| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/04281/И |
| Дугаар | 101/ШШ2024/04848 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2024/04848
|
|
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г*******ийн Б******* /рд:*******/
Хариуцагч: Б*******ийн Т******* /ИБД: ИБД:*******/,
Хариуцагч: Б*******ийн Б******* /ИБД:*******/,
Автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, Тоёота кроун маркийн ******* УНД улсын дугаартай автомашины өмчлөгч болохыг тогтоолгож, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэхийг даалгуулах тухай Б.Б*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,
Хариуцагч Б.Т*******,
Хариуцагч нарын өмгөөлөгч Б.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Г.Б******* нь 10 гаруй жил иргэн Б.Т*******тэй хамтран амьдарч байсан бөгөөд түүний төрсөн дүү Б.Б******* 2022 оны 10 сарын 03-ны өдөр ******* УНД улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг бэлэглэлийн аман хэлцэл хийж Г.Б*******ын өмчлөлд шилжүүлсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар нотлогддог. Тийнхүү шилжүүлэн өгснөөс хойш 2 жил гаруй болж байгаа бөгөөд уг автомашиныг Г.Б******* эзэмшиж байсан. 2024 оны 4 сарын 15-ны өдөр Б.Т*******, өөрийн төрсөн дүү Б.Б*******ын хамт хүч хэрэглэн автомашины түлхүүрийг булаан авч дээрх автомашинаас хүчээр чирж буулган автомашиныг авч явсан тул эд хөрөнгийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Б.Т*******, Б.Б******* нарын хууль бус эзэмшлээс ******* УНД улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг чөлөөлж иргэн Г.Б*******ад шилжүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Автомашиныг нэр дээр нь шилжүүлсэн баримт хэрэгт байгаа, миний утасны дугаар байгаа. Г.Б*******ын нэр дээр шилжүүлсэн гэх баримтыг шүүх авсан байсан. Машин 2022-10-04-ний өдрөөс хойш над дээр байж байгаад 2023 оны 12 сард надаас машиныг чинь зараад өгье гэж Г.Б******* 7 хоногийн хугацаатай авна гэж хэлээд түүнээс хойш өгөөгүй тул 2024-04-15-ны өдөр манай дүү Шангрила зочид буудалд явж байгаад тааралдаж машиныхаа түлхүүрийг авсан. Түүнээс булааж аваагүй, хэрвээ булааж авах юмуу, түлхээд ямар нэгэн юм болсон бол тухайн үед тэглээ ингэлээ гээд асуудал болох байсан байх.
Г.Б******* над руу 2-3 хоногийн өмнө чат бичсэн, би уурандаа шүүхэд өгсөн байна, би өмгөөлөгчдөө хэлсэн, нотариат орж машиныг шилжүүлье гэх тоглоомтой юм шиг зүйл бичсэн байсан. Байнга шүүхэд өгч, болиод яваад байдаг, бид анх шүүхэд өгөх гээд луйврын хэрэг болчив вий дээ гээд өгөөгүй. Энэ машиныг зарж борлуулаад мөнгийг дүүдээ өгөх байсан. Б******* нь нэхэмжлэгчид автомашин бэлэглэх нөхцөл шаардлага байгаагүй гэв.
3. Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Миний бие Г******* овогтой Б*******ад 2021 оны 12 сарын 16-ны өдөр Б гэх хүнээс 19 сая төгрөгөөр худалдаж авсан өөрийн өмчлөлийн Тоёота кроун маркийн ******* УНД улсын дугаартай автомашиныг худалдан борлуулах зорилгоор Г.Б*******ын нэр дээр 2022 оны 10 сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Учир нь тухайн үед миний бие Япон улсад суралцахаар явахаар болсон байсан бөгөөд өөрийн төрсөн ах Б.Т*******т шилжүүлэх гэсэн боловч автомашинаа борлуулахын тулд хотын дугаар авах шаардлагатай байсны улмаас Г.Б*******ын нэр дээр шилжүүлсэн. Иймд Б******* овогтой Б******* намайг Тоёота кроун маркийн ******* УНД улсын дугаартай автомашины өмчлөгч болохыг тогтоож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг даалгуулах Г.Б*******ад даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М миний бие 2024 оны 8 сарын 28-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.Сөрөг нэхэмжлэлээ эд юмсын эрх зүйн хүрээнд гаргаж ******* УНД улсын дугаар бүхий автомашины өмчлөгч мөн болохыг тогтоох шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэл үгүй, уг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэж байна.
2. Эд юмсын хүрээнд гаргасан нэхэмжлэлийг зөвхөн өмчлөгч гаргах бөгөөд өөрийн эд юмсын өмчлөгч болохоо нотлох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
3. Хариуцагч Б.Б******* дээрх автомашины өмчлөгч болохоо нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй, уг автомашины борлуулахын тулд хотын дугаар авах шаардлагатай байсны улмаас нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа.
4. Дээрх автомашины хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч мөн болох нь төрийн байгууллагын хууль ёсны баримт бичгээр нотлогдож байгаа болно.
5. Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч бусдын хууль ёсны эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг шаардах эрхтэй болно.
6. Хариуцагч Б.Б******* өөрийн автомашинаа аман хэлцлээр бэлэглэлийн журмаар нэхэмжлэгчид шилжүүлэн өгснөөс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрөхөд уг автомашины эзэмшлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байж 2024 оны 04 сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхэд халдсан.
7. Тухайн үед автомашинаа борлуулах гэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Хариуцагч нар автомашины өмчлөгч болохыг тогтоолгох, буцаан нэр дээр шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүргийн эрх зүй дээр үндэслэж шаардлага гаргаж байна уу, өмчийн эрх зүй дээр үндэслэж шаардлага гаргаж байна уу гэдгийг ойлгохгүй байна. Бусдын өмчлөлд байгаа зүйлийг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагад Япон улс руу суралцах гэж явсан, эсхүл хөдөөгийн дугаартай учир машин зарахын тулд шилжүүлсэн гэж ярьдаг боловч ийм нөхцөл байдал тогтоогддоггүй. Г.Б******* нь Б.Б*******, Б.Т******* нарт машиныг чинь зараад өгье гэх санал гаргасан нь ямар нэг байдлаар тогтоогддоггүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
6. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн одоо эзэмшиж байгаа/-г нотлох баримтаар гаргаж өгсөн,
Хариуцагч нь Голомт банкин дахь Б.Б*******ын дансны хуулга, Б.Б*******ын гадаад паспорт дахь Японы улсын виз зэрэг баримтыг гаргаж өгсөн,
Шүүхийн журмаар гэрч Э.Э мэдүүлэг авсан, нэхэмжлэгч Г.Б*******, хариуцагч Б.Т******* нарын харилцсан фэйсбүүк чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагч Б.Т******* болон машин зарах гэж бусадтай харилцсан чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, Автотээврийн үндэсний төвөөс маргаан бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх түүхчилсэн лавлагаа, холбогдох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч Б.Т*******, Б.Б******* нарт холбогдуулан автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Г.Б*******ад холбогдуулан Тоёота кроун маркийн ******* УНД улсын дугаартай автомашины өмчлөгч болохыг тогтоолгож, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч нар нь үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тус тус маргаж байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу шаардаж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Б.Б******* нь автомашиныг Г.Б*******ад бэлэглэх хэрэгцээ шаардлага байгаагүй, хариуцагч Б.Т*******, Г.Б******* нар хамтран амьдарч байсан, хариуцагч нар Эрдэнэт хотын бичиг баримттай тул хотын хаяг бүхий хүний нэр дээр шилжүүлж зарах зорилготой байсан гэж маргажээ.
5. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Г.Б******* нь маргаан бүхий автомашиныг хариуцагч Б.Б*******оос бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Учир нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа баримтад маргаан бүхий автомашины сүүлийн эзэмшигч нь Г.Б******* бүртгэлтэй байгаа боловч Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа, түүнд хавсаргасан баримтаас үзэхэд тээврийн хэрэгслийг Б.Б*******оос Г.Б*******ад ямар зорилгоор шилжүүлсэн нь тодорхойгүй энэ талаарх баримтгүй байна.
Харин хэрэгт авагдсан баримтууд болох гэрч Э.Энхжаргалын өгсөн машиныг 19,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг,
Тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчдийн мэдээлэл баримтад П.О, Б.Од, Д.О, С.Б, Б.Б******* гэх хүмүүсийн нэрс бүртгэлтэй байгаа байдал,
Хариуцагч Б.Б*******ын Голомт банкин дахь дансны хуулга баримтаас 2021.12.26-ний өдрийн 10,000,000, 5,000,000, 3,000,000, 1,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгийн Б*******оос БА***ЯР-Д гэх утгаар шилжүүлсэн мөнгө нь маргаан бүхий автомашиныг Б.Б******* нь Б гэх хүнээс худалдан авсан гэдэг нь тогтоогдож байна гэж үзлээ.
Хариуцагч Б.Б******* нь Япон улс явах болсон тул автомашиныг өөрийн ах Б.Т*******ийн нэр дээр орон нутгийн бичиг баримттай гэдэг үндэслэлээр шилжүүлээгүй, түүнтэй хамтран амьдарч байсан нэхэмжлэгч Г.Б*******ын нэр дээр шилжүүлсэн, зар тавьж зарах гэж байсан гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой этгээдийг шударга эзэмшигч гэх ба шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэг этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий автомашин түүний нэр дээр бүртгэлтэй боловч бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөгч болсон гэдгээ нотлож чадаагүй, эсрэгээрээ хариуцагч Б.Б******* уг автомашины өмчлөгч болох нь хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдож байгаа тул сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч Б.Б*******ыг Тоёота кроун маркийн ******* УНД улсын дугаартай автомашины өмчлөгч болохыг тогтоож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Б*******ийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгч Г.Б*******ад даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 252,950 төгрөг гаргуулж хариуцагч Б.Б*******од олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т*******, Б.Б******* нарт холбогдох автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж нэхэмжлэгч Г.Б*******ад шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б*******ыг Тоёота кроун маркийн ******* УНД улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Б*******ын нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгч Г.Б*******ад даалгасугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б*******аас улсын тэмдэгтийн хураамж 252,950 төгрөг гаргуулж хариуцагч Б.Б*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ