Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2024/04544

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 о 10 с 04ө

Дугаар 101/ШШ2024/04544

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ...../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......,

Хариуцагч: ....... нарт холбогдох,

  Гэрээний улмаас учирсан хохирол болох 490,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч*******,*******, нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие иргэн Цогзолбоо болон Цэцэгсүрэн нартай 2023 оны 08 сарын 24-ний өдөр №1466 дугаартай Худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр талууд*******,*******,*******,*******,*******,*******, 73,50 м.кв орон сууцыг нийт 220,000,000 төгрөгөөр худалдан авах буюу 2023 оны 08 сарын 27-ны өдөр нүүн орохоор тохиролцож гэрээг байгуулсан. Гэтэл 2022 оны 08 сарын 26-ны орой тохирсон үнийн дүн дээр 10,000,000 нэмэхгүй бол зарах боломжгүй гэж мессеж ирүүлсэн. Ингээд гэнэт юу болсон талаар утсаар ярилцахад ойлголцож чадахгүй байсан тул 2022 оны 08 сарын 27-ны өдөр миний бие эхнэрийн хамт гэрт нь очиж уулзан нэгэнт гэрээ байгуулан 2 талаас тохирсон шүүдээ, тохиролцсон үнээрээ худалдааг үргэлжлүүлж өгнө үү, бид танай байрыг авахаар тохирч гэрээгээ байгуулсан болохоор өөрсдийн амьдарч байгаа байраа суллаад өгчихсөн өнөөдөр нүүж ирэхээр тохирсон, өнөөдөр нүүж орж чадахгүй бол гэрийнхээ ачаа барааг хадгалах газаргүй, бага насны (том нь 6 нас, бага нь 7 сартай) 2 хүүхэдтэй орох орон, очих газаргүй болох тухайгаа хэлж, ятгаж гуйсан боловч тохиролцолд хүрч чадаагүй. Хамгийн анх манай эхнэрийн 220 сая төгрөгөөр орон сууц худалдан авна гэсэн фейсбүүк постгүй коммент хэсэгт Цогзолбоо нь өөрөө орон сууцныхаа мэдээллийг оруулан холбогдсон бөгөөд ингээд 2023 оны 08 сарын 15-ны өдөр цаг тохирон байрыг үзэж худалдан авахаар тохирсон бөгөөд хойш өөр орон сууц хайх боломжит хугацааг алдагдуулсан бөгөөд хамтран байгуулсан гэрээгээ ямар нэгэн бодитой үндэслэлгүйгээр зөрчин гэрээнд тусгасан үнээ нэмэгдүүлэхгүй бол байраа зарахгүй хэмээн нүүн орохоор тохирсон өдрөөс 1 хоногийн өмнө мэдэгдсэн нь манай гэр бүлийг маш хэцүү байдалд оруулсан. Ингээд манай гэр бүл гэрийнхээ ачаа бараа, тавилга зэргийг хүний зуслангийн чингэлэгт түрээслэн хадгалуулах, чингэлэг рүү зөөвөрлүүлэх, зөөвөрлөхөд ажилтан хөлслөх, чингэлгээс буцаан зөөвөрлөх мөн зөөвөрлөхөд ажилтан хөлслөх гэх мэт бодит зардал болон ажиллагаа үүссэн. Мөн хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн ийм үед тогтсон гэр оронгүй болсон эдгээр асуудлуудаас сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалд орж сэтгэл санааны хямралд орсон. Иймд Цогзолбоо болон Цэцэгсүрэн нараас 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр №1466 тоот дугаартай Худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээ-ний хулдалдагч талын буруугаас үүссэн хохирол болох 550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие нүүхдээ 2 туслах ажилтан ажиллуулсан ба 60,000 төгрөг бэлнээр өгсөн, энэ талаар баримт байхгүй учир нэхэмжлэлээ 60,000 төгрөгөөр багасгаж 490,000 төгрөг нэхэмжилж байна... гэв.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:*******ын Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 4 дүгээр зүйлийг үндэслэл болгох нь******* миний бие Өлзийбаттай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй болно. Нэхэмжлэгч тал банкны зээлээ таньдаг эдийн засагчаар судлуулахын тулд байраа зарах нь үнэн болно гэсэн бичиг хийгээд өгөөч ээ гэж удаа дараа залгаж бичиж гуйгаад байсан учир нотариат орсон болно. Баримт бичигт тусгахдаа Худалдан авагч тал урьдчилгаа далан сая төгрөгийг Худалдагч талд төлнө. Үлдэгдэл нэг зуун тавин сая төгрөгийг Худалдаа хөгжлийн Банкны зээлээр төлж дуусгахаар талууд харилцан тохиролцсон. Иймд гарын үсэг зурахдаа дахин энэ худалдах, худалдан авах гэрээ биш биз дээ би байраа зарахгүй байсан ч болно биз дээ гэж асуухад нотариатчин Б.Тунгалаг нь тийм ээ байраа зарахгүй ч байсан болно энэ гэрээ биш гэж нэхэмжлэгч тал мөн адилхан хэлсэн учир итгэн гарын үсэг зурсан. Энэ нь төөрөгдүүлсэн гэж үзэж байна. №1466 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 6.2 заалтыг үндэслэн байрны үнэ дээр 10,000,000 нэмээгүй гал тогооны тавилга болон, үүдэн хэсгийн тавилга, байрны тавилгууд болох гал тогооны тавилга үүдний өрөөний шүүгээ нарыг дагалдуулж тооцох талаар бодолцож үзье гэсэн. Хананд гоёлын обой бүх өрөөнд нүдэн гэрэлтэй дүүжин тааз, унтлагын өрөөнд дуу тусгаарлагч, үүдний коридорт плита наалгасан, гал тогоонд гоёлын плита наалгасан талаараа өөрт нь байр танилцуулж байхдаа үзүүлсэн энэ нь үнийн саналд ороогүй ******* нь би таны үүдэнд байдаг харанхуй өрөө 3,000,000 төгрөг, машины граж 25,000,000 төгрөгийг нэмж авах санал тавьсан.10,000,000 төгрөгт багтаагаад өгье гэж хэлсэн. Энэ нь бодит үнэлгээнээс бага дүн болно. Ярилцаад нэмж мөнгө төлж чадахгүй гэсэн учир би хүүхдүүдийг нь бодож 5,000,000 болгож багасгасан боловч үгүй гэж уурласан. Гэрээг цуцалсан гэж ойлгосон. Гэвч хэрүүл маргаан хийлгүйгээр эелдгээр татгалзсан боловч хэд хоногийн дараа байрны гадаа ээж гэх эмэгтэй , ах юм уу гэмээр 175-180см 90-100 кг орчим жинтэй эрэгтэй хүн, эхнэр хүүхдийн хамт ирж айлган сүрдүүлж эрэгтэй нь зодох гэж ээж гэх хүн миний зөвшөөрөлгүй утсаа бичлэг хийж ******* үл таних залуугийн хамт зодох гэж дайрсан бүлэглэн танхайрч эхнэр нь болон******* Түшиг багана ХХК ажилтан нар нийлж салгасан. Хамтран гэрээ байгуулсан гэж үзвэл: "Худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээний 3.4 Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа: Худалдан авагч тал төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд Худалдагч тал орон сууцыг хүлээлгэн өгнө. Гэж тусгасан байгааг үндэслэн нэхэмжлэгч тал нь урьдчилгаа 70.000.000 төгрөгийг Худалдагч талд төлөөгүй . Үлдэгдэл 150.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн Банкны зээлээр төлж дуусгаагүй байж өөрийн байсан байрнаасаа нүүсэн зардлаа нэхэмжилж байгаа нь ор үндэсгүй гэж үзэж байна. Тус гэрээний 4.6 д зааснаар Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй гэх хуулийн заалтыг үндэслэл болгож байна... гэжээ.

Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 8 сарын дундуур байр худалдаж авах зар харсан. Тухайн үед холбоо бариад 220,000,000 төгрөгөөр байраа зарна гэж хэлсэн. Тэгэхэд нэхэмжлэгч манайд ирээд орон сууцыг үзсэн. Ковидын үе байсан. Харанхуй өрөө, үүдний скап, гал тогооны тавилга, дуу тусгаарлагч гэх зүйлүүд хийсэн байсан. Эдгээрийг оролцуулаагүй, ярилцъя гээд үлдээсэн байсан. Нүүхдээ би ажлынхаа цаг заваар ээж, охин хоёртойгоо нүүж байгаа гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгч 8 сард намайг байрнаасаа гялс гараарай, хичээл сургууль эхлэхээс өмнө нь нүүгээд ормоор байна гэж хэлсэн. 2023 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 11 цагийн үед нотариатч Б.Тунгалаг гэдэг хүн дээр очсон. Нэхэмжлэгч надад хэлэхдээ банканд зээлийн хүсэлт гаргах гэж байгаа, зээлийн хүсэлтэд байр авах гэж байгаа нь үнэн гэсэн бичиг хийгээд өг гэж хэлээд нотариатч дээр очсон. Гэтэл нотариатч дээр очиход худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ээж бид хоёр худалдах, худалдан авах гэрээ байгуулахгүй, мөнгө аваагүй, талууд харилцан тохиролцоогүй байхад яагаад гэрээ байгуулж байгаа юм бэ гэхэд нотариатч, нэхэмжлэгч хоёр энэ худалдах, худалдах авах гэрээ биш, харин байраа зарах гэж байгаа гэдэг нь үнэн гэсэн бичиг хийгээд өг гэж хэлсэн. Гэрээний толгой нь үл хөдлөх хөрөнгийн худалдах худалдан авах гэрээ гэсэн байгаа мөртлөө бид хоёрт хэлэхдээ байраа зарах гэж байгаа нь үнэн гэсэн бичиг хийгээд өг гэсэн. Гэтэл одоо болохоор худалдах, худалдан авах гэрээ хийсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйл, 58.2.1, 58.2.2-д заасан заалтуудыг тус тус зөрчиж байна. Нэхэмжлэгч надад танай байр, харанхуй өрөө, грашийг худалдаж авах сонирхолтой байна гэж хэлсэн. Сүүлд нь тавилгуудынхаа үнийг тооцож үзэхэд 10,000,000 төгрөг болсон. Гэрээний бусад нөхцөлд талууд нэмэлт өөрчлөлт оруулахдаа нөгөө талдаа мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурах бөгөөд энэ нь гэрээний салшгүй нэг хэсэг байна гэсэн байгаа. Гэрээний энэ заалтын дагуу 10,000,000 төгрөгийг нэмж байна гэж хэлэхэд нэхэмжлэгч уурлаад хэр амаар доромжлоод байхаар 5,000,000 төгрөг өгчих гэсэн чинь тэгвэл үүднийхээ харанхуй өрөөг нэмж өг гэж хэлсэн. Ингэж ярилцаж байгаад сүүлдээ харилцан тохиролцож чадаагүй. Гэрээний гол зүйл төлбөр, төлбөр төлөх хугацаа гэсэн байгаа. Би энэ залуугаар 100 төгрөг ч аваагүй. Гэрээ хүчин төгөлдөр болох үндэслэл нь худалдан авагч, худалдагчид 70,000,000 төгрөгийг төлнө гэж заасан байгаа. Энэ хүн гэрээний дагуу дансанд нь 70,000,000 төгрөг байх ёстой. Нэхэмжлэгч нялх хүүхэдтэй болохоор 9 дүгээр сараас өмнө байрандаа орчихмоор байна гэж хэлсэн. Банканд таньдаг хүн байгаа учраас яаралтай шийдүүлэх гэж байгаа болохоор нотариат дээр очоод байраа зарах гэж байгаа гэдэг нь үнэн гэсэн бичиг хийгээд өг гэж хэлсэн. Нэхэмжлэгч надад 100 төгрөг ч өгөөгүй байж 9 дүгээр сар болох гэж байна. Одоохон байраа суллаад нүү гэж хэлсэн. Намайг ээж, охин хоёртойгоо нүүж байгаа гэдгийг нэхэмжлэгч харсан. Манай байрны гадаа ээж, ахыгаа дагуулж ирээд намайг зодох гэж оролдсон. Тэр үед манай байрны гэрчилгээ алга болсон. Би гэрчилгээг сүүлд нь ахиж гаргаж авсан. Одоо ингээд бодоод байхад нэхэмжлэгч намайг луйвардах гэж байсан байх... гэв.

 

Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар нэхэмжлэгч залуугаас мөнгийг нь авсан байсан бол энэ хүний ажлыг нь алдагдуулсан байх гэж үзэх боломжтой байсан. Мөнгөө шилжүүлээгүй, өгөөгүй байсан байж одоо мөнгө нэхэмжлээд шүүхээр яваад байгаа нь надад эвгүй байна. Бид нар гомдолтой байна. Нэхэмжлэгч манайд ирээд ярилцсан. Харанхуй өрөө, грашаа нэмж байгаа тохиолдолд худалдах үнэ нь нэмэгдэж таарна. Манайх бүрэн тавилгатай, зах зээлийн үнэ нь метр квадрат нь 3,000,000 төгрөгтэй байгаа болохоор би татгалзсан. Бусад нь хүүгийн ярьсантай адилхан... гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-9, 51-53-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч*******,******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзснаас учирсан хохирол болох нотариатын зардалд 105,000 төгрөг, гэрээ нүүлгэхэд гарсан тээврийн зардалд 300,000 төгрөг, хоолны зардалд 85,000 төгрөг, ажилчны хөлсөнд 60,000 төгрөг, нийт 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 60,000 төгрөгөөр багасгаж, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзснаас учирсан хохирол болох нотариатын зардалд 105,000 төгрөг, гэрээ нүүлгэхэд гарсан тээврийн зардалд 300,000 төгрөг, хоолны зардалд 85,000 төгрөг, нийт 490,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэгчийг хохироогоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

*******,*******,******* нар 2023 оны 08 сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр худалдагч нар Сүхбаатар дүүргийн*******,******* /14182/ Алтайн гудамж, тоотод байрлах 73.50 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 220,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, 2023 оны 08 сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчидын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагад бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болох хуулийн зохицуулалттай ба ******* маргаан бүхий орон сууцны өмчлөгч болоогүй байна.

 

Худалдан авагч ******* гэрээ байгуулсны дараа мөнгөө төлөөгүй, банкны зээл хөөцөлдөж байх явцад худалдагч нар үнийн дүн дээр 10,000,000 төгрөг нэмэх санал гаргасан, үүнийг худалдан авагч зөвшөөрөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

Худалдагч нарын гэрээний үнийг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг худалдан авагч хүлээн аваагүйгээс худалдагч нар гэрээнээс татгалзсан, гэрээ хэрэгжээгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талуудын хэн аль худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж дүгнэв.

 

Худалдагч нарын гэрээний үнийг нэмсэнийг худалдан авагч зөвшөөрөөгүйгээс худалдагч тал гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдсон тул худалдагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж заасны дагуу худалдагч нар гэрээнээс татгалзснаас нэхэмжлэгчид хариуцагч нараас гэм хорын хохирол шаардах эрх үүссэн байна.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.4-т гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч тал хариуцна гэж заасны дагуу ******* 105,000 төгрөг төлсөн болох нь *******ын Хаан банкны 5041277865 тоот дасны хуулгаар тогтоогдож байна./хх-51/

Худалдагч нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээ хэрэгжээгүй, худалдан авагчид 105,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул хариуцагч нараас 105,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д нийцнэ гэж үзэв.

 

******* ...эхнэр данснаас 2023 оны 09 сарын 02-нд 85,000 төгрөгийг нүүх явцад хоол авсан, 2023 оны 09 сарын 02-нд нүүлгэлт 150,000 төгрөг, 2023 оны 09 сарын 04-нд нүүлгэлт 150,000 төгрөг тус тус зарцуулсан... гэж тайлбарлаж, дансны хуулгыг өгсөн боловч хоолны зардал, нүүлгэлт нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.

 

Тодруулбал, худалдан авагч ******* өөрийн амьдарч байсан байрыг бусдад худалдаж өөр газар уруу нүүхдээ төлсөн зардал, нүүх үедээ хоол авсан зэрэг нь худалдагч нарын гэрээнээс татгалзсан үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

 

Иймд хариуцагч*******,******* нараас худалдах, худалдан авах гэрээнээс татгалзснаас учирсан хохиролд 105,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс 385,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн 17,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 105,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..... нараас 105,000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....д олгож, нэхэмжлэлээс 385,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот дансанд төлсөн 17,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.БАТЦЭЦЭГ