| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/05078/И |
| Дугаар | 101/ШШ2024/04883 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2024/04883
| 2024о 10 с 23ө | Дугаар 101/ШШ2024/04883 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: .....-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, .....т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Зохигчдын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч*******ын эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******,*******,******* тоот хаягт байршилтай 129 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 00343 дугаар захирамжаар******* надаас 352.355.743,93 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгох, төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох*******,*******,*******,******* тоот хаягт байршилтай 129 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, SAJWA1CB7BLV07104 арлын дугаартай JAGUAR XJ автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Миний бие Голомт банкинд төлөх зээлийн төлбөрөөс 40.0 орчим сая төгрөг хэсэгчлэн төлж байсан боловч хамтран зээлдэгч нөхөр маань ковидын үед нас барсны улмаас насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ үлдэж, сэтгэл санааны хүнд байдалд орж, улмаар хүүхэд харах хүнгүй ажил эрхлэх боломжгүй байдлаас санхүүгийн хүндрэл үүсэж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Миний өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 4-р сарын 06-ны өдөр 22261401/02 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 7-р сарын 03-ны өдөр 22261401/03 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан. Орон сууц хураасан ажиллагааг үнэлгээ тогтоох ажиллагаа явуулаагүй хуулийн хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 53 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон байна. Мөн тус орон сууцыг Хан-Уул дүүргийн 222-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 4-р сарын 23-ны өдөр 22261401/03 дугаартай тогтоолоор дахин хураах ажиллагаа явуулж, надад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал өгөх талаар дурдсан албан бичгийг хүргүүлсэн байсан боловч миний үнийн саналыг аваагүй, улмаар Голомт банк 372,000,000.00 төгрөгийн үнийн саналыг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн байсан. Орон сууцыг шинжээчээр үнэлгээ хийлгэж, 726,669,600 төгрөгөөр үнлэсэн талаар 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.Энхзул надад мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж, тайлан танилцуулах тухай 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгийг хүлээлгэн өгсөн. Миний бие тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж байна. Миний бие дараах үндэслэлээр Мөнх-Оргил трейд Үнэлгээ ХХК-ийн тогтоосон үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт*******,*******,******* тоот хаягт байршилтай 129 м.кв талбайтай 4 өрөө орон сууц нь байрлалын хувьд А зэрэглэлд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд 150-200 метрт орших, орчин сайтай, улсын болон хувийн сургууль цэцэрлэгт ойрхон байрласан, бүх цонх наран талдаа зам руугаа харсан харууц сайтай, цонх таглаж нэмж байшин барилга барих боломжгүй, 2021 онд супер засвар хийсэн, 2 тагтыг доторлож, засаж тохижуулсан бөгөөд 10 давхарт байрлах тул агаарын бохирдол багатай, үзэгдэх орчин хязгаарлагдаагүй тул илүү үнэ цэнтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт мөн тус байранд байрлах 4 өрөө ижил м.кв талбайтай орон сууц 1.1 тэрбум төгрөгөөр худалдан борлуулах зарыг Үнэгүй.мн Зарын сайтад нийтлэгдсэн байсан бөгөөд миний бие өөрийн байрыг дор хаяж 1 м.кв 7,200,000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой гэж үзэж байна. Гэтэл үнэлгээний тайланд м.кв-ийг 5,633,100 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байгаа бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэсэнтэй нийцэхгүй байна гэж үзэж байна. Гуравдугаарт мөн дээрх үнэлгээний тайланг хийхдээ өртгийн хандлага болон зах зээлийн хандлагын үнэлгээгээр тооцсон гэсэн атал тухайн орон сууцны чанар, онцлог шинж, бусад орон сууцнаас илүү үнэлгээтэй болохыг нотолсон дээрх шинж чанаруудын үнэ цэнэ, засвар хийсэн өртөг нэмж тусгагдаагүй, дутуу үнэлсэн, мөн харьцуулсан орон сууцууд нь бага м.кв-тай орон сууцтай харьцуулж Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3- т заасан хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн түвшинд хууль тогтоомж, үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, холбогдох журам, аргачлалын дагуу явуулах гэснийг баримтлаагүй мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.10-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал гэсэн заалтыг зөрчиж тухайн орон сууцны үнэ цэнийг хямд дутуу үнэлсэнд гомдолтой байна. Иймд*******,************** тоот хаягт байршилтай 129 м.кв талбайтай 4 өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 726,669,600 төгрөгөөр үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2.3-т заасны дагуу тухайн үнэлгээ хийж байгаа үл хөдлөхийн үнэ нь үнэн байх зарчимтай. Мөнх-Оргил трейд ХХК зах зээлийн хандлагыг барьсан. Зах зээлийн хандлага гэдэг нь илүү нарийвчлан тайлбарлавал 20.1-т зааснаар тухайн хөрөнгийн үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байгаа ижил буюу ижил болох өөрөөр хэлбэл төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулснаар үнэ цэний үзүүлэлт гарна. Үзлэг хийлгэх болсон шаардлага, үзлэгийг яагаад нотлох баримтаар шүүхэд үнэлүүлэх гээд байгаа асуудал нь энэ нь зарчимдаа нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл манай үйлчлүүлэгчийн байр нь 5,500,000 төгрөг гэж үнэлгээний компани үнэлсэн. Гэтэл зах зээлд хамгийн дээд талын ханш м.кв нь 8,200,000-8,800,000 төгрөгийн хооронд байна. Жишээлбэл Мандала резиденс хотхонд 1,290,000,000 төгрөгийн байрыг м.квадратад хуваахаар м.кв-ын зах зээлийн ханш гарч ирж байгаа тэгэхээр м.кв нь 8,200,000 төгрөг гарч байгаа. Энканто хотхоны байрын үнийг хуваахаар м.кв 8,800,000 гэсэн үнэлгээ гарч ирж байгаа. Ижил төсөөтэй гэдэг талаасаа авч үзвэл ижилхэн нэг газар байгаа. Сая шийдвэр гүйцэтгэгчээс асуусан. Яг одоогоор манай үйлчлүүлэгчийн байрны хажууд Энканто, Мандала хотхонууд байна. Яг хажуу талын байр 1,200,000,000 төгрөг гээд байдаг. Манай үйлчлүүлэгчийн байр зах зээлийн хамгийн өндөр үнээр үнэлсэн гэж шийдвэр гүйцэтгэгч ярьж байна. Өндөрөөр үнэлсэн юм бол яагаад 1,200,000,000-д байхгүй байгаа юм бэ, гэдэгт л гомдол гаргаад байна. Шударга ёсны үүднээс аваад үзэхэд тайланд дурдаад байгаа зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн юм бол 1,200,000,000 төгрөгт хүрэхгүй байгаа асуудал яригдаж байна. Манай байрны давуу тал нь өндөрт байрлалтай, агаар сийрэг, урагшаагаа богд уул, цэцэрлэгт хүрээлэнгээ харж байгалийн сайхныг тольдож харч чадаж байна. Супер засвар хийсэн, 2 блоканаа тохижуулсан. Тэр бүхэн үнэлгээний тайланд байхгүй байна. Тийм учраас бид нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Хажуу талын байрнуудын нөхцөл байдлыг төсөөтэй харьцуулаад үзэхэд дандаа баруун тал руугаа буюу хойшоо харсан цонхтой, байгалийн сайхныг харах боломжгүй байрнууд 1,200,000,000 төгрөг гараад байгаа юм бэ, гэдэгт гомдоод байна. Харуул хамгаалалт арай өөр гэж байна. Хэдийгээр харуул хамгаалалт өөр ч гэсэн барилга гэдэг зүйл нэг бүтэц, арматур, бетоноор босдог ижилхэн. Давуу талуудыг үнэлгээндээ дурдаагүй үүнд гомдож байгаа. Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн үнэлгээ зах зээлийн хамгийн дээд үнээр үнэлсэн гэдэг худлаа үнэлгээ гэдгийг нотлохоор үзлэг хийлгэсэн... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 343 дугаар захирамжаар*******аас 352,355,743.93 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор эхэлсэн. Төлбөр төлөгч нарт удаа дараа төлбөр төлөх мэдэгдэл хүргэсэн ч төлбөрөө төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч*******ын эзэмшилтэй үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийг дугаарт бүртгэлтэй*******,*******, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,******* тоот хаягт байршилтай 129 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 726,669,600 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээний тайланг танилцуулсан. Шинжээч тухайн орон сууцыг үнэлэхдээ үнэлгээний олон улсын стандарт, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу боловсруулсан аргачлалын дагуу өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргыг харьцуулан хамгийн өндөр үнэтэй буюу зах зээлийн хандлагын өгөгдлөөр 100 хувийн ач холбогдолтой хамгийн өндөр бодитой үнэ гаргасан байна. Нэхэмжлэгч******* нь шинжээч үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болохыг нотлох баримт ирүүлээгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл байхгүй байна. Үзлэг хийсэн орон сууцны хувьд зар гаргаж байгаа он сарын хувьд даруй үнэлгээ хийснээс хойш 5 сарын дараах зар, үнэ ханш байна. Тухайн үнэлэгдэж байгаа орон сууц хотхонд зарагдаж байгаа орон сууцанд үзлэг нэгжлэгээр үзлэг хийх ёстой байхад өөр хотхонд зарагдаж байгаа тансаг зэрэглэлийн хамгийн сүүлд ашиглалтад орсон байртай харьцуулж байгаа нь нотлох баримт болох ач холбогдолгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 4-42, 52-53-р тал.
Хариуцагчаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 67-125-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хх-ийн 156-158-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч******* хариуцагч холбогдуулан улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,************** 823-р байрны 1001 тоотод байрлах, 129 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/00343 дугаар шийдвэрээр хариуцагч*******аас 352,355,743.93 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,************** 823-р байрны 1001 тоотод байрлах, 129 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 2019 оны 08 дугаар сарын БГ2105133321 тоот барьцааны гэрээгээр арлын дугаартай автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-68-70/
Уг шийдвэрт 2022 оны 09 сарын 06-ны өдөр 2149 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн 2022 оны 10 сарын 21-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь гүйцэтгэх хуудас, 222601401 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-67, 71/
Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,************** 823-р байрны 1001 тоотод байрлах, 129 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2023 оны 04 сарын 06-ны өдөр битүүмжилж, 2024 оны 04 сарын 23-ны өдөр хураан авсан байна. /хх-5, 72-74, 77-79/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, барьцаа хөрөнгийн үнийн саналыг төлбөр авагч Голомт банк ХК 372,000,000 төгрөг гэж ирүүлсэн боловч төлбөр авагч зөвшөөрөөгүй, харилцан тохиролцсон гэх баримтгүй байна. /хх-81/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2024 оны 05 сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 5/163 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх... талаар сануулсан байх ба шинжээч гарын үсэг зурсан байна. /хх-83-85/
Мөнх Оргил трейд үнэлгээ ХХК*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,,,************** 823-р байрны 1001 тоотод байрлах, 129 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 726,669,600 төгрөгөөр үнэлсэн байх ба үнэлгээний мэдэгдлийг талуудад мэдэгдсэн байна. /хх-87-125/
Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч талын ... орон сууцыг зах зээлийн үнээс бага үнэлсэн, 1 м.кв нь 7,200,000 орчим төгрөгийн үнэтэй байгаа... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.
Баянзүрх дүүргийннд байрлалтай Мандала 360 хотхонд 159.65 м.кв орон сууц 1,290,000,000 төгрөгийн үнээр, Энканто таун хотхонд 143 м.кв 4 өрөө орон сууц 1,260,000,000 төгрөгөөр худалдах тухай зар байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн боловч уг үзлэгийн тэмдэглэл нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн гаргасан дүгнэлтийг няцаах баримт биш гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Мөнх Оргил трейд үнэлгээ ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2.3-ыг зөрчсөн... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Мөнх Оргил трейд үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр Мөнх Оргил трейд үнэлгээ ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 101/ШЗ2024/18263 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ