Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 351

 

 

Ц.Г, Ц.С, Б.А, Ч.Б, М.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Ц.Г-, Ц.С-, Б.А-, Ч.Б-, М.Э- нарт холбогдох 1821000000265 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч  М.Э-, Ч.Б-, Б.А- болон тэдгээрийн өмгөөлөгч Ө.Батболд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1981 оы 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт,

Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 21/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 05 дугаар сарын 12-нд хугацаа дуусч суллагдсан, И- овогт Ц-н Г,

2. Монгол Улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт,

1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 212 дугаар зүйлийн 212.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, 1997 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1 жил 6 сар 2 хоногийн ялыг тэнсэж, сулласан,

Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 26-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 23 хоногийн ялаас өршөөн суллагдсан,

Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял шийтгүүлсэн, Б овогт Ц-н С,

3. Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт,

Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 450,000 төгрөгийг төлж барагдуулсан, Б овогт Б-н А,

4. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт,

Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, И овогт Ч-н Б,

5. Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт,

Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, А овогт М-н Э.

Ц.С-, Ц.Г- нар бүлэглэн  Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэстэй” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө иргэн Ч.Г-ийн 5 тооны адууг хулгайлж, нядлан бусдад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Ц.Г-, Б.А-, Ч.Б-, М.Э- нар бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Д-гийн 6 тооны үхрийг хулгайлж 4,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан,

Ц.С-, Б.А-, Ч.Б-, М.Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-г 3 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-, Б.А-, Ч.Б-, М.Э- нарыг тус бүр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.П-гийн эзэмшлийн “Истана” загварын 84-72 ДОР дугаартай 2,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.П-д буцаан олгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэ болох 2,000,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Г-, Б.А-, Ч.Б-, М.Эрдэнэ нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгуулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-аас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 700,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Г-т, шүүгдэгч Ч.Б-, М.Э- нараас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 1,737,500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Д-д тус тус олгож, шүүгдэгч Ц.Г-, Б.А- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “...шүүгдэгч Ц.С-, Б.А-, Ч.Б-, М.Э- нарыг тус бүр 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч Ц.С-, Б.А-, Ч.Б-, М.Э- нарыг тус бүр 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 3 жил, шүүгдэгч Ц.С-т оногдуулсан 2 жил, шүүгдэгч Б.А-, Ч.Б-, М.Э- нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С-, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ц.С- нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Ч.Г-т 700,000 төгрөгийг өөрт нь, шүүгдэгч М.Э- нь хохирогч Л.Д-гийн дансанд 750,000 төгрөг, шүүгдэгч Ч.Б- нь хохирогч Л.Д-гийн дансанд 750,000 төгрөг, шүүгдэгч М.Э-, Ч.Б- нар нь 237,500 төгрөгийг хохирогч Л.Д-д өөрт нь тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А-, Ч.Б-, М.Э- болон тэдгээрийн өмгөөлөгч Ө.Батболд нар хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч М.Э-, Б.А-, Ч.Б- нарын хууль ёсны эрх ашиг сонирлыг хамгаалж гомдлыг хамтран гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээд ял халдаахдаа оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Б.А- М.Э-, Ч.Б- нар нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд Ц.Г-гийн хүсэлт ятгалагад автсан байдаг. Ц.Г-гийн бага охин нь цусны хорт хавдартай байсан бөгөөд эмчилгээ хагалгааны төлбөр олох зайлшгүй шаардлагатай байсан. М.Э-гийн хувьд Ц.Г-гийн төрсөн дүүтэй нь суусан бөгөөд Ц.Г-гийн хүргэн болох хүн юм. Б.А-ийн хувьд Ц.Г-гийн найз. Ч.Б-ийн тухайд Ц.Г-тай эгч дүүсийн хүүхдүүд болох юм. Иймд хамаатан садан найз нөхдийн хувиар Ц.Г-гийн гуйлтыг нь зөвшөөрч, түүнд тусалж байгаа хэлбэрээ буруу сонголтоор хийсэн нь харамсалтай байна.

Анхан шатны шүүх оролцогчдын хувийн байдал болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд анхаарал хандуулсангүй. Оролцогч нарын хувийн байдлыг анхан шатны шүүхээс дүгнэхдээ хэт нэг талыг барьж дүгнэсэн нь буруу юм.

Давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгч нарын ял хариуцлагыг хөнгөрүүлсэн хэдий ч хуульд заасан бүх боломжийг бүрэн дүүрэн хангаагүйд гомдолтой байна.

Б.А-ийн хувьд 13 жилийн өмнө хулгайн гэмт хэргээр шийтгүүлсэн байх ба 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг бүрэн төлж барагдуулсан байна.

Б.А- нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өндөр настай ээж ааваа асарч халамжилдаг болно. Ч.Б-ийн хувьд ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, одоогоос 15 жилийн өмнө хүүхэд ахуй цагтаа хулгайн гэмт хэргээр шийтгүүлж л хойшлогдсон байдаг, М.Э-гийн хувьд эхнэр 5 хүүхдүүдийн хамт амьдардаг, одоогоос 10 жилийн өмнө 2009 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулсан мэтээр дүгнэж байгаа нь зохимжгүй зүйл юм.

Миний үйлчлүүлэгч нар нь анхнаасаа өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлдэг, Б.А-ийн хувьд хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, М.Э-, Ч.Б- нарын хувьд хохирогчид төлөх төлбөрийн ихэнхийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулах тал дээр төдийгүй, төлбөрийн чадваргүй Ц.Г-гийн хохирол төлбөрийг хүртэл хамтад нь төлж барагдуулахаар тохиролцсон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байгааг анхаарч үзээгүй байгаад гомдолтой байна. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзэх ёстой байсан гэж үзэж байна.

Хэргийн холбогдогч нар өөрийн үйлдсэн гэм буруугаа бүгд шударгаар хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахдаа анхаарч үзсэнгүй.

Шүүх шийдвэр гаргахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тухай дурдсан бөгөөд шүүгдэгч нар бүгд өөрсдийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрөөд, гэм буруутай эсэх асуудалд ямар ч маргаан гаргаагүй байхад ял хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлээгүй байна гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, нэн даруй суллах эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан М.Э-, Б.А-, Ч.Б- нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Г- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оуруулсан магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.А-, Ч.Б-, М.Э- болон тэдний өмгөөлөгч Ө.Батболд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ц.Г- нарын нэр бүхий 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ц.С-, Ц.Г- нар бүлэглэн нь Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэстэй” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө иргэн Ч.Г-ийн 5 тооны адууг хулгайлсан,

Ц.Г- нь Б.А-, Ч.Б-, М.Э- нартай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Д-гийн 6 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Г-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ц.С-, Б.А-, Ч.Б-, А.Эрдэнээ нарын үйлдэл мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг тодорхойлон, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Г-, Ц.С- нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсноос гадна Б.А-, Ч.Б-, М.Э- нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс тэдгээрийн ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлагатай.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд анхан ба давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн болон хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрч, түүнчлэн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэжээ. 

Мөн шүүхүүд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э-, Ч.Б-, Б.А- болон тэдгээрийн өмгөөлөгч Ө.Батболд нарын хамтран гаргасан “...шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай эсэхэд маргаагүй байхад ял хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлээгүй, иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, нэн даруй суллах эсхүл мөн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан М.Э-, Б.А-, Ч.Б- нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э-, Ч.Б-, Б.А- болон тэдний өмгөөлөгч Ө.Батболд нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН