Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/31

 

      2023         01           05                                         2023/ДШМ/31

Б.Бт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1427 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох 2203 00488 0484 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.... овгийн Б...ын Б..., 19... оны .... дугаар сарын ....-ны өдөр .... аймагт төрсөн, .... настай, э....., .... боловсролтой, мэргэжилгүй, “....” ХХК-д .... ажилтай, ам бүл ...., ..... хамт ..... дүүргийн .... дүгээр хороо, ..... дугаар гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ...... дүүргийн .... дүгээр хороо, ..... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ПЮ86122714/;

Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 44 дүгээр байр “Номин” супермаркетын зүүн талд байрлах зогсоолд “Тоуоta Рrius” маркийн 37-22 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Х.Б /эрэгтэй, 5 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б... овгийн Б....ын Б....ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор зорчих эрх хязгаарласан ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Цагдаагийн ерөнхий газрын нягтлан бүртгэлийн төвд тогтоолын хувийг хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Насанд хүрээгүй хохирогч Х.Б...ийн хууль ёсны төлөөлөгч А.Х...т эмчилгээний болон сэтгэл санааны зардал нийт 10.385.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хохирол төлбөрийг шийдвэрлэлгүй үлдээсэн нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү. Хохирол төлбөрийг шүүгдэгч Б.Б нэг ч төгрөг төлөөгүй үл тоож байх тул ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү. Гэмт хэрэгтэн гэм буруудаа огт гэмшихгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Гэм хорын хохирол арилаагүй байгаа. Миний зүгээс Б.Б болон түүний өмгөөлөгч нарыг надтай биечлэн уулзаж хохирол төлбөр өгөх байх гэж бодож байсан. Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир “нэхэмжилж байгаа хохирол байна уу” гэхэд нь би “сэтгэл санаа, гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэж хариу хэлэхэд өмгөөлөгч “дахин холбогдъё” гэж хэлсэн. Дараа нь Б.Б над руу ярихад нь би “дахин 5.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэж хэлсэн. Гэтэл энэ талаар Б.Б хүлээн зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сар гаруй хугацаа өнгөрөхөд Б.Боос ямар ч сураг байгаагүй. Иймд давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна.” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нийт бодит хохирол болох 86.260 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 272.900 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн. Цаашид гарах зардлыг төлөхгүй гэж хэлээгүй. Гол нь хохирогч талаас баримтгүй 10.385.000 төгрөг нэхэмжилсэн. Цаашид иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Б.Бийн ял шийтгэлийн хувьд 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 8 сарын хугацаагаар зорчих эрхээ хязгаарлуулсан. Уг ялыг хөнгөн ял биш гэж үзэж байна. Учир нь шүүхээс торгуулийн ял оногдуулах боломжтой байсан.” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлээгүй, баримт гаргаж өгөөгүй. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа баримтаар 135.500 төгрөг, эхнэрийнх нь ажилгүй байх хугацааны 3 сарын цалин 2.700.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нотариатын зардалд 50.0000 төгрөг, нийт 10.385.000 төгрөг нэхэмжилсэн. Нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогчийн гаргаж өгсөн 135.500 төгрөгийн баримтаас 86.260 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан байсан тул шүүхээс бодит хохирлыг нөхөн төлүүлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хангасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 15:10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 44 дүгээр байр “Номин” супермаркетын зүүн талд байрлах зогсоолд “Тоуоta Рrius” маркийн 37-22 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Х.Б /эрэгтэй, 5 настай/ автомашинаар мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хын “...Би осол болсон өдрийн орой 18 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад гэртээ орж ирээд байж байтал эхнэр удаагүй араас ороод ирсэн. Эхнэртэй хамт нэг танихгүй залуу манай бага хүүхдийг тэврээд ороод ирсэн. Тэр танихгүй залуу “танай хүүхэд зогсож байсан машиныг мөргөж унаад хөлөө цуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...эхнэр дэлгүүрээс юм худалдан аваад гараад ирэх хооронд хүү автомашинд мөргүүлсэн юм байна лээ. ...Хүүгийн биеийн байдал одоогоор гайгүй, хөл нь хугарсан гэж дүгнэлт гарсан хэвтрийн дэглэмтэй байгаа. ...” /хх 14/ гэсэн мэдүүлэг,

гэрч О.Шүрэнцэцэгийн “...Би дэлгүүр ороод юм аваад гараад ирэхэд хүүхэд байхгүй байсан. Тэгэхэд эмийн сангийн хүн “нэг хүүхэд машинд мөргүүлээд жолооч нь эмнэлэг аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь хүү Бат-Эрдэнийг гэж мэдээд гэмтлийн эмнэлэг ороход манай хүүхдийг мөргөсөн машины жолооч нь эмнэлэг дээр аваад оччихсон үзүүлж байсан. Би жолоочоос юу болсон талаар асуухад “гэнэт гүйгээд гараад ирсэн” гэж хэлсэн. ...” /хх 20/ гэсэн мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11227 дугаартай “...Х.Бат-Эрдэнийн биед зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /хх 38-39/ гэх дүгнэлт,

            Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 999433 дугаартай “...Тоёота приус маркийн 37-22 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандарт шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн оврын гэрэл баруун, зүүн тал нь асахгүй, ухрах арааны гэрэл асахгүй, урд болон арын буфер, зүүн гар талын 2 хаалга будаг нь халцарж, зурагдсан, хонхойсон эвдрэл, гэмтэл ихтэй, тоног төхөөрөмжөөр шалгахад их гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй эвдрэл, гэмтэл байна. Уг тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгалын тохиргоог тоног төхөөрөмжөөр шалгахад стандарт шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осол шөнө, оройн цагт болсон бол осолд нөлөөлнө. Уг тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осол шөнө оройн цагт болсон бол жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлнө. Тоёота приус маркийн 37-22 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. 2022 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. ...” /хх 47-56/ гэх дүгнэлт,

            Тээврийн цагдаагийн албаны 1030 дугаартай мөрдөгчийн “...“Тоёота приус” маркийн 37-22 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд...,” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. ...” /хх 79-80/ гэх магадлагаа болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/, шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх 75/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Бийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Х.Б /эрэгтэй, 5 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х “...эмчилгээний болон сэтгэл санааны зардал нийт 10.385.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хохирол төлбөрийг шийдвэрлэлгүй үлдээсэн нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Хохирол төлбөрийг шүүгдэгч Б.Б нэг ч төгрөг төлөөгүй үл тоож байх тул ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримтуудыг тооцож үзэхэд 135.500 төгрөгийн баримт байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогчид 86.260 төгрөг төлснийг хасаж, үлдэх 49.240 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хын эхнэрийнх нь ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 2.700.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нотариатын зардалд 50.0000 төгрөг, нийт 10.249.500 төгрөг нэхэмжилсэн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас өөрөөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах болон хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг агуулгаар нь буруу тайлбарлаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь хэт ерөнхий буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгч Б.Бийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд оршин суух бүртгэлтэйг харгалзан түүнийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 8 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ял эдлэх хүрээ хязгаарыг өөрчлүүлэх талаар хүсэлтээ зохих албан тушаалтанд өгч шийдвэрлүүлэх боломж нээлттэй болохыг тэмдэглэж байна.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1427 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1427 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтын “...шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.” гэснийг “...шүүгдэгчид “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос 49.240 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хт олгосугай.” гэсэн заалт нэмсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ