| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 102/2015/07938/И |
| Дугаар | 001/ХТ2016/00996 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2016/00996
“Кумрунг” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/02203 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1016 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Кумрунг” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Ширхэнцэг-Од” ХХК, “Бэрэн групп” ХХК-д холбогдох,
727 902 512 төгрөг гаргуулах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнпил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл, Б.Мөнхбаяр, Ц.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ширхэнцэг-Од” ХХК нь 2014.05.01-ний өдөр “Кумрунг” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. “Ширхэнцэг-Од” ХХК нь “Бэрэн Групп” ХХК-тай 2014.5.08-ны өдөр байгуулсан Барилгын өрлөг, шаврын ажил гүйцэтгэх 39 тоот гэрээгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын 144 айлын орон сууцны 7с-5 барилгын 1 дүгээр орцны бүх давхрын өрлөг, шаврын ажил, гэрээний нэмэлтээр Хангай хотхонд баригдаж буй сургууль, цэцэрлэг, гараашийн барилгын бүх давхрын өрлөг шаврын ажлыг, нийт 431 097 020 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон ба үүнээс 328 723 671 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн.2014.06.11-ийн өдөр байгуулсан Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх 68 тоот гэрээгээр 144 айлын орон сууцны 7с-5 барилгын 1, 2 дугаар орцны, 7с-6 барилгын 2 дугаар орцны хонгилын шатны чулуун шал, нийтийн эзэмшлийн талбайн чулуун шалны иж бүрдэл ажлыг 47 294 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд үүнээс 55 692 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн.2014.07.22-ны өдөр байгуулсан Барилгын өрлөг шаврын ажил гүйцэтгэх 90 тоот гэрээгээр Хангай хотхон орон сууцны 7с-3, 7с-4 барилгын бүх давхрын өрлөг, шавар, 7с-4 барилгын зоорийн давхрын хар тосны ажлыг 451 387 460 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон ба 304 479 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн.2014.10.16-ны өдөр байгуулсан Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх 150 тоот гэрээгээр Хангай хотхоны цэцэрлэг сургууль, авто гараашийн барилгын заслын иж бүрдэл, сургууль цэцэрлэгийн дүүжин тааз, шалны бетоны ажил, гэрээний нэмэлт дугаар 150/2-оор Хангай хотхоны сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг нийт 168 625 475 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд үүнээс 135 178 330 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн.2015.03.16-ны өдөр байгуулсан Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх 09 тоот гэрээгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын барилгын 72 айлын орон сууцны 7с-1 барилгын бүх давхрын дотор заслын иж бүрдэл ажлыг 109 935 280 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон ба үүнээс 111 829 512 төгрөгийн ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн.2015.08.31-ний өдрийн байдлаар “Ширхэнцэг-Од” ХХК болон “Бэрэн Групп” ХХК-тай харилцан тооцоо нийлж үзэхэд 2014 оны 39, 68, 90, 150 тоот, 2015 оны 09 тоот гэрээний дагуу нийт 1 208 339 235 төгрөгийн ажил хийхээр тохиролцсон бөгөөд үүнээс 935 902 512 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна.Үүнээс “Кумрунг” ХХК нь “Ширхэнцэг-Од” ХХК-иар дамжуулан “Бэрэн Групп” ХХК-иас бэлнээр 166 000 000 төгрөгийг авч, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөнөөс 1 800 000 төгрөгийн торгууль, цонх фасад гэмтээсний төлбөр 7 000 000 төгрөгийн, нийт 8 800 000 төгрөгийг “Кумрунг” ХХК-иас суутгасан бөгөөд, тооцоо нийлсэн актаар баталгаажсан ажлын хөлс болох 935 902 512 төгрөгөөс хасч тооцвол “Бэрэн Групп” ХХК-иас 727 902 512 төгрөгийн авлагатай байна. “Кумрунг” ХХК болон “Ширхэнцэг-Од” ХХК нь “Бэрэн Групп” ХХК-тай ажилчдын цалин олгуулах талаар удаа дараа очиж уулзаж ярилцахад “Ажлаа битгий зогсоо, мөнгийг саадгүй өгнө” гэж амлаж байсан боловч хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сард очиж уулзахад ажилчдын чинь цалинг хэзээ олгохыг мэдэхгүй байна гэсэн.“Кумрунг” ХХК нь “Бэрэн Групп” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй боловч “Кумрунг” ХХК-ийн Солонгос инженер, захиалагч “Бэрэн Групп” ХХК-ийн инженерт хийсэн ажлын тооцоог актаар гаргаж өгч, тооцоо нийлж, гүйцэтгэлийг баталгаажуулсны дагуу төлбөр тооцоог хийсэн байдаг. Энэ баримт нь “Кумрунг” ХХК-ийн ажилчид “Бэрэн Групп” ХХК-ийн гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн баримт юм.Харин “Ширхэнцэг-Од” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын “Кумрунг” ХХК-тай захиалагч нэрээр 15/07 тоот ажил гүйцэтгэх гэрээ хийсэн нь уг гэрээний хэлбэр агуулга хэлбэрт нийцээгүй, зөвхөн дүр үзүүлж өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэх үндэстэй байна. “Ширхэнцэг-Од” ХХК нь “Бэрэн Групп” ХХК-д ажиллах хүч олж өгч зуучилсан Зуучлалын гэрээгээр зохицуулагдах байсан. “Ширхэнцэг-Од” ХХК нь Ерөнхий гүйцэтгэгч нэрээр “Бэрэн Групп” ХХК-тай 2014.5.08-ны өдрөөс 2015.3.16-ны хооронд барилгын дотор заслын ажил гүйцэтгэх зургаан гэрээ хийхдээ туслан гүйцэтгэгч болох “Кумрунг” ХХК-ийн ажилчдын эрх ашгийг илт хохироосон байна.Тухайлбал гэрээний талуудын эрх, үүрэг хариуцлагын талаар захиалагчийн эрхийг дээгүүрт тавьж, гүйцэтгэгчийн эрхийг орхигдуулсан байна. “Ширхэнцэг-Од” ХХК нь “Кумрунг” ХХК-ийн өмнөөс “Бэрэн Групп” ХХК-тай гүйцэтгэсэн ажлын тооцоо хийж, ашиг хүртэх л зорилготой байснаас өөр ямарч үйл ажиллагаанд оролцоогүй болно. “Ширхэнцэг-Од” ХХК нь ерөнхий гүйцэтгэгч мөн бол ажилчдын ажиллах нөхцөл, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хангаж хариуцлага хүлээх ёстой байсан боловч “Кумрунг ХХК” нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг өөрсдөө хангаж ажилласан. Захиалагч “Бэрэн Групп” ХХК-ийн өмнө “Кумрунг” ХХК нь хариуцлага хүлээж байсан нэг баримт нь “Ширхэнцэг-Од” ХХК нь “Кумрунг” ХХК-тай тооцоо нийлсэн акт хийхдээ хөдөлмөр хамгааллын торгууль 1 800 000, цонх пассад гэмтээсэн төлбөр болох 7 000 000 төгрөгийг суутган авч байгаа явдал юм.Үүнээс үзэхэд “Ширхэнцэг-Од” ХХК нь ямар ч хариуцлага хүлээдэггүйн жишээ юм. Иймд “Ширхэнцэг-Од” ХХК нь “Кумрунг” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 15/07 тоот ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. “Бэрэн Групп” ХХК-ийн захиалсан ажлыг “Кумрунг” ХХК хийж гүйцэтгэсэн нь бодитой тул “Бэрэн Групп” ХХК-иас Иргэний хуулийн 343 зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 355 дугаар зүйлийн 355.1.1-д зааснаар манай ажилчдын цалин болох 727 902 512 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчилсөн шаардлагадаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Бэрэн групп” ХХК нь “Ширхэнцэг-Од” ХХК-д тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан нийт 936 838 273 төгрөгийг төлөх болохоо хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн хариуцагч “Ширхэнцэг-Од” ХХК нь нэхэмжлэгч талтай тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан нийт 727 902 512 төгрөгийг нэхэмжлэгч талд захиалагч “Бэрэн групп” ХХК-иас шилжүүлсэн тохиолдолд бүрэн төлөх болохоо мөн хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн.“Ширхэнцэг-Од” ХХК болон “Кумрунг” ХХК-ийн хооронд 2016.02.08-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний 1 дэх хэсэгт “Ширхэнцэг-Од” ХХК нь “Бэрэн групп” ХХК-иас гаргуулан авах харилцан хүлээн зөвшөөрсөн нийт авлага буюу 936 838 273 төгрөгөөс 717 216 673 төгрөгийн шаардах эрхээ гүйцэтгэгч “Кумрунг” ХХК-д шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас “Ширхэнцэг-Од” ХХК болон “Кумрунг” ХХК-ийн хооронд 2015.05 дугаар сарын 5/07 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин хариуцагч “Бэрэн групп” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн нийт 727 902 512 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 10 685 839 төгрөгөөр багасгаж, нийт 717 216 673 төгрөгийг хариуцагч “Бэрэн групп” ХХК-иас гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж байна гэжээ.
Хариуцагч “Бэрэн групп” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Ширхэнцэг-Од” ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан бүх гэрээг 2015.09.11-ний өдөр 18 тоот гэрээ дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан ба гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийг 2015.09-р сараас 2016.03-р сар хүртэлх хугацаанд сар бүр хэсэгчлэн төлж дуусгахаар тохиролцсон болно.Үүний дагуу 2015 оны 9 болон 10 дугаар сарын төлбөрийг бартераар төлсөн бөгөөд бусад төлбөр нь гэрээ дүгнэж тооцоо нийлсэн актанд заасан хуваарийн дагуу төлөгдөж явна. Харин “Бэрэн групп” ХХК нь “Кумрунг” ХХК-тай болон БНАСАУ-ын иргэдтэй ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, хуулиар эрх зүйн харилцаанд ороогүй тул манай компани хариуцагч биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж заасны дагуу “Ширхэнцэг-Од” ХХК-ийн бүх туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагч манай байгууллагын өмнө зөвхөн гэрээний нэг тал болох “Ширхэнцэг-Од” ХХК дангаар хариуцна. Иймд “Кумрунг” ХХК-ийн нэхэмжлэлийн “Бэрэн групп” ХХК-тай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ширхэнцэг-Од” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Бэрэн групп” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах Хангай хотхоны барилгын ажлын дотор засал, чимэглэлийн ажлыг хийх тухай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба ажиллаж байх хугацаандаа “Кумрунг” ХХК-иас манайд санал тавьсны дагуу БНАСАУ-ын ажилчдыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж эхэлсэн. Барилгын ажлыг гэрээгээр хүлээсэн хугацаандаа хийж гүйцэтгэсэн боловч Монгол Улс дахь санхүү, эдийн засгийн байдал хүнд байгаагаас шалтгаалан захиалагч талаас санхүүжилтийг өгөлгүй саатсан. Үүний улмаас л манай зүгээс “Кумрунг” ХХК-д төлөх төлбөр саатаж удааширсан.Мөн “Бэрэн групп” ХХК-ийн дахин төлөвлөлтийн барилгын ажил нь Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр хийгдэж байгаа төдийгүй мөнгөний эх үүсвэр шийдэж дуустал хүлээхийг хүссэн. Энэ тухайгаа ч бидний зүгээс “Кумрунг” ХХК-д тайлбарлан танилцуулж, улмаар “Кумрунг” ХХК-ийн захиралд энэхүү байдлуудыг үнэн зөвөөр нь тайлбарласан.“Ширхэнцэг-Од” ХХК нь “Кумрунг” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 15/07 тоот ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй. “Кумрунг” ХХК болон “Ширхэнцэг-Од” ХХК-ийн хооронд байгуулагдсан Шаардах эрх шилжүүлэх тухай 16/03 дугаар гэрээний 1 дэх хэсэгт “Ширхэнцэг-Од” ХХК-д 67 927 913 төгрөгийг өгөх нь баталгаажсан болохыг харилцан хүлээн зөвшөөрч, ...мөн зүйлд энэхүү мөнгийг “Ширхэнцэг-Од” ХХК-ийн дансанд шилжүүлэх болно гэж заасан нь “Бэрэн групп” ХХК-иас гаргуулах нийт 717 216 673 төгрөгийн шаардах эрхээс хасагдах үнийн дүн биш бөгөөд нэхэмжпэгч “Кумрунг” ХХК-ийн хохирлоо өөрийн харилцах дансандаа шилжүүлэх эрхийг хөндөхгүй болно.Талуудын хооронд 67 927 913 төгрөгийн дансны түр шилжүүлгийн асуудал л байгаа болохыг дахин тодруулан тэмдэглэх нь зүйтэй.Иймд манай хуулийн этгээдийн зүгээс “Бэрэн групп” ХХК-иас гаргуулах нийт 717 216 673 төгрөгийн шаардах эрхээ бүхэлд нь “Кумрунг” ХХК-д шилжүүлсэн болохыг дахин үүгээр баталгаажуулж байна. “Кумрунг” ХХК болон “Ширхэнцэг-Од” ХХК-ийн хооронд шаардах эрх шилжүүлсэн гэрээний хувьд хариуцагч буюу “Ширхэнцэг-Од” ХХК-ийн хүсэл зоригийг ойлгомжтой болгохын тулд энэхүү тайлбарыг гаргаж байгаа ба хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзнэ гэдэгт найдаж байна. Түүнчлэн хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн хувьд бид хангалттай хугацаа өгч тэвчээртэй хандаж ирсэн бөгөөд “Кумрунг” ХХК-ийн төлбөрийг барагдуулахад идэвхтэй хандана гэдэгт найдаж байна гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/02203 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Бэрэн групп” ХХК-иас 717 216 673 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Кумрунг” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 685 839 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Ширхэнцэг-Од” ХХК-д холбогдох, “Ширхэнцэг-Од” ХХК болон “Кумрунг” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 15/07 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “Кумрунг” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 867 663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бэрэн групп” ХХК-иас 3 744 034 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1016 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/02203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 797 463 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.
Хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1.4-т “Гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр, улсын тэмдэгтийн хураамж төлнө” гэж заасан байна. Хуульд зааснаар гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ямар нэг эд хөрөнгө буюу өгсөн авсан зүйлийг буцааж гаргуулах үр дагаврыг шаардаагүй байсан ч гэрээ хэлцлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр зохицуулсан. Тиймээс давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн....Шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд “Бэрэн Групп” ХХК болон “Ширхэнцэг-Од” ХХК хооронд 2015.09.11-ний өдрийн 18 тоот гэрээ дүгнэж, тооцоо нийлсэн акт буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсаныг хянан үзээгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2 дахь заалтуудыг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам тус тус зөрчсөн.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгч “Кумрунг” ХХК болон хариуцагч “Ширхэнцэг-Од” ХХК, “Ширхэнцэг-Од” ХХК болон хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний агуулга, захиалагч болон ажил гүйцэтгэгчийн үүрэг, гэрээний зүйл болон үнэ, хөлс төлөх үүрэг, шаардах эрх шилжих зэрэг хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 344 дүгээр зүйлийн 344.1., 346 дугаар зүйлийн 346.1., 123 дугаар зүйлийн 123.2.-т заасан зохицуулалтад нийцжээ.
Аливаа гэрээний харилцааны оролцогчид хоорондоо гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, тооцоо нийлэх тохиолдол бүрийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1.-д заасан тооцоо нийлэх гэрээний харилцаанд хамааруулах үндэслэлгүй юм. Иргэний хуулийн уг зохицуулалтад зааснаар тооцоо нийлэх гэрээний талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээдэг байна. Нэхэмжлэгч “Кумрунг” ХХК, хариуцагч “Ширхэнцэг-Од” ХХК, “Бэрэн групп” ХХК-иудын хоорондох гэрээний харилцааны талаар талууд тооцоо нийлэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4.-т зааснаар гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохоор заасан ба нэхэмжлэгч уг үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой боловч нэхэмжлэгч “Кумрунг” ХХК гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох шаардлагагүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/02203 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1016 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 797 463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН