| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/02373/И |
| Дугаар | 102/ШШ2024/04572 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/04572
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2024/04572 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, хаягт байрлах, Т банк ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Х ургийн овогтой Тийн А,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Х ургийн овогтой Жын Г нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 139,538,051.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Т.А, Ж.Г нарт холбогдуулан 139,538,051.58 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан байна.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Тус банк нь зээлдэгч Т.А, Ж.Г нартай 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 33/03 тоот Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 141,504,000 төгрөгийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатайгаар олгосон. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 33/03 тоот барьцааны гэрээгээр дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд Т.А, Ж.Г нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн тоот хаягт байрлах бүртгэлийн дугаартай, №000486245 тоот гэрчилгээний дугаартай 64,32 м.кв талбай бүхий 2 өрөө орон орон сууц, Т.Агийн өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн тоот хаягт байрлах Ү-2205013217 бүртгэлийн дугаартай, №000471987 тоот гэрчилгээний дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө сууц, иргэн Т.А, Ж.Г нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 2860 хоног хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөн. Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш үндсэн зээлд 13,328,910.62 төгрөг, хүүнд 54,859,350.06 төгрөг, нийт 68,188,160.68 төгрөг төлсөн. 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлдэгч Т.А, Ж.Г нарын зээл дараах үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 128,175,189.38 төгрөг, зээлийн хүү 9,470,805.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,032.79 төгрөг, нийт 139,538,051.58 төгрөгний өртэй болоод байна. Иймд зээлдэгч Т.А, Ж.Г нартай 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 33/03 тоот Зээлийн болон Барьцааны гэрээг цуцлуулахаар, Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1, 153.1, 158.1, 158.3, 161.1 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, 21.1, 21.2-т заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Т.А, Ж.Г нараас зээл, хүүний нийт үлдэгдэл 139,538,051.58 төгрөгийг гаргуулах, Нийслэлийн Баянгол дүүргийн тоот хаягт байрлах бүртгэлийн дугаартай, №000486245 тоот гэрчилгээний дугаартай 64,32 м.кв талбай бүхий 2 өрөө орон орон сууц, Нийслэлийн Баянгол дүүргийн тоот хаягт байрлах бүртгэлийн дугаартай, №000471987 тоот гэрчилгээний дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч Т.А, Ж.Г нар нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлаа: Зээлийн болон барьцааны гэрээг цуцлуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгч Т.А би, нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг Баянгол дүүрэг 3 дугаар хороолол дахь 3 өрөө байраа урьдчилгаа 30 хувьд тавьж, Нарны хороололын дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 2016.05.30-ны өдөр ипотекийн зээлээр авч, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээл, түүний хүүг графикийн дагуу төлж ирсэн. 2020 онд коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал дэлхий нийтэд гарч, 2020.04.29-ний өдөр коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гарч, улсс орон даяар хөл хорио тогтоож байсан, хүнд үе, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөнөөс 2020.05.29-ний өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг сунгасан. Цар тахалын хүнд үеийн нөхцөл байдал удааширч, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020.02.12-ны өдрийн 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020.02.12-ны өдрийн 62 дугаар тогтоол, 2020.02.19-ний өдрийн 64 дүгээр тогтоол, 2020.02.28-ны өдрийн Балэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 78 дугаар тогтоол, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны №А/71, №А/431, №А/116 тушаалууд зэрэг нийтэд илэрхий болсон үйл баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд зээлийн үүргээ зээлдэгч биелүүлээгүй нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй, цаг үеийн давагдашгүй хүчин зүйлүүд нөлөөлсөн гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5/, итгэмжлэл /хх-ийн 6/, мемориалын баримт /хх-ийн 7/, 2016 оны 05 сарын 30-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ /хх-ийн 10, 11/, Т.Агийн зээлдэгчийн зөвшөөрөл /хх-ийн 12/, зээл эргэн төлөх хуваарь /хх-ийн 12-14/, 2020 оны 05 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-ийн 15/, зээл эргэн төлөх хуваарь /хх-ийн 15-17/, 2016 оны 05 сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-ийн 18,19/, зээлдэгчийн анкет /хх-ийн 20/, хамтран зээлдэгчийн анкет /хх-ийн 21/, Т.Агийн хүсэлт /хх-ийн 22/, зээл төлөлтийн тооцоолол /хх-ийн 23-27/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 28-38/, Т.А, Ж.Г нарын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 39/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 40,41/, хариуцагчаас зээлийн дансны хуулга /хх-ийн 74-79/, Нийслэлийн прокурорын газрын тодорхойлолт /хх-ийн 84/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Тус банк нь зээлдэгч Т.А, Ж.Г нартай 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 33/03 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 141,504,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай олгосон. ...Барьцаанд Т.А, Ж.Г нарын өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүрэг, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 64.32м.кв талбайтай бүхий 2 өрөө орон сууц, Т.Агийн өмчлөлийн Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, 40м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.
Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2,860 хоног хугацаа хэтрүүлж үүргийн зөрлчил гаргасан. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 139,538,051.58 төгрөг гаргуулж, барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна. гэж тайлбарласан.
3.Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Т банк ХК-тай 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 33/03 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан гэрээний үүргээ биелүүлж ирсэн. 2020 онд Корона вируст халдвар дэлхий нийтэд гарч 2020 оны 04 сарын 29-ний өдөр цар тахалсаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хууль гарч, улс орон даяар хөл хорио тогтоож байсан. 2020 оны 05 сарын 29-ний өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг сунгасан.
Гэвч цар тахал үргэлжилж зээлийн гэрээний хугацааг дахин сунгахаар хүсэлт өгсөн. Банк хүслэтийг итнернетээр авна гэсэн бөгөөд биеэр ирж цахим код ав гэсэн. Хөл хориотой байсан учир очиж чадаагүй. Үүнээс болоод зээл хойшлуулах хүсэлтээ өгч чадаагүй. 2021 оны 06 сард төлбөр төлөгдөөгүй гэсэн мэдэгдэл ирсэн. Энэ хугацаанд мэдэгдэх боломж байсаар байтал мэдэгдээгүй. Би зээл төлөх хугацаа хойшилсон гэж ойлгож байсан. Улмаар зээлийн төлбөрийг төлөх үед хойшлуулсан гэж ойлгож байсан хугацааны төлбөрт зээл тооцоод байсан нь алдагдалтай байсан учир 2023 оны 1 сараас хойш төлөл хийхээ зогсоосон. Гэсэн хэдий ч одоо зээлийн төлбөрийн үүргийн зөрчлийг арилгаж, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж гэрээний төлбөрт хувиарт орсон. Иймд гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Т банк ХК болон хариуцагч Т.А, Ж.Г нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 33/03 тоот зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээг нотариатчаар гэрчлүүлэн байна. Зээлий гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч нарт 141,504,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай олгож, хариуцагч нар гэрээний хавсралт 1-т тохиролцсон хуваарийн дагуу буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.
4.2.Мөн өдөр талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 33/03 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, Т.А, Ж.Г нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Энгелс гудамж, тоот хаягт байрлах, 64.32м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Т.Агийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 40м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.
5.Зээлийн гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Т.А, Ж.Г нарт хэлцлээр тохиролцсон зээл 141,504,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
6.Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээний үүргээ тохиролцсон хугацаанд гүйцэтгээгүйтэй холбоотой гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт урт хугацаатай гэрээг цуцлахад мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт журмыг баримтална гэж заасан.
7.Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн дансны хуулга, болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу хуваарт төлбөр төлөх үүргээ 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд биелүүлж байсан байна. Харин 2020 онд Ковид-19 цар тахал гарсантай холбоотой зээл төлөх боломжгүй болж, зээл төлөх хугацааг 6 сар хойшлуулах хүсэлтээ зээлдүүлэгчийн тавьсан шаардлагын дагуу цахимаар гаргаж өгөөгүйгээс зээл төлөх үүргээ биелүүлж чадаагүй байна. Мөн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 09 сар хүртэл хугацаанд зөрчигдсөн байна.
8.Хариуцагч 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлээс 16,706,193 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,470,805.44 төгрөг төлөх үүргийн зөрчил гаргасан нь зээлийн гэрээний хавсралт-1, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
9.Хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргийн зөрчил гаргасан боловч зөрчил гарах болсон шалтгаан нь 2020 онд Ковид-19 цар тахал гарсан онцгой нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх боломжтой байна. Мөн үүргийн зөрчлийг арилгахаар 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нийт 22,990,385 төгрөийг зээлийн гэрээний төлөрт төлж, зөрчилийг аргилгах арга хэмжээ авчээ.
10.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй байхаар зохицуулсан. Гэрээний хугацаа 240 сар, гэрээний үндсэн зээлийн дүн 141.504.000 төгрөг бол дээр дурдсан нөхцөл байдлаас гарсан гэрээний үүргийн зөрчил нь үндсэн зээлээс 16,706,193 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,470,805.44 төгрөг төлөх үүрэг зөрчигдсөн байна. Уг зөрчөөс 22,990,385 төгрөийн үүргийн зөрчилийг арилгасан зэргээс үзвэл гэрээг цуцлах ноцтой зөрчил болохгүй гэж үзэв.
11.Нөгөө талаар Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд гэрээ цуцлахад хугацаа, тогтоох, урдчилан мэдэгдэх зэрэг баримтлах журмыг зохицуулсан бөгөөд энэ журмыг хэрэгжүүлээгүй бол гэрээг шууд цуцлах нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч гэрээ цуцлах мэдэгдлийг зохих журмаар хариуцагчид хүргүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.
12.Иймээс нэхэмжлэгч Т банк ХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлийн гэрээг цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.А, Ж.Г нараас үндсэн зээлийн үлдэгдэл 128,175,189.38 төгрөг, зээлийн хүү 9,470,805.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,032.79 төгрөг, нийт 139,538,051.58 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хуульд заасан үндэслэлгүй байна.
13.Мөн барьцнааны гэрээний дагуу хариуцагч нарын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар шаардах эрхтэй. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаан гэрээ байгуулсан боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үүрэг үүсээгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй болно.
14.Иймд хариуцагч Т.А, Ж.Г нарт холбогдох 139,538,051.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
15.Шүүх нэхэмжллэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911,884.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т.А, Ж.Г нарт холбогдох 139,538,051.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Т банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911,884.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР