Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 159/ШШ2024/0050

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2024/0039/3

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

            Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн прокурорын газрьн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор *******

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******

            Дүгнэлтийн шаардлага: “******* холбогдох 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0661063 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч ахлах прокурор *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Хариуцагч Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* иргэн ******* эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтад зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

            2. Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрьн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* нь Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0661063 дугаар шийтгэлийн хуудсыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

3. Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрьн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “... Сэлэнгэ аймгийн прокурорын газрьн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* би, Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор ******* 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах” шалгалтын хүрээнд тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* нь “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, иргэн ******* 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0661063 дугаартай шийтгэлийн хуудсыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянав.

Материалд цугларсан Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч ******* авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар иргэн Л.Доржпалам нь хэзээ, хаана, ямар газрын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан болох нь тогтоогдохгүй буюу зөрчил үйлдсэн нь ил тодорхой бус, зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Зөрчлийн талаарх нотлох ажиллагаа огт хийхгүйгээр ******* Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх хэсэгт зааснаар буюу “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх үндэслэлээр 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх журмыг ноцтой зөрчиж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч  *******гийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0661063 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн ******* 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтад зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0661063 дугаартай шийтгэлийн хуудас байна. Иргэн Л.Доржпалам нь Орхонтуул сумын 2-р баг “*******” гэх газар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан газарт хяналтын хэмжилт хийж зургийг гаргасан болно. Хяналтын хэмжилтийн зургийг гаргахдаа нэрийг буруу бичсэн байсан тул прокурорын туслах Цэцэгжаргалд дутуу хуудас алгасан дугаарласан байгааг хэлсэн болно. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж байдаг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн гэж байдаггүй. Иргэн аж ахуй нэгж, байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар дээр байшин, барилга байгууламж барих, газар хагалж тариа ногоо тарих, өвөлжөө хашаа барих, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй болон өөр чиглэлээр зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгахын тулд энэ заалтыг хэрэглэдэг. Цаашид энэ заалтыг үндэслэл болгох эсэх талаар Газар зохион байгуулалт, гердези зураг зүйн ерөнхий газрын дарга ******* 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 01/218 дугаартай албан бичгийг хүргүүлсэн болно. Иймд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн иргэн ******* эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар таван зуун нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

            Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* дүгнэлтдээ:

            “... Л.Доржпалам нь хэзээ, хаана, ямар газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан болох нь тогтоогдохгүй буюу зөрчил үйлдсэн нь ил тодорхой бус, зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн ... зөрчлийн талаар нотлох ажиллагаа огт хийхгүйгээр иргэн ******* Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дах хэсгийн 10.1-д зааснаар буюу “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх үндэслэлээр 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 0661063 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.

            Үйл баримтын талаар

            1. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******, иргэн ******* холбогдуулан шалгасан “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал”-д эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, холбогдогч ******* мэдүүлэг авсан тэмдэглэл, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар зэргийг үндэслэн иргэн ******* Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт 2022 онд хагалж, 2023 онд ашигласан гэх үйлдэлд  Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дах хэсгийн 10.1-т зааснаар 500,000 төгрөгөөөр торгох шийтгэл оногдуулжээ.

            2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-т “зөрчил үйлдсэн болох нь стандартаар батлгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заажээ.

            3. Иргэн Л.Доржпалам нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэзээ, хаана, хэний эзэмшлийн ямар газрыг хэрхэн ашигласан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой бус, мөн газар ашигласан гэх үйлдэл болон учруулсан хохирлын талаар шаардлагатай нотлох баримт цуглуулаагүй, хууль бусаар ашигласан гэх газарт хэргийн газрын үзлэг хийгээгүй, хяналт шалгалтыг хангалтгүй хийсэн, иргэн Л.Доржпалам тухайн үед зөрчил үйлдсэнээ сайн дураараа илчлэн ирээгүй, сумын удирлагуудаас мэдээлэл өгсөн талаар хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарладаг. Мөн хиймэл дагуулаас авсан  иргэн Л.Доржпаламын ашигласан гэх газрын хяналтын хэмжилтын зураг байх боловч тухайн зургаар иргэн Л.Доржпалам эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласныг нотлоход хангалтгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

            4. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар иргэн Л.Доржпалам зөрчил үйлдсэн нь ил тодорхой биш, зөрчил үйлдэгдсэн болон учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдоогүй, зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч илчлэн ирээгүй, зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт хяналтын төхөөрөмжөөр нотлогдоогүй нөхцөл байдалд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах байтал хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

            5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2-т “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно” 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэж заажээ.

            6. Хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтны зүгээс иргэн ******* холбогдох зөрчлийн хэргийг шалгахдаа дээрх хуульд заасан нотлох баримтуудыг огт цуглуулаагүй, иргэн Л.Доржпалам тухайн газрыг хууль бусаар ашигласан эсэх хэзээ, хэний эзэмшлийн газарт /хүн, хуулийн этгээд эсхүл төрийн эзэмшилд байгаа эсэхийг баримтаар тогтоогоогүй хэрэгт авагдсан баримт байхгүй/ ямар зүйл тарьсан эсэх талаар шинжээч томилж нарийвчлан тогтоогоогүй, хэргийн газарт үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй, гэрч хохирогч нараас мэдүүлэг аваагүй, гаргасан шийдвэрийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу прокурор шүүхийн шатанд нотолж чадаагүй, тухайн газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоогоогүй зэрэг Л.Доржпаламын гаргасан гэх зөрчлийг нотлох ажиллагаа огт хийгээгүй, дээрх хуулийн заатуудыг хэрэгжүүлээгүй байна.

            7. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасан нөхцөл байдлыг тогтоолгүй шийтгэл оногдуулсан байх боломжтой байна.

            8. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж зааснаар иргэн Л.Доржпалам мэдүүлэгтээ тухайн газрыг 2022 онд хагалж 2023 онд ашигласан гэж мэдүүлдэг бөгөөд зөрчил үйлдэж эхэлсэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байх боломжтой бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 10 дах хэсэгийн 10.1-т зааснаар шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх нөхцөл  үүссэн гэж дүгнэхээр байна.

          Иймд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн иргэн ******* эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар таван зуун нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0661063 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5 заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гийн 09 дугаартай прокурорын дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0661063 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

            2. Дүгнэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ОДБААТАР