Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0539

 

                                                

                     

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, О.*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч О.******* миний бие Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэгч иргэн”-ээр бүртгэл хийлгэж, гэрчилгээ гаргуулах тухай хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч иргэн миний бүртгэлийг хийж, гэрчилгээг гаргаж өгсөн тул хариуцагчид холбогдуулан гаргасан 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн өргөдлийн хариуг өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэнээр бүртгэх, гэрчилгээ олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

О.*******гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргад гаргасан 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн өргөдлийн хариуг өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэнээр бүртгэл хийлгэж, гэрчилгээ гаргаж олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2.“Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.“Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгч О.*******г нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар О.*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийг “Нийслэлийн Засаг даргад гаргасан 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн өргөдлийн хариуг өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэнээр бүртгэл хийлгэж, гэрчилгээ гаргаж олгохыг даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.*******д даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

                                       

 

 

ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН