| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/04414/И |
| Дугаар | 102/ШШ2024/04693 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/04693
| 2024 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2024/04693 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, хаягт байрлах, Т банк ХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Б ургийн овогтой Мын Ц,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, С ургийн овогтой Хны У нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 77,373,550.69 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч М.Ц, Х.У нарт холбогдуулан 77,373,550.69 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан байна.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.Ц, Х.У нар нь Т банкны Гэгээнтэн зээлийн төвтэй 2020 оны 09 дугаар сарын 24-ны өдөр Дугаар: 341801705751 тоот Зээлийн гэрээ болон Дугаар: ББЗГ-341801705751 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулан Бичил бизнесийн зээлийн зориулалтаар 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй. 40 сарын хутацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан байдаг. Үүнд Улаанбаатар, Хан-Уул дүүргийн тоот хаягт байршилтай 170.34 мкв галбайтай. Улсын бүртгэлийн дутаартай. хувийн суунны зориулалттай үл хөдлөх хөронгө, Улаанбаатар. Хан-Уул дүүргийн тоот хаягг байршилтай, 18628296981575 нэгж талбарын дугаартай 694 м.кв талбайтай, дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрын хамт Улаанбаатар, Хан-Уул дүүргийн тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 699 мжв талбайтай, дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрын хамт дугаар: 341801705751 тоот Зээлийн гэрээний дагуу 2020 оны 09 дугаар сарын 24-ны өдөр зээлдэгч М.Ц-ийн Т банк дахь 140700112620 тоот харилцах дансанд 50,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 5-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай Мэдэгдэл-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж хугацаа өгч байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т банк ХК-д хохирол учруулж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 1,594,436.35 төгрөг, үндсэн хүүнээс 4.534.812.94 нэмэгдүүлсэн хүүнээс 2,216,346.43 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэнээр үндсэн зээл 48,405,563.65 төгрөг, үндсэн хүүний төлбөр 28,106,404.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 861,582.86 төгрөг, нийт 77,373,550.69 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 26 дугаар зүйлийн 26.1, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч нараас нэхэмжилж байна. Үүнд үндсэнзээл 48,405,563.65 төгрөг, үндсэн хүү 28.106,404.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861.582.86 төгрөг, нийт 77,373,550.69 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу зээлдэгч нар нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Дугаар-341801705751 тоот Барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.Ц, Х.У нар нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлаа: Х.Ц нь энэхүү зээлийг авахдаа Т банкин дахь өөрийн нэр дээрх тоот дансанд зээлийн гэрээний дүн болох 49,495,000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн. Харин хамтран зээлдэгч Х.У дансанд банкнаас ямарваа нэгэн зээлийн мөнгөн дүн шилжүүлээгүй ба банкны өмнө хүлээх үүрэг үүсээгүй. Иймд хамтран зээлдэгч Х.Уыг хамтран зээлдэгч болон энэ иргэний хэргийн хамтран хариуцагчаас татгалзаж өгнө үү. Өөрөөр хэлбэл Т банкнаас зээлийн мөнгөн дүнг М.Ц миний нэр дээрх дансанд шилжүүлсэн тул миний бие дангаараа энэхүү зээлийг хариуцан төлөх ёстой гэж үзэж байна. Энэхүү зээл нь урт хугацаатай орон сууцны ипотекийн зээл биш ба өөрийн хөрөнгөө барьцаалж шүдний эмнэлгийн эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авсан зээл тул миний бие дангаараа хариуцан төлж дуусгах хүсэлтэй байна. Дэлхий нийтийг хамарсан ковидын цар тахал нь 2020 оны 09 сарын сүүлээр зээл авсны дараахан дахин тархаж хатуу хөл хорионд орсны улмаас шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжөө БНХАУ-с авах боломжгүй болж, эрхэлж байсан үйл ажиллагаа бүрэн зогсож бизнесийн орлогогүй болсоны улмаас Т банкнаас авсан зээлээ төлж чадалгүй удаасан. Миний бие Т банкнаас зээл аваад үндсэн зээлийн төлөлтөд 1,594,436.35 төгрөг, үндсэн хүүнээс 4,543,812.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 2,216,346.43 төгрөг нийт 8,354,595.72 төгрөгийг Ковидын хүнд хэцүү үед төлсөн. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэг нь гэрээ хэлцэл байгуулах үед буюу гэрээ хэрэгжих хугацаанд хүн төрөлхтний мэдлэг ба боломжийн орчин үеийн түвшинд тодорхойлох болон урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэн эсхүл тодорхойлох боломжтой ч зайлуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн талуудын хяналтаас гадуур болсон онцгой ба дийлдэшгүй нөхцөлийг хэлнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас короновируст цар тахлыг цар тахлын хэмжээнд хүрсэнийг зарласан бөгөөд МУ-ын хувьд 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн 178 тоот МУ-ын ЗГ- ын тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу бүх нийтийн хөл хорио тогтоосон нь дээрх тодорхойлолт ёсоор гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн юм. Дэлхий нийтийг хамарсан Ковидын иар тахлын хатуу хөл хориотой,хүнд цаг үед зээл авч зориулалтын дагуу ашиглаж чадаагүй ба шүдний эмчийн ажил явагдахгүй бүрэн зогссон. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуульд заасны дагуу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байгаа тул Т банкны нэхэмжилж байгаа төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү буюу 861,582.86 төгрөгийг бүхэлд нь хасч,үндсэн хүүгийн төлбөрөөс 50% болох 14,053,202 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү. Миний бие шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжөө бүгдийг худалдан авсан бөгөөд одоогийн байдлаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас Эмчлэх эрхийн тусгай зөвшөөрлөө авахаар хүлээж байгаа болно. Ийнхүү зөвшөөрлөө авсан тохиолдолд өөрийн үйл ажиллагааны орлогоор Т банкны зээлийг богино хугацаанд хурдан төлж барагдуулах болно гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 7/, итгэмжлэл /хх-ийн 8,9/, М.Цгийн өргөдөл /хх-ийн 10/, М.Цгийн зээлдэгчийн анкет /хх-ийн 11/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 12,13/, Гэгээнтэн бизнес төвийн зээлийн хорооны хурлын шийдвэр /хх-ийн 14/, мемориалын баримтууд /хх-ийн 15/, 2020 оны 09 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ /16-19/, 2020 оны 09 сарын 24-ний өдрийн барьцааны гэрээ /20,21/, итгэмжлэл /хх-ийн 22-24/, барьцаалбар /хх-ийн 25/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсынн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 26-28/, зээл хүү тооцооны хуудас /хх-ийн 29/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 30-38/, харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 39-41/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-ийн 42-46/, хариуцагчаас Х.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, фото зураг /хх-ийн 82/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлин шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Т банк ХК нь М.Ц, Х.У нартай 2020 оны 09 сарын 24-ний өдөр 34180170551 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, бичил биенесийн зээлийн зориулалтаар 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэхээр шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х.Мын өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
Зээлдэгч нар нь 2020 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргасан. Зээлээ төлөхийг удаа дараа шаардлага тавьж, хугацаа олгосон ч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зээлийн үлдэгдэл 48,405,563.86 төгрөг, зээлийн хүү 28,106,404.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,582.86 төгрөг нийт 77,373,550.69 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр харнгуулахаар шаардаж байна. гэж тайлбарласан.
3.Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Т банк ХК-тай 2020 оны 09 сарын 24-ний өдөр 34180170551 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, бичил биенесийн зээлийн зориулалтаар 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэхээр шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х.Мын өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Харин Х.У нь зээлийг аваагүй учир Х.Уыг хамтран хариуцагчаас татгалзаж өгнө үү. М.Ц миний бие зээлийг эмнэлгийн тоног төхөөрөмж худалдалаж авахаар авсан тул зээлийг дангаараа хариуцах хүсэлтэй байна.
2020 оны сүүлээр Корона вируст халдвар гарч дэлхий нийтэд тархаж хөл хорионд орсоны улмаас эмнэлгийн тоног төхөөрөмжөө БНХАУ-аас авах боломжгүй болж, үйл ажиллагаа бүрэн зогссон. Цар тахал гарсан нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байгаа тул Т банкнаас нэхэмжилж байгаа төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хасаж, үндсэн хүүгийн төлбөрөөс 50 хувь болох 14,053,202 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү. гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Т банк ХК болон хариуцагч М.Ц, Х.У нар 2020 оны 09 сарын 24-ний өдөр ББЗГ-341801705751 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн байна. Зээлий гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч нарт 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай олгож, хариуцагч нар зээлийг хүүгийн хамт гэрээний хавсралт 1-т тохиролцсон хуваарийн дагуу буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.
4.2.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 01 сраны 24-ний өдөр дууссан байх боловч зээлдэгч нар үндсэн зээлээс 1,594,436.35 төгрөг, зээлийн хүүд 4,534,812.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,216,346.43 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээс гүйцэтгээгүйгээс үндсэн зээл 48,405,563,65 төгрөг, зээлийн хүү 28,106,404.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,582.86 төгрөг нийт 77,373,550.69 төгрөг төлөх үүрэг үүссэн талаар хариуцагч маргаагүй.
5.Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч М.Ц, Х.У нарт хэлцлээр тохиролцсон зээл 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүсэл зоригийн дагуу байгуулагдсан байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.
6.Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлж чадаагүй шалтгаан нь дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр гэнэтийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай тайлбарлаж, зээлийн хүүгийн 50 хувь, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэхээр гаргасан тайлбарласан нь үндэслэлгүй байна.
7.Учир нь хариуцагч нарын татгалзлын үндэслэл болгож буй Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 141 дүгээр зүйлээр зохицуулсан харилцаа нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний зээл, хүүг буцаан төлөх хугацааг хойшлуулах, хүүгийн төлбөрөөс чөлөөлөхөд хамааралгүйн зэрэгцээ, зээлдэгчид зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах, чөлөөлөхийг шууд үүрэг болгоогүй байна. Нөгөө талаар цар тахлын нөхцөл байдал зээлдэгчийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлснийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
8.Мөн зээлийг М.Ц дангаар хуриуцаж, Х.Уыг чөлөөлөх тайлбар гаргасан байна. Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2-т хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаар зохицуулсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч нар банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон. Хамтан үүрэг гүйцэтгэхээр М.Ц, Х.У нар гэрээг байгуулсан тул зээлийн төлбөрийг хэн аль нь хариуцан төлөх үүрэгтэй. Зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр гэрээгээр тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь зээлдэгчдийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй. Иймээс зээлийг М.Цгийн хүлээн авсан нь хэрэгт ач холбогдолгүй буюу зээлийн гэрээний үүргээс Х.Уыг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
9.Түүнчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
10.Талууд зээлийн гэрээний 2.4.1-т зээлийн хүү, 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү, 2.2.4-т хэтэрсэн хугацааний хүү төлөх талаар тохироцсон байна. Гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул хуулийн дээрх зохицуулалт болон гэрээний тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь зээлдэгч М.Ц, Х.У нараас зээлийн үлдэгдэл 48,405,563,65 төгрөг, зээлийн хүү 28,106,404.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,582.86 төгрөг нийт 77,373,550.69 төгрөг шаардах эрхтэй.
11.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангулах шаардагын тухайд нэхэмжлэгч Т банк ХК болон Х.М нарын хооронд 2020 оны 09 сарын 24-ний өдөр ББЗГ-341801705751 тоот Барьцааны гэрээ /Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө/ бичгээр байгуулагдсан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Уг гэрээгээр Х.Мын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, тоот, 170.34м.кв талбайтай амины орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, тоот, өмчлөх эрхийн газар, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, тоот, 699 м.кв талбайтай, өмчлөх эрхийн газрыг барьцаалсан байна. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.
12.Хариуцагч М.Ц нь Х.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар барьцааны гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.
13.Өөрөөр хэлбэл, дээрх барьцааны гэрээний барьцаалуулагч нь Х.М байх бөгөөд барьцаалагч Т банк ХК нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг барьцаалуулагч болох Х.Мд холбогдуулан гаргах эрхтэй.
14.Нэхэмжлэгч нь барьцаалуулагч Х.Мыг хариуцагчаар тодорхойлоогүй, уг барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нараас шаардсан. Хариуцагч нар барьцааны гэрээний тал биш учир гэрээний үүргийг хариуцахгүй.
15.Иймд хариуцагч М.Ц, Х.У нараас 77,373,550.69 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
16.Шүүх нэхэмжллэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615,017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 544,817 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М.Ц, Х.У нараас 77,373,550.69 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615,017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ц, Х.У нараас 544,817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР