Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2024/04405

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27 101/ШШ2024/04405

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ......-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......-д холбогдох,

5,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

27,760,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....., хариуцагч ....., хариуцагчийн өмгөөлөгч ...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.Оюунчимэг миний бие нь Завхан аймагт ариун цэврийн цаасны үйлдвэр байгуулах зорилгоор тоног төхөөрөмжийг нь Монгол Улсад оруулж ирж худалдаалдаг аж ахуйн нэгжүүдийг цахимаар судалж үзээд www.terbumtan.com хаягаар орж ажлын цагаар холбогдоорой хэмээн бичсэн 95859000 дугаарт залган *******тай холбогдсон. ******* нь манай mychina biz Hong Kong Ltd компани нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, хамгийн чанартай, ариун цэврийн цаасны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлдэг. Эрээн хотоос нийлүүлэх бөгөөд тээвэрлэлтийн зардлыг бид хариуцана. Суурилуулсан өдрөөс хойш 13 сарын баталгаа өгдөг бөгөөд ажиллуулж буй хүний буруутай үйлдлээс бусад эвдрэл, гэмтлийг үнэ төлбөргүй засаж янзалж өгнө. Хэрэв та захиалах бол урьдчилгаа 5.000.000 /таван сая/ төгрөгийг дансанд байршуулснаар захиалга баталгаажих бөгөөд үлдэгдэл төлбөрийг тухайн тоног төхөөрөмжийг хүлээлцэх үед авна гэж хэлсэн. Миний бие Завхан аймагт үйлдвэр байгуулах юм, захиалгаа яаж баталгаажуулах вэ гэж асуухад ******* нь захиалгын баримт үйлдэнэ, тэнд дансны дугаар болон бусад мэдээлэл багтсан байгаа, олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа учир та санаа зовох зүйл үгүй гэж хэлсэн. 

Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр захиалгын баримтад тусгагдсан Цэдэндоржийн Энхтайвны эзэмшдэг хаан банкны 5020977327 тоот дансанд 5,000,000 /таван сая/ төгрөгөө шилжүүлсэн. Тухайн өдөртөө буюу 2023.04.07-ны өдрийн 19 цаг 14 минутад Цэдэндоржийн Энхтайван гэсэн фейсбүүк хаягнаас 5 сая төгрөг хүлээн авлаа. Захиалга нь баталгаажсан шүү гэсэн чат ирсэн. Миний бие уг өдрөөс хойш үйлдвэр байгуулах байшин, агуулахаа бэлдэж, барилгын засвар хийдэг баг хөлслөн бүтэн засвар хийгээд хүлээсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд тоног төхөөрөмж нь ирээгүй ба эдийн засгаараа хохирсон хэвээр байна. Мөн утсаар тоног төхөөрөмж юу болов оо гээд асуугаад шаардахаар хил дээр байгаа, удахгүй ирнэ гэж хэлж байгаад сүүлдээ утсаа ч авахгүй нөхцөл байдал үүсээд байна. Тоног төхөөрөмжийн урьдчилгаа, барилгын засал хийх ажилчдын хөлс, цемент, шохой гэх мэт барилгын бараа материал гээд их хэмжээний мөнгөөр хохирсондоо гомдолтой байгаа бөгөөд гэр бүлийн хүнтэйгээ зөвшилцөлгүй шийдвэр гаргасан учир харилцаа, хандлага, гэр бүлийн уур амьсгал хүртэл хүйтэн хөндий болоод байна.

Иймээс ариун цэврийн цаасны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн урьдчилгаанд өгсөн 5,000,000 /таван сая/ төгрөгийг Цэдэндоржийн Энхтайванаас гаргуулж өгнө үү.... гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд П. Оюунчимэгээс 2024.06.05-ны өдөр гаргасан ариун цэврийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн урьдчилгаанд өгсөн 5,000,000 сая төгрөгийг******* гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд :

Оюунчимэг нь цахим хуудсаар надтай холбогдон БНХАУ-аас ариун цэврийн үйлдвэрийн тоног төхөөрөмж захиалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингээд 2023.04.07 ны өдөр урьдчилгаа төлбөр болох 5.0 сая төгрөгийг шилжүүлж, захиалгын гэрээг баталгаажуулсан. Иргэн******* үлдэгдэл төлбөрийг хэдхэн хоногт гүйцээгээд хийнэ гэсэн үгэнд нь итгээд 5 сая төгрөг дээр нь өөрөөсөө 7420000 нэмээд нийт 24000 юань үйлдвэрийн дансанд урьдчилгаа болгон төлсөн билээ. Тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд оруулахад тодорхой хувийн урьдчилгаа авдаг тул захиалгат тоног төхөөрөмжийг хурдан хугацаанд үйлдвэрлүүлж дуусгахын тулд ийм арга хэмжээ авсан билээ. Албан ёсны тамга тэмдэгтэй баримт байна.

2023.04.09-ны өдөр*******ийн захиалсан тоног төхөөрөмж үйлдвэрлэлд орсон тухай өөрт нь мэдэгдсэн. Гэтэл 2023.04.10-ны өдөр авах боломжгүй боллоо, урьдчилгаа төлбөрөө авъя хэмээн гэрээ, хэлцлээ зөрчиж, олон сая төгрөгийн алдагдалд орууллаа. Энэ нь бидний хоорондоо харьцсан цахим чатад тодорхой байгаа. Нэгэнт захиалгаар үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжийг үйлдвэр буцаалт хийдэггүй.

П.Оюунчимэг нь Урьдчилгаанд өгсөн мөнгөө авъя, санхүүжилт бүтэхээ больсон, тэгээд ч би эрүүл мэндийн асуудалтай болжээ, бие их өвдөөд байна гэнэт хэмээн чат бичсэн байдаг. Гэтэл тоног төхөөрөмж үйлдвэрлэж дуусгаад ачуулах болсон. Одоо үлдэгдэл төлбөрөө төлөх хэрэгтэй хэмээн хариу өгсөн юм. Захиалсан тоног төхөөрөмжийг 8 өдөрт буюу тооцоолсон хугацаанд үйлдвэрлэж дуусгасан. Гэтэл үлдэгдэл төлбөрөө өгөөгүй учраас Хятад улсын үйлдвэр төлбөрөө бүрэн төлж, тоног төхөөрөмжөө авахыг шаардсаар байна.

Иймд тоног төхөөрөмжөө авах эсвэл тоног төхөөрөмжийн үнэ болох 32,760,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр болох 5,000,000 төгрөгийг хасаж, нийт 27,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие энэ олон сарын хугацаанд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2018 оноос эхлэн Terbumtan.com сайтыг ажиллуулж ирсэн. Одоог хүртэл нийт 6 жилийн хугацаанд 3000 гаруй тоног төхөөрөмжийн захиалга авч, нийлүүлж ирсэн байдаг. Сайт нь Бид хэрэглэгч Монгол биш, Үйлдвэрлэгч Монгол гэсэн зорилгын дор үйл ажиллагаа тасралтгүй явуулж, олон харилцагчид ажлын байртай болж, баярлаж талархсанаа илэрхийлдэг юм. Энэ 6 жилийн хугацаанд үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн гомдол, санал ирж байгаагүй.******* нь цахим хуудсаар надтай холбогдон БНХАУ-аас ариун цэврийн үйлдвэрийн тоногтөхөөрөмж захиалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 5 сая төгрөгийг шилжүүлж, захиалгын гэрээг баталгаажуулсан. Иргэн******* үлдэгдэл төлбөрийг хэдхэн хоногт гүйцээгээд хийнэ гэсэн үгэнд нь итгээд 5 сая төгрөг дээр нь өөрөөсөө 7,420,000 нэмээд нийт 24000 юань үйлдвэрийн дансанд урьдчилгаа болгон төлсөн билээ. Тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд оруулахад 40 хувийн урьдчилгаа авдаг тул захиалгат тоног төхөөрөмжийг хурдан хугацаанд үйлдвэрлүүлж дуусгахын тулд ийм арга хэмжээ авсан билээ. 2023.04.09-ны өдөр П. Оюунчимэгийн захиалсан тоног төхөөрөмж үйлдвэрлэлд орсон тухай өөрт нь мэдэгдсэн. Гэтэл 2023.04.10-ны өдөр авах боломжгүй боллоо, урьдчилгаа төлбөрөө авъя хэмээн гэрээ, хэлцлээ зөрчиж, олон сая төгрөгийн алдагдалд орууллаа. Энэ нь бидний хоорондоо харьцсан цахим чатад тодорхой байгаа. Нэгэнт захиалгаар үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжийг үйлдвэр буцаалт хийдэггүй.******* нь Урьдчилгаанд өгсөн мөнгөө авъя, санхүүжилт бүтэхээ больсон, тэгээд ч би эрүүл мэндийн асуудалтай болжээ, бие их өвдөөд байна гэнэт хэмээн чат бичсэн байдаг. Гэтэл тоног төхөөрөмж үйлдвэрлэж дуусгаад ачуулах болсон. Одоо үлдэгдэл төлбөрөө төлөх хэрэгтэй хэмээн хариу өгсөн юм. 5. Захиалсан тоног төхөөрөмжийг 8 өдөрт буюу тооцоолсон хугацаанд үйлдвэрлэж дуусгасан. Гэтэл үлдэгдэл төлбөрөө өгөөгүй учраас Хятад улсын үйлдвэр төлбөрөө бүрэн төлж, тоног төхөөрөмжөө авахыг шаардсаар байна. Иймд тоног төхөөрөмжөө авах эсвэл тоног төхөөрөмжийн үнэ болох 32,760,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр болох 5,0 сая төгрөгийг хасаж нийт 27,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний бие энэ олон сарын хугацаанд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ... Тус шүүхэд *******аас 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ариун цэврийн цаасны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болох 27.760.00 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Анх тоног төхөөрөмжийн үнийн урьдчилгааг харилцан тохиролцсон тухайд: Иргэн******* нь *******тай цахимаар холбогдон ариун цэврийн цаасны үйлдвэрийн тоног төхөөрөмж захиалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд утасны дугаарыг нь авч мэдээлэл солилцсон байдаг. Үүний дараа *******аас урьдчилгаа 5,000,000 /таван сая/ төгрөг төлөх шаардлагатай гэдгийг нь тайлбарласан байдаг. Энэ үндэслэлээрээ******* нь 5,000,000 /таван сая/ төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл сөрөг нэхэмжлэлд ... 5 сая төгрөг дээр нь өөрөөсөө 7,420,000 нэмээд нийт 24.000 юань үйлдвэрийн дансанд урьдчилгаа болгон төлсөн.... хэмээн бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлэхгүйгээр нэхэмжлэгч, шүүх, шүүгчийг хууран мэхлэх гэсэн санаатай үйлдэл юм. Учир нь анх урьдчилгаа төлбөр авахдаа үйлдвэрт өгөх төлбөрийг бүхэлд нь төлөх ёстойг тайлбарлаад нэхэмжлэгчээр төлүүлэх боломж байсан.

2. Захиалсан тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд оруулсан гэдгээ мэдэгдсэн тухайд: Сөрөг нэхэмжлэлд ... 2023.04.09-ний өдөр*******ийн захиалсан тоног төхөөрөмж үйлдвэрлэлд орсон тухай өөрт нь мэдэгдсэн... хэмээн бичсэн байна. Гэтэл захиалсан тоног төхөөрөмж нь үйлдвэрлэлд орсон талаар хэрхэн яаж мэдэгдсэн нь тодорхой бус бөгөөд захиалагч талын хүсэл зоригийн илэрхийлэл биш болно. Өөрөөр хэлбэл итгэх боломж алга байна.

3. Гэрээ огт байгуулаагүй тухайд:*******, ******* нар нь нэг ч удаа уулзаж байгаагүй хүмүүс бөгөөд гэрээ огт байгуулаагүй болно. Гэтэл сөрөг нэхэмжлэлд ... гэрээ, хэлцлээ зөрчиж... хэмээн бичсэн нь мөн үндэслэлгүй байна... гэв.

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 3-12-р тал.

Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 27-69-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч******* хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч БНХАУ-ын Шандуны үйлдвэрт тоног төхөөрөмжийг захиалсан, төлбөрийг буцаах боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

П.Оюунчимэг, ******* нар 2023 оны 04 сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, уг гэрээгээр худалдагч нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ариун цэврийн цаас үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжийг 63,000 юань буюу 32,760,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчидын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Худалдан авагч******* худалдагч *******тай худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан өдрөө найз Н.Өлзийсайханы данснаас 5,000,000 төгрөгийг ...П.Оюунчимэг, 44... утгатай шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Худалдагч тал гэрээний зүйл болох БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ариун цэврийн цаас үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба ... мөнгөө бүрэн төлөөгүй тул БНХАУ-ын Шандуны үйлдвэрт байгаа, буцаах ойлголт байхгүй... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн ... төлбөрийг 3 хувааж хийхээр тохирсон, урьдчилгаа 5,000,000 төгрөг, 2-3 хоногт тодорхой хувийг, 2023.04.17-нд үлдэглийг хийхээр тохирсон.. гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх тул мөнгөө бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхгүй.

 

Худалдагч *******ы захиалга авсан гэх үйл ажиллагаа нь ажлын үр дүнг бий болгохгүй, харин худалдах, худалдан авах гэрээний дагуу барааг бэлтгэн нийлүүлж, хүлээлгэн өгөх үйлдэл тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарахгүй, худалдах, худалдан авах гэрээний харилцаа тул хариуцагчийн мөнгөө бүрэн төлөөгүй учир тоног төхөөрөмж БНХАУ-ын үйлдвэрээс эрээн хот руу ачигдаагүй, зуучлалын гэрээ гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... тоног төхөөрөмжийг Монгол Улсад хүлээн авахаар тохирсон боловч одоо болтол ирээгүй, мөнгө нэмж төл гэсэн тул маргаан үүссэн, биеийн эрүүл мэндийн байдлаас гэрээгээ цуцлах талаар хэлэхэд зарж өгнө гэсэн боловч зарж өгөөгүй тул гэрээнээсээ татгалзаад 5,000,000 төгрөгөө гаргуулна.... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заажээ.

 

Худалдан авагч мөнгөө бүрэн төлөөгүй, худалдагч тоног төхөөрөмжийг БНХАУ-ын үйлдвэрээс Эрээн хотоор дамжуулж Монгол Улс уруу ачуулаагүй байх үед буюу 2023 оны 5 сарын үед худалдан авагч******* ...гэрээний үнийн дийлэнх хэсэг болох 27,760,000 төгрөгийг төлөх боломжгүй болсон, тоног төхөөрөмжийг зараад урьдчилгаа мөнгийг буцаан олгох талаар..., худалдагч тал ...авах хүн байвал бусдад худалдах... талаар харилцан ярилцсан болох нь талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул гэрээний 2 тал Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар хэн аль үүргээ биелүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу талуудын хэн аль худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч *******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******т олгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч худалдсан тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэд 27,760,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

П.Оюунчимэг ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч талуудын хэн аль гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн тул худалдагч ******* нь худалдан авагч*******ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 27,760,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

Иймд хариуцагч*******т холбогдуулан гаргасан 27,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 296,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******т олгосугай.

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы хариуцагч*******т холбогдуулан гаргасан 27,760,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 94,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 296,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ