| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2024/0041/З |
| Дугаар | 118/ШШ2024/0048 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 118/ШШ2024/0048
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би Тарвагатай нурууны Байгалийн цогцолборт газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч 3.******* нь бүртгэлийн 01 дугаартай "... М.******* нь зөвшөөрөлгүй хог хаясан" гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч М.*******ид 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр №******* дугаартай шийтгэлийн хуудсаар "Хог хаягдлын тухай хуулийн 6.2.8 зааснаар 300.000 төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Эрх бүхий албан тушаалтан нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудасны "Олсон" хэсэгт Хог хаягдлын тухай хуулийн 6.2.8-т заасныг зөрчсөн гэж дүгнэн "Шийдвэрлэх нь" хэсэгт М.*******ид 300 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Зөрчлийн хэргийн материалд цугларсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, зөрчилд холбогдогчийн эрх бүхий албан тушаалтанд гаргасан хүсэлт, хаясан гэх хог хаягдлын талаарх гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд М.*******ид холбогдох хэргийн үйл баримт нь Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т заасан "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын талаар хуульд заасан хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях, эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх" гэх зөрчлийн шинжийг агуулж байх үндэслэлтэй байна.
Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх"-ийг мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх"-ийг шалгаагүй зөрчлийг,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу оролцогчдын эрхийг зөрчсөн, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй зэрэг ноцтой зөрчлийг,
Мөн эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд холбогдогч М.*******ид хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулсан хэдий ч түүнээс зөрчлийн хэргийн үйл баримтын талаар тодруулж мэдүүлэг авах ажиллагааг хийсэн эсэх нь тодорхойгүй хэрэв хийсэн бол холбогдогчийн өгсөн мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж аваагүй атлаа гарын үсэг зуруулсан байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 6-д заасан "Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явуулна", 14-т заасан “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна” гэснийг,
Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч, тооцоо хийнэ” гэснийг зөрчиж 2 дахь хувийг зөрчлийн материалд хавсаргасан зөрчлүүдийг тус тус гаргасан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч 3.*******ын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр №******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч М.*******ид 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч 3.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Прокурорын дүгнэлттэй танилцаж, прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч 3.******* нь Зөрчлийн тухай хуулийн 6.2.8 дүгээр зүйлд заасан зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар иргэн М.*******ийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Завхан аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч 3.*******ын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлт гаргасан.
Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “..."тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх"-ийг шалгаагүй, эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу оролцогчдын эрхийг зөрчсөн, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй зэрэг ноцтой зөрчсөн, эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна” гэснийг, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч, тооцоо хийнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж тодорхойлсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч 3.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Торгууль оногдуулсан эрх бүхий албан тушаалтан нь өөрийн гаргасан шийдвэрийг хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлттэй маргахгүй байх ба энэ нь гуравдагч этгээдэд ашигтай, эрхийг нь хамгаалсан шийдвэр тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч М.*******ийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь шийтгэл хүлээсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Тарвагатай нурууны Байгалийн цогцолборт газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ийн дүгнэлтийг хариуцагч Тарвагатай нурууны Байгалийн цогцолборт газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР