| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/03706/И |
| Дугаар | 101/ШШ2024/04750 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2024/04750
| 2024о 10 с 16ө | Дугаар 101/ШШ2024/04750 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: .....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 90а тоотод байрлах, .....-д холбогдох,
519,481,612 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., хариуцагчийн өмгөөлөгч ...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Шүүгчийн захирамжийг үндэслэн хариуцагчийн төлөөлөгч Б.Базарсадын эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь *******-д 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 18/36 тоот хүсэлтийнх нь дагуу 200,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх шийдвэрийг гаргасан. Зээлийн гүйлгээ хийх шийдвэрийн дагуу 2018 оны 12 сарын 31-ний өдөр ЗГ-2018/95 дугаартай Зээлийн гэрээ болон 2018/08 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээнүүд нь Иргэний хууль болон холбогдох хуулиудад бүрэн нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ юм. Зээлийн гэрээний дагуу 2018 оны 12 сарын 31-ний өдөр 200,000,000 төгрөгийг олгож, барьцаа хөрөнгөөр******* газар орших 133 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Тус барьцаа хөрөнгийг 2019 оны 01 сарын 17-ны өдөр АМГТГ-т бүртгүүлж, тэмдэглэгээ хийлгэсэн байдаг. Зээлийн гэрээний хавсралтаар зээлийн төлбөр, хүүг төлөх хуваарийг гаргасан бөгөөд тус хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргийг ******* хүлээсэн. Гэтэл 2018 оны 12 сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Харин *******-ийн хүсэлтийн дагуу 2019 оны 06 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний эргэн төлөх хугацааг 6 сараар, 2019 оны 12 сарын 24-ний өдөр тус гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний эргэн төлөх хугацааг 6 сараар, 2020 оны 06 сарын 30-ны өдөр тус гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний эргэн төлөх хугацааг 18 сараар сунгасан. Ингэснээр зээлийн гэрээний 2.1.3-т заасан зээлийг эргэн төлөх хугацаа нь 2021 оны 12 сарын 31-ний өдөр болсон. Гэтэл энэ хугацаандаа үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй. ******* нь үндсэн зээлийн 200,000,000 төгрөгөөс 1,478,387.99 төгрөгийг, зээлийн хүү 352,378,433.73 төгрөгөөс 71,999,982.80 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 62,240,998.58 төгрөгөөс 21,659,449.09 төгрөгийг төлсөн. Иймээс зээлдэгч******* нь хариуцагч *******-иас үндсэн зээл 198,521,612.01 төгрөг, зээлийн хүү 280,378,450.93 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүү 40,581,549.49 төгрөг буюу нийт зээлийн гэрээний үүрэгт 519,481,612.43 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцааны аргыг хэрэглэсэн. Хариуцагчтай байгуулсан 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 2018/08 дугаартай Барьцааны гэрээгээр нийт 4 хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1-т *******-ийн эзэмшлийн 801А дугаар бүхий******* газар орших 133 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл; 2-т *******-ийн өмчлөлийн*******, Bieben ND-3255 B38 марктай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд импортлогдсон, Улбар шар өнгөтэй, LBZ146DA87A000116 арлын дугаартай, Ачааны зориулалттай өөрөө буулгагч; 3-т *******- ийн өмчлөлийн*******, Sandong LG953 марктай, VLG0953LEF9069730 арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд импортлогдсон, шар өнгөтэй, авто ачигч хөдлөх хөрөнгүүдээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Базарсад шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Манай компани нь*******-аас 2018.12.31-ний өдөр 2018/95 дугаартай зээлийн гэрээ, 2018/08 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Улмаар уг зээлийг өөрийн эзэмшлийн эзэмшлийн өмчлөлтэй тусгай зөвшөөрөл, угаах төхөөрөмжийн хамт барьцаалсан. Уг зээлийн эх үүсвэрийг 2019 оны уул уурхайн бичиг баримтыг бүрдэл хангагдсаны дараа олборлолтын ажиллагаа эхлэх гэтэл 2019 оны 10-р сард Засгийн газрын тогтоол гарч манай үйл ажиллагаа одоо хүртэл бүрэн зогсонги байдалтай байна. Улмаар уг асуудлаар тус ББСБ-тай удаа дараа уулзаж асуудлаа харилцан шийдвэрлэж байсан. Иймд уг уурхайн асуудлаар төр засаг ямар нэгэн шийдэл гаргасан тохиолдолд уг зээлийн төлөхөөр ярилцаж тохиролцоонд хүрсэн тохиолдолд мөнгөн дүн дээр ярилцах асуудлыг ярилцаж болно. Иймд уг мөнгөн дүн болох 519,481,612.15 төгрөгийг төлөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-48-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 52-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Ачит капитал ББСБ ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан үндсэн зээлд 198,521,612 төгрөг, хүүд 280,378,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 40,581,549 төгрөг, нийт 519,481,612 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал Засгийн газрын тогтоол гарч манай үйл ажиллагаа одоо хүртэл зогссон, төрийн шийдвэр гарахаас шалтгаалж зээлийг төлөх эсэх талаар ярилцана гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх хэргийн оролцогч этгээд болох Ачит капитал ББСБ ХХК-д олгогдсон эрх хэмжээг шалгах үүрэгтэй.
Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн газрын 2014 оны 11 сарын 07-ны өдөр олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт өгсөн байх боловч Ачит капитал ББСБ ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсаргаагүй байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай /2001 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно гэж заасан ба Ачит капитал ББСБ ХХК тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан эсэх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн, 2002 оны 06 сарын 17-ны өдрийн Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ зүйлийн 2-т зааснаас бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болно гэж заасан. Мөн 2023 оны 01 сарын 06-ны өдөр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан этгээдэд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо хугацаагүйгээр олгоно гэж өөрчлөн найруулсан нь Ачит капитал ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойшхи тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүд хамаарахаар байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хангалттай өнгөрсөн байхад нэхэмжлэгч тал нь хуулийн этгээд атлаа баримтуудаа бүрэн өгөөгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гаргуулах боломжгүй гэж үзсэн болно.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-д зааснаар шаардах эрхгүй.
Ачит капитал ББСБ ХХК 2018 оны 12 сарын 31-ний өдөр *******-д 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохиролцож зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, *******-ийн эзэмшлийн 801А дугаар бүхий******* газар орших 133 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, *******-ийн өмчлөлийн,******* марктай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, улбар шар өнгөтэй,******* арлын дугаартай, ачааны зориулалттай өөрөө буулгагч, *******-ийн өмчлөлийн, марктай, арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, авто ачигч, Скрубер 80 авто техник зэргийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-20-22, 31-32/
Дээрх зээлийн гэрээнд талууд 2019 оны 06 сарын 30-ны өдөр өөрчлөлт оруулж хугацааг 2019 оны 12 сарын 31-ний өдөр, 2019 оны 12 сарын 24-ний өдөр өөрчлөлт оруулж хугацааг 2020 оны 06 сарын 30-ны өдөр, 2020 оны 06 сарын 30-ны өдөр өөрчлөлт оруулж хугацааг 2021 оны 12 сарын 31-ний өдөр тус тус болгож сунгасан болох нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдээр тогтоогдож байна. /хх-23-28/
Зохигчидын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 156.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зээлдүүлэгч тал болох Ачит капитал ББСБ ХХК зээлдэгч *******-д 60,000,000 төгрөгийг дансаар нь, 140,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь төлбөрийн даалгавар, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-48/
Зээлийн гэрээний хугацаа 2021.12.31-ний өдөр дуусах хүртэл зээлдэгчээс зээлдүүлэгчид үндсэн зээлд 1,478,387.99 төгрөг, хүүд 71,999,982.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 21,659,449.09 төгрөг, нийт 135,719,369.37 төгрөг төлсөн болох нь Ачит капитал ББСБ ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хх-33-38/
******* зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь хэрэгт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д нийцүүлэн үндсэн зээлд үндсэн зээлд 198,521,612 төгрөг, хүүд 280,378,451 төгрөг, нийт 478,900,063 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн хүү болох 40,581,549 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгүүдээс Скрубер 80 авто техникээр үүргийг хангуулахаар шаардаагүй тул бусад барьцаагаар үүргийг хангуулах үндэслэлтэй.
Иймд хариуцагч *******-аас үндсэн зээлд 198,521,612 төгрөг, хүүд 280,378,451 төгрөг, нийт 478,900,063 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ачит капитал ББСБ ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******-ийн эзэмшлийн 801А дугаар бүхий******* газар орших 133 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, *******-ийн өмчлөлийн******* маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн улбар шар өнгөтэй******* арлын дугаартай ачааны зориулалттай өөрөө буулгагч, *******-ийн өмчлөлийн маркийн арлын дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн шар өнгөтэй авто ачигч зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн хүү 40,581,549 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамж болох 519,481,612 төгрөг гаргуулах шаардлагад 2,755,360 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагад илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс хангасан дүн болох 478,900,063 төгрөгт ногдох 2,552,450 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагад тохирох 70,200 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 478,900,063 /дөрвөн зуун далан найман сая есөн зуун мянга жаран гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ачит капитал ББСБ ХХК-д олгож, ******* үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******-ийн эзэмшлийн 801А дугаар бүхий******* газар орших 133 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, *******-ийн өмчлөлийн******* маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн улбар шар өнгөтэй******* арлын дугаартай ачааны зориулалттай өөрөө буулгагч, *******-ийн өмчлөлийн маркийн арлын дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн шар өнгөтэй авто ачигч зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэлээс 40,581,549 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.16-нд төлсөн 2,965,960 төгрөгөөс илүү төлсөн 140,400 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,825,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,622,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/14939 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ