Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/50

 

 

 

Б.Б, Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.Б, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Ддүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/710 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, Б.Ннарын өмгөөлөгч Ж.Бат-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б, Б.Ннарт холбогдох 2110000000959 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

2. тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Б, Б.Н нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Ддүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “В” хотхоноос Ддүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхээр таксинд суусан хохирогч Д.Аийн биед хүч хэрэглэн зодож түүний эзэмшлийн “Ай фоне 11 про” загварын гар утас, Хаан банкны олон улсын “Union pay” алтан карт, дебит зээлийн карт, иргэний үнэмлэх, гар утасны гэр зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч 1.780.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч Д.Аийг бүлэглэн хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун, зүүн суганд цус хуралт, дух, хамрын баруун угалз, уруул, баруун, зүүн суга, баруун тохой, баруун шуу, баруун алга, баруун зүүн гарын хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ддүүргийн прокурорын газраас: Б.Б, Б.Ннарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Ддүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б, Б.Ннарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б, Б.Ннарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б, Б.Ннарын биечлэн эдлэх ялыг тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт биечлэн эдлүүлэхээр тогтоосон 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Б.Ннарын тус бүр цагдан хоригдсон 47 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, шүүгдэгч Б.Б, Б.Ннарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга тус тус өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Ннар нь хохирогч Д.Аийн гар утасны үнэ 1.700.000 төгрөг, эмчилгээний зардалд 420.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, Б.Ннарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Б, Б.Ннарын өмгөөлөгч Ж.Бат-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит нөхцөл байдал, хохирогчийн үйлдлээс шалтгаалсан шалтгаант холбоо, субъектив сэдэл санаа зорилго, үйлдэл болон эс үйлдэхүй, хувийн байдал, гэрч нарын мэдүүлэг болон нотлох баримт зэрэг нь хэт нэг талыг баримталсан зөвхөн яллах талын саналыг харгалзсан, цагаатгах нэг ч баримт бүрдүүлээгүй прокурорын дүгнэлтийг үндэслэн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгоос хальж нийгэмшүүлэх бус цээрлүүлэх зорилго бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан. Гэтэл шийтгэх тогтоол нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

1. Шүүх хэргийн нэг талын нотлох баримт буюу зөвхөн хохирогч талын мэдүүлэгт тулгуурлаж үйлдсэн прокурорын яллах дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсний дагуу хэргийн үйл баримтын бодит байдлыг бүрэн нотлохын оронд зөвхөн хүндрүүлэх талаас нь ялласан нь энэхүү хуулийн заалтын эргэлзээгүй бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасантай нийцээгүй. Тодруулбал, шүүгдэгч Б.Б, Б.Ннар байнга халтуур хийж, таксинд явдаггүй, тусдаа, өөр өөрсдийн ажилтай амьдралтай, тус бүр эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч, амьдралын төлөө зүтгэж хөдөлмөрлөдөг залуус юм. Гэтэл энэ талаар хэрэгт нөлөөлөхүйц хувийн байдалтай холбоотой баримтуудыг цуглуулаагүйгээс үүдэн анхан шатны шүүгдэгч нарын талаар буруу ойлголт төрсөн байхыг үгүйсгэхгүй юм. Бодит байдал болон хэргийн нотлох баримтуудаас үзэн дүгнэхэд энэхүү хэрэг нь ямар ч хохирогчийг довтлон дээрэмдэх сэдэл, санаа зорилго байгаагүй. Тухайн өдөр Хөвсгөл аймагт мал аж ахуй эрхэлдэг Б.Н хөдөөнөөс ирж, Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж байгаад амьдралын орлогоо сайжруулах гэж Солонгос улсад хөдөлмөр эрхэлж байгаад ирээд хувийн байгууллагад нийгмийн даатгалаа төлөөд ажил эрхэлж байсан найз Б.Бтэйгээ уулзан найзууд маргааш өглөө нь Хэнтий аймаг руу самрын бизнес ашигтай, улирлын шинж чанартай тул явахаар төлөвлөөд байсан байна. Б.Б нь эхнэрийн нэр дээр байдаг автомашинаар орой ажлаа тараад гэртээ харих замдаа хүн гар өргөвөл авч бензиний мөнгө олдог байсан бөгөөд яллагдагч нар нь мөн энэ байдлаар хохирогч Д.Аид такси үйлчилгээ үзүүлэх зорилгоор тухайн этгээдтэй таарч, улмаар таксины мөнгө төлөх эсэх асуудлаас шалтгаалж, тэдгээрийн хооронд маргаан үүсч зодолдсон гэдэг нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээс тодорхой харагдана. Тухайлбал, хөндлөнгийн гэрч Д.Болдбаатарын “нэг жижиг машинаас 3 эрэгтэй хүн гүйлдээд манай колонкийн ард тал руу гүйгээд орсон. Очсон чинь 3 эрэгтэй хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Шардуу царайтай эрэгтэй хүн ахимаг насны эрэгтэй хүнийг заагаад “энэ хүн таксины мөнгөө өгөхгүй байна” гэж хэлсэн. Жижиг биетэй эрэгтэй нь “ахаа энэ хүний картыг уншуулаад мөнгө авч болох уу, таксины мөнгөө өгөхгүй байна” гэж хэлсэн нөгөө хоёр эрэгтэй нь согтуудаа хандаад “та мөнгөө өгчих, бид хоёр явмаар байна” гээд байсан. Тэгсэн тэр согтуу эрэгтэй нь “аа” гээд л орилоод суугаад байсан. Цонхоор харсан чинь нөгөө хоёр эрэгтэй машиндаа суух гээд алхаад явж байхад согтуу нь манай байрыг тойроод гүйгээд явчихсан” гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгч Б.Б, Б.Ннарын мэдүүлэгтээ дурдсан “АТМ орчхоод буцаж хоёр удаа колонк дээр буцаж ирсэн үйлдэл түгээгчээс согтуу хүнийг асуусан, түгээгч “та хоёрыг явсны дараа хойшоо гүйгээд явчихсан. Мөн “нөгөө хүнийг цагдаа нар барьчихсан явж байна лээ” гэж хариулсан байдлаас үзэхэд шүүгдэгч нар хохирогчоос таксины мөнгөө авах зорилготой байснаас биш дээрэмдэх гэсэн сэдэлгүй байсан нь маш тодорхой харагдаж байна. Хэрэв хохирогчийг дээрэмдсэн гэж үзвэл, шүүгдэгч нар өөрсдийгөө барьж өгөх гэсэн үйлдэл буюу колонк дээр хоёр ч удаа буцаж ирж, тухайн этгээдийг түгээгчээс сураглах, бүр түүнээс таксины төлбөр болох 24.000 төгрөгийг авах гэж түүнтэй үхэн хатан хөөцөлдөж зууралдах ямар ч шаардлага байхгүй юм. Өөрөөр хэлбэл, манай үйлчлүүлэгч нарт өөрсдийн машинаар нойр, хоолоо хасан, цаг заваа зориулан байж таксины үйлчилгээ үзүүлсний төлбөр болох 24.000 төгрөг нь хэрэгтэй байснаас тухайн этгээдийн карт, утас гэх мэт зүйл хэрэггүй байсан гэдэг нь тодорхой байна. Жишээ нь, өмгөөлөгч миний хувьд хот дотор такси барихад л 3.000-10.000 төгрөг гардаг бөгөөд 24.000 төгрөг гэдэг бол хэр хол, удаан цаг хугацааг зарцуулж явсан гэдгийг илтгэх бөгөөд тухайн этгээд таксины мөнгөө өгөөгүйгээс болж манай үйлчлүүлэгчдийн цаг зав, такси үйлчилгээнд явж олох байсан орлогыг хааж харин ч хохирогч болгосон бодит байдлыг прокурор болон анхан шатны шүүх дүгнэсэнгүй. Хохирогч гэх этгээд нь шөнийн 02 цагийн орчим манай үйлчлүүлэгчдийн таксинд суугаад улмаар шөнийн 04 цаг хүртэл зууралдсан байх бөгөөд мөнгөтэй хэрнээ таксины мөнгөө өгөхгүй зугтаагаад байснаас үзэхэд үйлчилгээ авсныхаа төлөө мөнгө төлөх ёстой гэдгээ ухамсарлах чадваргүй болтлоо согтсон байсан гэж үзэхээс өөр аргагүй бөгөөд хэрэв ийм бол түүний өгсөн мэдүүлэг үнэн эсэх нь эргэлзээтэй юм. Түгээгчийн өгсөн “...Нөгөө хоёр эрэгтэй нь согтуудаа хандаад “та мөнгөө өгчих, бид хоёр явмаар байна” гээд байсан. Тэгсэн тэр согтуу эрэгтэй нь “аа” гээд л орилоод суугаад байсан...” гэсэн мэдүүлгээс харж бодохоор байна. Иймд манай үйлчлүүлэгч болох Б.Б, Б.Ннар нь хохирогч гэх Д.А таксины үйлчилгээ авсан төлбөр болох 24.000 төгрөгөө төлөхгүй зугтаагаад байсан тул өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор түүний картыг авсан нь түүнийг дээрэмдэх биш харин ч Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй. Харин “өөртөө туслах” үйлдлийн шинжтэй хууль бус гэж үзэхгүй үйлдэл байна. Иргэний хуулийн дагуу нэг талаас тээвэрлэн хүргэж өгөх үүрэг, нөгөө талаас төлбөрөө төлөх үүрэг хүлээсэн харилцаа байх бөгөөд энэхүү үүргийн дагуу мөнгөө төлөхгүй хохирсон үйлдлийг таслан зогсоох үйлдэл гаргасан байхад хүч хэрэглэн, довтлон дээрэмдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Харин энэхүү үүргээ биелүүлэхийг  шаардаж Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө туслах үйлдэл хийхдээ хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруутай үйлдэл болжээ. Түүнээс дээрэмдэх үйлдэл, санаа сэдэл зорилго огтоос байгаагүй байна. Хохирогчийн гар утас нь тухайн машины арын суудалд унасан байсан бөгөөд хохирогчийн өөрийн буруугаас гар утас машинд үлдсэнийг нь дараа нь мэдэж авсан байсныг нь хүч хэрэглэн довтолж авсан хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр заналхийлж авахаар довтолсон” хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Мөн хүндрүүлэх нөхцөлд дурдсан бүлэглэж дээрэмдэх гэсэн ойлголт нь урьдаас бэлтгэж зохион байгуулж, бусдын эд зүйлийг хүч хэрэглэж, довтолж авсан үйлдэл гэж ойлгодог болохоос нэгээс дээш хүн л байсан болгоныг бүлэглэн үйлдсэн хэмээн хүндрүүлэх нь өөрөө учир дутагдалтай байна.

2. Шүүх шийтгэх тогтоолдоо “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна” гэж үзсэн атлаа хуульд заагдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хорихоос өөр төрлийн сонгох санкци бүхий ялын төрлийг харгалзаж үзэхгүйгээр шийдвэрлэсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн зорилготой харшилж байна. Орчин үеийн сэтгэл судлалын хандлагаар хүн угийн нийгмийн бүтээгдэхүүн бөгөөд нийгэмдээ байж, нийгмийн харилцаанд өдөр тутам оролцож байж сая нэг нийгэмших, төлөвших болохоос биш нийгмээс тусгаарлан, нээлттэй болон хаалттай хорих ангид хорьсноор нийгэмшдэггүй ажээ. Манай 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн онцлог бол хорихоос өөр төрлийн ялыг хэрэглэх боломжийг олгож өгсөн явдал бөгөөд ялангуяа манай үйлчлүүлэгч нар шиг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа үнэн голоосоо гэмшсэн дөнгөж гэр бүл зохиогоод амьдралын төлөө зүтгэж яваа залуусыг хорих ялаар шийтгэх нь харин ч тухайн залуусыг нийгэмшүүлэх бус хамт хоригдох буй хүнд гэмт хэрэгтнүүдтэй нэгтгэн сэтгэл санааг нь эвдэх аюултай гэдэг нь энэхүү шинээр батлагдсан Эрүүгийн хуульд аль болох хорихоос өөр төрлийн ялыг өгөх, сонгох боломжоор хангаж хууль тогтоогчид баталсан байдаг. Агуулгын хувьд ч энэрэнгүй, хүнлэг байх зарчимд тулгуурласан гэж ойлгодог. Гол нь үйлдэлд нь тохирсон шударга ял оногдуулах нь төрийг төлөөлж шийдвэр гаргаж буй шүүгч нарын үүрэг билээ. Гэвч шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, учруулсан хор хохирлоо төлсөн, хохирогч гомдолгүй гэдэг хүсэлтээ илэрхийлсээр байтал төмөр нүүр гаргаж хорихоос өөр төрлийн ял хуульд байхгүй юм шиг шийдвэр гаргаж, шүүгдэгч нарын хувийн байдал, ар гэрийн ахуй амьдралыг авч үзэхгүй, эхнэр, хэдэн нялх хүүхдээс нь салгаад хорих газар явуулах гэж байгаа нь хүнлэг бус байна. Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдсэн орсон улс гэдгийг дурдах нь зүйтэй байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” 1.4-д “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх зүйл анги нь манай тохиолдолтой нийцэж байгаа тул харгалзан үзнэ үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал манай үйлчлүүлэгч нарын үйлдэлтэй нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасны аль нэгийг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байх тул энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч таксины мөнгөө өгөхгүй байсан. Би огт хохирогчийг дээрэмдээгүй бөгөөд ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй. Хохирогч худал мэдүүлэг өгсөн. Би шатахуун түгээх станц руу буцаж очсон. Мөн автомашин дотор уначихсан байсан хохирогчийн гар утсыг олж өгсөн. Тухайн үед хохирогч зугтаад байсан. Би “та яагаад зугтаад байгаа юм бэ” гэхэд “миний бие өвдөөд байна” гэж хэлж байсан. Бодит байдал дээр би зүгээр л найзтайгаа таксинд явж байсан. Надад үнэхээр харамсалтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хөдөөнөөс ирчихээд найзтайгаа таксинд явж байсан. Хохирогч таксины мөнгөө төлөхгүй байсан. Хохирогчийг хүч хэрэглэж, дээрэмдсэн асуудал байхгүй” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Б, Б.Ннарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Б.Ннарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б, Б.Ннарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Учир нь, анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримтын талаар маргаж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нараас мэдүүлэг авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэж, хэргийн үйл баримтыг тогтоосон. Шүүгдэгч нар “анх таксины мөнгө өгөхгүй асуудлаас болж маргалдсан. Хохирогчийн зүй бус, буруутай үйлдэл нөлөөлсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл хохирогч нэг банкны картдаа 1,800,000 төгрөг, нөгөө банкны картдаа 65,000,000 төгрөгтэй байсан болох нь тогтоогддог. Хохирогч “би таксиныхаа мөнгийг дансаар шилжүүлье” гэж хэлсэн боловч Б.Н, Б.Б нар “бэлэн мөнгө авна” гэсэн тул Нисэхийн бэлэн мөнгөний машин руу явах гэж байгаад автомашиныхаа хойд хэсгээр шон мөргөж, тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулдаг. Шүүгдэгч нар “бид 2 машинаараа юм мөргөөд зогсоход хохирогч мөнгөө төлөхгүйгээр шууд гарч зугтаасан” гэж мэдүүлдэг. Гэтэл хохирогч “намайг үсдэж буулгаж ирээд чамаас болж энэ асуудал боллоо гэж тухайн тээврийн хэрэгслийн их гэрэл хагарсан болохыг харуулсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нарын мэдүүлж байгаар тухайн тээврийн хэрэгсэлд ямар гэмтэл учирсан болохыг хохирогч мэдээгүй мэтээр мэдүүлдэг. Гэтэл хохирогч тухайн тээврийн хэрэгслийн гупер, гэрэл хагарсан талаар мэдэж байсан нь үзлэгээр тогтоогдсон. Тухайн үед хүний автомашин унаж явсан бөгөөд шүүгдэгч нарт ямар ч мөнгө байгаагүй. Шүүгдэгч Б.Б “манай хүүхэд халуураад байсан тул би хүүхэдтэй эм авч очих ёстой байсан. Мөн бензин дуусаж, шар ассан байсан учир машиндаа бензин авч хийх шаардлагатай байсан. Иймд надад бэлэн мөнгө хэрэгтэй байсан. Учир нь, надад карт байгаагүй” гэж мэдүүлсэн атлаа гэмт хэрэг гарсны дараа өдөр буюу маргааш нь эхнэртээ автомашин гэмтсэн талаар хэлэхгүйгээр засварын газар аваачсан байдаг. Тухайн засварын газраас “750.000-800.000 төгрөгөөр засна” гэдэг. Ингээд засварын газар автомашинаа хүлээлгэж өгөх гэж байгаад суудлын доороос хохирогчийн гар утас олдсон. Уг гар утсыг “барьцаалан зээлдүүлэх газар 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэж мэдүүлдэг боловч уг мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Учир нь, тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан боловч шүүгдэгч нарт мөнгө байгаагүй. Хүний автомашин унаж явж байсан болох нь сэтгэл зүйд нь нөлөөлж тухайн цаг хугацаанд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэх сэдэл санаа зорилго нь төрсөн. Хохирогчоос гар утсыг нь авч, хохирогч гараад зугтаах үед хойноос нь очиж зодсон үйлдэл байдаг. Шүүгдэгч нар нь хохирогчид сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлдэж дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар харгалзаж үзээгүй” гэж тайлбарлаж байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахдаа хохирогчийн хохирол төлбөр төлөгдсөн байдал болон гомдол саналгүй болсон нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б, Б.Ннар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Ддүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “В” хотхоноос Ддүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхээр таксинд суусан хохирогч Д.Аийн биед хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун, зүүн суганд цус хуралт, дух, хамрын баруун угалз, уруул, баруун, зүүн суга, баруун тохой, баруун шуу, баруун алга, баруун зүүн гарын хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан, түүний “Ай фоне 11 про” загварын гар утас, гар утасны гэрэнд байсан Хаан банкны олон улсын “Union pay” алтан карт, дебит зээлийн карт, иргэний үнэмлэх, гар утасны гэр зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Аийн “...Би 02 цаг 40 минутын үед гэрээсээ гараад зам дээрээс такси барих гээд зогсож байхад цагаан өнгийн “Приус” маркийн автомашин ирээд зогссон. Би жолоочийн ар талын суудал дээр суугаад “Нисэх явна” гэж хэлсэн. ...би нэг их юм яриагүй замаа заагаад аж ахуйн хашаанаас 100 метр орчим ирээд “буух газар тэнд шүү” гээд хашааг заасан юм. Тэгсэн жолооч машинаа зогсоохоор нь “таксины мөнгө хэдэн төгрөг гарсан, дансаа өгчих данс руу чинь шилжүүлье” гэж хэлсэн. Тэгсэн жолооч нь “дансаар мөнгө авахгүй, бэлнээр мөнгөө өгчих” гэхээр нь “надад бэлэн мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй “чи юу хуцаад байгаа юм бэ” гээд миний баруун нүд орчимд зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгсэн жолооч машинаа ухраасан чинь өндөр хүчдлийн гэрлийн шон мөргөсөн. Жолооч болон нөгөө залуу хоёр машинаасаа буугаад мөргөсөн газраа хараад байсан. Тэгсэн жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй хүн арын хаалга онгойлгоод миний үснээс хоёр гараараа зулгаагаад машинаас чирч буулгаад “энийг хар” гээд мөргөсөн газраа үзүүлэхээр нь харсан чинь жолоочийн эсрэг талын арын их гэрэл хагарсан, хойд гупер булангаараа чихэгдсэн байсан. Тэгсэн чинь жолооч хүрч ирээд “чамаас болоод би юм мөргөчихлөө” гээд /нөгөө эрэгтэй нь үснээс зулгаасан хоёр өвдгөн дээрээ газар суусан байхад/ миний дээд уруул орчимд 2 удаа өшиглөхөөр нь би үснээс зулгаасан байсан хүний гарыг хоёр гараараа татаад тавиулаад хашааны зүг зугтаасан. Би 20 метр орчим гүйгээд явж байсан чинь тэр хоёр араас хөөж ирээд намайг газар унагаад тэр хоёр хөлөөрөө нуруу, хөл, гар орчимд тоог нь сайн санахгүй байна, барагцаагаар 5-6 удаа өшиглөсөн. Тухайн үед нүүр болон толгойгоо гараараа хамгаалсан чинь тэр хоёр “яасан их нүүрээ хамгаалдаг юм бэ” гээд хөлөөрөө нүүрэн хэсэгт 2 удаа дэвссэн. Тэгсэн тэр хоёрын яриа нь холдож ойртоод нэг хэсэг манарсан. Тэгсэн тэр хоёр миний баруун, зүүн суганаас гараараа сугадаад машиныхаа арын суудал дээр суулгасан. Тэгээд машинаа хөдөлгөөд төв зам руу ороод Нисэхийн тойрог чиглээд явж байхад тэр хоёр хоорондоо яг хэн нь хэлснийг мэдэхгүй байна. “Ингэтэл нь зодсон юм чинь одоо хашаанд аваачаад булаад хаячихъя” гээд яриад байсан. Би гар утсаа гаргаж ирээд кодыг нь гаргах гэж байтал жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй нь “хөөш пизда чинь” гээд гар утас булааж аваад утасны гэрэнд байсан Хаан банкны ногоон өнгийн карт гаргаж ирээд “картынхаа кодыг хэл, хэдэн төгрөг байгаа юм энд чинь” гээд байсан. Энэ хугацаанд жолоочийн гар утас дуугараад нэг эмэгтэй хүнтэй /чанга яригч дээр нь тавьсан байсан/ машины талаар яриад замын хажууд зогсох үед нь би машинаас буугаад харсан чинь МТ колонкийн хажууд байхаар нь гүйж очиход хаалга нь хагас онгорхой байсан. Хаалгыг онгойлгох гэтэл хаалгаа хаачихсан юм. Тэгсэн тэр хоёр намайг машиндаа суулгах гээд чирээд байхаар нь би нэг төмрөөс хоёр гараараа зуураад “туслаарай, цагдаа дуудаад өгөөч” гээд орилоход жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй нь гар утсаар яриад нэлээд цаана зогсож байсан. Жолооч нь колонкийн түгээгчтэй цонхоороо юм яриад байх шиг байсан. Сайн харсан чинь жолооч миний ногоон өнгийн картыг барьчихсан зогсож байснаа “цагдаа ирж байна” гээд нөгөө эрэгтэй хүнтэй яриад тэр машиндаа суугаад зугтаад явсан. Тэр хоёрыг явсны дараа түгээгч дээр очоод “туслаарай” гэж хэлсэн чинь “би цагдаад дуудлага өгсөн байгаа, наанаа сууж бай” гэж хэлсэн. Би тэр хоёр хүнийг буцаад ирж магадгүй гэж бодоод нуугдаад зогсож байсан чинь хоёр цагдаа машинтай ирэхээр нь би машинд суугаад МТ-н колонк дээр очоод түгээгчтэй уулзаад энэ мөн үү гээд хоорондоо яриад байсан бөгөөд цагдаагийн хэлтэс дээр авчраад манай хүү С-ыг дуудаад намайг хүлээлгэж өгсөн...” /1хх 29-31/,

гэрч Д.Болдбаатарын “...Би “Магнайтрейд” ХХК-ийн Ддүүрэг дэх 16 дугаар хорооны “Буянт-Ухаа 1” хорооллын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Шатахуун түгээх 11 станцад түгээгчээр ажилладаг юм. 2021 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 03 цаг өнгөрч байхад өрөөндөө тооцоогоо хийгээд сууж байхад цонхоор харсан чинь колонк руу ордог гарцын хажууд төв зам дээр нэг жижиг автомашинаас 3 эрэгтэй хүн гүйлдээд манай колонкийн ард тал руу гүйгээд орсон. Би тухайн үед анзаараагүй хүмүүс тоглоод гүйлдээд байна гэж бодоод ажлаа хийгээд сууж байсан чинь байрны ард хүмүүс “ална тална” гээд хоорондоо хэрэлдээд байхаар нь гараад тойроод очсон чинь 3 эрэгтэй хүн хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Би “та нар больцгоо” гээд хэлсэн чинь тэр гурав маргалдахаа болиод над руу харахаар нь “та гурав энд маргалдаж байж асуудалд оров, энэ газар нь улсын онц чухал газар” гэж хэлсэн. Тэр гурав маргалдахаа болихоор нь би буцаад байрандаа байж байсан чинь нөгөө гурван эрэгтэй байрны үүдэнд ирчихсэн хоорондоо маргалдаад “аллаа” гээд байхаар нь би гараад “та нар больцгоо, асуудлаа эв зүйгээр шийд” гэж хэлсэн. Жижиг биетэй шардуу царайтай эрэгтэй хүн нь махлагдуу биетэй нөгөө хоёроосоо ахимаг насны эрэгтэй хүнийг заагаад “энэ хүн таксины мөнгөө өгөхгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн нэлээд согтуу махлаг эрэгтэй хүн нь “цагдаа дуудаад өгөөч” гээд над руу хүрч ирээд намайг зуураад авсан. Тэгэхээр нь би тэр хүний гарыг тавиулаад төв рүү мэдэгдсэн чинь “яаралтай цагдаад дуудлага өг, халдлага болж магадгүй” гэж хэлэхээр нь ажлын 93410011 дугаарын утсаар 102-т дуудлага өгөөд хаалгаа хаагаад цонхоор харсан чинь нөгөө гурван эрэгтэй маргалдаад байсан. Цонхон дээр махлаг эрэгтэй нь ирээд “чи цагдаад дуудлага өгсөн үү, энэ хоёр намайг алах гээд байна” гэж хэлсэн. Жижиг биетэй эрэгтэй нь “ахаа энэ хүний картыг уншуулаад мөнгө авч болох уу, таксины мөнгөө өгөхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу эрэгтэй хүнд хандаад “чи цагдаа иртэл цонхон доор суугаад байж бай” гэхэд цонхон доор суусан. Намхан эрэгтэй нь “картаас мөнгө аваад өгчих боломжтой юу” гээд байсан, хажууд байсан туранхай бордуу царайтай, намхнаа бодвол өндөр биетэй нь юм хэлэхгүй хажууд зогсоод л байж байсан. Би “мөнгө гаргах боломжгүй” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө согтуу эрэгтэй нь цаана алхаж байсан 3-н хүнийг дуудаад “ахдаа туслаач” гэж хэлэхээр нь тэр гурван хүнд хандаад “та гурав явчих аа, би цагдаад дуудлага өгчихсөн байгаа” гэсэн чинь тэр гурав явчихсан. Нөгөө хоёр эрэгтэй нь согтуудаа хандаад “та мөнгөө өгчих, бид хоёр явмаар байна” гээд байсан. Тэгсэн тэр согтуу эрэгтэй нь “аа” гээд л орилоод суугаад байсан. Энэ үед манай төвөөс залгаад “танай гадаа дахиад юун хүн нэмэгдээд байгаа юм” гэхээр нь “согтуу эрэгтэй хүн нь гудамжаар явж байсан хүмүүсийг дуудаад байхаар тэр хүмүүсийг нь явуулчихлаа” гэж хэлээд цонхоор харсан чинь нөгөө хоёр эрэгтэй машиндаа суух гээд алхаад явж байхад цонхон доор сууж байсан согтуу нь манай байрыг тойроод гүйгээд явчихсан. Тэгэхээр нь цонхоор “хөөе эндээ сууж байгаач, цагдаа дуудсан байгаа шүү дээ” гэж хэлсэн. Машинд суусан хоёр хөдлөөд Нисэх чиглээд явсан. Удалгүй цагдаа ирээд “энд маргаан болсон гэсэн хүмүүс нь хаана байна” гэхээр нь “хоёр нь машиндаа суугаад явсан, нөгөө согтуу нь байр тойроод зугтаад явчихлаа” гэж хэлсэн...”  /1хх 48-49/,

гэрч И.З-ын  “...Би 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Ддүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14-91 УНИ улсын бүртгэлийн дугаартай Эрхэс 111 дуудлагатай дэд ахлагч Жамъяндоржийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 2021 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 04 цаг өнгөрч байхад “Ддүүргийн 16 дугаар хороо, МТ колонкийн үүдэнд хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлагын дагуу очиход ямар нэгэн маргалдсан хүн байхгүй байсан. Түгээгч эрэгтэй “сая энд маргалдсан хүмүүсээс зодуулсан хүн зугтаасан. Зодож байсан 2 хүн араас нь машинтайгаа хөөгөөд явчихлаа” гэж хэлсэн. Тэр орчмоор эргүүл хийгээд явж байхад бага зэргийн согтолттой махлагдуу эрэгтэй хүнтэй таарсан. Тэр хүн “намайг дээрэмдээд, зодчихлоо туслаач” гэхээр нь машиндаа суулгаад тэр орчмоор дахиад эргүүл хийж яваад буцаад МТ-н түгээгч дээр ирээд уулзахад “энэ нөгөө зодуулсан хүн мөн байна” гэж хэлсэн. ...Тэр хүн хэлэхдээ “намайг “Приус 20” маркийн автомашинтай 2 хүн дээрэмдчихлээ. Миний гар утас болон гэрэнд байсан картуудыг авч явсан. Би таксинд В хорооллоос суугаад Нисэхэд байдаг агуулах руугаа хүргүүлэх гэж байсан юм. Тэгсэн тэр хоёр хүн намайг зодоод дээрэмдчихлээ” гэж хэлсэн...” /1хх 118-119/,

гэрч Б.Мөнхдалайн  “...М, М бид гурав гэртээ байхад 18 цагийн үед хамаатан Б.Б ганцаараа ирээд машинаа засварт өгөөд гэж хэлээд хар өнгийн гэртэй гар утас гаргаж ирээд “өчигдөр таксинд явсан чинь хүн мөнгөө өгөхгүй зугтаагаад би хөөж байгаад машинаараа юм мөргөчихсөн. Сая машинаа засварт өглөө. Сандал доороос ийм гар утас оллоо. Энэ ямар нэртэй утас вэ” гэхээр нь Мөнх-Эрдэнэ үзээд “Ай фоне 11 про юм шиг байна” гэж хэлсэн. Тэгсэн “цэнэггүй байна” гээд утсыг цэнэглэсэн. ...Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Б.Б ах утсаар “наад утсыг хүнд өгөхөөр боллоо, чиний утасны дугаарыг өглөө. Наад гар утсаа өгөөд мөнгийг нь аваарай” гэж хэлсэн. 13 цагийн үед нэг хүн утсаар яриад манай гэрээс ирж гар утсыг аваад 300.000 төгрөг өгсөн санагдаж байна. Мөнгийг нь Б.Б ахын данс руу шилжүүлсэн юм...” /1хх 120-121/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9631 дүгээр “Д.Аийн биед баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун, зүүн суганд цус хуралт, дух, хамрын баруун угалз, уруул, баруун, зүүн суга, баруун тохой, баруун шуу, баруун алга, баруун зүүн гарын хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /1хх 53-54/ гэсэн дүгнэлт,

хохирогч Д.Аийн биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...Зүүн духны хэсэгт бага зэрэг шалбарсан, хоёр гарны суганы хэсэг хөх өнгийн туяатай бага зэргийн хавдартай, хэвлийн хэсэг болон зүүн өвдөгт зулгарсан шархтай...” /1хх 3/, Д.Аийн биеийг нь авсан гэрэл зураг /1 хх 4-5/,

хохирогч Д.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: “...В хороолол дунд байх таксины зогсоолоос такси барих гээд зогсож байхад цагаан өнгийн Тоёота Приус маркын тээврийн хэрэгсэлд эндээс суусан гээд гараараа заав. / Зураг №1, №2/ Таксинд суухад жолоочийн урд суудал дээр нэг эрэгтэй хүн байсан бөгөөд би Нисэх рүү явна гэж хэлсэн. Замдаа явж байхад тэр хоёр Эден нэртэй 0,75 литрийн архи уусан гэв. Ддүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын урд талд байх Эрчим нэртэй газар хүртэл хохирогчийн очсон газар хүртэл нийт 12км байв. Хохирогч уг газарт буугаад энд жолооч машинаа гэнэт зогсоосон. Миний буух газар бол холгүй 100 орчим метрийн зайтай байсан.

Тэгээд жолооч мөнгө нэхэхээр дансаар шилжүүлье гэхэд данс байхгүй бэлнээр өг гээд жолоочийн хажууд сууж явсан хүн намайг зодсон. /Зураг №3 / Тэгээд жолооч машинаа ухрааж байгаад энэ гэрлийн шонг мөргөсөн хагарсан эд зүйл одоо ч гэсэн энд байна гэв. /Зураг №4, №5 / Намайг зодоод байхаар нь би гүйж яваад тэр хоёр хүнд энд баригдсан гээд уг шонгоос хойд зүгт 70 орчим метрийн зайд гараараа заав. /Зураг №6/ Тэгээд тэр хоёр хүн намайг зодоод машиндаа суулгаад засмал зам руу орох гээд явж байхдаа энд зогсоод /Зураг №7/ жолоочийн хажууд сууж явсан хүн нь миний гар утсын булааж аваад ард нь байсан нь миний хоёр картыг гаргаж ирээд хэдэн төгрөг байгаа юм код нь хэд юм бэ гээд 10-15 минут цохиж зодсон гэв.

Тухайн газрын ерөнхий байдлыг харуулав /Зураг №8, №9/,

Тэгээд тэр хоёр хүн Нисэх рүү Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын зүүн талд явж байсан бөгөөд жолооч нь утсаар яриад явж байгаад гар утсаа унагаад МТ колонкийн хажууд /Зураг №12/ зогсоход нь би буугаад тийшээ гүйсэн /Зураг №13/,

Тухайн газрын ерөнхий байдлыг харуулав /Зураг №10, №11/,

Энд намайг тэр хоёр хүн араас хөөж ирээд барьж аваад дахиад зодсон гэв /Зураг №14/, Тэр хоёр хүн намайг сугадаад энд авчирсан /Зураг №15/, Тэгэхэд энэ хаалганаас түгээгч гарч ирсэн.

Түгээгчийг буцаад ороход энд бас намайг тэр хоёр хүн дахиад зодсон /Зураг №17/,

Энд би сууж байсан. /Зураг №18/ Тэгээд тэр хоёр хүн машиндаа суугаад явахаар нь би өөрийн өмсөж явсан хувцсаа аваад тэр зүгт гүйсэн /Зураг №19/ цаана харагдаж байгаа 2 шаргал орон сууцны гадна цагдаагийн машинтай цагдаа нартай тааралдаад буцаад колонк дээр ирээд түгээгчийг дуудаад энэ хүн мөн үү гэхэд түгээгч мөн байна гэж хэлсэн...” /1хх 6-7/, мэдүүлгийг бэхжүүлсэн гэрэл зураг /1 хх 8-12/,

тухайн цаг хугацааны үйл явдлыг харуулж буй колонкийн камерын бичлэг: “...бичлэгийн 11 минутад колонкийн байр руу чиглээд нэг хүн гүйхэд араас нь хөөж байсан бараан өнгийн хувцастай нь бүдэрч унаад босоод араас хөөв.

Бичлэгийн 11.19 цагт гүйж байгаа хоёр хүний араас саарал өнгийн цамц, хар өнгийн өмдтэй хүн гүйв.

Тус колонкийн ертөнцийн зүгээр зүүн талаар ороход бараан өнгийн хувцастай хүн нь урдаа гүйж явсан хүнийг бариад бичлэгт гүйж байсан гурван хүн 11:25 цагт харагдахгүй болов.

Бичлэгийн 18:40 цагт 3-н хоорондоо зууралдсан байдалтай түгээгүүрийн зүүн талаас гарч ирэв.

Бичлэгийн 19.02 цагт колонкийн түгээгч гарч ирэв.

Бичлэгийн 19:07 цагт түгээгч рүү нэг гүйж очиход араас хоёр хүн даган ирж хаалган дээр ирэв. Үүдэн хэсэгт байсны дараа хоёр хүн нь нэг хүнийг чирч үүднээс холдуулахад түгээгч араас гарч ирэв. Чирэгдсэн хүн нь газар хэвтээд байх хувцас нь тайлагдсан нэг хүн гартаа барьж байв. Түгээгч байрандаа ороход хэвтэж байгаа хүний хажууд 2 хүн үлдэв.

Хэвтэж байгаа хүний дээрээс хоёр хүн татаж чангаагаад цохиж саарал цамцтай хүн цааш алхаад газраас нэг юм авч буцаж ирээд цохиход сууж байсан хүн нь хэвтэж байсан хүнтэй зууралдаад гараараа цохиж, хөлөөрөө өшиглөв. 24:25 цагт хоёр нь хэвтэж байсан хүнээс холдоод буцаж ирээд хэвтэж байсан хүнийг татаж чангаагаад байгаа байдалтай байв. 27:05 цагт хэвтэж байсан хүн нь цээж нүцгэн мөлхөөд бичлэгт харагдахгүй болоход  бараан хувцастай хүн нь хүн хэвтэж байсан /газарт хувцас бололтой байх/ газар зогсож байв.

Бичлэгийн 32:53 цагт гурван хүн колонкийн байрны зүгт очиж цээж нүцгэн хүнтэй ярилцаад байгаад хамт колонкийн цааш алхаад хоёр хүн араас нь гүйгээд буцаад гурвуулаа цуварч алхаад колонкийн гадна ирэв. Хар хувцастай хүн зам чиглээд алхаад бичлэгт харагдахгүй болов. Жижиг оврийн тээврийн хэрэгсэлтэй хүн колонк руу орж ирээд буцаад гарч явав. Араас 39:20 цагт саарал хувцастай хүн гүйгээд бичлэг харагдахгүй болов. 

Бичлэгийн 40:30 цагт цээж нүцгэн хүн колонкийн байр тойрч алхаад бичлэгт харагдахгүй болов.

Бичлэгийн 43:21 цагт цагаан өнгийн Тоёота приус 20 маркын /жолоочийн эсрэг талын арын гупер хэсэгт нь хагарсан/ автомашинтай хүн түгээгчтэй ярилцаж байгаад цээж нүцгэн хүний явсан газар руу явж бичлэгт харагдахгүй болов.

...Бичлэгийн 58:27 цагт цагдаагийн автомашинтай алба хаагчид буцаж ирээд түгээгчтэй уулзаж байгаагаар бичлэг дуусав...” /1 хх 13-19/,

“Дамно “ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ: “...“IPhone 11 рrо” загварын гар утас 1.700.000 төгрөг...” /1хх 60/,

Б.Бтээс “...Гар утасны гэр 1 ширхэг /хар өнгийн/, Дорлиг Аюушийн иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны ногоон өнгийн виза карт 1 ширхэг, Хаан банкны шар өнгийн карт 1 ширхэг...” зэргийг хураан авч, хохирогч Д.Аид өгсөн тэмдэглэл /1 хх 21-23/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Б, Б.Ннарыг бүлэглэж иргэн Д.Аийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн талаар дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Б, Б.Ннарын бүлэглэн хохирогч Д.Аийн биед хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, улмаар хүч хэрэглэн зодоод түүний эзэмшлийн “Ай фоне 11 про” загварын гар утсыг нь, улмаар гар утасных нь гэрэнд байсан банкны картын нууц дугаарыг нь хэлүүлж, картаас нь мөнгө авах гэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Б, Б.Ннарын өмгөөлөгч Ж.Бат-Амгалан “...хохирогчийн өөрийн буруугаас гар утас машинд үлдсэнийг нь дараа нь мэдэж авсан байсныг хүч хэрэглэн довтолж авсан хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй, ...учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Дээрэмдэх гэмт хэргийн “хүч хэрэглэхээр заналхийлэх” шинж нь тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулан айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрдэг бол “хүч хэрэглэж” гэдэгт хохирогчийн эсэргүүцэл үзүүлэх боломжийг алдагдуулах зорилгоор бие махбодид нь идэвхтэй хөдөлгөөнөөр хүч хэрэглэх байдлаар илэрдэг. 

Хохирогч Д.Аийн мэдүүлгийн эх сурвалж нь:

хэрэгт бэхжүүлэгдсэн гар утасны хавтсандаа карма бүхий гэр /банкны карт хийсэн байсан гэсэн/,

банкны картаас бэлэн мөнгө гаргаад өгөөч гэж Б.Б, Б.Ннар хэлж байсан, хохирогчийг зугтаасан, “аллаа, цагдаа дуудаад өгөөч” гэж хохирогч хэлж байсан болохыг мэдүүлсэн шатахуун түгээх газрын ажилтан Б.Болдбаатарын мэдүүлэг, тус шатахуун түгээх газрын тухайн цаг хугацаанд болж буй үйл явдлыг харуулж буй камерийн бичлэг,  

дуудлагаар очиход нь хохирогч Д.А “намайг дээрэмдээд, зодчихлоо, туслаач” гэж байсан болохыг мэдүүлсэн цагдаагийн алба хаагч И.З-ын мэдүүлэг,

хохирогч болсон үйл явдлын газруудыг заан мэдүүлсэн мэдүүлгийг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургууд зэргээр нотлогдож байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б, Б.Ннарын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул хөнгөн гэмт хэрэг биш ба тэнсэх зохицуулалтад хамаарахгүй.

Шүүгдэгч Б.Б, Б.Ннар “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдээгүй гэж байх тул гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

Иймд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн үзээд хохирогчийн гомдолгүй гэсэн хүсэлт /2 хх 26-27/, шүүгдэгч нарын ар гэр, ахуй амьдралын болон хувийн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б, Б.Ннарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 77 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Ддүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/710 дугаар дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял...” гэсэн хэсгийг “...Шүүгдэгч Б.Б, Б.Ннарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял... гэж, 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б, Б.Ннарын биечлэн эдлэх ялыг тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэсэн хэсгийг “...тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б, Б.Ннарын биечлэн эдлэх ялыг тус бүр 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/-ын хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бт, Б.Н нарт биечлэн эдлүүлэхээр тогтоосон 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бт, Б.Н нарт тус тус оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Б.Ннарын өмгөөлөгч Ж.Бат-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Ннарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                   ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ