Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/04385

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/04385

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух, Т ургийн овогтой Пийн Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Т ургийн овогтой Сын Д-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Быг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх, 200,000,000 төгрөг гаргуулах, Т.М, Т.Б нарыг үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгахыг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г

Хариуцагч С.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Дд холбогдуулан хүү Т.Быг Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 60.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн ашиг орлогоос 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ...С.Х бид хоёрын дундаас охин Т.М, хүү Т.Б нар төрсөн. С.Х нас барахаасаа өмнө өөрийн өмчлөлд байсан Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 60.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр эгч С.Д, охин Т.М нартаа шилжүүлсэн. Хүү Т.Б нь дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Хгийн хууль ёсны өвлөг учир хамтран өмчлөгчөөр бүртгүүлнэ.

Хариуцагч С.Д нь Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ганцаараа 5 жил 6 сарын хугацаанд байгууллага, хувь хүнд түрээслэн ашиг орлого олж байна. С.Х бид хоёрын дундаас төрсөн охин Т.М, хүү Т.Б нарын эд хөрөнгөө эзэмших, ашиглах хууль ёсны эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Тиймээс түрээсийн орлогоос 200,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн эдгээр үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

 

 

2.Хариуцагч С.Д нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа 3.Хариуцагч С.Д нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 60.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь манай ээж Ц.Бын байгуулсан сургалтын О сургалтын байгууллагын хөрөнгө юм. Анх сургалтын байгууллагын үр шимээр энэ хөрөнгийг 2002 онд бий болсон. Уг хөрөнгийг манай ээж зээл авах зорилгоор дүү С.Хд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байсан юм. Харин нэхэмжлэгч П.Тд огт хамааралгүй хөрөнгө. П.Т, миний дүү С.Х нар гэр бүлийн харилцаатай байгаагүй. П.Т нь тусдаа гэр бүлтэй, эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. ...Дүү С.Х нас барахаасаа өмнө энэ хөрөнгийг 2018 оны 09 сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр надад болон өөрийн охин Т.Мд бэлэглэсэн. Гэвч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх үед улсын бүртгэлийн байцаагчийн хайнга хандсан алдаанаас болж охин Т.М нь өмчлөгчөөр бүртгэгдээгүй үлдсэн байсныг засуулж, өмчлөгчөөр бүртгүүлсэн. ...Дүү С.Х 2018 онд хүндээр өвчилсөн бөгөөд бид өвчнийг нь чадлаараа эмчлүүлэхээр оролдсон. Дүүгийн бага хүү Т.Б бас өвчтэй, маш их асаргаатай хүүхэд байсан. Эх нь өвчтэй, хүүхэд нь өвчтэй, хүүг нь асрах боломж муу байсан учир хүүхдийн төв сувилалд өгсөн. Ээж нь гэртээ гараад удалгүй нас барсан. 2 хүүхэд нь өнчин үлдсэн. 2019 онд П.Т 1 хүүхдийг нь аваад явсан. Т.Быг эцэг тогтоолгож асрамждаа авсан. Сургалтын байгууллагын үйл ажиллагааг явуулахтай холбоотой, С.Хд эмчилгээний зардал олох гээд их хэмжээний зээл авсан байсан. Энэ өрийг үл хөдлөх эд хөрөнгийн түрээсээр төлсөн. Т.Мг өөрийн хөрөнгөө эзэмших, ашиглахад саад болж байгаа зүйл байхгүй. Харин П.Т нь байнга ирж хэрүүл хийдэг. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. гэж тайлбарласан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч П.Т нэхэмжлэлийн үндэслэлээ ...С.Х бид хоёрын дундаас охин Т.М, хүү Т.Б нар төрсөн. С.Х нас барахаасаа өмнө өөрийн өмчлөлд байсан Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 60.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр эгч С.Д, охин Т.М нартаа шилжүүлсэн. Хүү Т.Б нь дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Хгийн хууль ёсны өвлөг учир хамтран өмчлөгчөөр бүртгүүлнэ.

Хариуцагч С.Д нь Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ганцаараа 5 жил 6 сарын хугацаанд байгууллага, хувь хүнд түрээслэн ашиг орлого олж байна. С.Х бид хоёрын дундаас төрсөн охин Т.М, хүү Т.Б нарын эд хөрөнгөө эзэмших, ашиглах хууль ёсны эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Тиймээс түрээсийн орлогоос 200,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн эдгээр үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч С.Д нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 60.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь манай ээж Ц.Бын байгуулсан сургалтын О сургалтын байгууллагын хөрөнгө юм. Анх сургалтын байгууллагын үр шимээр энэ хөрөнгийг 2002 онд бий болсон. Уг хөрөнгийг манай ээж зээл авах зорилгоор дүү С.Хд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байсан юм. Харин нэхэмжлэгч П.Тд огт хамааралгүй хөрөнгө. П.Т, миний дүү С.Х нар гэр бүлийн харилцаатай байгаагүй. П.Т нь тусдаа гэр бүлтэй, эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. ...Дүү С.Х нас барахаасаа өмнө энэ хөрөнгийг 2018 оны 09 сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр надад болон өөрийн охин Т.Мд бэлэглэсэн. Гэвч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх үед улсын бүртгэлийн байцаагчийн хайнга хандсан алдаанаас болж охин Т.М нь өмчлөгчөөр бүртгэгдээгүй үлдсэн байсныг засуулж, өмчлөгчөөр бүртгүүлсэн. ...Дүү С.Х 2018 онд хүндээр өвчилсөн бөгөөд бид өвчнийг нь чадлаараа эмчлүүлэхээр оролдсон. Дүүгийн бага хүү Т.Б бас өвчтэй, маш их асаргаатай хүүхэд байсан. Эх нь өвчтэй, хүүхэд нь өвчтэй, хүүг нь асрах боломж муу байсан учир хүүхдийн төв сувилалд өгсөн. Ээж нь гэртээ гараад удалгүй нас барсан. 2 хүүхэд нь өнчин үлдсэн. 2019 онд П.Т 1 хүүхдийг нь аваад явсан. Т.Быг эцэг тогтоолгож асрамждаа авсан. Сургалтын байгууллагын үйл ажиллагааг явуулахтай холбоотой, С.Хд эмчилгээний зардал олох гээд их хэмжээний зээл авсан байсан. Энэ өрийг үл хөдлөх эд хөрөнгийн түрээсээр төлсөн. Т.Мг өөрийн хөрөнгөө эзэмших, ашиглахад саад болж байгаа зүйл байхгүй. Харин П.Т нь байнга ирж хэрүүл хийдэг. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч П.Т болон С.Х нарын дундаас 2014 оны 06 сарын 22-ны өдөр охин Тын М, 2016 оны 09 сарын 16-ны өдөр хүү Тын Б нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, С.Х 2018 оны 09 сарын 27-ны өдөр өвчний учир нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 20-23/

 

4.2.С.Х нь С.Д, Т.М нарт 2018 оны 09 сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 60.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, С.Дамшаа, Т.М нар өмчлөгч болсон болох нь Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, үл хөдөлх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 8, 9, 18, 19/

 

4.3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00700 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 210/МА2023/00788 дугаар магадлалаар нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Дд холбогдуулан Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж олсон орлогод 110,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас С.Х болон С.Д нарын хооронд 2018 оны 09 сарын 21-ний өдөр байгуулагдсан 3 ширхэг Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 57-67, 93/

 

5.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1., 520.1.1-д зааснаар нас барагчийн ...төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд ... хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Т.М нь эх С.Хгийн хөрөнгөөс өвлөх эрхтэй.

 

6.Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Х нь маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ээр С.Д болон охин Т.М нарын өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэгч П.Тын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Т.Б нь С.Д, Т.М нарын өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг өвлөн авах, хамтран өмчлөгч болох үндэслэлгүй.

 

7.Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Т.М өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Хариуцагч С.Д үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч тул хэн аль нь хөрөнгөө эзэмших, ашиглах эрхтэй. Харин ийнхүү эзэмших, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

8.Т.М нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахад хариуцагч С.Д ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр саад учруулж байгаа нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

9.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 09 сарын 21-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2024 оны 03 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж олсон ашиг, орлогоос ногдох хувь 200,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

10.Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.3-т зааснаар эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байх бөгөөд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй.

 

11.Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Дд холбогдуулан 2018 оны 09 сарын 21 өдрөөс хойш олох байсан орлого буюу ногдох хувьд 110,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус хэрэг хяхан шийдвэрлэх ажиллагааны явцад 110,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан үйл баримт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2023/00700 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 210/МА2023/00788 дугаар магадлалаар тогтоогдсон.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол тухайн нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргах эрхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн орлогоос 2023 оны 02 сарын 09 өдөр хүртэл хугацаанд ашиг орлого гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй.

 

13.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийсэн үзлэгээр Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө бусдын эзэмшилд байгаа болох нь тогтоогдсон. Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө бусдын эзэмшил, ашиглалтад байгаа үйл баримт тогтоогдсон хэдий ч хэн, ямар байдлаар эзэмшиж, ашиглаж байгаа нь буюу түрээсийн гэрээний дагуу ашиг орлого олсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлж, нотлох баримтыг шүүхэд гаргаж нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагч Т.М үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлогоос ашиг олсон талаар, 200,000,000 төгрөгийг ямар тооцоололд үндэслэн шаардаж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтгүй байна.

 

15.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С.Дд холбогдох Т.Быг Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 60.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг даалгаж, түрээсийн орлогоос 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч П.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

16.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,438,750 төгрөгөөс 1,368,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 106 дугаар зүйлийн 106.2, 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч С.Дд холбогдох Т.Быг Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 818 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 60.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж, түрээсийн орлогоос 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч П.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Таас улсын тэмдэгтийн хураамжид 1,438,750 төгрөгөөс 1,368,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР