| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/03918/И |
| Дугаар | 101/ШШ2024/04559 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2024/04559
| 2024о 10 07 с 07 ө | Дугаар 101/ШШ2024/04559 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......,
Хариуцагч: .....,
Хариуцагч: ......нарт холбогдох
91,258,885 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., хариуцагч ....гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч .... эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч ******* нь ХААН Банк ХК-ийн Хүнсний нэг тооцооны төвтэй 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/201944468102 тоот зээлийн гэрээ байгуулж 45,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн шуурхай бичил зээлийн зориулалтаар зээл авч уг зээлийн гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний ЗГ/201944468102-1 тоот гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/201944468102 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр БГХ/201944468102 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон дансны орлого, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр БГҮ/201944468102 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж*******,******* өмчлөлийн улсын бүртгэлийн*******,*******,******* тоот хаягт байрлалтай 24 м.кв 2 өрөө орон сууц зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч ******* 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/201944468102 тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,271,749 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,461,978 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,465 төгрөг нийт 7,736,192 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.3,5.1.6,5.1.8,5.1.11,6.5,7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч *******од холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/201944468102 тоот зээлийн гэрээ түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэлд: 41,728,251 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт: 44,996,425 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 4,501,208 төгрөг
Нотариатын зардал: 33,000 төгрөг
Нийт: 91,258,885 төгрөгийг тус тус гаргуулж үүргийн гүйцэтгэлийг хариуцагч*******, нарын өмчлөлийн улсын бүртгэлийн*******,*******,******* тоот хаягт байрлалтай 24 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.
Хариуцагч ******* шүүхэд тайлбар гаргаагүй.
Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******оор мөнгийг төлүүлэх ёстой. Барьцаа хөрөнгөөр орон сууцыг хангуулах тухайд хүлээн зөвшөөрөхгүй байна. Байр орон сууцаа алдахыг хүсэхгүй байна... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-40-р тал.
Хариуцагч *******оос шүүхэд гаргасан нотлох баримт: байхгүй.
Хариуцагчгаас шүүхэд гаргасан нотлох баримт: хх-ийн 51, 68-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч ХААН банк ХК хариуцагч ... нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэлд 41,728,251 төгрөг, зээлийн хүүд 44,996,425 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,501,208 төгрөг, нотариатын зардалд 33,000 төгрөг, нийт 91,258,885 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг .... нарын өмчлөлийн улсын бүртгэлийн*******,*******, тоот хаягт байрлалтай 24 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч *******од шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 04 сарын 30-ны өдөр гардуулж өгсөн.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2024 оны 05 сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийг ******* авсан, барьцаа хөрөнгийн өмчлөгч******* нас барсан гэх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахыг зөвшөөрөхгүй маргаж байна.
Хаан банк ХК *******той 2019 оны 05 сарын 10-ны өдөр ЗГ/201944468102 тоот зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 45,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар жилийн 24 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, дансны орлого, Б.Баясгалан, нарын өмчлөлийн улсын бүртгэлийн*******,*******, тоот хаягт байрлалтай 24 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-11-18/
Хаан банк ХК ******* нар 2020 оны 04 сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 12 сараар сунгаж, 2023 оны 05 сарын 21-нд зээлийг төлж дуусгах хуваарь баталсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлалтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-19-20/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хаан банк ХК *******од 45,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь *******ын 5084511750 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Зээлдэгч тал болох ******* зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний хугацаа 2023.05.21-ний өдөр дуусах хүртэл ******* үндсэн зээлд 3,271,749 төгрөг, хүүд 4,461,978 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,465 төгрөг, нийт 7,736,192 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээлийн бүртгэлийн карт, *******ын 5084511750 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байх ба хариуцагч ******* төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй байна.
Зээлдэгч ******* зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буруутай байх тул үндсэн зээлийн үлдэгдэлд 41,728,251 төгрөг, зээлийн хүүд 44,996,425 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,501,208 төгрөг, нийт 91,225,885 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж өгөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлэхэд гаргасан зардал болох нотариатын хөлс 33,000 төгрөгийг хариуцагч *******од хариуцуулах үндэслэлгүй.
Барьцаа хөрөнгө болох орон сууц*******, нарын өмчлөлд бүртгэлтэй, Хаан банкны дээрх зээлийн барьцаанд байгаа болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээний хуулбар, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2019 оны 05 сарын 10-ны 11-1428421 тоот лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-24, 26/
Хариуцагч******* 2022 оны 07 сарын 06-нд нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:
240.1.2.үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэж заажээ.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар барьцаа хөрөнгийн 1 өмчлөгч******* нас барсанаар барьцаалуулагч нарын Хаан банкны өмнө орон сууцаар үүргийг хангах үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Орон сууцны хувьд нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө учир 2 өмчлөгчийн нэгд хариуцуулж барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн орон сууц барьцаанд бүртгэлтэй байгаагаас шалтгаалж хариуцагч*******гийн орон сууцны өвийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч *******оос үндсэн зээлийн үлдэгдэлд 41,728,251 төгрөг, зээлийн хүүд 44,996,425 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,501,208 төгрөг, нийт 91,225,885 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгож, нэхэмжлэлээс нотариатын хөлс 33,000 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг*******, нарын өмчлөлийн улсын бүртгэлийн*******,*******, тоот хаягт байрлалтай 24 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 91,225,885 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 91,225,885 /ерэн нэгэн сая хоёр зуун хорин таван мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгож, нэхэмжлэлээс 33,000 төгрөг болон хариуцагч,******* нарт холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөөрөнгөөр хангуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 614,079 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ