Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 01181

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01114 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “О-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.М-д холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 400 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Л.М- нь 2019 оны 9 сарын 25-ны өдөр “О-” шүдний эмнэлгээр үйлчлүүлж, 6 шүдээ 15 хувийн хөнгөлөлттэйгөөр пааландуулсан ба тухайн үедээ төлбөр хийгээгүй. Дахин дахин утасдуулж байж 2019 оны 10 сарын 03-ны өдөр 110 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 400 000 төгрөгийг 2019 оны 10 сарын 15-ны өдрийн дотор бартераар төлөхөөр өөрөө санаачилж амласан ч өнөөдрийг хүртэлх хугацаа өнгөрөөд байхад амласандаа хүрээгүй. Утсаар ярихаар элдэв шалтаг тоочдог, улмаар манай ажилтныг “юун сүртэй юм, үхлээ юу чи” гэх мэтээр загнадаг. Сүүлдээ утсаа авахгүй болж блоклосон. Үнэт цагаа зориулан байж үнэтэй материалаар /герман/ хөнгөлөлттэйгээр сэтгэл зүтгэл гарган үйлчилж байхад ийм ёс суртахуунгүй зан гаргасанд гомдолтой байна. Манай эмнэлэг орлогоороо эм материалаа авдаг жижиг эмнэлэг. Хариуцлагатай ажил хийдэг бизнесмен хүн гэж итгэсэн. Энэ хүнийг бид хүчээр албадаж үйлчилгээ үзүүлээгүй өөрөө гуйж ирсэн. Л.М- нь гоёл чимэглэлийн хэд хэдэн салбар дэлгүүртэй, төлбөрийн чадвартай нэгэн. Иймд Л.М-аас 400 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 8 сарын эхээр анх үйлчлүүлж, дээд 8 шүдийг пааландуулж үнэ 720 000 төгрөгөөр үйлчлүүлсэн бөгөөд төлбөрөө бэлнээр төлсөн. 2019 оны 9 сарын 25-ны өдөр дахин үйлчлүүлж, доод 6 шүдийг пааландуулсан ба 110 000 төгрөг бэлнээр өгсөн ба үлдсэн 400 000 төгрөгийг бартераар буюу сувдан зүүлт өгөхөөр тохиролцсон. Товлосон цагаасаа бараа хоцорсон, эрүүл мэндийн шалтгаанаар хагалгаанд орж, 2 сар хэвтрийн дэглэмтэй байсан хойшлогдсон. Цаг тухайд нь тайлбарласан учир шалтгаанаа хэлсэн ч ойлголцоогүй. Цаашлаад олон нийтийн сүлжээнд доромжилж нэр төрд халдсан учраас блок хийсэн. Хугацаандаа төлбөр тооцоогоо дуусгаагүйд харамсаж байгаа хэдий ч өөрийн зүгээс ямар ч бэлэн мөнгө өгөх боломжгүй учир тухайн үед тохирсон ёсоор бартер төлбөр тооцоог дуусгах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 360.2, 206 дугаар зүйлийн 206.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.М-аас шүд пааландсан үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О-” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 12 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М-аас 12 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүрэгт орших “О-” ХХК-ийн захирал Д.Наранг огт харж байгаагүй, түүний охин эмч н.Туяа бид хоёр 2019 оны 8 сард танилцаад тухайн үедээ 790 000 төгрөгийн үйлчилгээ авсан ба уг үйлчилгээг бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Хоёр дахь үйлчилгээ буюу 2019 оны 9 сарын 25-ны өдөр 510 000 төгрөгийн үйлчилгээ авч, 110 000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 400 000 төгрөгийг бартер хийхээр тохирсон. Тухайн үед тохирсон бартераар төлбөр тооцоогоо дуусгах хүсэлтэй байна. Д.Наран гэх уг хүнийг огт танихгүй тухайн үед түүний охин болох Туяатай бартераар тохирсон болно. Туяа гэх хүнтэй анх тохиролцсоноор төлбөр тооцоогоо дуусгах хүсэлтэй байна. Тухайн үед бартераар өгөх болсон зүүлт одоо хүртэл хадгалагдаж байна. Иймд хүсэлтийн дагуу асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “О-” ХХК нь хариуцагч Л.М-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

 

Зохигчид 2019 оны 9 сарын 25-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “О-” ХХК нь хөнгөлөлттэй нөхцөлөөр шүд пааландах үйлчилгээ үзүүлэх, хариуцагч Л.М- нь үйлчилгээний төлбөрт 510 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч Л.М- нь 2019 оны 10 сарын 03-ны өдөр 110 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 400 000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 5-6-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх тул хариуцагч Л.М- нь үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгчтэй үйлчилгээний төлбөрийн талаар тохиролцоогүй, харин төлбөрийг тус эмнэлгийн эмч н.Туяатай бартераар хийхээр тохиролцсон гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Мөн эмч гэх н.Туяа нь тус эмнэлгийг төлөөлөн үйлчилгээний төлбөрийн нөхцөлийг үйлчлүүлэгчтэй тохиролцох эрхтэй эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

Иймд хариуцагч Л.М-аас 400 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “О-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 360.2, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийн 51 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 181 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

сүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                                     

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ                 

           

                                         ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ