Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 11

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч: Ж.Ө,

Шүүгдэгч: У.Ннарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Н холбогдох 1728000000121 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                     Тодорхойлох нь:

        Шүүгдэгч У.Ннь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Жаал-Уулын 1-р гудамж 15 тоотод Ж.Өын толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        Шүүгдэгч У.Н гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

         Хохирогч Ж.Ө шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ах ирээд хүнс жижиглээд өг гэсэн. Ах нэг шил архи авч өгсөн. Тэрийг уугаад байж байсан чинь У.Нэхнэр хүүхэдтэйгээ орж ирсэн. Ах урд шөнө нь уусан байсан. У.У.Н нэг шил архи авч өгсөн. Тэрийг талд нь оруулаад ах унтаад өгсөн. У.Нбид 2 хувааж уусан. Би дахиж нэг шил архи авч өгсөн. Тэрийг уугаад У.Ннилээн тасраад үглээд хэвтээд байсан. Би гар утас дээрээс зураг татаад эхнэртэй нь орны хажууд сууж байсан. Нүдний буланд У.Ншилтэй архинаас өөртөө хийх гэж байх шиг байхаар нь би сөн түшиж байсан учраас алив би хийгээд өгье гээд эргэтэл нүдний дээр манараад явсан. Нэг мэдэхэд дөрвөлжний хажууд цусаа тогтоох гээд байж байсан. Артерийн судас тасарсан, венийн судас тасарсан, 4 оёдол тавиулсан. Нийт 6 оёдол хийлгэсэн. Одоо биеийн байдал гайгүй, цохиулсан талын нүд жаахан нуухтаад байдаг болсон. Анх оёдол тавиулснаас хойш оёдлын мөнгө өгсөн. Цаашид бид хоёр тохирсон байгаа. Анх хэрэг гарахад л хэлсэн. Надад өгөх юм байхгүй, ганц газар л бий. Чи намайг хэргээс ялгүй гаргаач, миний ар гэр ахуй амьдралыг бодоорой гэж хэлсэн. Гомдол санал байхгүй, энэ хүнийг ялгүй гаргаж өгөөч ээ гэж хүсч байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байхад Тогтох ах над руу утсаар залгаад хөдөөнөөс хүнс авчирсан. Намайг янзлаад өгөх үү гэж хэлсэн. Би тэгээд Даланзадгад сумын 6-р багийн нутаг болох Жаал уулын 1-15 тоот хашаанд Тогтох ахын гэрт очиход Тогтох ах гэртээ ганцаараа байсан би мах шөлийг янзлаад байж байгаад Тогтох ахын гэрт нь 2 шил 0.5 граммын Ерөөл нэртэй архийг Тогтох ахтай хувааж уугаад байж байтал гаднаас У.Навгайтайгаа орж ирсэн. Тэгээд Тогтох ах У.Н архины мөнгө өгөөд дэлгүүрээс нэг шил архи аваад ир гэж явуулсан. Тэгээд удалгүй У.Ндэлгүүрээс нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи авчираад тэр архийг бид гурав хуваагаад ууж байхад У.Н эхнэр надтай гар утасны наймаа хийгээд байж байхад гаднаас нэг эмэгтэй орж ирээд У.Н эхнэрийн гap утсыг аваад миний гар утаснаас хуучин зураг, бичлэгээ татаж өгч байсан. Тэгж байхад У.Нгэрийн зүүн талд үглээд унтахгүй хэвтээд байсан. Тэгээд гар утас руу харж байхад нүдний буланд У.Нууж байгаа хугас шилтэй архины шил авч байгаа харагдахаар би У.Нруу эргээд хартал миний толгойн дух хэсэг дээр архины шилээр нэг удаа цохиод автал тэр шил нь хагараад миний духнаас цус гарсан. Тэгээд миний духнаас цус гараад тогтохгүй байхаар тэнд байсан хэн нэгэн түргэн дуудсан байх удалгүй эмч ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Би Наранбаттай маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй Наранбатыг бараг сайн танихгүй гэрийн зүүн талд унтаж байгаад гэнэт л босож ирээд намайг архины шилээр гэнэт л нэг удаа цохиж авсан. Тэгээд тэр архины шил нь хагарчихсан байсан. Архины шилээр нэг удаа духан дээр цохиж авсан тэр архины шил доогуураа 2 хуруу хэртэй архи байсан. Ямар нэгэн хэрэлдсэн зүйл байхгүй. Гэрт У.Нтүүний эхнэр, хамт цуг явсан нэг эмэгтэй мөн Тогтох ах У.Нбид тавуул байсан. Тухайн үед Тогтох зүүн талын орон дээр унтаж байсан. Тэр У.Н эхнэртэй хамт явсан хүүхэн тухайн үед гэрээс гараад явчихсан байсан. Гадаа байсан байх. Би архи уусан халамцуу байсан болсон зүйлийг тод санаж байна. Гэрт ирэхдээ эрүүл ирсэн. Ирээд бид хоёртой нэг шил архи л хувааж уусан. Нэлээн их согтсон байсан. Миний хоёр нүдний хооронд хагарсан оёдол тавьсан. Мөн хоёр нүд  хөхөрч хавдсан. У.Нархины шилээр дух руу нэг удаа цохиж надад хөнгөн гэмтэл учруулсан. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед одоо ямар нэгэн өвчин зовиур байхгүй байна. Духандаа 6 оёдол тавиулсан одоо оёдлоо авахуулчихсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-08-р хуудас/,

Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Даланзадгад сумын 1-р багийн нутаг болох Баруун сайхан 19-7 тоот хашаанд байдаг аав ээжийнхээ гэрт нь байж байхад Сумъяа эгч над руу утсаар залгаад би доор нэг айлд байна хүнтэй гар утсаа сольсон. Ирээд миний гар утсанд байгаа зургийг өөр гар утас руу татаад өгөх үү гэж хэлсэн. Би тэгээд эгчээрээ хүргүүлээд Жаал уулын тэр айлд нь очиход нэг настай ах гэрийн зүүн талд орон дээр унтаж байсан бас Сумъяа эгчийн нөхөр У.Нах гэрийн зүүн талд унтаж байсан. Харин нэг хүн гэрийн баруун талд архи уугаад сууж байсан. Сумъяа эгч баруун талын орон дээр ганцаараа сууж байсан. Би тэгээд гэрт ороод тэр танихгүй ахын утсыг аваад Сумъяа эгчийн утас руу юм татаж байтал У.Нах сэрээд нөгөө сэрүүн байгаа хүнтэйгээ тэр хоёр цуг архи уугаад сууж байсан. Би тэгээд гар утсаар ярих гээд гэрээс гараад утсаар ярьж байхад гэрээс Сумъяа эгчийн 3-4 настай хүүхэд гарч ирээд эгээ аав архины шилээр хүн цохьчихлоо гэхээр би гэрт буцаад ортол тэр Сумъяа эгчийн нөхөр У.Нах зүүн гартаа хагарчихсан архины шилний амсарыг нь бариад зогсож байхаар би архины шилний амсарыг булааж аваад У.Нахыг дараад суусан. Тэгтэл нөгөө ахын толгойн хавиас нь цус гараад нүүр ам цус болсон. Тэгээд би түргэн дуудаад түргэний машинаар тэр айлын ахыг аваад эмнэлэг рүү явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Шүүгдэгч У.Нмөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Даланзадгад сумын 6-р багийн нутаг болох Жаал-Уулын 1-15 тоот хашаанд байдаг Тогтохын гэрт би эхнэр Сумъяа бид хоёр очсон юм. Тэгэхэд Тогтохын гэрт нь Тогтох бас Ж.Ө тэр хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд тэр архийг хувааж уучихаад Тогтох надад мөнгө өгч дэлгүүрээс архи тамхи аваад ир гэж явуулсан. Тэгээд би дэлгүүрээс нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архийг аваад Тогтохын гэрт очоод тэр архийг Тогтох, Ж.Ө бид гурав хувааж уугаад дуусгасан. Тэгтэл тэр гэрт байсан залуу надад мөнгө өгөөд архи аваад ир гэж дэлгүүр явуулсан. Тэгээд би дэлгүүр явж нэг шил 0.5 граммын Ерөөл архийг авчираад нөгөө архийг Тогтох бид гурвуул тэр архийг ууж байгаад би тасраад уначихсан цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Ухаангүй их согтсон байна нэг сэрээд харсан чинь цагдаагийн эрүүлжүүлэхэд хэвтэж байсан. Тэгээд дараа нь манай эхнэр Сумъяа надтай утсаар ярихдаа намайг өчигдөр орой Тогтохын гэрт байж байгаад Ж.Өын толгой хавьд нэг удаа архины шилээр нэг удаа цохьсон. Тэгээд архины шил хагарсан гэж надад хэлсэн. Би тэр хоёртой маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй байх огт мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанд 2017.12.20-ны өдрийн №21 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: Ж.Өын биед духны язарсан шарх гэмтэл үүсчээ.  Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-ийн 32-р хуудас/,

Согтолтын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-ийн 37-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1997.07.08-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-43-р хуудас/,

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч У.Ннь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Жаал-Уулын 1-р гудамж 15 тоотод Ж.Өын толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.12.20-ны өдрийн №21 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: Ж.Өын биед духны язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

         Хохирогч Ж.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “У.Нархины шилээр дух руу нэг удаа цохиж надад хөнгөн гэмтэл учруулсан. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед одоо ямар нэгэн өвчин зовиур байхгүй байна“ гэсэн мэдүүлгүүдийг өгч байх тул шүүгдэгч У.Н бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч У.Ннь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

         Шүүгдэгч У.Ннь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

          Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.У.Н Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэв.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.Ннь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9,

 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч У.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У.Н 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ннь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч У.Ннь хохирогчид төлөх төлбөр хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА