төвийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 35М дугаартай гавал тархины дүрс оношилгооны хариуд “...зүүн ухархайн дотор хананд 1.4 см хугарал үүссэн, ...хамрын таславч муруйлт зүүн тал руу бага хэмжээгээр үүссэн...” гэж тэмдэглэгдсэн ба эдгээр гэмтлүүд нь шинэ, хуучин эсэх талаар уг оношилгооны дүгнэлтэд зааж тусгагдаагүй байна.

Дээрх нөхцөл байдал нь шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлыг үүсгэж байх тул уг асуудлыг тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээч эмчийг асуух, дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах, гавал тархины дүрс оношилгооны хариуг монгол хэл дээр орчуулж хөрвүүлэх зэргээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажилпагаа хийлгэх шаардлагатай гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээр дурдсан хэрэгт ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг шалгаж тодруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг тогтооход ач холбогдолтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн яллагдагч Б.Үад холбогдох эрүүгийн хэргийг мөн прокурорын газарт буцааж, эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд яллагдагч Б.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхгийг эрүүгийн хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Түмэн-Өлзий бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудсанд авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10913 дугаартай дүгнэлт нь “СТ Сеnter” компьютер томографи дүрс оношилгооны төвийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 35М дугаартай гавал тархины дүрс оношилгоо болон шинжлүүлэгч болох Б.Үыг өөрийг нь байлцуулан түүний биед үзлэг хийх зэрэг байдлаар гаргасан дүгнэлт бөгөөд уг дүгнэлтийн үзлэг, шинжилгээ гэх хэсэгт нь “СТ Сеnter” компьютер томографи дүрс оношилгооны төвийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 35М дугаартай гавал тархины дүрс оношилгооны хариуг гадаад /Англи/ хэл дээр бичигдсэн байсныг Монгол хэл рүү хөрвүүлэн улмаар “2022.08.09-ний гавал тархины КТГ: Тархинд эзэлхүүнт өөрчлөлтгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд бүрдэл хазайлтгүй. Хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлуудын байрлал, хэлбэр, хэмжээ хэвийн Субарахнойдол зайнууд хэвийн. Гавал ясанд гэмтлийн өөрчлөлтгүй, хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Хамрын орчмын зөөлөн эд болон хамрын хөндийн салст хэвийн, хамар ясанд гэмтлийн өөрчлөлтгүй, хамрын таславч зүүн тал руу мурий /хуучин/, хоёр талын гайморын хөндийн доод хэсгээр салст бага зэрэг зузаарсан /синусит/ зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай” гэж оношилгооны хариуг гаргаж дүгнэлт хэсэгтээ тухайн гэмтлийг хуучин гэмтэл байсан учир тусгалгүй орхиж, харин Б.Үын биед баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсоныг дурдаж, уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэлт гаргасан.

Иймд дээрх шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хэрэв шүүх тухайн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж зааснаар шүүхийн шатанд дахин шинжээч томилж дүгнэлтийг гаргуулж болох, түүнчлэн яллагдагч Б.Үыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаанд тухайн шинжээч эмчийг оролцуулан гаргасан дүгнэлттэй нь холбоотойгоор мэдүүлэг авч болохоор байна. Гэтэл шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэл болсон дээрх ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байхаас гадна хуулиар шүүхэд эрх хэмжээ нь олгогдсон байтал тэрхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр өөрт олгогдсон эрх хэмжээгээ үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/1823 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Б.Үын өмгөөлөгч М.Билгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Үад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Б.Үад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой шаардлагатай гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.

            Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.Үын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж үзэв.

            Анхан шатны шүүх “...шинжээчийн дүгнэлт хэсгийг монгол хэл дээр орчуулаагүйгээс ойлгомжгүй нөхцөл байдал үүссэнээс гадна яллагдагч Б.Үын биед үүссэн зүүн нүдний ухархайн дотор хананд 1.4 см хэмжээтэй хугарал нь хуучин, эсхүл шинэ гэмтэл эсэх талаар дүгнэлт гаргасан шинжээч эмчийг асуугаагүй, дүгнэлтийн үндэслэл болсон “СТ Сеnter” компьютер томографи дүрс оношилгооны төвийн 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 35М дугаартай гавал тархины дүрс оношилгооны хариуд “...зүүн ухархайн дотор хананд 1.4 см хугарал үүссэн, ...хамрын таславч муруйлт зүүн тал руу бага хэмжээгээр үүссэн...” гэж тэмдэглэгдсэн ба эдгээр гэмтлүүд нь шинэ, хуучин эсэх талаар уг оношилгооны дүгнэлтэд зааж тусгагдаагүй байна. ...” гэж үзсэн хэдий ч давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг хийх шаардлагагүй, шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээч эмчийг оролцуулан дүгнэлтийг нь тайлбарлуулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ гэсэн дүгнэлтийг хийв.

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Гавал тархины КТГ /тодосгогчтой/-ийн дүгнэлт хэсэгт “no evidence hematoma and ischemic infarction in brain, left orbital medial wall dracture, bilateral nasal turbinate thickening, midly left deviating nasal septum, C type” гэж англиар бичсэн байна.

Энэхүү Гавал тархины КТГ үндэслэж 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10913 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Дүрслэл оношилгооны хариу 2022 оны гавал тархины КТГ: Тархинд эзэлхүүнт өөрчлөлтгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд бүрдэл хазайлтгүй, хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлуудад байрлал, хэлбэр, хэмжээ хэвийн. ...хамрын таславч зүүн талруугаа мурий /хуучин/, хоёр талын гайморын хөндийн доод хэсгээр салст бага зэрэг зузаарсан /синусит/ зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай.” гэж дүрслэл оношилгооны хариуг тэмдэглэж, дүгнэлт хэсэгт: “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд “Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх.”, 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заана гэсэн хуулийн шаардлагаар хэргийг буцаасан хэдий боловч тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд заасан шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах зэргээр шинжээчийн дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой байжээ.

Шинжээчийн дүгнэлт нь хэргийн талаарх нотлох баримтын нэг эх сурвалж бөгөөд шинжлэх ухааны нарийн мэргэжлийн хүний гаргасан шинжилгээний хариу юм. Гэхдээ дүгнэлт нь ерөнхий үндэслэлийн хүрээнд шүүх хуралдааны үед бусад нотлох баримтуудтай харьцуулагдаж эцсийн үнэлгээ өгөх үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хуулиас гадна Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй бөгөөд эрх үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулдаг.

Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурласан байх учиртай бөгөөд хэрэгт цугларсан баримтаар буюу 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10913 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаж, нотлох баримтыг үнэлүүлэхээр ирүүлж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эргэлзээтэй гэж үзэх нь шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал бөгөөд анхан шатны шүүх дээрх ажиллагааг явуулах хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэн ажиллах боломжтой юм.

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгджээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүссэн гэж үзэж хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/1823 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ