Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 479

 

“М у р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын

хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   М.Батсуурь

Шүүгчид:      Л.Атарцэцэг

                     Х.Батсүрэн

                        Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан тоот хууль бус болохыг тогтоолгох, “М у р” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт орших цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ХҮ-....тоот Шувуун уул нэртэй талбайн хайгуулын 7 дахь жилийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцох захиргааны акт гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0329 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0476 дугаар магадлал,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б-Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0329 дүгээр шийдвэрээр: Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.20, 11 дүгээр зүйлийн 11.1.20-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “М у р” ХХК-ийн XV-018243 дугаар тусгай зөвшөөрлийн 2017 онд төлөгдсөн 255,128,914 төгрөгийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасан.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0476 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0329 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан тоот хууль бус болохыг тогтоолгох, “М у р” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт орших цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ХҮ-....тоот Шувуун уул нэртэй талбайн хайгуулын 7 дахь жилийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцох захиргааны акт гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дашзэвэгийн давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б-Э-ийн гомдол: “М у р” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхийг хориглоно” гэж заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 21, 9 дүгээр сарын 14, 11 дүгээр сарын 22-ны өдөр буюу нийт 3 удаа цацрагийн үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл хүсэх тухай албан бичгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт явуулсан. Эдгээр албан бичгээр манай компанийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумдын нутаг дэвсгэрт орших цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ХҮ-....тоот Шувуун уул нэртэй талбай болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хэрмийн цагаан өндөр нэртэй талбайд хайгуул судалгааны ажил явуулах зөвшөөрлийг хүссэн боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/3223 дугаар Зөвшөөрөл олгох тухай албан бичгээр зөвхөн Сүхбаатар аймагт орших хайгуулын талбайд зөвшөөрөл олгосон. Харин манай албан бичгээр гаргасан Дорноговь аймаг дахь тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлээгүй бөгөөд улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн 11/3898 дугаар албан бичигтээ “М у р” ХХК-д Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтын дагуу Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумдын нутаг дэвсгэрт орших цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ХҮ-....тоот Шувуун уул нэртэй талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг одоогоор олгоогүй байна” гэсэн хариуг өгсөн байна.

4. Иймд манай байгууллагаас үл шалтгаалах нөхцөл байдал буюу мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын ажил хийх зөвшөөрөл олгохгүй байсны улмаас тухайн жилийн төлбөрөө төлсөн атлаа тухайн жилд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.Төрийн  захиргааны байгууллагын үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй үйлдлийн улмаас манай “М у р” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж 7 дахь жилийн төлбөрөө төлсөн боловч мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих зөвшөөрлийг олгоогүй, үүнээс шалтгаалж хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй тул уг төлбөрийг дараа жил болох 2018 оны төлбөрт тооцуулах тухай хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч Ашигт малтмалын газраас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлтийг хангахаас татгапзсан хариуг ирүүлсэн.

5. Улмаар манай байгууллага захиргааны хэргийн шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0329 дүгээр шийдвэртээ “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, эрх олгосон баримт бичгийг”, 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг” гэж тус тус зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд зөвхөн ашигт малтмал эрэх, хайх эрхээ хэрэгжүүлэхийн тулд зохих төлбөр төлөх ёстой гэж дүгнэхээр байна” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” бүрдүүлж өгөх тухай хуульчилснаар хайгуулын ажлын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилд зайлшгүй хайгуулын үйл ажиллагааг хуульд зааснаас багагүй хэмжээний зардал гарган явуулах, ийнхүү үйл ажиллагаа явуулсныхаа төлбөрийг жил бүр төлж байх тухай зохицуулалтыг хуульд тодорхой тусгасан байна. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 32.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна” гэсэн байна.

7. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг идэвхтэй явуулж, уг үйл ажиллагаанд хуульд заасан зардал гаргаж, ийнхүү үйл ажиллагаа явуулж тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагийн хувиар жил бүр төлбөр төлөх үндэслэлтэй байна. Харин төрийн байгууллагаас шалтгаалж үйл ажиллагаа явуулж чадаагүй тохиолдолд хайгуул хийгдсэн гэж үзэхгүй бөгөөд зайлшгүй хайгуулын ажлын зардал гаргах болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуулийн үндэслэлгүй тул Ашигт малтмал, газрын тосны газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд “М у р” ХХК-ийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан өгөх, эсхүл дараагийн жилд тооцох шийдвэр гаргаж өгөх хуулийн үндэслэлтэй юм. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хайгуулын үйл ажиллагаа эрхлэх хууль эрх зүйн ямар ч боломжгүй байсныг харгалзан үзэхгүйгээр “Ашигт малтмалын тухай хуульд ... тусгай зөвшөөрлийн төлбөрийг дараа жилийн төлбөрт нөхөн тооцох, тусгай зөвшөөрлийн хугацааг тасалдсанд тооцох, улмаар үргэлжлүүлэн тооцох талаар хуульчлаагүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

8. Магадлалд “...зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар дүгнэж, түүнийгээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болгож, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн байна” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс мэргэжлийн хяналтын байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулж, түүний үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт хийх үндэслэлтэй гэж үзвэл мөн асуудлаар буюу гуравдагч этгээдийг оролцуулах үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргах боломжтой байсан. Нэхэмжлэгч “М у р” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг гуравдагч этгээдээр оролцуулах, хэргийн оролцогчийн хувиар эрх, үүргийг нь эдлүүлэн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг дэмжиж байна.

9. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон хайгуулын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоогүй тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлсний дараа нэхэмжлэгчийн зүгээс түүнийг хариуцагчаар татах эсэх, шаардлагатай бол түүний зөвшөөрөл олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, энэхүү эс үйлдэхүйгээс учирсан гэм хорын хохирлыг хариуцвал зохих гэм буруутай этгээдээс нэхэмжлэх зэргээр хэргийг бүх талаас нь бүрэн бодитой шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0329 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0476 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Цөмийн энергийн тухай,  Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

11. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичиг”-ийг, 4.1.20-д “...тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөр”-ийг тус тус ойлгохоор, түүнчлэн, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлөх”-өөр, 34.2-т “… тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “М у р” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт,  Шувуун уул нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх өөрийн эзэмшлийн ХҮ-....дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг “хүчин төгөлдөр байлгах” үндсэн нөхцөл нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөх, ингэхдээ “жил бүр урьдчилан төлөх” үүрэгтэй байна.

12. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн талбай дээр үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамаарах бөгөөд “өөрөөс нь үл шалтгаалах”, хэн нэгний буруутай үйл ажиллагааны улмаас “жилийн төлбөрөө төлсөн атлаа тухайн жилд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон”, “...хохирол учирсан” гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэний журмаар хохирол төлбөрөө нэхэмжлэх боломжтой, харин аливаа шалтгаанаар тухайн жилд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

13. Түүнчлэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих зөвшөөрлийг олгоогүй” гэх боловч мэргэжлийн хяналтын байгууллагын уг “хууль бус эс үйлдэхүй”-д холбогдуулж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад “... мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан өөрийн чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэх” талаар шүүх дүгнэх боломжгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах асуудлаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, “...тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөөс үл хамаарах шалтгаанаар хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ... /тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь/ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчинө” гэх зэргээр хэрэгт шууд хамааралгүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  буруу, давж заалдах шатны шүүх эдгээр асуудлаар зөв дүгнэлт хийсэн байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэж заасан, нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан тоот хууль бус болохыг тогтоолгох, “М у р” ХХК-ийн эзэмшлийн ... ХҮ-.... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн ... 7 дахь жилийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцох захиргааны акт гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж, мэргэжлийн хяналтын байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... давж заалдах шатны шүүхээс мэргэжлийн хяналтын байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулж, түүний үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт хийх үндэслэлтэй гэж үзвэл мөн асуудлаар буюу гуравдагч этгээдийг оролцуулах үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргах боломжтой байсан” гэх хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй.

15. Хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “тухайн жилд тусгай зөвшөөрлийн төлбөрөөс чөлөөлөх”, эсхүл хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр төлсөн төлбөрийг буцаан олгох эрхийг Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргад Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй тул “... 2017 онд төлсөн төлбөрийг 2018 оны төлбөрт тооцуулах”-аар гаргасан “М у р” ХХК-ийн хүсэлтийг “... хангахаас татгалзсан” маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичиг хууль зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул  нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх ... /хуулийг/ буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуулийн үндэслэлгүй тул Ашигт малтмал, газрын тосны газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд “М у р” ХХК-ийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан өгөх, эсхүл дараагийн жилд тооцох шийдвэр гаргаж өгөх хуулийн үндэслэлтэй” гэх зэргээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

16. Иймд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0476 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн захирал Х.Бүрэн-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “М у р” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА