Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 14

 

                       

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийндарга: П.Цэнднасан,

Улсын яллагч:Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа, Б.Оюунтунгалаг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Н

          Шүүгдэгч: Э.Б, С.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д нарт холбогдох 1728000960072 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

          Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг болох Баруунсайханы 23-23 тоот хашаанд машинаас мод буулгаж байхдаа 10 настай Б.Э болгоомжгүйгээр толгойн тус газар үзүүртэй модоор цохин алж 4081934 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч С.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр байцаалт өгөхдөө би ганцаараа мод буулгаж байсан, буулгаж байсан модонд миний хүү цохиулаад унасан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

          Шүүгдэгч Э.Бийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:” Ажлаа хийгээд явж байсан. Манай хүн энэ модыг авна, ачна гэсэн. Вагончикны гадаа буулгаад буцаагаад ачсан. Орой 18 цаг болж байсан. Ачаад Баруунсайханы гадаа мод буулгасан нь миний буруу. Шидэж буулгасан. Би машин дээр гарсан байсан. Хүүхэд харагдаагүй.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллагад Цагдаагийн газраас хүсэлт ирсэн. Энэ хүсэлтэнд 10 настай хүүхдийн амь нас хохирсон. Ээж нь худал мэдүүлэг өгсөн учраас танай байгууллага хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно уу гэсэн байсан. Тиймээс энэ хэрэгт миний бие хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Хэргийн талаар хавтаст хэрэгтэй танилцаад мэдсэн. Хохирогчийн ээж С.Д хогийн цэг дээрээс мод түлэхээр гэртээ авч явсан. Энэ модыг Э.Б буулгах явцдаа 10 настай хүүхдийн амь насыг эрсдүүлсэн. Хэргийн материалаас харж байхад яалт ч үгүй хүүхдийн эрх хохирсон. Анхааралгүй гээд хүн болгон хүний амь нас эрсдүүлээд байвал юу болох билээ. Ээжийн хувьд ч гэсэн анхааралгүй. Шүүгдэгч анхааралгүй байсан гээд байгаад нь гомдолтой байна. 1.150.000 төгрөгийг өгсөн. Үүнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:“...Энэ хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан С.Д гэдэг хүнтэй хамтран амьдарч байсан Э.Б гэдэг залуу нь машины тэвшин  дээрээс мод буулгаж байгаад дагавар хүүхэд болох 10 настай Энхтунхыг модоор цохиж гэмтээгээд амь насыг хохироосон гэж мэдсэн. Тодруулга хийгээд шүүхийн шатанд нэхэмжлэх болно. ...Баримтаар бүрдүүлж өгсөн талийгаачийн оршуулгын зардал болох 4.081.934 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

        Шүүгдэгч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 2017.10.14-ний өдөр өгсөн мэдүүлэгт:“...2017.10.14-ний орой 18 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ажлынхаа машин дээр мод ачиж ирээд гэрийнхээ хашаанд буулгаж байтал хашааны хаалгаар миний хүү Энхтунх гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэгээд түргэн дуудсан чинь ярьж байгаа дохио өгөөд байхаар нь өөрийнхөө машинаар эмнэлэгт хүргэсэн. Би ганцаараа буулгаж байсан. Толгойн дээрээс нь цус гараад байсан. Манай хүүхэд болон миний дүү Дэлгэрбаян нар байсан. Палк буулгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

       Шүүгдэгч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 2017.11.02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ:“...Би 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 23-23 тоот гэртээ ажлын ачааны машинаар 4 метрийн урттай хуучин палк ачаад хашааны гадаа ирээд зогссон. Тэгээд машинаас Э.Б буугаад машин дээр гараад палк модоо нэг талыг газар тавьчихаад модоо буулгах гэж байтал хашааны жижиг хаалгаар миний хүү гарч ирээд “ээж” гэж дуудтал Э.Б гэнэт миний хүү Энхтунхыг цаашаа хол бай гэж хэлэхээр би хүүхдийг мод цохичихгүй байгаа гэж бодоод эргээд хартал нөгөө хадаастай модны үзүүр хүүхдийн толгой дээр нь уначихсан.Тэгтэл миний хүү газар унасан.Тэгэхээр би хүрээд очиход толгойны орой хэсгээс цус гарчихсан, бөөлжөөд байхаар би бөөлжсийг нь цэвэрлээд “миний хүү” гээд дуудахад огт дуугарахгүй байсан.Тэгээд манай Дэлгэрбаян тэврээд гэрт оруулсан.Тэгээд гэрт оруулчихаад түргэн дуудсан чинь утсаа авахгүй байхаар аавын дүү Батжаргалыг “хүрээд ирээ миний хүү Энхтунхыг Э.Б модоор цохичихлоо, ухаангүй байна хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Батжаргал хүрч ирэхээр би хүүгээ аваад эмнэлэг рүү яваад түргэн тусламж дээр очоод үзүүлэхэд энэ хүүхэд их хүнд байна гэж хэлээд миний хүүд дусал залгаад тархины зураг авчихаад эмч нар миний хүүгийн толгой руу юм шаагаад гавлын яс нь цуурчихсан найдваргүй болсон хүн гэж хэлсэн. Тэгээд миний хүүг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлчихээд 3 дахь өдрийн 15 цагийн үед эмнэлэгт нас барсан. Би тухайн үед албаны машинаар жолооч Пүрэвсүрэн, Э.Б бид гурав явж байсан юм. Тухайн үед би байцаалт өгөхдөө айж сандарсан байсан хүүхдийн маань биеийн байдал нь хүнд байсан.Тэгээд ийм мэдүүлэг өгчихсөн юм. Намайг ямар нэгэн байдлаар дарамталсан хүн байхгүй. Одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг юм. Э.Б Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хотын захирагчийн албанд ачигчийн ажил хийдэг, бид хоёр хамтран амьдраад 1 жил гарантай болж байна. Тухайн үед Э.Б дарамталсан зүйл байхгүй. Харин өмнө нь 2017 оны 09 дүгээр сард байгууллагын тэмцээн болж Хонгорын элс рүү явсан. Тэгэхэд Э.Б архи уучихаад намайг хардаад байсан. Би тэгэхээр нь юун сүртэй юм гэхэд би боож үхнэ, сордог элсэнд орж үхнэ гэж хэлээд байсан. Би тухайн үед айж сандарсан байсан. Хүүхдийн бие маань хүнд байсан. Тэр үед хүүхэд амьд байсан. Тэгээд хүүхдээ үхнэ гэж бодоогүй байсан. Э.Б өмнө нь боож үхнэ гэж айлгадаг байсан болохоор айгаад тэгээд хэлчихсэн юм. Э.Б машин дээр байсан модыг буулгасан юм. Би тухайн үед машин дотор байсан. Машины буруу талын хаалгыг онгойлгочихсон байсан Э.Б модыг машины буруу талаар нь буулгаж байсан. Би эргээд харж байхад модыг нэг үзүүрийг нь газар тавьчихаад нөгөө талын үзүүрээс нь барьж байгаа газар луу шидсэн. Тэр мод 4 мертийн орчим урттай, хуучин палк мод байсан нэг талын үзүүр нь 2 ширхэг хадаастай мод байсан. Намайг эмнэлэгт хүүхдээ хараад сууж байхад манай хадмууд тэр модыг нь хаячихсан гэж надад манай нөхрийн дүү Батцэцэг надад хэлж байсан. Гадаа гэгээтэй байсан. Би гомдолтой байна. Энэ хүн их зөрүүд, амиа бодсон, архи, тамхи хэрэглэдэг. Архи уухаараа жаахан агсам тавих гээд байдаг юм. Энэ хүнтэй хамтран амьдраад нэг жил гарантай болж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

         Гэрч Х.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед би албаны 82-11 ӨМА улсын дугаартай “Кама” маркийн автомашинаар хог асгах гээд ачигч Э.Бтэй хамт очиход тэнд С.Д цаг бүртгээд байж байсан. Тэгээд машинд ачсан хогоо асгачихаад байж байтал С.Д Э.Бийг тэнд хогон дотор нэг мод гаргаад тавьчихсан байгаа түүнийг машин дээр ачаад аваад ир гэж хэлсэн.Тэгээд Э.Б хогийн хонхор дотроос 4 метр гаруй урттай, дөрвөлжин хэлбэртэй хуучин тал нь өмхөрөөд уначихсан модыг авчираад машин дээр тавьсан.Тэгээд бид гурав тэндээс яваад сумын Баруунсайханы 23-23 тоот хашааны гадаа 18 цагийн үед ирж зогсоход машинаас Э.Б буугаад машины тэвшин дээр гарсан. С.Д машин дотор надтай юм яриад сууж байтал хашааны жижиг хаалгаар 10 гаруй насны эрэгтэй хүүхэд гарч ирээд машины хажуу талын хаалган дээр хүрч ирэхэд С.Д “цаашаа бай, одоо ээж нь буулаа” гээд машинаас буухад С.Д гэнэт л “хүүхэд модонд цохигдлоо” гэж хашгираад байсан.Тэгээд би машинаас буугаад машины урдуур тойроод очиход хашааны гадаа жижиг хаалганы хажууд С.Д хүүхдээ тэвэрчихсэн, толгой дээр нь гараа тавьчихсан байдалтай байсан. Өмнө нь нөгөө буулгаж байсан мод газар хэвтэж байсан. Би тэгээд түргэн дуудсан чинь түргэний утас нь яриад байсан. Тэгтэл гэрээс хүмүүс гарч ирээд миний утсаар залгаж ах дүү нараа хурдан ирээ гэж дуудчихаад хүүхдээ тэврээд баруун гэр лүүгээ орсон. Тэгээд удалгүй жижиг цагаан машин хүрч ирээд С.Д хүүхдээ аваад эмнэлэг рүү явахаар нь би машинаа асаагаад гэр лүүгээ явсан. Тэр модыг хогийн цэг дээр байхад С.Д гэртээ авчирч түлэх гэж авчирсан байсан Тэр мод нь дөрвөлжин хуучин палк мод байсан урт нь 4 метр гаруй урттай мод байсан, нэг талын үзүүртээ 2 ширхэг хуучин зэвтэй хадаастай мод байсан. Маргааш өдөр нь С.Д над руу утсаар залгаад “та өчигдөрийн хүүхэд цохисон модыг аваачаад хогийн цэг дээр хаячих гэхээр нь би тэр модыг хашааны гадаа байхад ачиж яваад хогийн цэг дээр хаячихсан. Одоо тэр мод байхгүй байсан. Би сүүлд тэр модыг асуухад байхгүй хүн аваад явчихсан байсан. Тэрүүгээр хог түүдэг хүмүүс зөндөө байдаг болохоор тэр модыг аваад явчихсан байх. Машин дээрээс Э.Б тэр модыг буулгасан. Би тэр модыг яаж буулгаж байгааг нь хараагүй машин дотроо сууж байсан. Гэнэт л С.Д “хүүхэд модонд цохиулчихлаа” гэж хэлсэн өөрөөр мэдэх зүйл байхгүй байна. Бид нар бүгд архи уугаагүй эрүүл байсан. Энэ хоёр нэг гэр бүлийн хүмүүс байсан, хэдэн жил ханилсныг нь мэдэхгүй. Тухайн үед хашааны гадаа Э.Б, С.Д бид гурав байсан өөр хүн байгаагүй. Гадаа гэгээтэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

         Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017.10.14-ний орой би ажил дээрээ байж байхад гаднаас хоёр хүн хүүхдээ тэврээд ороод ирсэн. Тэгээд би яасан бэ гэхэд модонд цохиулаад ухаан алдаад унасан гэж байсан. Тэгээд би үзэхэд хүүхэд ухаангүй байдалтай, духны дээр хэсэгт цохигдсон шархнаас цус гарсан байдалтай байсан. Тэгээд би мэс заслын тасагт хэлээд хүүг үзүүлсэн. Машинаас мод буулгаж байсан чинь гэнэт хүүхэд гарч ирээд цохигдсон гэж ярьж байсан. Маш хүнд, ухаангүй байсан. Цус тогтоох, өвчин намдаах, тархины хаван буулгах, огилоо бөөлжисний эсрэг тарилгууд хийгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

         Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017.10.14-ний орой би гэртээ байж байсан чинь манай дээд эгчийн хүү Энхтунх толгойндоо модоор цохиулчихлаа гэсэн. Тэгээд би гараад очсон чинь толгойгоо хагалчихсан байсан. Тэгээд түргэн дуудах гээд залгасан чинь түргэний утас ярьж байгаа дохио өгөөд байсан. Тэгээд эгч хүүхдээ аваад эмнэлэг явсан. Тухайн үед манай эгч  Дэлгэрмаа байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

         Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их уулын 13-7 тоотод гэртээ юм угаагаад байж байхад Энхтунхыг модонд цохиулаад, ухаан алдчихлаа гэж хэлсэн, тухайн үед хэн надад хэлснийг нь санахгүй байна. Тэгээд орой нь аймгийн эмнэлэг рүү ярьж эмээгээс нь биеийг асуухад Энхтунхын бие нь тааруу байна, ухаан орохгүй байна гэж хэлэхээр нь би аймгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт очиход Энхтунхын бие нь хүнд ямар ч ухаангүй байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Энхтунх нас барчихсан. Бид нар Улаанбаатар хот руу авч явна гэж бодож байсан юм. Талийгаачийн ээж С.Д надад хэлэхдээ хогийн цэг дээрээс нэг ширхэг мод машинаар авчираад тэр модыг машин дээрээс Э.Б буулгаж байгаад хүүхдийг модоор цохисон гэж хэлсэн. Би тухайн шөнө Баруунсайханы 23-23 тоотод хашаанд очиход хашааны том хаалганы хойд талд нь блокон хашааны хажууд тавьчихсан байсан. Очиж үзэхэд тэр мод 4 орчим метрийн урттай, хуучин, өмхөрч муудсан шинжтэй, дөрвөлжин палк мод байсан нэг талын үзүүр хэсэгтээ 2 ширхэг урт хадаастай мод байсан. Тэр модыг мэдэхгүй байна. Би С.Дд тэр модыг холдуулж хаяарай гэж хэлж байсан. Харин сүүлд нь сонсож байхад тэр модыг хог ачдаг машины жолооч нь авч яваад хогийн цэг дээр хаясан гэж сонссон. Талийгаач Энхтунхын толгойны орой хэсэг \зулай\-т юмаар цоолчихсон байдалтай цус гараад хатчихсан байсан. Манай ахыг нас барсны дараа энэ Э.Б гэдэг хүнтэй суусан. Хэдэн жил хамтран амьдарч байгааг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

          Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэхийн 8-20 тоотод гэртээ байж байхад утсаар Энхтунхын ээж нь байна “Энхтунх эмнэлэгт хэвтэж байна, нэг дэх өдөр хичээлдээ очиж чадахгүй болчихлоо, ер нь удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэх байхаа” гэж хэлэхээр нь би юу болсон талаар асуухад “түлээний модонд цохиулчихсан” гэсэн, би яагаад түлээний модонд цохиулсан юм бэ гэхэд Энхтунхын ээж нь машинаас буулгаж байсан түлээний модонд цохиулсан гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Энхтунхын эмээ, нэг хүнтэй ирчихсэн Энхтунх нас барчихсан, хичээлийн сурах бичгийг нь өгөх гэсэн юм гэсэн. Тэгээд би Энхтунхыг нас барсныг нь мэдсэн. Талийгаач Энхтунх нь ам бүл 5-уул амьдардаг, Амьдралын түвшин нь доогуур түвшинд байдаг юм. Ер нь дуу цөөтэй, даруухан зантай, сурлагандаа дунд зэрэг хүүхэд байсан. Ер нь талийгаачийг авдаг хүн нь С.Дгийн төрсөн дүү гэж нэг эмэгтэй хүн ирж авдаг байсан. Энэ хүн ажилтай гээд ирж уулзаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

         Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ С.Д нь манай талийгаач ахтай сууж байсан хүн байгаа юм. Манай ах 2012 онд өвчний улмаас нар барчихсан юм. Харин энэ талийгаач Энхтунх нь манай талийгаач ахын хүүхэд байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед намайг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их уулын 13-7 тоотод гэртээ байж байхад С.Д над руу утсаар залгаад “Энхтунхыг модонд толгойгоо цохиулаад ухаан алдчихлаа хурдан ир, түргэний утас нь болохгүй байна” гэж хэлэхээр би өөрийн эзэмшлийн хонда пит маркийн машинаар Баруунсайханы 23-23 тоот хашааны гадаа нь ирээд зогсоход хашаан дотроос С.Д Энхтунхыг тэврээд машинд суусан. Би С.Дгөөс дахиад юу болсон талаар асуухад “машинаас буулгаж байсан модны үзүүрт толгойгоо цохиулсан” гэж хэлсэн, тухайн үед Энхтунх ямар ч ухаангүй байсан. Аймгийн эмнэлэг дээр ирээд хүлээн авах \103\ өрөөнд оруулж өгсөн. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаад 2017 оны 10 дугаар сарын 16-нд нас барсан. С.Д надад хэлэхдээ машинаас буулгаж байгаа модонд толгойгоо цохиулснаас болж тархиндаа цус харвалт болж нас барсан гэсэн. Намайг очиход хашааны гадна талын үүдэн дээр нь хогийн цэнхэр өнгийн машин зогсож байсан. Би тэр шөнөдөө гэрээс мөнгө авах гээд Баруунсайханы 23-23 тоот хашаанд очиход хашааны том хаалганы хойд талд нь блокон хашааны хажууд нэг урт дөрвөлжин хэлбэртэй мод харагдаж байсан. Би тэр модыг хаана байгааг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

         Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С.Дг танина, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй, манай албанд ажилладаг хүн байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 14-ний орой С.Д над руу утсаар залгаад хүүхэд эмнэлэгт хэвтсэн \сэхээнд\ ажлын чөлөө авъя гэж хэлэхээр нь би юу болсон бэ гэхэд хүүхэд буулгаж байгаа модонд толгойгоо цохиулсан гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай ажилтан Гантуяа руу залгаад хүүхэд нас барчихлаа гэхээр нь би эмнэлэг дээр хүрээд очиход С.Дгийн хүүхэд нь нас барчихсан, өөрөө эмнэлгийн хүлээн авах дээр дусал залгуулаад хэвтэж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. 2013 онд ажилд орсон, зан чанарын хувьд хамт олонтойгоо нийтэч зантай, ажилдаа сайн өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайн үед нь биелүүлдэг хүн байгаа юм. Энэ хоёр 2015 оноос хойш л хамтран амьдрах болсон. Э.Б үг дуу цөөтэй, ажилдаа сайн хүн байгаа юм. Э.Б зүгээр энгийн л байдаг, зарим үед огцом уурладаг, группд байдаггүй юм. Амьдрал нь дунд түвшинд байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

        Шинжээч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ нь төрөлхийн оюун дүгнэх чадвар бууралттай, оюуны хоцрогдолоос болоод ойлгох, эргэцүүлэн бодох, нэгтгэх дүгнэх чадвар нь сул, үгийн нөөц баялаг хомс, өөрт тохирсон ажил хөдөлмөрийг хийж чадна. Оюуны хомсдолтой хүмүүс ихэвчлэн оёдолчин, гуталчин, үсчин, тогооч гэх мэт ердийн ажлыг хийж чадна. Энэ нь ямар нэгэн үйлдэл хийхэд нөлөөлөхгүй, Э.Б нь хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чaдвapтай хүн байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,

        Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:“...Би 1989 оны 05 дугаар сарын 01-нд Өмнөговь аймагт төрсөн, айлын 5 дахь хүүхэд болж төрсөн, Аав Т.Энэбиш нас барчихсан, Ээж Лхагвацэрэн одоо гэрээр амьдарч байгаа. Би сургуульд огт суугаагүй байж байгаад 2011 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хотын захирагчийн албанд ачигчаар орсон. Өмнө нь ямар нэгэн ажил хийж байгаагүй, С.Дтэй 2013 онд анх танилцаад түүнээс хойш хамтран амьдарч байгаад энэ хэрэг гарснаас хойш С.Д гэрээсээ хөөсөн. Би одоо ээж Лхагвацэрэнтэй хоёулаа амьдарч байна. 2017 оны 10 дугаар сарын дундуур байх \өдрийг сайн санахгүй байна\ орой 17 цагийн үед байх аймгийн урд байрлах төв хогийн цэг дээр жолооч Пүрэвсүрэнгийн машин дээр мод ачсан юм. Пүрэвсүрэн жолооч, машин дотор нь С.Д бид гурав явсан. Тэгээд Баруунсайханы 23-23 тоот хашааны гадаа нь очоод би машины орой дээр байсан модыг ганцаараа буулгаад хашааны хажуу тал руу шидсэн, мод харанхуйд ойхдоо Энхтунхыг оносон. Энхтунхыг эмнэлэг рүү С.Д машинаар авч явсан. Жолооч Пүрэвсүрэн машинаа унаад гэр лүүгээ явсан. Би Баруунсайханы 23 -23 тоот хашаанд байгаа гэртээ орж хоол цай хийгээд Баянаатай хамт аймгийн сэхээний тасагт ирсэн. С.Д гарч ирээд хоол цайгаа идчихээд “Энхтунх ухаан ороогүй, бие нь гайгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би буцаад Баруунсайханы 23-23 тоот гэртээ очиж амарсан. Би маргааш нь гэнэт айгаад Ханхонгор сумын голд ганцаараа явж байсан, тэгээд урагшаа яваад ээжийн гэрт очсон. Маргааш өглөө нь эмнэлэг дээр ирээд сэхээний тасагт ороход Энхтунх ухаан ороогүй байсан. Эмнэлгийн гадаа сууж байхад С.Дгийн дүү Цэцэг хүрч ирээд Энхтунхыг нас барчихлаа гэж хэлсэн. Би тэгээд урагшаа яваад ээжийн гэрт очсон. Надад ямар нэгэн сэтгэцийн өвчин байхгүй, гэхдээ би хоол ундгүй явахаар татаж унадаг өвчтэй. Намайг группд оруулаагүй. Манай хүн С.Д энэ модыг машинд ач гэж хэлсэн, тэр мод нь өмхрөөд муудсан, дөрвөлжин палкны хэлбэртэй, урт 2 метр гаруй байсан байх. Талийгаач хашааны жижиг хаалгаар гарч ирсэн, би тэр модыг хоёр гараараа барьж байгаад газар луу шидсэн, нар шингээд шар гэгээ тасарч харанхуй болж байсан. Миний буулгаж байсан модонд цохигдож Энхтунх өнгөрчихсэн юм. С.Д машин дотор байсан, жолооч Пүрэвсүрэн мөн машин дотроо сууж байсан. Хамтран амьдарсан зүйл байхгүй, дандаа салж нийлж байдаг. Намайг мөнгө олж ир гээд хөөгөөд явуулдаг юм, тэгээд хоорондоо маргалддаг. Намайг агаа гэж дууддаг, бид хоёр дотны харьцаатай байсан. Би хааяа архи уудаг. Би С.Дг унтаж амрахгүй болохоор айлгах гээд хэлчихсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/,

            Шүүгдэгч С.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Айж балмагдсандаа тэгээд мэдүүлэг өгсөн юм. Мод одоо хаана байгааг би мэдэхгүй байна. Эмнэлэгт байж байхад хэн нэгэн нь надад хэлж байсан. Би тухайн үед хүүхдийн бие муу байсан болохоор хэн хэлж байсныг сайн мэдэхгүй байна. Би тухайн үед айж сандарсан байсан. Хүүхдийн бие маань хүнд байсан. Тэр үед хүүхэд амьд байсан. Тэгээд хүүхдээ үхнэ гэж бодоогүй байсан. Тэгээд би өөрөө машинаас мод буулгасан гэж мэдүүлсэн юм. Ямар нэгэн дарамталсан хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.27-ны өдрийн №70 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: Талийгаачийн биед хуйхны цус хуралт, дух ясны зүүн дээд хэсгийн нүхлэгдсэн хугарал, хатуу хальсны  цоорол, хатуу хальсан доорхи цусан  хураа, тархины эдийн цус харвалт, духны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 55-56-р хуудас/,

         Өмнөговь аймгийн БОЭТ-ын Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: Өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг үгяриа хэллэг, мөн өвчтөний эзэмшсэн ямар нэгэн түгээмэл мэргэжилтэй холбоотой мэргэжлийн нэр томъёо хангалттай хэмжээгээр байх боловч шинжлэх ухааны тусгай мэргэжлийн нэр томъёонууд болон хийсвэр үгийн нөөц маш хязгаарлагдмал байна. Зарим үгийг хазгай, хэлгий, тультраа хэлж байна. Сэтгэхүйн үйлдлүүд тухайлбал задлан сэтгэх, нэгтгэн сэтгэх, харъцуулан сэтгэх, хийсвэрлэн сэтгэх тодруулан сэтгэх, ангилан сэтгэх, нэгтгэн дүгнэж сэтгэх чадварууд сул хөгжилтэй байна. Ерөнхий эрдмийн сургуульд сурч боловсрол, мэргэжил эзэмшээгүй боловч хөнгөвчилсөн программаар суралцах өөрийн онцлогт тохирсон ямар нэг түгээмэл мэргэжил тухайлбал малчин, саальчин, ногоочин, оёдолчин, мужааны мэргэжлийн мэдлэг дадлага эзэмших чадвартай. Гэр ахуйн хөдөлмөрийн энгийн дадлыг эзэмших, амьдралын туршлага хуримтлуулах чадвартай бөгөөд ер бишийн авьяас чадвартай, дуучин, хөгжимчин, зураач оюуны хөнгөн хомсдолтой баиж болдог. Ихэнх тохиолдолд сургуулийн насанд онош тогтоогддог боловч шинжлүүлэгч Э.Бий хувьд онош тогтоолгож байгаагүй. Хөл хэлд наснаасаа хожуу орсон анамнезтэй байх боловч шинжлүүлэгч энэ талаар мэдэхгүй учир дурьдагдаагүй. Too бодох, юм бичих, ном унших мэтийн сургуулийн дадал дүйг эзэмшээгүй. Юмны учир зүйн холбоо агуулга чанарыг дутуу ойлгоно. Өнгөц тодорхой сэтгэхүйтэй, механик ой тогтоолт настай нь харьцуулахад буурсан. Сэтгэлийн хөдөлгөөнөө зөв илэрхийлэх чадвар сул, амьдрал нийгмийн зайлшгүй шаардлагатай үйлдэл ажлыг гүйцэтгэж чаддаг, энгийн хөнгөн мэргэжил эзэмшиж, бие даан амьдрах чадвартай. Оюуны коэффицент 10 /50-69/ Шинжлүүлэгч Э. Э.Бий хувьд дараагийн шатлалд очиж СЭМҮТ IQ шинжилгээ өгч тогтоолгох боломжгүй гэсэн хариултыг өгнө. Холбогдогч Э.Б нь “Оюуны хөнгөн хомсдол” оноштой. Хэрэг хариуцах чадвартай. Хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх чадвартай гэжээ. /хх-ийн 58-61-р хуудас/,

        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/,

        Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2017.11.21-ний өдрийн 186 дугаартай албан бичигт: Эрүүгийн 1728000960072 дугаартай хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн, эрх хамгаалал хариуцсан арга зүйч У.Нарангоог хууль ёсны төлөөлөгчөөр томилж байна /хх-ийн 12-р хуудас/,

         Талийгаач Б.Эын эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 34-55-р хуудас/,

         Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-68-р хуудас/,

         Шүүгдэгч Э.Бий хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 85-87-р хуудас/,

         Хохирол, оршуулгын зардлын баримтууд /хх-ийн 92-103-р хуудас/,

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн нутаг болох Баруун сайхны 23-23 тоот хашаанд машинаас мод буулгаж байхдаа 10 настай Б.Эын толгойн тус газар үзүүртэй модоор цохиж болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаачийн оршуулгын зардалд нийт 4.081.934 төгрөг нэхэмжилснээс “шүүгдэгч Э.Билүүн нь 1.150.000 төгрөгийг өгсөн. Үүнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн гэсэн” тайлбарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргажээ.

       Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс үлдсэн 2.931.000 төгрөгийн хохирол төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын дотор 931.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан бөгөөд шүүгдэгч Э.Бий зүгээс үлдсэн хохирол төлбөр болох 2.931.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүний гэм буруугаа хүлээсэн болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь шүүхийн шатанд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар нийт 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Дгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Дг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч Э.Бийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.6-д зааснаар шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг  мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулах эсэхийг тус тус шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, талийгаачийн ар гэрт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор 1.000.000 /нэг сая/ төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1.000.000 /нэг сая/ төгрөг, 2018 оны 05 дугаар сарын дотор 931.000 /есөн зуун гучин нэгэн мянга/ төгрөг тус тус төлж хохирол барагдуулахыг даалгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-д зааснаар хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд болох С.Д нь хохирол арилгуулах нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА