Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 04

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж,

 Улсын яллагч: С.Мөнхтулга ,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

        Шүүгдэгч: Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

        Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Гт холбогдох 1728000330020 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                            Тодорхойлох нь:

        Шүүгдэгч Ө.Г нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4-р баг Дунд сайхны 2-р гудамж 19 тоотод оршин суух Ө.Гийн гэрт 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэвтэрч, самсунг маркийн 40 инчийн LCD зурагт хулгайлсан,

        Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Дөрвөлж гэх газар оршин суух Р.Дгийн гэрээс 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2 нүдний дуран 1 ширхэг, хромон гутал 1 хос, А-80 бензин 20 литр, хятад гар утас 1 ширхэг, гэрийн гадна байсан мотоцикль 1 ширхэгийг тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.      

        Шүүгдэгч Ө.Гийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

        Шүүгдэгч Ө.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...8 дугаар сарын 03-ны өглөө найзтайгаа ажил хайхаар явсан. Тэгээд айлд очоод тал архи уусан. Тэгээд үдээс хойш ахынд очих гээд явсан. Тухайн үед манай найз нас барсан байсан. Тэгээд ахаас мөнгө авах гээд очсон ах байхгүй байхаар зурагтыг нь аваад 70.000 төгрөгөөр зарсан. Тэгээд найзынхаа ажил явдал дээр очиж мөнгө өгсөн. Тэгээд хөдөө Р.Дд малчнаар очсон. Тэгээд согтуугаараа мотоциклийг нь унаад Цогтцэций сум орсон. Тэгээд суман дээрээс цагдаад баригдсан. Тэр үед манай найз нас барсан байсан. Тэгээд ахаас мөнгө авах гэсэн чинь ах байхгүй байсан. Тэгээд дараа нь гайгүй байх гэж бодоод зурагтыг нь аваад зарсан. Бензиний мөнгийг өгөөгүй байгаа. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй архи, дарс уухгүй байна. Мөнгө олох гэсэн олдохгүй байхаар нь зурагтыг нь авсан. Гэм буруугаа ойлгож байгаа. Цаашдаа архи дарс уухгүй амьдарна.

Хохирогч Ө.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017.08.03-ны өдөр би гэртээ байж байгаад гадагшаа гараад 1 цаг орчим болоод гэртээ ирэхэд гэрийн зурагт байхгүй болсон байсан. Би уг нь гарахдаа гэрээ түгжээд гарсан байсан юм. Гэртээ орж ирэхэд зурагтыг хаяагаар орж аваад буцаад хаяагаар гараад явсан мөртэй байсан. Гэрийн баруун хойд талд очиж үзэхэд гэрийн гадаа зурагтын удирдлага хэвтэж байсан. Мөн нокиа гар утасны 2 батарей байсан. Манай гэрийн ханыг дороос нь хугалж зурагт гаргасан байсан. Тэгээд цагдаад хандсан юм. Миний төрсөн дүү Ө.Г гэрийн хаяагаар орж хулгай хийсэн байсан. Манайхаар орж гардаг юм архи уухаараа ер нь ах дүү садангийн юмыг хулгай хийж аваад байдаг юм. Samsung маркийн 40 инчийн LCD маркийн зурагт байсан юм. Содон шинж тэмдэг гэвэл зурагтын арын боолтон дээр нь хумсны саарал өнгийн будгаар будсан байгаа. 2015 онд лизингээр аваад төлж дуусгасан зурагт байсан юм. Зурагтаа үнэлүүлэхэд 650.000 мянган төгрөг болсон байсан. Надад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Төрсөн дүү учраас нэхэмжлээд яахав дээ гэж бодож байна. Тэрийг үнэлээд байх шаардлага байхгүй би өөрөө янзалчихна. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагааны  явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Намайг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад талийгаач Б.Мөнхбатын найз гэдэг Ө.Г гэдэг залуу Самсунг маркийн 40 инчийн хар өнгийн зурагтыг барьчихсан зарна гээд явж байсан. Тэгээд манай гэрт 2 танихгүй эмэгтэйг дагуулж ирээд тэр зурагтаа асааж шалгаж үзээд тэр хоёр хүнд 70.000 төгрөгөөр зараад мөнгөө аваад манай гэрээс Ө.Г явсан. Үүний дараа цагдаагаас намайг дуудсан юм. Тэр хоёр ээж охин гэж хоорондоо харилцаж байсан. Манайд ирэхдээ машинтайгаа Ө.Гийг дагуулаад ирсэн. Машин нь боронзон шаргал өнгийн суудлын машин байсан. Тэр машины номерыг нь тухайн үед хараад санахгүй байна. Манай найз Б.Мөнхбат хэд хоногийн өмнө амиа хорлосон юм. Ө.Г нь Б.Мөнхбаттай дотны багийн найз байсан болохоор манай гэрт ирсэн гэж бодож байна. Доод талын суурин дөрвөлжин нэлээн том зурагт байсан. Би мэдээгүй энэ хэний зурагт юм бэ гэхэд миний зурагт баян эхнэртэй болсон. Тэгээд би гэрээсээ аваад гарч ирээд зарах гэж байна гээд зарсан мөнгөөрөө талийгаач Б.Мөнхбатын ажил явдалд зориулна гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 10 жилийн сургуульд байхаасаа эхлээд Ө.Г гэдэг залуутай нөхөрлөөд одоог хүртэл найзалж байна. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өглөө надаас гуйж авсан авсан гар утсаа авахаар гэрт нь очиход Ө.Г гэртээ унтаж байсан. Тэгээд Ө.Гөөс гар утсаа аваад явах гэсэн чинь би хамт явна гээд төврүү орно гэхээр нь мотоцикьлдоо суулгаад манай ажлаар дайрахад манай ажил онгойгоогүй байхаар нь бид цаашлаад 0.75 литрийн хагас шилээс доогуур архийг Ө.Гтэй уусан. Харин би архи уугаагүй юм. Тэгээд Ө.Г төвд намайг буулгачих би хүнтэй уулзана гээд буусан. Харин би гар утсаа янзлуулах гээд засварчин дээр очиход хүн байхгүй болохоор нь гараад гэрлүүгээ явж байтал замд Ө.Г залгаад намайг дөхүүлээдэх гэхээр нь төврүү очиж Ө.Гийг аваад манай гэрлүү явсан. Тэгээд гэрт очиход Ө.Г гартаа самар барьчихсан самраа аваад манай гэрээс 15 цагийн үед гараад явсан. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Шүүгдэгч Ө.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017.08.03-ны өглөө гэртээ унтаж байхад найз Батсайхан гэрт ирсэн. Тэгээд надад бариулсан байсан гэр утсаа авья гэсэн. Тэгээд гадуур гарья ажил олдох уу хайя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ажил хайхаар гадуур гараад явж байгаад архи ууя гэхэд Батсайхан надад ууж байгаад үлдсэн архины тал байгаа гэхээр ууя гэсэн. Тэгэхэд Батсайханы ажил дээрээ очьё гээд архины бөөний төвийн тэнд байх контейнерын тэнд оччихоод хүн нь алга байна явья гээд хүрээд ирсэн. Тэгээд Баруун сайханд байх нэг айлд очиж нөгөө тал архийг нь уусан. Тэгээд гэрээс нь гараад би төврүү хүргүүлээд төвд үлдсэн. Батсайхан яваад өгсөн би нэг танихгүй хүнээс 1000 төгрөг гуйж аваад тэр мөнгөөрөө самар авч цөмөөд төвөөс дээшээ гэрлүүгээ алхаж байгаад илгээлтийн байрны хойд талд нэг танихгүй өвгөн сууж байхаар нь очиход өвгөн архи ууж байсан. Тэгээд архинаасаа татах уу гээд өгсөн түүнээс нь нэлээд уусан. Тэгээд дээшээ явсан байх тэгээд согтоод орон гаран болсон ямар ч байсан Ө.Г ахын гэрийн гадаа очсон байсан тэгээд гэрт нь орох гэхэд гэр нь цоожтой байхаар нь хаяагаар нь орсон тэгээд зурагтыг нь аваад буцаад хаяагаар нь гарсан тэгээд хаашаа явсан мэдэхгүй нэг мэдэхэд Александр гэх айлд очсон байсан тэгээд нэг машинтай тарган эмэгтэйд 70.000 /далан мянган төгрөгөөр/ зарсан санагдаж байна.Тэгээд нас барьсан найз Мөнхбатын гэрт хадаг сүү 10.000 мянган төгрөг өгөөд үлдсэнээр нь 2 шил архи, 1ш тамхи, авсан архиа Дунд сайханд аваачиж уусан хэнтэй уусанаа санахгүй байна. Архи уугаад согтуудаа хулгай хийсэн байна лээ. Бусдаар бол төрсөн ахынхаа гэрээс хулгай хийхгүй. Танихгүй эмэгтэйд зарсан хаана байснаа санахгүй. Хэн гэдгийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-11-р хуудас/,

Эд мөрийн баримтын хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтыг буцаан олгосон тэмдэглэл /хх-ийн 13-14-р хуудас/,

 Ашид билгүүн ХХК-ийн 2017.08.04-ний өдрийн №79 дүгээр дүгнэлтэд: 40 инчийн Самсунг маркийн LED телевизор 1 ширхэг 680.000 төгрөг гэжээ. /хх-ийн 27-р хуудас/,

Хохирогч Р.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би хөдөө мал дээр ганцаараа байдаг. Тэгээд би хөдөө мал саах хүн байна уу хүнээс асуу интернетэд зар тавиарай гэж охин Норовцэрэнд хэлсэн. Тэгсэн 2017.08.10-ны өдөр би аймагт ирчихсэн байхад охин Норовцэрэн залгаад сааль саадаг мал хариулдаг эрэгтэй хүн байна та авах уу гэхээр нь боломжийн хүн байвал авья би уулзая гээд уулзсан. Тэгэхэд нэг хүү байсан тэр хүү надад хэлэхдээ би ямар ч байсан бүх ажлыг хийж чадна манайх амьдрал тааруу учир бүтэн жилээр малчнаар явмаар байна гэж гуйсан. Тэгэхээр нь би чамайг огт танихгүй байж бүтэн жилээр авна гэж хэлээд яах вэ хэд хоног ингэ саагаад ботго мал уялцаад өг гэж хэлсэн. Тэгэхэд тэгье гэсэн тэгэхээр нь би ах нь ажлаа амжуулаад орой буцна тэр үед чамруу залгаад аваад явья гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө хүү ах надад эхний ээлжинд 20.000 мянган төгрөг өгөөч би эхнэртээ юм авч өгөх гэсэн юм гэхээр нь 20.000 мянган төгрөг авч өгсөн. Тэгээд би хүүхэддээ энэ хүнийг гэрт нь хүргээд өгчих явахдаа аваад явья гэж хэлээд гадуур явж ажлаа амжуулаад 21 цагийн үед явах боллоо нөгөө хүнээ аваад ир гээд хүүхдээ явуулсан. Тэгээд нөгөө хүүг аваад явахад нөгөө хүү тархи толгой өвчтэй би эмийн сан орж эм авмаар байна мөнгө байна уу гэхээр нь байсан 7000 төгрөгөө өгөөд эмийн сангийн гадаа очиход буугаад эмийн сан ороод ирсэн. Тэгээд Ханхонгор сумруу гараад Ханхонгор сумын баруухан талд байх Наранбаатарын захьсан зүйлийг дайрч өгсөн. Тэгээд Ханхонгор сумаар ороод тэнд нэг найзтайгаа таараад 1 ш 2.5 литрийн савтай Нийслэл пиво авч өгч түүнийгээ хувааж уусан уухдаа нөгөө хүүд ганц 2 аягыг өгсөн байх. Тэгээд нөгөө пивыг ууж дуусгаад манай найз дахин 1ш 2.5 литрийн савтай гэрлүүгээ хөдөлсөн. Яваад гэрт очиход 01 цаг 10 минут болж байсан гэрт очиход манай туслах малчин өвгөн унтаж байсан. Тэгээд өвгөнийг дуудаад өвгөнд авсан 1 ш 0.75 граммын ерөөл архиа өгсөн. Түүнийг өвгөн задлаад нөгөө хүү бид хоёрт аягалж тойруулсан. Тэгэхээр нь би өвгөнд хандаад та архиа уухгүй бол өглөө уу би одоо уухгүй гэж хэлээд нөгөө хүүд ор хийж өгөөд өөрийн ороо засаад унтахаар хэвтсэн. Тэгэхэд өвгөн архиа цааш нь таглаад тавихад нөгөө хүү та дундуур архи цааш нь тавиад яах вэ одоо уучихъя гэж өвгөнд хэлж байсан. Би тэгээд унтаад өгсөн байсан өглөөгүүр 04 цаг өнгөрч байхад хүн орж гарч байгаа хөлийн чимээ гарч байсан. Тэгж байхад гадаа байсан мотоцикль дуугараад яваад өгсөн. Тэгээд сэрээд харахад нөгөө хүү ороо эвхэж тавиад явсан байсан. Тэгэхээр нь малчин өвгөн хүүг дагуулаад малаа эргүүлэхээр явж гэж бодоод хэвтэж байгаад 06 цаг өнгөрөөд босоод гарахад мал бэлчээд явсан байсан. Тэгээд гадуур ажил хийгээд явж байхад малчин өвгөн вагончикоос гараад ирсэн. Тэгэхээр нь та чинь малд яваагүй байсан юм уу гэхэд би яваагүй би унтчихсан байна гэж хэлсэн. Тэгээд гэрт ороход гэрийн баруун ханын толгойд байсан 2 нүдний дуран байхгүй байсан. Мөн ширээн дээр байсан гар утас алга байсан гэрийн зүүн талд тайлаад тавьсан дотоод хромон гутал зэрэг байхгүй байсан. Тэгэхээр нь гайхаад цай чанаж уучихаад 09 цаг хүртэл хүлээж байгаад энэ ер нь бишидлээ гээд хойноос нь мөрдсөн. Тэгэхэд гэрийн хойно байсан мотоциклийг түрээд баруун тийш нь 100 орчим метр түрж байгаад асааж унаад явсан байсан. Тэгээд мөрийг нь дагаад явахад гэрээс 300 орчим газар явж байгаад онхолдож мотоциклийн зөв талын толийг хагалаад тайлаад орхисон байсан. Тэгээд цаашаа яваад зогсоод, ойчоод 10 гаруй км яваад манай дүүгийн гэрт очсон байсан. Тэгээд дүүгээсээ миний мотоцикль унасан мөн гутал өмсөж дуран зүүсэн хүн ирэв үү гэхэд өглөө 06 цагийн үед галзуу солиотой согтуу хүн ирээд цай, хоол нэхэж байгаад 1 л айраг аваад явсан. Өөрийгөө Ноён сумаас отор хийж яваа хүн байна танайхаас хойш нутгалж байгаа бүлийн хүн үлдээгээд хот яваад ирэхэд мал бутраагаад алдсан байна 50 хонь хайж явна гэж хэлээд явсан гэж хэлсэн. Тэгсэн манай дүү тэр хүн чинь зүүн хоёр гэрээр ороод урагшаа явсан байна гэж хэлсэн. Тэгээд би хар аваад эргэж гэртээ ирээд охинруугаа яриад нөгөө авч ирсэн хүн хамаг юм хулгай хийгээд аваад явчихлаа цагдаад хэлээрэй гэсэн. Тэгээд байж байхад орой охин цагдаатай ирсэн цагдаа мэдүүлэг аваад буцаад явсан ийм асуудал болсон юм. Гэрийн баруун хананд өлгөөтэй байсан өөрийн уутандаа байсан орос 2 нүдний дуран 1ш, гэрийн хойморт байсан 89892555 дугаартай байсан хар өнгийн маркийг нь мэдэхгүй Нарлаг дэлгүүрээс тухайн өдөр 60.000 мянган төгрөгөөр худалдаж авсан гар утас 1ш, ширээний өмнө тайлаад тавьсан байсан улаан алаг бэлтгэл цамц 1ш, гэрийн зүүн талд шкафны өмнө тайлж тавьсан дотоод хромон гутал 2 хос гутал гэрийн гадаа вагончикний баруун өмнө байсан хар өнгийн SK-125 J гэсэн бичигтэй ява мотоцикль, ява мотоцикльд зүүгээтэй байсан хар уут уутан дотор хэрэгтэй юм байгаагүй ганц нэг түлхүүр, олгойн тасархай хаймар байсан. Машины тэвшин дээр байсан 20-н цэнхэр канестартай 20л бензин зэрэг алдагдсан байсан. Тэр цамц, канистр, хар уут зэрэг нь хуучирсан зүйлүүд байсан юм тэрийг үнэлүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Би ява мотоциклио 2017 оны 4 дүгээр cap 15-ны өдөр Өмнөговь аймгийн Номинговь дэлгүүрээс 1.900.000 мянган төгрөгөөр авч байсан. Тухайн үед нь авахдаа гаалийн бичгийг нь авсан байсан. Тэгээд хөдөө унаад улсын дугаар, гэрчилгээ аваагүй юм. Миний ява мотоцикльд улсын дугаар байхгүй. Энэ ява мотоцикль миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. Миний мотоциклийн 2 дохио хагарсан байна бусдаар гайгүй юм шиг байна. Би унтаж байсан болоод мэдээгүй. Би мотоцикль асаад явахад нь сэрээд өвгөнийг малд явж байна гэж бодсон юм. Миний эд зүйлийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 1.923.600 / нэг сая есөн зуун хорин гурван мянга зургаан зуун төгрөг/ болсон. Би тэр үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад 1.923.600 төгрөгний хохирол учирсан. Мөн дээрээс нь хулгайд юмаа алдаж сэтгэл санаагаар их хохирч байна. Мөн бэлнээр надаас 27,000 /хорин долоон мянган төгрөг/ авсан. Барагдуулаагүй байгаа миний ява мотоцикль, 2 нүдний дуран, гутал зэрэг олдсон байгаа одоо бензин, гар утас 2 байхгүй байна. Түүнийг л төлүүлж авмаар байна. Өмсөж явсан пүүзээ үлдээгээд миний гутлыг өмсөөд явсан байсан. Боломж байдаг бол гар утас, бензин бэлнээр өгсөн 27.000 мянган төгрөгөө авчихвал зүгээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Санал байхгүй гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017.06.05-ны өдөр Р.Д дүүгийн гэрт мал маллахаар очсон юм. 2017.08.10-ны өдөр Р.Д аймаг явсан. Би ч яахав малдаа явж байгаад ирээд орой гэрийн хойно байх вагончикт унтсан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад Р.Д ирсэн ирэхдээ малчин гээд нэг хүү дагуулж ирсэн. Тэгээд ачааг нь буулгалцчихаад гэрт ороод байж байхад Р.Д 1 шил архи гаргаж ирээд ахдаа гээд өгсөн. Түүнийг нь би задлаад аягалаад Р.Дд өгөхөд Р.Д уугаагүй унтлаа гээд тэр хүүд ор засч өгөөд хэвтсэн. Би архиа аягалаад нөгөө хүүд өгөхөд нөгөө хүү уугаад өгсөн. Тэгээд би өөрөө нэг татчихаад унтах гэхэд нөгөө хүү надад хандан та тал архиар яах вэ одоо уучихъя гээд байсан. Тэгэхээр нь за за тэгвэл яах уу уучхая гээд архийг уучихаад нэлээд халаад вагончикт ороод унтсан унтаад өглөө уусан архиндаа болоод унтчихаж нэг мэдэхэд 07 цаг болж байсан. Тэгээд гараад ирэхэд Р.Д гадаа явж байсан. Тэгснээ намайг малд яваагүй байсан юм уу гэсэн үгүй гэхэд нөгөө хүү малд явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд хоёулаа цай унд чанаж уучихаад хүлээгээд байхад нөгөө хүү ирэхгүй байсан. Тэгээд нэг биш боллоо гээд Р.Д мөрдөөд явсан. Тэгсэн гэрээс гар утас, дуран, Р.Д гутал, 20л савтай бензин зэргийг аваад явсан байсан. Дамдин нэг хэсэг мөрдөж явж байгаад өдөр гэртээ ирээд цагдаа руу ярьсан. Ийм асуудал болсон. Өөрийгөө Өлзийбаярын хүү байгаа юм гэх мэтээр өөрийгөө л баахан ярьсан. Мөн малыг сайн маллана гэж хэлж байсан. Ява мотоцикль гэрийн гадаа байсан дуран гэрийн баруун хананд зүүгээтэй байсан гар утас гэрийн хойд талын ширээн дээр байсан. Р.Д гутал гэрийн зүүн талд Р.Д орны хөлд байсан. Бензин гадаа Р.Д машин дээр байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/,

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Манай хүү бэр хоёр туслах малчин байвал хэлээрэй гэж хэлсэн байсан юм. Одоо яг он сарыг нь санахгүй байна. 2017 оны 08-р сарын эхээр байх би Ивээл төвийн ард контейнер дотор хүний арьс нэхий аваад сууж байхад Ө.Г гэх залуу ирээд юм ярьж байгаад мал, маллах хүн байна уу гэхэд би маллана би малчин байсан гээд байхаар нь хүүдээ хэлсэн чинь хүү, бэр хоёр ирээд аваад хадамтайгаа уулзуулна гээд аваад явсан юм. Би танихгүй тэнд байж байхад нь би малчин хайж байгаа гээд хэлчихсэн юм. Түүнээс болоод л явах юм яриад эхлэхээр нь хүү, бэр хоёртоо уулзуулсан чинь манай худ аваад явсан юм байна лээ. Би бусдаар хулгай хийдэг эсэхийг нь мэдэхгүй. Малчин олж өгч туслах гэсэн биш гай болчихлоо” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би Улаанбаатар хотод Монгол улсын багшийн их сургуульд суралцдаг юм. 2017 оны 05 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нутагтаа амралтаараа ирээд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Даланзадгад сумын Дунд сайхны 01 гудамж 04 тоотод нөхөр хүүхэд, хадам аав Мөнх-Отгон нарын хамт байж байтал хадам аав Мөнх-Отгон хэлэхдээ хөдөө мал харуулахаар малчин олоод ирье гээд унадаг дугуйтай гараад явсан юм. Удалгүй хадам аав танихгүй нэг хүн дагуулж орж ирээд тэр хүнийг ингэ саадаг хүү байгаа юм гэж танилцуулахаар нь нөхөр бид хоёр тэр хүнээс ингэ саадаг уу манайх ботгоо номхруулах гэж байгаа юм гэсэн чинь тэр хүн би ингэ саана гэхээр нь хөдөө малруугаа манай хойд аав Р.Дтэй танилцуулсан. ...Ө.Г манай хойд аав хоёр Ханхонгор суманд үлдсэн. Үүний дараа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хойд аав Р.Д 98842555 дугаарын гар утаснаас залгаж хэлэхдээ ямар янзын хүн өгөөд явуулчихсан юм бэ? энэ Ө.Г гэдэг хүн чинь миний мотоцикль, дуран, гар утас, хром гутал өмсөөд, 20 литр бензин хулгайлаад явчихсан байна гэхээр нь цагдаад дуудлага өгч мэдэгдсэн. Манай хадам эцэг Мөнх-Отгон Ө.Г гэдэг хүнийг таньдаг байсан байх. Хамаатан садан гэдгийг мэдэхгүй байна. Манай хадам эцэг Мөнх-Отгон мал маллах хүнийг олоод ирье гээд гараад удалгүй Ө.Гийг дагуулаад ороод ирсэн яг хаанаас авч ирсэн талаар хараагүй мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

Шүүгдэгч Ө.Г мөрдөн  шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 8 дугаар capын 10-ны өдөр таньдаг ахтай таарахад /нэрийг нь мэдэхгүй гэх/ тэр ах би хөдөө явж мал маллах хүн хэрэгтэй байна гэхээр нь би явья би урьд нь мал маллаж байсан гэж хэлсэн чинь тэр ах нэг хүнтэй очиж уулзуулсан. Тэр хүмүүс намайг ингэ сааж чадах уу гэхээр нь би ингэ сааж чадна би урьд нь мал маллаж байсан гэж хэлсэн. Тэгсэн намайг авч явна гэсэн. Тэгээд орой нь хөдөөний ахтай хамт ахын машинаар хөдөө явсан явах замдаа тэр ах айлаар ороод пиво уугаад явсан. Би тэрнээс нь уугаад явсан. Тэгээд хөдөө гэрт нь очиход гэрийнх нь ард байх вагончикт нэг өвгөн ганцаараа байсан. Тэр өвгөн ахыг гэрийн эзэн ах сэрээгээд би тэр өвгөн ахтай хамт гэрийн эзний ачааг буулгалцсан. Тэгээд гэрт ороход өвгөн ахад авсан гээд нэг шил архи хамт явсан ах гаргаж өгсөн. Тэрийг би өвгөн ахтай хувааж уусан юм. Гэрийн эзэн ах унтаад өгсөн юм. Тэгээд би нэлээд согтоод гэрээс гарсан чинь гэгээ орох гэж байсан. Тэгсэн мал нь бэлчээд явсан байсан. Тэрийг нь хураах гээд тэнд байсан ява мотоциклийг унаад явсан. Тэгж явж байгаад онхолдсон. Тэгээд уур хүрээд чигээрээ яваад Цогтцэций сум орсон. Тэгээд явсаар байгаад Цогтцэций ороход үдээс хойш болсон байсан. Тэндээ таньдаг хүмүүстэй нийлээд Цогтцэций сумын төв дээр 2 өдөр архи уусан. Тэгж байгаад Цагдаад баригдаад ирсэн юм. Тэр айлаас би гарахдаа хромон гутлыг нь өмсөөд улаан куртик байсныг нь өмсөж гарсан. Тэгээд машин дээр нь байсан бензинийг мотоцикльд хийгээд үлдсэнг нь авч явсан санагдаж байна. Ява мотоциклийг нь унаад явсан. Би их согтуу ухаан орж, гараад байсан болохоор зарим авсан зүйлүүдээ санахгүй байна. Би Цагдаад баригдаад ганзагалааг үзэхэд дуран гарч ирсэн. Би уг нь малыг нь эргүүлэх гэж гараад чигээрээ явсан юм. Хүний юмыг хэлээгүй авч явсан болохоор хулгай хийсэн гэж бодож байна. Ганзагалаанд байсан дуранг мөн гутлыг цагдаад хүлээлгэж өгсөн. Гар утсыг нь яаснаа мэдэхгүй байна. Канестартай бензин байсан түүнийг гээсэн байх. Би уг нь ажил хийж өмнөх хулгайн өрөө төлөх санаатай байсан юм. Тэгээд архи уугаад архины халуундаа тэр айлаас хулгай хийгээд явсан байна лээ. Би айлаас явахдаа согтуу байсан. Мөн Цогтцэций сум орж бас 2 өдөр архи уусан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас, 103-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 36-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-41-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 79-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-47-р хуудас

Эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 49-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2017.08.22-ны өдрийн №88 дугаартай дүгнэлтэд: БНХАУ-д үйлдвэрлэсэн SK-125 ява маркийн мотоцикль 1 ширхэг 1.500.000 төгрөг, 2 нүдний дуран 1 ширхэг 320.000 төгрөг, дотоод хромон гутал 1 ширхэг 12000 төгрөг, 2 сим ордог Хятад утас 1 ширхэг, 20 литр А-80 бензин 31600 төгрөг, нийт 1.923.600 төгрөг гэжээ. /хх-ийн 59-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.14-ний өдрийн №18 дугаартай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх-ийн 118-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011.02.21-ний өдрийн 29 шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 139-142-р хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017.06.07-ны өдрийн №39 дүгээр шийтгэх тогтоол /хх-ийн 143-145-р хуудас/,

Хохирогч Р.Дд хохирлын мөнгө шилжүүлсэн тухай баримт  

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017.12.15-ны өдрийн №03 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах Прокурорын тогтоол /хх-ийн 227-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Г нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4-р баг Дунд сайхны 2-19 тоотод оршин суух Ө.Гийн гэрт хууль бусаар нэвтэрч, самсунг маркийн 40 инчийн LCD зурагт хулгайлсан, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Дөрвөлж гэх газар оршин суух Р.Дгийн гэрээс 2 нүдний дуран 1 ширхэг, хромон гутал 1 хос, А-80 бензин 20 литр, хятад гар утас 1 ширхэг, гэрийн гадна байсан мотоцикль 1 ширхэгийг тус тус хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Гид “Ашид билгүүн” ХХК-ийн 2017.08.04-ний өдрийн №79 дүгээр дүгнэлтээр: 40 инчийн Самсунг маркийн LED телевизор 1 ширхэг 680.000 төгрөгийн /хх-ийн 27-р хуудас/, хохирогч Р.Дд “Ашид билгүүн” ХХК-ийн 2017.08.22-ны өдрийн №88 дугаартай дүгнэлтээр: БНХАУ-д үйлдвэрлэсэн SK-125 ява маркийн мотоцикль 1 ширхэг 1.500.000 төгрөг, 2 нүдний дуран 1 ширхэг 320.000 төгрөг, дотоод хромон гутал 1 ширхэг 12000 төгрөг, 2 сим ордог Хятад утас 1 ширхэг, 20 литр А-80 бензин 31600 төгрөг, нийт 1.923.600 төгрөгийн /хх-ийн 59-р хуудас/ тус тус хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хохирогч Ө.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Төрсөн дүү учраас нэхэмжлээд яахав дээ гэж бодож байна. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Ө.Гийг хохирогч Ө.Гид төлөх төлбөргүй гэж үзэв .  

Хохирогч Р.Дгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн SK-125 ява маркийн мотоцикль 1 ширхэг, 2 нүдний дуран 1 ширхэг, дотоод хромон гутал 1 ширхэгийг тус тус хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 49-р хуудас/ тогтоогдож байх тул дээрх эд зүйлсийн үнийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй байна.  

2 сим ордог Хятад утас 1 ширхэг, 20 литр А-80 бензиний төлбөр нийт 91500 төгрөгийг шүүгдэгч төлөх санал гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан ба улмаар завсарлага авах хугацаанд хохирогч Р.Дд 91500 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Гийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.   

         Шүүгдэгч Ө.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 8-р сарын 14-ний өдрөөс эхлэн шүүх хуралдаан болох хүртэл нийт 137 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь хохирогч Ө.Гийн гэрийн ханыг хугалж эвдлэн, гэрийн хаяагаар нь  хууль бусаар нэвтрэн орж, самсунг маркийн 40 инчийн LCD зурагт хулгайлсан үйлдэл нь түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болж байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Ө.Гт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой талаар дүгнэлт гаргаж байх боловч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргээс дүгнэхэд түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.  

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Ө.Гийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ө.Гт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ө.Гийн цагдан хоригдсон 137 /нэг зуун гучин долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ө.Г нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч  Ө.Гөнхөлөгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ДЭЛГЭРМАА

 

 

 

 

 

 

 

.