| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0005/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Т
Хохирогч А.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1–т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат 1983 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 3 удаа шийтгүүлж байсан гэх, бие эрүүл Б овогт Ч.Н-д холбогдох эрүүгийн 1720000630064 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд авагдсанаар /
Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэн А.Д-н эзэмшлийн 32-30 УНХ улсын дугаартай Тоёота марк-2 маркын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явж улмаар зам тээврийн осол гаргаж А.Д-д 5,116,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “ Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтын явцад дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Хохирлын мөнгийг 5 сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ Би 2017 оны 08 сарын 08-ны өдөр Замын-Үүд сумын эмнэлэгийн хойд талд Б гэж айлд Б, О, Д бид нар архи ууцгаасан. Тухайн үед 3-4 шил 0,75 граммийн архи хувааж ууцгаасан. Тэгээд тухайн үед архи уугаад сууж байх үед О гэж хүүхэн нь Нартын хошуу гээд Замын-Үүд сумаас хойш 40 гаран км байх тоочик явчихаад ирье гээд байсан. Тухайн үед Д-н 32-30 УНХ улсын дугаартай Тоёота марк-2 тээврийн хэрэгслийн түлхүүр нь надад байсан. Д нь тухайн Б-н гэрт сууж байсан. Тэгээд би Д-д хэлээгүй 32-30 УНХ улсын дугаартай тоёота марк-2 тээврийн хэрэгслийг нь жолоодоод О гэж эмэгтэйн хамт Нартын хошууруу явж байгаад Замын-Үүд сумаас гарч яваад холдоогүй автомашин урд дугуй салах шиг болоод замын хажуу руу гараад явчихсан. Би тухайн үед автомашины цонхоор шидэгдэж гараад замын ховилд ухаан алдчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5/
Хохирогч А.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “ Хэргийн материалтай танилцсан байгаа, би хөл муутай болохоор машин тэрэг хэрэг болоод байдаг юм. Дүүгээсээ 6,800,000 төгрөгөөр худалдан авсан ба мөнгөө дүүдээ өгсөн, нэрээ шилжүүлээгүй байсан. Н нь надаас миний машиныг авч явах талаар хэлээгүй, осол болсон дараа л хэлсэн. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг барагдуулвал гомдолгүй” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-17/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 18-19/
Хохирогч А.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчимд өөрийн найз Б-н утас руу залгаж уулзсан. Тэгээд түүний хамт эмнэлэгийн хойд талд байрлах цэнхэр хашаан дотор амьдардаг Б-н найзын гэрт очсон. Тухайн айлын гэрийн эзнийг Б гэж байсан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн 32-30 УНХ улсын дугаартай гранд марк-2 маркын тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан юм. Тэгээд тэнд очоод Б, Б бид гурав 0,75 литрийн Соёрхол нэртэй архи 1 шилийг, мөн Ерөөл нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Тухайн үед би маш их согтсон байсан болохоор Б-н гэрт өөр хүн орж ирсэн үгүйг мэдэхгүй байна. Тэгээд би согтоод унтаж байгаад сэртэл миний өмдний халаасанд байсан машины түлхүүр байхгүй, гараад хартал гэрийн гадаа байсан машин маань байхгүй байсан. Би хамт байсан Б, Б нараас миний машин яачихав аа гэж асуутал Н орж ирж байсан, цаадах чинь чиний халааснаас түлхүүрийг чинь авсан байх гэж хэлж байсан. Тэгээд байж байтал удалгүй гаднаас миний танил Н өвдөгөө боолгочихсон таяг тулчихсан орж ирсэн. Н хэлэхдээ “Би чиний машиныг унаж явж байгаад осолд орчихлоо. Сая эмнэлэгээс ирж байна. Чи санаа зоволтгүй, би машиныг чинь төлөөд өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд бид нар үргэлжлүүлж архи ууж байгаад орой салцгаасан. Түүнээс хойш би Н-тай дахиж уулзаагүй. Н-н утас холбогдохгүй болохоор нь гэрийнхнээс нь асуухаар Сайншанд суманд эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлж байсан. Би унтахаасаа өмнө Н-г гэрт орж ирсэн үгүйг мэдэхгүй байна. Би түүнд машинаа авч явахыг зөвшөөрөөгүй. Би өөрөө согтуу байхдаа машин жолооддоггүй. Тиймээс согтуу хүнд түлхүүрээ өгөхгүй. А.Д нь миний төрсөн дүү. Би уг автомашиныг 2017 оны 02 дугаар сард дүүгээсээ 6,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг автомашин миний төрсөн дүүгийн нэр дээр байгаа болохоор нэрээ шилжүүлье гэж бодоогүй. Тэгж байгаад нэг зав гарахаар шилжүүлнэ гэж дүүтэйгээ ярьж байсан юм. Би дүүдээ машины мөнгийг бүрэн төлж барагдуулсан“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/
Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2017 оны 08 сарын 13-ны өдөр Д, Н бид нар эмнэлгийн ойролцоох айлд хамт архи ууцгаагаад тэгээд хэн хэнгүй нилээд согтсон байсан. Д-н 32-30 УНХ улсын дугаартай Гранд марк-2 маркын машин нь айлын гадаа байсан бөгөөд тухайн үед бид согтоод унтах нь унтаад гарч ороод байж байтал Н нь явъя гэхлээр нь гараад очсон чинь Н нь Д-н машин дотор ганцаараа сууж байсан, тэгээд хөдөлчихөөд ирье гээд Н нь тухайн машиныг жолоодоод би урд талынх нь суудал дээр суугаад тэндээсээ би 2 хөдлөөд Нефтийн гудамжаар ороод явж байтал танил О нь бага насны эрэгтэй хүүхэдтэйгээ хамт явж байхаар нь зогсоод юу хийж байна ойрхон салхинд гарах уу гэсэн чинь О нь тэгье гээд хүүхэдтэйгээ хоёулаа суугаад хөдөлсөн бид сумаас хойшоо гараад засмал замаар “Нартын хошуу” гэх газар луу явахаар шийдээд явж байтал шаргын овооны урд талд машинтайгаа далан руу онхолдсон бидний сууж явсан машин яагаад онхолдох болсон шалтгааныг мэдэхгүй байна, осол болсны дараа бид нарыг эмнэлэгийн машин ирээд эмнэлэгт хүргэсэн, хэн хэнд нь гэмтэл учраагүй зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/
Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2017 оны 08 сарын 08-ны өдөр 11 цагийн үед гэрийнхээ гадаа байж байсан чинь Б.О нь танихгүй залуутай машиных нь урд талын суудал дээр суучихсан жижиг машинтай ирээд машинд суучих Хаан банкны гудамжинд айл руу явья гэхлээр нь би Б-г аваад машинд суугаад Замын-Үүд сумаас хойд зүгт засмал замаараа хөдөө гараад явчихсан, тэгээд би хаашаа явж байгаа талаар асуусан чинь найзынхруугаа явж байна мөнгө авна ойрхон гэж хэлсэн, тэгээд засмал замаараа явж байгаад яасан эсэхийг би мэдэхгүй машин онхолдсон. Миний толгой осолд орсноос хойш байнга өвдөж байгаа 2017 оны 08 дугаар сарын 15-наас хойш гайгүй болж байгаа, манай хүү Б нь одоогоор мэдэгдэх зүйлгүй байна, бид хоёрыг тархины зураг авхуул гэсэн мөнгө байхгүй учраас авхуулж чадахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/
Гэрч Ч.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би автомашинтай явж байгаад осолд орсон гэж мэдээд түүнийг Сайншанд суманд сумын эмнэлэгт эмчлүүлсэн. Ч.Н-т эхнэр хүүхэд байхгүй ганцаараа 23-р байранд амьдардаг юм. Тэр байрандаа байхгүй байгаа юм шиг байна лээ. Одоо түүний хаана байгаа эсэхийг мэдэхгүй, 2017 оны 08 сард осолд орсных нь дараа Сайншанд эмнэлэгт хэвтүүлсэн чинь хэд хоноод эмчилгээгээ дуусгаагүй гараад явчихсан байсан, түүнээс хойш холбоо бариагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/
Шинжээч, цагдаагийн дэслэгч О.Ө-н 2017 оны 09 сарын 11-ний өдрийн “1. Тухайн зам тээврийн осолд орсон Тоёота Марк-2 маркийн 32-30 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодод явсан Ч.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1 a/ a/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явах үүрэгтэй. Мөн дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал” тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Энэ нь тухайн зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. Хариулт 1 бүрэн хариулагдсан.
2. Тухайн зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийн зорчигч нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг 4.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: a/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх гэсэн заалтыг зөрчсөн боловч энэ нь зам тээврийн осолд нөлөөлөх хүчин зүйл биш болно. Хариулт 2 бүрэн хариулагдсан.
3. Тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож хурд хэтрүүлэн жолоочийн самбаачлах хугацааг тооцоолох чадвар, туршлагагүйгээс тухайн зам тээврийн осол гарсан байна гаж үзэж болно. Хариулт 3 бүрэн хариулагдсан” 28 тоот дүгнэлт /хх-ийн 29/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн “ Б.О-н биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. Гэмтэл тогтоогдоогүй учир энэ асуултанд хариулах боломжгүй байна.
3.Гэмлийн зэрэг тогтох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.
4. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн 324 тоот дүгнэлт /хх-ийн 32/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 сарын 24-ны өдрийн 289 тоот “ Н.О-н биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. Гэмтэл тогтоогдоогүй учир энэ асуултанд хариулах боломжгүй байна.
3.Гэмлийн зэрэг тогтох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.
4. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 289 тоот дүгнэлт /хх-ийн 37/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн шинжээчийн “О.Б-н биед духны дээд дунд хэсэгт үстэй хэсгийн заагт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. дээрх гэмтэл нь “ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
4. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 288 тоот дүгнэлт /хх-ийн 40/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн “ Ч.Н-н хэвлийд зулгаралт , зүүн ташаа баруун өвдгөнд язарсан шархнууд хоёр хөлийн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 345 тоот дүгнэлт /хх-ийн 48/
Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ний 2017 оны 10 сарын 03-ны өдрийн “ 32-30 УНХ дугаартай, Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 5,116,000 төгрөг гэсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 50/
32-30 УНХ улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 56/
А.Д-н “ Миний бие А.Д нь өөрийн төрсөн ах болох А.Д-д 32-30 УНХ улсын дугаартай Гранд марк-2 машиныг 2017 оны 02 сарын 25-ны өдөр 6,800,000 төгрөгөөр зарсан. Уг автомашины баримт бичиг нь миний нэр дээр байдаг бөгөөд өмчлөгчийн нэрээ дараа шилжүүлэхээр тохиролцсон. 32-30 УНХ улсын дугаартай Гранд марк-2 машин нь А.Д-н өмч мөн болно, миний зүгээс ямар нэгэн татгалзах зүйл байхгүй болно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух Б гэгчийн гэрт байсан хохирогч А.Д-с зөвшөөрөл авахгүйгээр, түүний эзэмшлийн 32-30 УНХ улсын дугаартай Тоёото марк-2 машины авч явч, улмаар Замын-Үүд сумаас 9,7 км газарт зам тээврийн осол гарган, хохирогчийн тээврийн хэрэгслийг эвдэлж 5,116,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгчийн зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн болох нь шинжээч, цагдаагийн дэслэгч О.Ө-н гаргасан 28 тоот дүгнэлтээр, мөн дээр ослын улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учраагүй нь Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 288, 289, 324 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байгаа боловч түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.
Харин шүүгдэгч Ч.Н-н хохирогч А.Д-н эзэмшлийн 32-30 УНХ улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь хувьдаа болон бусад байдлаар завших зорилго агуулаагүй байгаа тул түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.-т заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж, тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Н-н авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.О, Н.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээч О.Ө-н гаргасан 28 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл болох ба хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна хохирогчийн хохирол төлбөрийг төлүүлэхэд нөлөөлөхгүй байдлаар түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 12 сарын 18-ны өдрөөс эхлэн нийт 24 хоног цагдан хоригдсон байгаа тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Хохирлын талаар :
Хохирогч А.Д нь 32-30 УНХ улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн дүү А.Д-с 6,800,000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь төлж барагдуулан, өөрийгөө өмчлөгчөөр бүртгүүлээгүй боловч одоо хохирогчийн эзэмшил, ашиглалтанд байдаг болох нь хохирогчийн мэдүүлэг болон А.Д-н цагдаагийн байгууллагад өгсөн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан байна. Иймд хохирогч А.Д нь 32-30 УНХ улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь мөн гэж шүүх дүгнэв.
Иймд хохирогч А.Д нь шүүгдэгчээс өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч Ч.Н-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Д-н өмчлөлийн 32-30 УНХ улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан нь хэрэгт тогтоогдсон байх ба уг тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг Хөрөнгийн үнэлгээний В ХХК нь 5,116,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлттэй хэргийн оролцогч нар танилцаад ямар нэгэн маргаагүй гараагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд буюу шүүгдэгч Ч.Н-с 5,116,000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Д-д олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт холбогдуулан хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.7, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ч.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйллийн 1-т заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйллийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Н-г 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-н цагдан хоригдсон 24 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх ялаас хассугай.
4. Энэ хэрэгт холбогдуулан хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Н-с бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөрт 5,116,000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Д-д олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.Н-т оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Н нь 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД