Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/51

 

2023         01           11                                         2023/ДШМ/51

Д.Б, Э.Х, Б.Ч

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлээр Д.Б, Э.Х, Б.Ч нарт холбогдох 2106 00000 2513 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ц... овгийн Д...ын Б..., 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, э..., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

2. Б... овгийн Э....ны Х..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, э...., дээд боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .... хамт .... дүүргийн .... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

3. Н... овгийн Б....ын Ч...., 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, .... настай, э..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ... хамт .... дүүргийн .... дүгээр хороо, .... дүгээр хороолол, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

Д.Б нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн ЛДГыг их хэмжээний мөнгөтэй болно гэдгийг урьдчилан мэдэж, түүний эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдэх гэмт хэргийг санаачлан, төлөвлөж, удирдсаны үндсэн дээр  Э.Х, Б.Ч нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Саруул тэнгэр 2” хотхоны гадна Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн ЛДГ хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, биед нь байсан 29.000.000 төгрөг, Айфон 12 про макс гар утас, Айфон икс эс гар утас зэргийг хууль бусаар, илээр авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж, бусдад 33.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Х, Б.Ч нар нь Д.Бийн дээрэмдэх гэмт хэргийг санаачлан, удирдаж, төлөвлөсний дагуу бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Саруул тэнгэр 2” хотхоны гадна Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн ЛДГ хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, биед нь байсан 29.000.000 төгрөг, Айфон 12 про макс гар утас, Айфон икс эс гар утас зэргийг хууль бусаар, илээр авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж, бусдад 33.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Х, Б.Ч нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Саруул тэнгэр 2” хотхоны гадна Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн ЛДГыг дээрэмдэх явцдаа биед нь хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.Х, Б.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н... овгийн Б...ын Ч..., Б... овгийн Э...ны Х... нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн Ц... овгийн Д...ын Б..., Б... овгийн Э...ны Х..., Н... овгийн Б...ын Ч... нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Ч, Э.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

Д.Б, Э.Х, Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлээр санаатай нэгдэж, хамтран оролцож, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж, хохирогчид хүч хэрэглэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох, Э.Х, Б.Ч нарыг тус тус 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц 2 жилийн хугацаанд, Э.Х, Б.Ч нарт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан 12.000.000 төгрөгөөр торгох ялыг, Э.Х, Б.Ч нарт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 41-95 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь олгож, Б.Ч, Э.Х, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б, Э.Х, Б.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1157 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдож байна.

Хэргийн бодит байдалтай нийцээгүй: Дан яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн бөгөөд шүүхээс дүгнэхдээ “Шүүгдэгч Э.Х, Б.Ч нар нь бүлэглэн хүч хэрэглэж өөрсдийн автомашиндаа суулган өөр газарт аваачиж, айлган сүрдүүлж, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл байдаг бол дээрэмдэх гэмт хэрэг нь довтолсон үйлдэл байдгаараа ялгаатай болно.” гэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн байдаг. Гэвч хэргийн бодит байдалд хохирогч ЛДГ хэрэг болох үед хэнтэй харьцаж байгаа талаараа ч мэдэхгүй байхад шүүгдэгч нар нь шууд бие махбодид халдаж, эд хөрөнгийг авсан байгаа талаар огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн: 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1157 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг”-т заасан хуулийн шаардлага хангаагүй бөгөөд гэм буруутайд тооцсон талаарх дүгнэлт, хөнгөрүүлэн зүйлчлэх болсон үндэслэл, дүгнэлт ойлгомжгүй. Мөн тодорхойлох хэсэгт хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна гэх боловч тогтоох хэсэгт илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй. Ямар учраас хэрэгсэхгүй болгож байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1157 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд өмнөх түдгэлзүүлэх шүүх хуралдаанд тайлбараа хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Хын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Б, Э.Х, Б.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.Х, Б.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Б.Ч, Э.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Д.Б, Э.Х, Б.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Ч, Э.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Б, Э.Х, Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлээр санаатай нэгдэж, хамтран оролцож, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж, хохирогчид хүч хэрэглэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох, Э.Х, Б.Ч нарыг тус тус 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгч нарын гэм бурууг нэг бүрчлэн тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байх хэргийн бүх үйл ажиллагааг хянах үүрэгтэй бөгөөд ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд /өмчлөгч буюу эзэмшигч/ рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ЛДГ “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн танил болох мөнгө зээлж авч буцаан өгдөг хүнээс өөрийн мөнгө болох 27 сая төгрөгийг авахаар 18 цагийн орчим залгаж дуудаад Их Засаг Их сургуулийн урд талын авто засварын газар хүлээсэн. Уг хүн 21 цагийн орчим ирээд миний 27 сая төгрөгийг бэлнээр буцааж өгсөн юм. Уг хүнтэй хамт уг гражийн амралтын өрөөнд 5-10 минут хамт юм ярьж сууж байгаад би түрүүлээд гэртээ харихаар хөдөлсөн. Намайг гарахад уг хүн байрлуулаад машин дотроо 1-2 минут орчим гар утсаараа яриад машинаас гараад алхаж байтал миний гар утас дугарсан. Утсаа аваад “байна уу” гэж хэлтэл хойноос нэг эрэгтэй хүн ирээд гар утас булаахаар нь би утсаа аваад халаасандаа хийгээд уг хүнтэй ноцолдсон юм. Тэгтэл уг хүн нэг хүнийг дуудсан бөгөөд уг хүн машинаасаа бууж ирээд намайг хамт барьж аваад машин дотроо суулгасан. Машин хөдөлж явсан бөгөөд тухайн үед миний шилэн хүзүүн дээр дарсан эрэгтэй нь хутгатай намайг сүрдүүлж байсан. Миний толгойд хар өнгийн уут углаад “чамайг энд алаад хаяна” гэх зэрэг зүйл яриад “Хятад байсан бол алаад хаяна гэхдээ Вьетнам хүн юм байна, чамд 50 сая төгрөг байх юм бол явуулъя” гэж хэлсэн. Би тухайн үед “надад одоо байгаа нь 29 сая төгрөг байна” гэж хэлтэл мөнгө болон хоёр ширхэг гар утсыг авч, толгойд уут углаж машинаасаа буулгаад яваад өгсөн. ...бэлэн 29 сая төгрөг, 2 ширхэг гар утас байсан. ...” /1хх 63-64/ гэж шүүгдэгч нарын шууд довтолсон үйлдэл, машиндаа хүчээр суулгасан, хутгатай айлгаж сүрдүүлсэн, бэлэн мөнгө гар утсыг хүчээр авсан зэрэг шүүгдэгч нарын гэмт хэргийн санаа зорилгыг шууд тодорхойлон мэдүүлсэн байна.

Хохирогчийг машин дотор доош нь шилэн хүзүүн дээр нь дарж, хутга гаргаж  толгойд нь хар уут углаж, “чамайг энд алаад хаяна” гэх зэргээр ярьж айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж амь биед нь аюултай нөхцөл бий болох байсан бөгөөд халдлага үйлдэгчийн довтолгооны үр дагаварт хохирогчийн амь бие, эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулахуйц, эсхүл учруулсан үйлдэл хийсэн байхыг шаарддаг.

Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заасан гэмт хэрэг нь давхар обьекттой гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, дээрэмдэх үйлдлийн улмаас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх чөлөөнд халдаж, зөрчдөг.

Мөн хохирогч ЛДГ руу довтолж түүнийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа биед нь “доод уруулын дотор салстад язарсан шарх, цээж, дээд, доод мөчдөөр зулгаралт, зүүн тавхан 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10336 дугаартай /1хх 72-73/ дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон атал шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн тухай үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” гэж заасанд нийцэхгүй байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй, мөн хууль буруу хэрэглэсэн дээрх зөрчлийг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд 2022/ШТ/117 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцаах” давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан тул энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл хэсгийг зөрчсөн гэж дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, энэ тухай саналаа Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн боловч Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаар тогтоолоор саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б, Э.Х, Б.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хянан шийдвэрлэсэн болно.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1157 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1157 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ