| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2205 00341 1270 |
| Дугаар | 2023/ДШМ/52 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ДШМ/52
2023 01 11 2023/ДШМ/52
Г.Год холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Баянмөнх,
шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Ц.Энхбаяр, Э.Нарангарав,
хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Халиунаа,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/628 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Тгийн өмгөөлөгч Г.Халиунаагийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Год холбогдох 2205 00341 1270 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х... овгийн Г...ын Г..., 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..., ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
Г.Г нь “...Г.Б. бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 4-ний өдөр шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 71 тоот хашааны гадна үл ойлголцох хэрүүл маргааны улмаас хохирогч Э.Тг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн чихний ар хөхлөгт цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Г-ын Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Х овгийн Г-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Г.Год оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Э.Т нь нийт 7,767,121 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилснээс нийт 4,163,050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2,978,571 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 480,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Гоос нийт 4,163,050 төгрөг гаргуулж хохирогч Э.Тд олгож, хохирогч Э.Тгийн гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа болон ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн хэрэггүй, энэ хэргээс 2205000001652 дугаартай хэргийг тусгаарласан, шүүгдэгч Г.Г хохирогч Э.Тд 4,163,050 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Э.Тгийн өмгөөлөгч Г.Халиунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь давж заалдах гомдлоо дэлгэрэнгүй тайлбарласан. Товчхон тайлбар хэлье. Бидний зүгээс 2 үндэслэлээр гомдол гаргасан. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2.978.571.43 төгрөгийг шүүх холбогдох нотлох баримт байхгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Бидний зүгээс шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгсөн. Тухайн үед миний үйлчлүүлэгч листийн мөнгө болох байгууллага нь нийгмийн даатгалыг нөхөн төлөөгүй байсан учраас бөглөөгүй. Үүнтэй холбоотой лист авч чадаагүй тул баримтаа гаргаж өгч чадаагүй талаар тайлбараа хэлсэн. Энэ хэргийг Г.Г болон Г.Б нар бүлэглэн үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддог гэж бидний зүгээс үздэг. Хохирогч удаа дараагийн мэдүүлгээр нотолж хэлдэг. Хохирогчийн биед учирсан гэмтлийг харахаар Г.Г ганцаараа учруулсан байх боломжгүй нөхцөл байдал харагддаг. Тухайн үед гэр хороололд байсан ба камер байдаггүй. Г.Г, Г.Б хоёр миний үйлчлүүлэгчийг бүлэглэн гэмтэл учруулж байх үед тэдний гэр бүлийн гишүүд нь байсан учраас “манай аав, ах хоёр энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэсэн мэдүүлгүүдийг удаа дараа өгдөг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар татсаны дараа Г.Б нь прокурор, цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр Япон улс руу оргон зайлсан. Хэргийг тусгаарлаж шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Г.Г нь “би энэ хүнд гэмтэл учруулсан” гэдгээ хүлээгээд, хохирлоо нөхөн төлсөн асуудал яригддаг. Яллагдагч Г.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад Г.Год хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр ял оногдуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн. Г.Бд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгахад энэ шүүхийн шийтгэх тогтоол саад учруулахгүй гэсэн байдлыг тусгаж өгөөгүй. Өмгөөлөгчийн хүсэж байгаа зүйл юу гэхээр хэн нэгэн ял завших ёсгүй. Г.Б яллагдагчаар татагдсаны дараа Япон улс руу оргон зайлсан учраас Г.Бд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгахгүй байх нөхцөл байхгүй. Япон улсаас ирсний дараа оргон зайлсан хэрэгтэй нь хамт шалгах ёстой. Шүүхийн шийтгэх тогтоолд Г.Бд холбогдох тусгаарласан хэргийг үргэлжлүүлэн шалгах боломжтой байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Хохирогч Э.Т тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөх шүүх хуралдаанд гомдолд нь дэлгэрэнгүй тайлбар хэлж байсан. Нэгдүгээр үндэслэлд нь тайлбар хэлэхэд анхан шатны шүүх зөв дүгнэсэн, нотлох баримт хангалттай биш хуулбар хувь байсан. Зөрүүтэй байгаа 2.978.571.43 төгрөгийг гаргах боломжгүй нэг зүйл байгаа нь акт, листээр мөнгө авагдсан эсэх асуудал нь тодорхойгүй байгаа. Хэрвээ акт, листээр олгогдсон бол зөрүү байдлаар хохирол, төлбөр бодогдох ёстой. Тэгэхээр иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт үндэслэлтэй болсон. Хоёрдугаарт, ял завших гэдэг асуудлыг яриад байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ял завших гэдэг ойлголт байхгүй байхад ял завших гэдгийг ямар утгаар тайлбарлаж, давж заалдах гомдол гаргасан нь ойлгомжгүй байна. Тухайн хэрэгт гарсан гэрчүүдийн мэдүүлгээр ял завшсан гэж ярьдаг. Гэтэл хохирогчийн өмгөөлөгчийн мэдүүлэгт дурдаад байгаа н.Баяр, н.Наранхүү, н.Энхбаатар нар нь дам гэрч буюу тухайн нөхцөл байдал болоход байгаагүй, хүүхдийн амаар болсон. Энэ хүүхдийн хувьд ч гэсэн өөрөө тухайн нөхцөл байдлыг тодорхой ярьж өгдөггүй, согтуу байсан, намайг явуулчихаач гэж гуйж байсан талаарх нөхцөл байдлуудаа ярьдаггүй. Тухайн үед эрүүл байсан мэтээр ярьж, худал мэдүүлэг өгсөөр ирсэн. Тэгсэн атлаа шүүгдэгчийн эхнэр, охин нар нь худал мэдүүлэг өгсөн гэж өмгөөлөгч шууд байдлаар дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Худал мэдүүлэг өгсөн талаар гомдол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаагүй байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүндрүүлэх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй. Давж заалдах шатны шүүхээс Улсын Дээд шүүхэд хандсан. Улсын Дээд шүүхээс Үндсэн Хуулийг зөрчсөн өөрчлөлт оруулах заалт биш гэж үзээд бүх шүүгчдийн хуралдаанаар хэлэлцсэн тогтоолыг Давж заалдах шатны шүүхүүдэд хүргүүлсэн мэдээллийг бид авсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Ц.Энхбаяр тус шүүх хуралдаанд “...Өмгөөлөгч Э.Нарангаравтай санал нэг байх тул нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс Г.Год холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмнө нь ороод дэлгэрэнгүй тайлбаруудаа хэлсэн. Өнөөдрийн байдлаар үүссэн нөхцөл байдлын хувьд Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Гыг Г.Б-тай бүлэглэж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлийг уншиж судлахаар Г.Г нь бусадтай бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдээгүй байна гэдэг шүүхийн шийдвэр гарснаар Г.Бд холбогдох хэргийг тусгаарласан хэрэг нь гэмт хэргийн шинжгүй болох нөхцөл байдал үүслээ. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс магадлалд хууль зүйн дүгнэлт, гаргалаа хийж өгнө үү гэсэн агуулгыг улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орж, давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйл ангийг хүндрүүлэхгүй нөхцөл байдал тодорхой байгаа учраас магадлалд энэ талаар дүгнэж өгнө үү. Тусгаарласан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид явуулах уу, үгүй юу гэдэг асуудал энэ шийтгэх тогтоолоос улбаалж хаагдах нөхцөл байдал үүслээ гэдэг тайлбар, санал гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Год холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Гомбожавын Ганболдын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан эсэхийг, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон эсэхийг бүрэн хянасны эцэст хэргийн үйл баримтад тулгуурлан гэмт хэргийн шинжийг тогтоох учиртай.
Гэтэл Г.Гын хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй байна.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...”, мөн зүйлийн 1.2-т зааснаар “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон”-оор уг байдлыг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй болсон.
Тухайлбал, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ байхгүй болж хууль буруу хэрэглэсэн дээрх зөрчлийг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй юм.
Баянгол дүүргийн прокурорын газраас хохирогч Э.Тд учирсан хүндэвтэр гэмдлийг шүүгдэгч Г.Г нь яллагдагч Г.Бын хамтаар учруулсан гэж шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасны дагуу бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлэхдээ яллагдагч Г.Бд холбогдох хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн прокурорын тогтоолоор тусгаарлан шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх “шүүгдэгч нь хохирогчид учруулсан гэмтлийг бүлэглэн үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, бүлэглэсэн үйлдэл нотлогдооогүй байх тул шүүгдэгч Г.Г нь ганцаараа хохирогчийн биед гэмтэл учруулж зодсон үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.
Бүлэглэж гэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсоныг ойлгоно. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцсон, тохиролцоогүй аль нь байж болох бөгөөд Г.Гын тухайд урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг гарах үеийн нөхцөл байдлаас шалтгаалан санаатайгаар хамтран оролцсон байна.
Учир нь, шүүгдэгч Г.Гыг “Г.Б-тай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний шилжих шөнийн 00 цагийн үед ... хашааны гадна үл ойлголцох хэрүүл маргааны улмаас хохирогч Э.Тг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн чихний ар хөхлөгт цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г нь “Би хохирогчийг 2 удаа цохиж, 1 удаа өшиглөсөн. Гэм буруу дээрээ маргахгүй. Ийм гэмтэл авна гэж анзаараагүй.” гэсэн, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Тгийн “Тухайн үед аав, ах хоёр нь хамт гарч ирсэн. Хэн нь яг хаашаа өшиглөөд байгааг би анзаараагүй. Гэхдээ нуруу руу бол 2-аа л зэрэг өшиглөж байсан нь мэдэгдэж байсан.” гэсэн мэдүүлгүүдээр бүлэглэж үйлдсэн нь нотлогдож байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд хариуцлага хүлээлгэдэг бөгөөд шүүгдэгч Г.Гын хувьд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, прокурорын байгууллагаас ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэсэн заалтаар яллагдагч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгдэгч Г.Гын үйлдлийг “гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
Давж заалдах шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд 2022/ШТ/123 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцаах” давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан тул энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл хэсгийг зөрчсөн гэж дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, энэ тухай саналаа Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн боловч Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаар тогтоолоор саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Год холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хянан шийдвэрлэсэн болно.
Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/628 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Тгийн өмгөөлөгч Г.Халиунаагийн гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/628 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ