Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 114/ШШ2024/0020

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 114/2024/0013/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр багийн******* дүгээр байрны******* тоотод оршин суух******* овгийн**************

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн  захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:*******,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч*******аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/182 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2022 оны 06 дугаар 27-ний өдрийн 01-А/182 дугаар “мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоох” тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6 дахь заалтыг үндэслэн “...түлээний модноос бусад зориулалтаар ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг энэхүү шийдвэр гарсан өдрөөс хойш 5 жилийн хугацаанд зогсоож” шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс ...тухайн захирамжийг гаргахаас өмнө хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөх этгээдүүд болох мод бэлтгэлийн цөөхөн хэдхэн хуулийн этгээдүүдээс урьдчилан саналыг сонсож, сонсох ажиллагаа явуулсан бол ийм хүнд нөхцөл байдал үүсэхгүй байсан ба аймгийн Засаг дарга тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байгаагүй, бизнес эрхлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн акт гэж үзэн уг захирамжийг илт хууль бус болгуулахаар маргаж байна.

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ховордож буй нөөцөө хэмнэх үүднээс мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийг гаргасан, ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээг нь заасан, Аймгийн Засаг даргад олгогдсон эрх учир Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй гэж тайлбарлав.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч*******аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр  Дархан-Уул аймгийн Засаг даргаас явуулдаг иргэдийн нээлттэй хэлэлцүүлэгт ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, компанийн захирал мөн  нэгэн иргэн 2 мод бэлтгэдэг компаниудын талаар дурдсан. Энэ үеэр аймгийн Засаг дарга мод бэлтгэлийн үйл ажиллагааг шууд зогсоо гэдэг үг хэлсэн. Тэр хурлаас хойш энэхүү үйл явдал өрнөсөн ба тухайн өдөр би онгоцоор Тайланд улс руу эхнэрийн хамт эмчилгээнд явж байсан ба онгоцноос буугаад энэхүү мэдээг мэдсэн.

Манай компани 2022 оны 02 дугаар сарын 26-аас 28-ны өдрүүдэд мод бэлтгэх гэрээ хийж, бригад оччихсон байсан ба мод бэлтгэлийн үйл ажиллагааг зогсооно гэдэг мэдээлэл гарснаас хойш 03 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд компанийнхаа ажилчид руу холбогдон мод бэлтгэлээ зогсоож, техникээ аж ахуйн хашаа руу татах шаардлага тавьж мод бэлтгэлийн ажил 2022 оны 3 дугаар сарын 8,9,10-ны өдрүүдэд үргэлжлэн бид мод бэлтгэлээ зогсоосон. Би 2022 оны 04 дүгээр сард ковидын улмаас Монголд ирсэн, Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын даргауулзахад дээрээс ийм шийдвэр өгсөн, тийм учраас зогсоосон, нэг бодлого байгаа юм шиг байна гэж хэлсэн. Би бусад компанийнхаа захирлуудтай уулзаж, дээрх нөхцөл байдал үүсэж, ажил зогслоо, яах вэ гэхэд захирамж гаргасан субъект болох аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай уулзъя,  хүсэлтээ тавья гэсэн санал гарсан.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуваарилалт хийж, мод бэлтгэлийн гэрээ байгуулахаас сарын өмнө төрийн захиргааны байгууллага бүх хууль ёсны шийдвэрүүдийг гаргаж өгснөөр бид нар ажлаа эхэлсэн, хөрөнгө мөнгөө босгосон байсан учраас бүгдээрээ аймгийн Засаг даргатай уулзаж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах ёстой 5 компанийн ард 100 орчим хүний ажил амьдрал байна гэж үзээд Б.Азжаргал даргад уулзъя гэдэг саналыг 04 дүгээр сард гаргахад ганцхан уулзахгүй л гэдэг хариулт өгсөн. Иймд Засаг даргын шийдвэрийг дээд шатны төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх ёстой гэж үзэж 4 мэргэжлийн байгууллагууд нэгдээд гарын үсгээ зурж Байгаль орчны яамны Бодлого зохицуулалтын хэлтэст хандсан бөгөөд энэ бичгийг Байгаль орчны яаманд очихтой зэрэгцэж, 03 дугаар сарын 08-нд мод бэлтгэлийг зогсоо гэдэг амаар хэлсэн шийдвэр захирамжаа 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гаргасан, цаасан дээр 3 сарын дараа уг шийдвэр буусан. Энэ хооронд Засаг даргатай уулзъя гэдэг санал тавиад уулзаагүй, би энэ хугацаанд Б.Азжаргал руу бичсэн мессеж, надтай харилцсан бүх баримтууд байдаг. Захирамж гарсан учраас бид орхисон. Бусад компаниудын захирлууд бид бүгд уулзъя гэдэг саналыг байнга тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж, бидний эрх ашигт үндэслэлгүйгээр халдаж, үйл ажиллагааг зогсоосон илт хууль бус захирамж гаргасан гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хийгээгүй. Хуульд заасан эдгээр ажиллагаануудыг хийлгүйгээр захирамж гаргах боломжгүй юм. Модыг зөвхөн аймгийн иргэдэд зориулах ёстой бид аймагтаа тухайн модыг зориулдаг, зориулж байсан тодорхой баримтууд ба мод бэлтгэгдсэний дараа гарсан бүтээгдэхүүнээ болон Дарханы иргэдэд зориулсан, миний байгуулсан гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, Дархан-Уул аймаг руу модоо ачуулж байсан тухайн үеийн модны гарал үүслийн гэрчилгээнүүдээр нотлогдоно.

Намайг хууль бус мод бэлтгэн 10,000,000 төгрөгөөр торгуулсан тухай ярьдаг ба 2019 онд бид хоёр зэргэлдээ талбайд үйл ажиллагаа явуулж байсан, манай ажилчид ажлын талбай дээр ажиллахдаа андуурч мод унагаагаад зарсан, зөөсөн гэдэг асуудал үүссэн. Энэ нь миний гаргасан нэхэмжлэлд ач холбогдолгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хулгайгаар мод бэлтгэсэн хулгайн гэмт хэрэг гарсан тухай тайлбарласан, хулгайн модыг бид бэлтгэсэн эсэхийг нарийн тогтоох ёстой. Дархан-Уул аймгийн ойн санд маш их хэмжээний хохирол учруулсан модны хулгай тухайн үед гарсан,  уг хулгайн модыг бид нараар татуулж, цагдаагийн газар хураачихсан. Дархан-Уул аймгийн ойн менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатай хийсэн энэ нь 2022 онд дуусах ёстой гэж би ойлгож байгаа. Энэ төлөвлөгөө, тогтоосон нөөцийг явцын дунд өөрчлөх эрх аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ойн анги, аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газар, Засаг даргад аль алинд нь байхгүй. Иймд маргаан бүхий захирамжийг илт хууль бус гэж үзэж байна нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр анх гаргасан захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8-д заасан зарчмуудыг зөрчсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдөж болох этгээдүүдтэй сонсох ажиллагаа хийгээгүй өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүйн улмаас эрх зүйн үндэслэлгүй, илт хууль бус акт гарсан гэж үзэж байна. Нэгдүгээрт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай уулзаагүй. Хууль бусаар хулгайн журмаар мод бэлтгэх ажиллагаа зах замбараагаа алдаж байгаа учраас 5 жилийн хугацаанд зогсоож байна гэж байгаа боловч хулгайн журмаар мод бэлтгэсэн, хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа, эсвэл гэрээний зөрчил гаргаж мод бэлтгэсэн юм уу гэдгийг тус тусад нь судалж, албан ёсны байдлаар нөхцөл байдлыг тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу захиргааны байгууллагын үүрэг юм. Гэтэл нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, дүгнэлтээ бүрэн гаргаагүйн улмаас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актыг гаргасан байна. Хоёрдугаарт Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мод бэлтгэх дээд хязгаарыг албан ёсоор тогтоож байгаа, Засаг дарга мод бэлтгэлийн дээд хязгаарын саналыг гаргадаг ба уг саналаа тухайн ондоо гаргасан байсан, үүнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахдаа Засаг даргын   санал гаргасан хэмжээнээс бага хэмжээгээр баталсан байдаг. Маргаан бүхий захирамжийг гаргахдаа урьдчилан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлөвлөгөөтэй ямар нэгэн байдлаар санал гаргаж хэлэлцээгүй, санал солилцолгүйгээр Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6-д зааснаар сөргөөр нөлөөлсөн тул 5 жилийн хугацаанд мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоож дангаараа шийдвэр гаргаж байгаа нь тухайн Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.*******ын торгуультай холбоотойгоор л мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоочихсон юм шиг зүйл ярилаа. Гэтэл энэ нь зөвхөн*******ын асуудал биш, бусад бүх энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын асуудал давхар яригдаж байгаа. Энэ нөхцөл байдлыг бүрэн тогтоосон, албан ёсны дүгнэлт, бусад байгууллагуудын дүгнэлт зэрэг нь хэргийн материалд авагдаагүй.******* нь “Зорголт хавчуу” ЗГБХ нөхөрлөлийн захирлаар нь ажилладаг, иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагад нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. Нэхэмжлэгч болон бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үнэхээр сөрөг нөлөө үзүүлээд байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Байгаль орчин, аялал, жуулчлалын яам энэ асуудлыг ойлгож, ковидын дараах бизнес эрхлэгч нарын нөхцөл байдлыг ойлгож Засаг дарга руу албан бичиг, шаардлагыг явуулж, бизнес эрхлэгчдийг дэмжих, гаргасан захиргааны акт нь тодорхой хэмжээгээр хуулийн зөрчилтэй байна, үүнийг эргэж хар гэж хариу явуулсан. Гэтэл ямар ч тайлбар, уулзалтыг хийлгүй өнөөдрийг хүрсэн. Маргаан бүхий захиргааны акт нь анхнаасаа хууль бус шинжтэй, илт хууль бус актын шинжийг агуулсан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл нь бүрдээгүй илт хууль бус акт иймд 5 жилийн хугацаанд мод бэлтгэхийг зогсоосон маргаан бүхий захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу эрх зүйн үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа биеийн байцаалтаа өөрөөр буюу иргэн******* гэж гаргасан ба өмнөх шүүх хуралдаанд өөрийн биеийн байцаалтыг танилцуулахдаа ажилгүй гэж танилцуулсан. Мөн сая тайлбартаа компанийн захирал гэж тайлбарлалаа. Нэхэмжлэгчийг “Зорголт хавчуу” ЗГБХ нөхөрлөлд ямар хамааралтай болохыг тодруулмаар байна.

Маргаан бүхий захирамжид сүүлийн жилүүдэд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх асуудал удаа дараа гарч байгаа тухай дурдаад, аймгийн Засаг дарга Ойн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уг захирамжийг гаргасан. Энэ нь Прокурорын газрын хууль бусаар мод бэлтгэсэн тухай хэргүүдийн талаарх судалгаагаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч нь мод бэлтгэх гэрээний нөхцөл зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9.11-д заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Уг шийтгэлийн хуудаст хууль бусаар мод бэлтгэсэн тухай асуудал нь тодорхой байдаг ба энэ нь 2022 онд болсон үйл явдал юм.                                                                         Нэхэмжлэгч талаас бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж маргах боловч нэхэмжлэгчийн хууль бусаар мод бэлтгэсэн тухай нөхцөл байдал нь тодорхой, баримт нь бодитоор байна. Аймгийн Засаг дарга ойн сангийн нөөцийн тоо баримт, нөхцөл байдлыг судалж үзээд нарс модны нөөц бага, хус модны нөөц хангалттай 5/1 харьцаатай байгаа учраас нарсыг бэлтгэхийг зогсоох шийдвэр гаргасан ба 2024 оны 1 сард түлээний болон хус модны зориулалтаар мод бэлтгэхийг зөвшөөрч захирамждаа өөрчлөлт оруулж улмаар мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон. Уг модыг бэлтгэх зөвшөөрлийг ард иргэдийн хэрэгцээнд зориулан гаргасан түүнээс аль нэг компанийн ашиг олох үйл ажиллагаанд зориулаагүй ба компаниуд модыг палк болгон Улаанбаатар руу ачуулдаг асуудал байгаа. Маргаан бүхий захирамжийг хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий аймгийн Засаг даргын захирамжид Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6 дахь заалтыг баримталсан, ойн санд сөргөөр нөлөөлж байгаа хууль бус мод бэлтгэх талаар гомдол гаргасныг үндэслэн мөн хууль бус мод бэлтгэлтэй холбоотой асуудлууд гарч байгааг иргэдийн индэр болон бусад эх үүсвэрүүдээс мэдээлэл авч хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж үзэн аймгийн Засаг дарга уг захирамжийг гаргасан байдаг. Захирамж гаргахдаа ойн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тухайн үед хэрэгжиж байсан ойн менежментийн төлөвлөгөөтэй танилцсаны үндсэн дээр гаргасан ба Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д аймгийн Засаг дарга ойн менежментийн төлөвлөгөөг баталж, хяналт тавих эрх мэдэлтэй. Гэтэл Дархан-Уул аймгийн ойн менежментийн төлөвлөгөө анх 2019 оноос 2021 онд хэрэгжээд дууссан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Хууль бус үйл ажиллагаа явуулсан эсэх хэрэг маргааныг ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэж тогтоох шаардлагатай байдаг. Гэтэл ойн менежментийн төлөвлөгөө дуусчихсан. Тийм учраас ойн зохион байгуулалтын ажлыг 2023 онд төлөвлөсөн байсан. Энэ төлөвлөгөөг дууссаны дараа менежментийн төлөвлөгөөг дахиж боловсруулаад хэрэгжих хүртэлх хугацаанд ойгоо хаая гэж үзээд энэхүү үндэслэлээр захирамж гаргасан. Мэдээж 5 жил гэх үндэслэл хуульд байхгүй.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ой зохион байгуулалтын тайланг үндэслэж, ойн менежментийн төлөвлөгөөг баталдаг. Арчилгааны огтлолтын хугацааг 5 жилийн давтамжтайгаар хийнэ гэсний дагуу дараагийн давтамж хүртэлх хугацаагаар зогсоосон ба ойд гарч байгаа зөрчлийг мөн түдгэлзүүлж байгаа юм. “Зорголт хавчуу” ЗГБХ нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага гэсэн гэрчилгээтэй энэ нь арчилгаа цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулах зориулалттай үйлчилгээний байгууллага, ойн санг хамгаалах чансааг нь нэмэгдүүлэх, арчлах зорилготой юм. Гэтэл ойгоос мод бэлтгэн ашиг олох зорилготой, энэ зорилго нь биелээгүй гэх нь зохимжгүй юм. Мэргэжлийн байгууллагын ажиллах чиг үүргийг тодорхойлсон сайдын тушаалаар гаргасан журам байдаг. Гол зорилго нь ойн сангийн чансааг нэмэгдүүлэх, хөнөөлт шавжаас хамгаалах, цэвэрлүүлэх, ашиглуулах үйл ажиллагаа юм. Огтлолыг давтах хугацаа, эрчим гэж байдаг, үүнийг 5 жилээр тогтоож заасан байдаг. Хонгор сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Зоргол хавчуу” ЗГБХ нөхөрлөлд ойн санг гэрээгээр эзэмшүүлээгүй тухай албан тоотод дурдсан байна. Ойн санг гэрээгээр эзэмшээгүй бол менежментийн төлөвлөгөө гарахгүй, мөн 2022 оны аймгийн Ойн ангийн 10, 11 дүгээр дүгнэлт зэргийг үндэслэж захирамжаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, маргаан бүхий Засаг даргын захирамж үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг:Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1. Энэ маргаан нь ойг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн бөгөөд аймгийн Засаг даргын гарсан шийдвэрт холбогдох үйл баримт хэлэлцэгдсэн болно.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1. Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “ойн сангаас бэлтгэх модны дээд хязгаар”-ыг, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор  “ойгоос мод бэлтгэх хуваарь”-г тус тус баталж, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар ханган ажиллахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн болох нь Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 82 дугаар,  2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 52 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 55 дугаар дугаар тогтоол, хавсралтууд, хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Дархан-Уул аймгийн хэмжээнд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэгдэж, хэрэг бүртгэлт болон шүүхээр шийдвэрлэгдсэн байдал нь аймгийн прокурорын газраас хяналт тавьж шийдвэрлэсэн судалгаа, шүүхийн шийтгэх тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудаснаас тодорхой харагдаж байх ба энэхүү хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9.1-д зааснаар 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь “Зорголт хавчуу” нөхөрлөл гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.

Гурав. Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1. Нэхэмжлэгчийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/182 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзсэн үндэслэлээ уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж маргасныг хүлээн авах  хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан.

Хуулийн энэ заалтын “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргахдаа хуулийн үндэслэл /заалт/ огт хэрэглээгүй, хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг илэрхийлэх ба энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан нь эрхэлж буй ажил, албан тушаал, чиг үүргийн хүрээндээ тодорхой этгээд рүү чиглэж, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах, эсхүл үйлдэл, үйл ажиллагаа явуулах эрх олгоогүй байх гэсэн хууль зүйн ойлголт юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд маргаж буй захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох учиртай.                                                                                   Маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.2.6-д “ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааны явцад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол ойн санд сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, зогсоох” гэж аймгийн Засаг даргын эрх хэмжээг тодорхойлсон заалт үндэслэлүүдийг баримталжээ.

Тодруулбал хариуцагч нь захиргааны актыг гаргах эрх хэмжээ олгогдоогүй байхад акт гаргасан бол захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх ба харин энэ маргааны тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааны явцад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол ойн санд сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, зогсоох эрх хэмжээ нь аймгийн Засаг даргад нарийвчилсан хууль буюу Ойн тухай хуулиар олгогдсон байх бөгөөд улмаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тухайн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар ханган ажиллахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн заалтын дагуу өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд холбогдох байгууллагуудын судалгаа, зөрчлийг арилгуулах болон зөрчлийн материал, тайлан, шийдвэрүүдийг үндэслэн  хариуцагч аймгийн Засаг дарга нь мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоосон нь хуульд нийцсэн, дээрх шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл нь эдгээр хуулийн зохицуулалтууд гэдэг нь тодорхой юм.

Иймд уг захиргааны актыг захиргааны актад тавигдах эрх зүйн формаль шаардлагын хувьд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, хуульд заагаагүй үндэслэлээр хүний эрхэд халдсан гэж дүгнэн, хууль зүйн үр дагавраараа илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс “хариуцагч нь мод бэлтгэлийн цөөхөн хэдхэн хуулийн этгээдүүдээс урьдчилан саналыг сонсож, сонсох ажиллагаа явуулсан бол ийм хүнд нөхцөл байдал үүсэхгүй байсан, сонсгох ажиллагаа явуулаагүй” гэж маргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 27 дугаар зүйлийн 27.2-д Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд  хүргүүлнэ гэж  тус тус заасан.                                                                                       Нэхэмжлэгч*******аас нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон,  шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдан маргасан цөөхөн хуулийн этгээдүүдээс урьдчилан саналыг сонсож, сонсох ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэх зэрэг захиргааны актыг хүчингүй болгуулах агуулга бүхий үндэслэлүүдэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Түүнчлэн хавтаст хэрэгт  хавсаргагдсан “Зорголт хавчуу” ЗГБХ нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөө, “Зорголт хавчуу” ойн мэргэжлийн байгууллагаас холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтнуудад явуулсан гомдол, албан тоотоос үзэхэд ...захирал******* гэж бичигдэн гарын үсэг зурагдсан байна, мөн Ойн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  А/257 дугаар тушаалаар /2 дугаар хавсралтын  20-д/ “Зорголт хавчуу” ЗНБХ нөхөрлөлийн /РД4254872/ ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг дурдав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч*******ын Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/182 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш******* хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.НАРАНТУЯА