| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0019/э/ |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Сундуй
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох 1728001060103 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын дунд үеэс 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй ховор амьтан болох хар сүүлтийн ууцны махны хэсгийг хадгалж, тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 10 дугаар сарын сүүлээр орой 21 цагийн үед 4 хүн орж ирж хоол захиалж идсэн. Гадаа дуудаад хар ууттай мах өгсөн. Хилээр гаргахгүй байгаа юм байна. Танайд үлдээчихье гэсэн. Маргааш нь би махыг нь үзэхэд зээрийн мах байсан. Би заставын дарга байхдаа олон зээр агнасан хүн барьж байсан. Би энэ талаар мэдэгдээгүй. Би гэм буруугаа хүлээж байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Энэ тухай сумын цагдаагаас мэдсэн Гурвантэс сумын Урт багийн нутаг болох Нүүрсний замын дагуу байдаг Болд гэдэг хүн хоол хийдэг гэртээ зээрийн махыг хадгалсан байсан. Амьтны тухай хууль зөрчсөний улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд заасан байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслээд “Хар сүүлтийг хууль бусаар агнасан, барьсан, ан амьтны эд эрхтэнг цуглуулсан, худалдсан, худалдан авсан бол учирсан хохирлыг тухайн Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох ба Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн Хар сүүлтий эр \ооно\-г нь 1.700.000 төгрөг, эм хар сүүлтийг нь \шаргачин\-г 2.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд оруулна гэж заасан. Энэ Хар сүүлтий нь амьтны аймгийн туруутны ангид хамаардаг бөгөөд ховор амьтны төрөлд багтдаг. Б.Б хадгалсан мах нь хар сүүлт бор зээрийн мах байна. Харин эр эмийг ялгах боломжгүй байна. Хар сүүлтийн \эр\ экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.700.000 төгрөг байдаг. Харин Хар сүүлт \эм\ 2.000.000 төгрөг байдаг эдгээрийг хууль бусаар агнасан бол үнийн дүнг 2 дахин өсгөж буруутай этгээдээр төлүүлнэ гэж заасан. ...Энэ хүн байгаль орчинд 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үүнийг 2 дахин өсгөж нөхөн төлөх ёстой. Би Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн №2 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргаж байна 2-3 насны хар сүүлтийн махыг тооцоолж бодоход дунджаар үр төл байна гэж үзээд 1.400.000 төгрөгөөр тооцож гаргасан. Өөрөөр хэлвэл 2-3 нас гэдэгт нь Хар сүүлтийн янзага, шаргачин нь багтдаг. Энэ хүнээс байгаль орчинд учруулсан хохирол болох 2.800.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 10 дугаар сарын дундуур БНХАУ-д үзэсгэлэн худалдаа болж байгаатай холбоотой манай явуулын гуанз дээр нэг танихгүй хүн ирж хоол идээд манай нөхөр Болдод БНХАУ-руу мах гаргаж болохгүй гээд манай нөхөрт хар ууттай мах өгсөн. Манай нөхөр орж ирээд саяны хүн мах хилээр гаргаж болохгүй гээд ууттай мах өглөө гэхээр нь би үзээд цаашаагаа ямааны мах байсан хайрцаг руугаа хийсэн. Би хар ууттай зээрийн мах өгсөн хүнээ танихгүй ойр хавьд мах орхичихоор газар байхгүй байна гээд үлдээсэн. Би зээрийн мах гэдгийг нь 3 хоногийн өмнө мэдсэн. Манай нөхөр болох Болд нь энэ ямаа болон хонины мах биш байна энэ зээрийн мах байна гэж хэлсэн. Ойролцоогоор 5, 6 хонож байна. Би сайн мэдэхгүй байна. 5, 6 хүн явж байсан. Би тээврийн хэрэгслийн нэрийг нь сайн мэдэхгүй. ...10 дугаар сарын 23-ны өдөр зээрийн мах гэдгийг нь мэдсэн. Уутнаас нь гаргаад харсан чинь муухай хардуу юм шиг мах байсан. Тэгээд энэ зээрийн мах байна ш дээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29, 30-31-р хуудас/,
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Зээр нь ховор амьтны төрөлд орно. Хар сүүлтий зээрийн экологи эдийн засгийн үнэлгээгээр бол эр хар сүүлтий зээрийг бол сартаг гэдэг 1.700.000 төгрөг, эм хар сүүлт зээрийг нь сартагчин гэдэг 2.000.000 төгрөг байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомтын наад талд байдаг Поошиг гэдэг газраас хойд талд 17 км байдаг “Мак” ХХК-ний уурхайн амны хажууд байдаг хоол хийдэг \автобус\ эхнэр Мягмармаа бид хоёр байж байхад хар машинтай 4 хүн ирээд 2 хоёр хүн хоол захиалж идсэн. Тэгээд тэр хоёр хүн хоолоо идчихээд нэг настай эрэгтэй хүн бид нар хил дээр хонь, ямаа, адууны мах зарах гэж байна манайхыг мах авах уу гэхээр нь би мах авахгүй сумаас бид нар өөрөө бэлдээд авдаг юм гэж хэлсэн. Тэгтэл тэр ах надад хар тортой мах өгөөд үүнийг хоолондоо хийгээд идчих гэж хэлэхээр нь тэр ууттай махыг аваад гэрийн гадаа хоол хийх гэж байгаа махан дээрээ тавьсан. Тэгээд маргааш үдээс хойш хоол хийх гээд нөгөө тортой махыг задлаад үзтэл зээрийн мах байхаар нь цааш буцаагаад тавьчихаад махан дотроо ууттай нь тавьсан. Тэгээд хоёр гурван хоногийн дараа цагдаагийн хүмүүс ирээд гадаа байгаа автобусны гадаа ширээн дээр хөөсөнцөртэй хөлдүү байсан ууттай махан дотор байсан хар ууттай махыг үзчихээд энэ зээрийн мах байна гээд махыг хурааж авсан. Тэр танихгүй хүмүүс манай гэрт хоол идчихээд тэр тортой махыг өгсөн. Би тэр хүмүүсийг огт танихгүй өмнө нь ирж байгаагүй хүмүүс байсан. Тэр хүмүүс жаахан мах байна үүнийг та аваа гэж хэлээд явсан. Би маргааш өглөө тэр өгсөн махыг нь уутнаас гаргаж үзэхэд хар сүүлтий зээрийн мах байсан. Тэгээд би амьтны мах байна гэдгийг мэдсэн. Хар өнгийн цус хурсан байдалтай мах байсан би ер нь амьтны махыг сайн мэддэг. Би тэр ууттай зээрийн махыг 4 хоног гэртээ хадгалсан. Тэр амьтны нуруу, хавиргатайгаа үргэлж мах байсан. Энэ тухай мэднэ хориотой ан гэдгийг мэднэ. Надад тийм зөвшөөрөл байхгүй энэ амьтныг хуулиар агнахыг хориглосон байдаг. Тэр хүмүүс надад өгсөн болохоор гэртээ хадгалж байгаад дараа нь хэрэглэх гэж байсан. Надад фургон маркийн автомашин байдаг, ямар нэгэн галт зэвсэг байхгүй эзэмшдэггүй юм. Манай эхнэр маргааш нь мэдсэн тэгээд муудах гэж байгаа зээрийн мах байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
Өмнөговь аймаг мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн 2017.11.06-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн махны хэсэг нь малын мах биш амьтны мах, тус мах нь хар сүүлтий зээрийн мах, шинжилгээнд хүргүүлсэн нь 2-3 орчим настай, хүйсийг тодорхойлох боломжгүй. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховордсон амьтнаар бүртгэгдсэн. /хх-ийн 34-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/,
Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын хохирогч, иргэний нэхэмжлэгч томилох тухай тушаал /хх-ийн 19-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
Засгийн газрын 2011.01.25-ны өдрийн 23 дугаартай үнэлгээ төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоол /хх-ийн 57-р хуудас/,
Засгийн газрын 2011.01.25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралт ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 58-р хуудас/,
Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Ховор амьтны жагсаалт /хх-ийн 59-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын дунд үеэс 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Поошиг гэх газарт ховор амьтан болох хар сүүлтийн түүхий эдийн зүйл зүйл болох ууцны махны хэсгийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бын хадгалсан гэх амьтны ууцны махны хэсэг нь Өмнөговь аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн 2017.11.06-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: ...тус мах нь хар сүүлт зээрийн мах.. гэснээр тогтоогдсон ба Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар хар сүүлтий нь ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн байна.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.20-д “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтны арьс, шир, үс, өд эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтэнийг хэлнэ гэж тайлбарласан байх тул хар сүүлтийн ууцны махны хэсэг нь амьтны эд эрхтэнд хамаарч байх тул ангийн гаралтай түүхий эдийн зүйл мөн гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч болон улсын яллагч нь хар сүүлтийн нөхөн төлбөр 3.400.000 төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулан байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэн нэхэмжилж, дүгнэлт гаргаж байх боловч хуулийн дараах заалтаар няцаагдаж байна.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан ба шүүгдэгч Б.Бын хувьд ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан үйлдэлдээ гэм буруутай ба тэрээр ховор амьтныг агнаж, амьтны аймагт хохирол учруулсан гэм буруутай этгээд биш юм.
Өөрөөр хэлвэл энэхүү хэрэгтэй холбогдуулан Амьтны тухай хууль тогтоомж зөрчиж, амьтны аймагт хохирол учруулсан гэм буруутай этгээдийг олж тогтоогоогүй байна.
Түүнчлэн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт... тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгч Б.Бын ховор ан амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан үйлдэл нь энэ хэсэгт заасан нөхөн төлбөр оногдуулах үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Бод гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь тохирох эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэн, амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульчилсан ба шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзсэн тул түүний анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар сүүлтий зээрийн мах нь цаашид ашиглаж болохгүй, түргэн муудах эд зүйл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1. 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА